Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 587

 

 

 

 

      

 

 

2019          6           13                                                   2019/ДШМ/587

 

    Г.Гд холбогдох эрүүгийн

                                                       хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Н.Гэрэлмаа,

шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Я.Батханд,

хохирогч А.Сонинбаяр,   

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, шүүгч С.Өсөхбаяр, С.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 532 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Г, шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Батханд нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Гд холбогдох эрүүгийн 1806000001314 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

, 1974 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагч Ю.Оюунцэцэгийн хамт Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 19 дүгээр гудамжны 487 тоотод оршин суух бүртгэлтэй боловч нийтийн байр түрээслэн амьдардаг гэх, ял шийтгэлгүй, /РД: /;

 

Г.Г нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Ээрмэлийн 12 дугаар байрны подвольд 2018 оны 7 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Ү.Азжаргалтай маргалдан улмаар түүнийг хүнд зэргийн согтолттой буюу биеэ хамгаалах чадваргүй байхад нь зодож, цохин хэвлий болон цавин тус газар нь хайчаар хатгаж биед нь олон тооны гэмтэл шарх учруулан, онц харгис хэрцгий аргаар, амь насыг нь хохироож, хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Ган-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Хангарьд овгийн Ганбаатарын Ган-Эрдэнийг хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй байхад нь зодож, хайчаар хатгаж биед нь олон тооны гэмтэл шарх учруулан, онц харгис хэрцгий аргаар амь насыг нь хохироож, хүнийг алсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д зааснаар Ганбаатарын Ган-Эрдэнийг 17 /арван долоон/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Г.Гд оногдуулсан 17 /арван долоон/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Ган-Эрдэнийн цагдан хоригдсон 253 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан өнгийн иштэй төмөр хайч 1 ширхэг, сандлын эвдэрхий хөл зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлж, энэ хэрэгт битүүмжлэн ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч А.Сонинбаяр нь өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх бичгийн нотлох баримтуудаа хуульд заасны дагуу бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

                                              

Шүүгдэгч Г.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хангарьд овгийн Ганбаатарын Ган-Эрдэнэ миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д заасан гэмт хэрэгт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 532 дугаар шийтгэх тогтоолоор 17 жилийн хорих ялыг оногдуулсан байгаа болно. Анхан шатны шүүхийн 532 дугаар тогтоолыг эс зөвшөөрч гомдлыг гаргаж байгаа болно. Үүнд:

Би өөрийн гэм буруутай үйлдлийг ойлгон ухамсарлаж, хүний амь нас хохирсон асуудалд маш их харамсаж байгаа болно. Хэргийн нөхцөл байдлын хувьд, талийгаач нь агсам тавьж над руу дайрч давшлан, цохих үйлдлийг удаа дараа гаргаж байсан. Энэ байдалд миний бие  цочирдон давчдаж, сэтгэл санаа тогтворгүй байх үедээ дараа учрах нөхцөл байдлыг урьдчилан бодож үзэлгүй, зөвхөн өөрийгөө хамгаалах зорилготойгоор талийгаачийн биед гэмтэл учруулсан нь улмаар сөргөөр нөлөөлж, амь насанд хүрсэн болох бодит байдалд маш их эмзэглэж, харамсаж яваа болно. Тухайн цаг үед талийгаач нь миний толгойны араас түлхэн унагааж, цохисон зэрэг асуудал бүр нь баримттай болно. Энэ нь миний биед цохисон болох толгой, биеийн хэсэг, гар, хөл, цаашлаад нэлэнхийдээ хөхрөлт, няцралт үүссэн байсныг тодотгож өгөх баримтад тулгуурладаг болно. Намайг цагдан хорих 461 дүгээр ангид хоригдох цаг хугацааны үед тухайн өдрийн хариуцсан жижүүр эмч нь камерийн бичлэгт баталгаажуулан, дүрс бичлэгийг авч байсан болно. Мөн хохирогч Азжаргалын хумсны завсраас гарсан “миний арьсны хэсэг зэрэг нь тухайн хүн нь над руу дайрч давшлан, цохиж, нүдсэн болох асуудалтай хамааралтай” гэж үзэж байгаа болно. Шударга ёсны зарчмын хүрээнд надад холбогдох хэргийн тохирох хариуцлагыг эрх тэгш байдлын дагуу оногдуулж өгнө үү. Миний бие нь хуулийн мэдлэггүйн улмаас тодорхой нөхцөл байдал бүрийг буруугаар үнэлж дүгнэн, нөгөөтээгүүр бодит хэргийн үнэн зөвийг нэг бүрчлэн ялгаж, салган өгч, хэлж тайлбарлаагүй байсан болно. Энэ асуудал нь хэргийн нөхцөл байдлыг хүндрүүлэх хэр хэмжээнд хүрч, эдгээр сөрөг байдлыг бий болгож байгаа бодит асуудлыг тал бүрээс нь судлан харж үзэн, холбогдох эцсийн шийдвэрийг эрх зүйн байдлыг минь дээрдүүлсэн хэр хэмжээнд шийдвэрлэж өгнө үү. Миний бие нь гэмт хэрэг гарсан болон нөхцөл байдалд сөргөөр нөлөөлж, хүний амь нас хохирсон асуудалд маш их харамсаж, талийгаачийн ар гэрт учирсан уй гашуу бүхэнд уучлалт хүсэж, мөн хохирогчийн тал, төрөл төрөгсөд нь хохирол төлбөр нэхэмжлэх аваас хохирол, гомдлыг бүрэн барагдуулах хүсэлтэй байгаа болно. Хувийн байдал болон ар гэрийн нөхцөл байдлыг минь харгалзан авч үзэн, надад холбогдох хэргийн тохирох зүйлчлэл, хуульд нийцсэн шийдвэрийг гаргуулан өгч, шударга ёсны хүрээнд хорих ял шийтгэл, хариуцлагыг тооцон өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Г.Ган-Эрдэнийн өмгөөлөгч Я.Батханд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн дугаар 532 тоот шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдах шатны шүүхэд дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

1. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Г.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь анхан шатны шүүх хуралд хохирогч оролцоогүй ба хохирол төлбөр огт нэхэмжлээгүй байдаг. Гэтэл анхан шатны шүүх дүгнэхдээ хэдий хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй боловч хүнийг алах гэмт хэрэгт оршуулгын зардал зайлшгүй гардаг тул хохирол төлөөгүй нь улсын яллагчаас оногдуулж байгаа 13 жилийн хорих ялыг 17 жилийн хорих ялаар шийтгэх үндэслэл болсон мэтээр тайлбарлан 17 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх шийдвэр нь үндэслэлгүй юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д учруулсан хохирол төлбөрөө төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байхыг шаарддаг ба Г.Ган-Эрдэний хувьд анхнаасаа хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны шатанд үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр нэхэмжлээгүй байгаа нь хохирол төлбөр төлөгдсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байсаар байтал тодорхой үндэслэлгүйгээр хүндрүүлж байгаа нь үндэслэлгүй юм.

2. Улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлтийг үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дугаар зүйлд заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн хэргийг зүйлчилж шүүхэд шилжүүлсэн боловч Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийн зүйлчлэл тохироогүй, хүндрүүл гэсэн үндэслэлээр буцаан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэсэн нь үндэслэлгүй юм.

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь онц харгис хэрцгийгээр хүнийг алсан байх ба онц харгис хэрцгий гэдэгт гэмт хэрэг үйлдэхийн өмнө болон үйлдэх явцдаа хохирогчид олон удаа шарх буй болгон тарчилгаж зовоосон байхыг ойлгож болох ба уг үйлдэлд 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэж байна.

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан гэмт хэрэг нь хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж амь насыг нь хохироосон нь хүндрүүлэх үндэслэл болсон гэж үзсэн байдаг. Хавтаст хэргийн 122-р талд шинжээчийн 8720 дугаартай дүгнэлтэд миний үйлчлүүлэгчийн биед Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөн хохирол учирсан ба “Г.Ган-Эрдэний биед нүүр, их бие, дээд, доод мөчид цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой ба гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна” гэх дүгнэлт гарсан байдаг. Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-т дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан нь дээрх шинжээчийн дүгнэлтээс харагдаж байгаа юм. Учир нь хохирогч харилцан маргалдан, шүүгдэгчийн биед гэмтэл учруулж байгаа нь биеэ хамгаалж чадахгүй нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг шүүх харгалзаж үзээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, зүйлчлэлийг өөрчилж, оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

 

