| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2018/01531/И |
| Дугаар | 184/ШШ2018/01484 |
| Огноо | 2018-06-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 184/ШШ2018/01484
| 2018 оны 06 сарын 07 өдөр | Дугаар 184/ШШ2018/01484 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Н.Л
Хариуцагч: А.Б
14 303 200 /арван дөрвөн сая гурван зуун гурван мянга хоёр зуу/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Л, хариуцагч А.Б, нарийн бичгийн дарга С.Баянжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч А.Б нь 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр нугалагч машин босоо өрөм авч өгнө гэж гэж надаас 7 600 000 төгрөг авсан боловч өгөлгүй өнөөдрийг хүрээд байна. Түүнээс нугалагч машин, босоо өрөм авч өгч чадахгүй бол мөнгөө өг гэж удаа дараа нэхсэн боловч өгөхгүй байсаар дахин 2013 оны 4 дугаар сарын 3-ны өдөр шинэчилсэн гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр 2013 оны 7 дугаар сарын 1-ний дотор захиалгыг биелүүлэхгүй бол сар бүр 136 800 төгрөгийн хүү өгнө гэж тохиролцсон. Үүнээс хойш дахин 2015 оны 8 дугар сарын 30-ны өдөр 2 хоногийн дотор нийлүүлнэ гээд явсан. Миний бие өнөөдрийг хүртэл захиалсан бараагаа ч мөнгөө ч аваагүй маш их хэмжээгээр хохирсон, хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан тул 2017 оны 7 дугаар сарын 1-нд шүүхэд хандан эрэн сурвалжлуулж олж авсан. Иймд хариуцагч А.Бөөс үндсэн мөнгө 7 600 000 төгрөг, сар бүрийн хүү 136 8002 төгрөгийг тооцож 6 703 200 төгрөг, нийт 14 303 200 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Босоо өрмийн тухайд надад өгсөн, энэ талаар маргаан байхгүй, нугалагч машиныг өгөөгүй, нугалагч машины үнэ 5 500 000 төгрөгийг бэлнээр данснаасаа авч өгсөн.
Хариуцагч А.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгчээс 5 500 000 төгрөг л авсан. Босоо өрмийг нь нийлүүлсэн. Шинэчилсэн гэрээний тухайд ажил дээр ирээд шахаад байсан учир гарын үсэг зурсан. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг үндэслэлгүй байна. Авсан 5 500 000 төгрөгөөс босоо өрмийн үнийг хасаад эвлэрч болох юм. Хүү тооцсон хэсгийг зөвшөөрөхгүй байна.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Н.Л нь хариуцагч А.Бөд холбогдуулан 14 303 200 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хариуцагч А.Б 2 100 000 төгрөгөөр босоо өрөм, 5 500 000 төгрөгөөр нугалагч машиныг надад худалдахаар тохирсон боловч нугалагч машиныг нийлүүлээгүй тул уг мөнгийг хүүгийн хамт гаргуулна гэж, хариуцагч болсон үйл баримтын талаар болон 5 500 000 төгрөг авсан тухайд маргахгүй боловч босоо өрмийг нь нийлүүлсэн, хүү тооцох үндэслэлгүй гэж маргаж байна.
Зохигчид 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хариуцагч А.Б нь нугалагч машиныг 5 500 000 төгрөг, босоо өрмийг 2 100 000 төгрөгөөр нэхэмжлэгч Э.Лид худалдах, тухайн багажуудыг 2 хоногийн дотор нийлүүлэхээр тохиролцсон боловч, босоо өрмийг нь нийлүүлсэн, харин нугалагч машиныг нийлүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь талуудын тайлбар, хариуцагч А.Бийн гарын үсэгтэй, мөнгө хүлээлцсэн баримтаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь 2013 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр хариуцагчтай шинэчилсэн гэрээ байгуулж нугалагчны үнэ 5 500 000 төгрөг, босоо өрмийн үнэ 2 100 000 төгрөг, нийт 7 600 000 төгрөг, хугацаа хэтэрсэн сар тутам 136 800 төгрөг төлөхөөр тохиролцсон гэх боловч уг гэрээ гэх баримтыг нотлох баримтын шаардлага ханган гаргаж өгөөгүй, мөн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 7 600 000 төгрөг бус 5 500 000 төгрөгийг хариуцагчид өгсөн, босоо өрмийг хүлээн авсан тухайгаа хүлээн зөвшөөрсөн тул дурдсан баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй гэж үзлээ.
Учир нь шинэчилсэн гэрээ гэх баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүйн дээр зохигчдын тайлбарт дурдагдсан маргахгүй байгаа үйл баримтаас өөр агуулгатай байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд худалдан авагч барааны үнийг бүрэн төлсөн байхад худалдагч тал гэрээгээр хүлээсэн бараа нийлүүлэх үүргээ дутуу биелүүлсэн гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хариуцагчтай байгуулсан шинэчилсэн гэрээгээр банкны хадгаламжийн хүүгээр тооцон хохирлоо гаргуулахаар тохиролцсон тул нийт 6 703 200 төгрөг гаргуулна хэмээн шаардсан боловч түүнийгээ нотлоогүй, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь заасан шаардлага ханган шүүхэд гаргаж өгөөгүй болно.
Иймд хариуцагч А.Бөөс 5 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Л-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8 803 200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь нь зүйтэй гэж үзэв.
Хэдийгээр хариуцагч нь 5 500 000 төгрөгөөр хоёр багаж нийлүүлэхээр тохиролцсон, нэгийг нь нийлүүлсэн гэж тайлбарласан ч хариуцагчийн өөрийнх нь гарын үсэгтэй мөнгө хүлээлцсэн баримт, нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд босоо өрмийн үнэ 2 100 000 төгрөг нь 2012 оны 9 дүгээр сарын 20-нд шилжүүлэн өгсөн 5 500 000 төгрөгт хамаарахгүй, тусдаа төлөгдсөн байх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Б-с 5 500 000 /таван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Л-д олгож, нэхэмжлэлээс 8 303 200 төгрөгт хоблогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. /найман сая гурван зуун гурван мянга хоёр зуу/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229 466 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 102 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