Хохирогч А.Сонинбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би амь хохирогчийн төрсөн хүү нь байгаа юм. Шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Хавтас хэргийн материалтай анхнаас нь танилцсан. Байнгын Монголд байж чаддаггүй учраас анхан шатны шүүх хуралдаанд биечлэн оролцож чадаагүй. Харилцан зодолдсон, мөн амь хохирогчийн хумсны завсраас шүүгдэгчийн эд эс гарсан гэж ярьж байна. Гэхдээ хүн хүнд зодуулаад, хутгалуулж байхдаа ямар нэгэн байдлаар түлхэх, базах үйлдэл хийнэ. Энэ хүний хариу хөдөлгөөн гэж үзэж байна. Мөн шүүгдэгч хэрэг үйлдээд оргон зайлсан, хэргээ нуун далдлахыг завдсан, амь хохирогчийг подволь руу чирч оруулсан. Амь хохирогчийн зургийг нь харахад чирч явж байгаад дийлэхгүйн улмаас шатны уруу хаясан байсан. Мөн оргон зайлж яваад баригдсаны дараа авсан зураг байдаг. Тухайн зурагт шүүгдэгчийн нүүрэнд ямар нэгэн ноцтой шарх, сорви харагддаггүй. Гэтэл миний аавын нүүр болон бүх биед нь маш их хэмжээний шарх, сорви байсан. Духны хэсэг нь халцраад байхгүй болж, хурц ирмэгтэй зүйлээр цохисон байсан. Гудамжны гуйлгачин алсан гэж ойлгоод байх шиг байна. “Буян” ХХК-иар гүйцэтгүүлсэн төлбөр, буяны цайлгийг Их тэнгэрийн амны “Туул гарден” ресторанд хийсэн. Энэ хоёрын баримтаар нотлогдсон төлбөрийг л нэхэмжилсэн. Амь хохирогчийн хувьд архи уудаг байсан ч гудамжны гуйлгачин байгаагүй. Байр, хоол, хувцас гэх мэт бүх хэрэглээний мөнгийг нь өгдөг байсан. Г.Г миний аавыг шуналын сэдэлтэйгээр алсан гэж бодож байна. Хэрэг болохын өмнөх өндөр нь аавтайгаа утсаар ярихад “манай найз гэр нүүлгээд өгөөч гэж гуйж байна” гэхэд нь би “баяр болж байна мөнгө авах уу гэхэд, үгүй” гэж хэлсэн. Уг нь хэзээ ч тэгж хэлж байгаагүй. Тэр үед утасны цаана Г.Г “мөнгө ав, надад данс байгаа” гэж хэлж байгаа нь сонсогдсон. Гэрч Оюунцэцэгийн мэдүүлэгт “хүүхэд нь мөнгө авах уу гэхэд Г.Г ав гэж хэлж байсан. Би хажуугаас нь чи болиоч гэж хэлсэн” гэж мэдүүлсэн. Тэгэхээр тухайн маргаан нь үүнээс үүдэлтэй гэж үзэж байна. Мөн миний аав 2 удаа эрүүлжүүлэх байранд саатуулагдаж байсан. Ингэхдээ гудамжинд архи ууж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэдгээр захиргааны арга хэмжээ авч байсан болохоос архи ууж, агсан тавьж, хүн зодсон зүйл байхгүй. Г.Ган-Эрдэнийн хувьд 20 гаруй удаа захиргааны арга хэмжээ авагдаж байсан. Энэ нь танхай, агсан тавьсан, хүн зодсон үйлдэл байсан. Үүнээс үзэхэд Г.Ган-Эрдэнийн зан байдал нь харагдаж байна. Ямар нэгэн байдлаар Г.Гд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэлгүй гэж үзэж байна. Би нэг дүүтэй. Хохирол төлбөр төлөгдөх юм бол дүүд минь хэрэгтэй гэдэг утгаар нэхэмжлэлээ гаргасан. Одоогоор Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүхэд шүүгдэгчтэй холбоотой гэм хорын хохирлоо нэхэмжилж нэхэмжлэл гаргаад байгаа. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зөв гэж үзэж байна...” гэв.

 

Прокурор Н.Гэрэлмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлдээ: “...Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд хавтас хэрэгт цугларсан баримтууд болон зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй нөхцөл байдал байна. Энэ нь хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Урьд нь тухайн хэрэг шүүхээр хэлэлцэгдэхдээ хүндрүүлэх нөхцөл байдалтай гэж үзэн шүүхээс хэргийг прокурорт буцааж байсан. Шүүгдэгч Г.Ган-Эрдэнийн үйлдэл нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Хэргийн нөхцөл байдлын хувьд үйлдсэн гэмт хэргээ нуун дарагдуулах гэж оролдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд зааснаар шүүх дүгнэсэн учир хэргийн зүйлчлэлийн хувьд тохирсон гэж үзэж байна. Шүүгдэгчид учирсан гэмтлийн хувьд тухайн үед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байдаг. Үүнийг тусад нь гомдол гаргаж хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгах нь зүйтэй. Энэ хэрэгт хамааралгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.  

                      

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Г.Г нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Ээрмэлийн 12 дугаар байрны подвольд 2018 оны 7 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Ү.Азжаргалтай маргалдан улмаар түүнийг хүнд зэргийн согтолттой буюу биеэ хамгаалах чадваргүй байхад нь зодож, цохин хэвлий болон цавин тус газар нь хайчаар хатгаж биед нь олон тооны гэмтэл шарх учруулан, онц харгис хэрцгий аргаар, амь насыг нь хохироож, хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч А.Сонинбаярын “...Өчигдөр буюу 2018 оны 7 дугаар сарын 11-ний 17 цаг 5 минутад хамгийн сүүлд би аавд баярын мэнд хүргэж, мөнгө хэрэгтэй байна уу гэж асуухад 16-д хамт ажилладаг хүний гэрт байна гэж хэлж байсан. Мөнгө өнөөдөртөө хэрэггүй, маргааш ажилтай гэж хэлж байсан. Өөр ямар нэг юм яриагүй, өглөө ярья гээд би утсаа тасалсан. ...Оршуулгын ажил явдалд нийт 13.500.000 төгрөгийн зардал гарсан. Уг зардлыг гэм буруутай эдгээдүүдээс нэхэмжилж байна. ...” /1-р хх 68-69/,

 

Гэрч Ю.Оюунцэцэгийн “...Азжаргалыг ирсэн гээд 0,75 литрийн хэмжээтэй Монгол стандарт архи 1 шилийг худалдаж аваад Г.Г, Азжаргал бид 3 хувааж уусан. Уусан архиндаа би нилээн согтсон. Тэгээд л би тасарчихсан байсан. Нэг сэрэхэд Г.Г, Азжаргал нар хоорондоо муудалцаад байж байсан. Тэгээд би сэрээд жаахан үлдсэн байсан шилтэй архийг уугаад буцаад тасарсан. Би унтаж байхад Г.Г намайг сэрээсэн. Би босоод иртэл Азжаргал амьсгал хураачихсан байсан. Үүнийг гаргаж хаях хэрэгтэй, өрөөнд байвал муудаж, ялзарч магадгүй гэхээр нь би цагдаа дуудая гэтэл надаар цагдаа дуудуулаагүй. Азжаргал орон дээр дээшээ харчихсан хэвтэж байсан. Гэтэл Г.Г цогцосыг нь гаргая, өргөлц гэхээр нь би чадахгүй гээд өргөлцөөгүй, Г.Г Азжаргалын цогцосыг чирээд гадаа гаргаад буцаж орж ирсэн. Би өрөөнөөсөө гараагүй, өрөөндөөл сууж байсан. ...” /1-р хх 72-73/,

 

Гэрч Э.Төгөлдөрийн “...Би 2018 оны 7 дугаар сарын 11-ний ...шөнө 02 цаг 50 минутын үед байхаадаа Цэнгүүнийхээс гараад би найз Төрболдыг Ээрмэлийн 13 дугаар байр руу гэр рүү нь дөхүүлж өгөх санаатай уг Ээрмэлийн 12 дугаар байрны урдуур явж байгаад хартал 3 дугаар орцны урд талд хүн хэвтэж байсан. Тэгэхээр нь очоод хартал цустай холилдсон байсан. Тэгээд судсыг нь бариад үзтэл цохилохгүй байсан. ...” /1-р хх 80-81/,

 

Гэрч Б.Уранчимэгийн “...Хэргийн газрын үзлэг явуулж дууссанаас хойш 09 цаг өнгөрөөгөөд 95210565 дугаар руу залгахад Оюунцэцэг утсаа авсан. Би “подволь руу ордог гадна хаалганы түлхүүр авъя, та нар яагаад хэлэхгүй явчихаа вэ” гэтэл “бид 2 Батсүмбэр сумын асрахын газрын ойролцоо байна, бид 2 өглөө 05 цаг өнгөрч байхад гарсан” гэж хэлэхээр нь би “Г.Гтэй яръя” гээд Г.Гтэй ярьсан. Би Г.Гд хандаад “подволь руу орох түлхүүр хэрэгтэй байна, та нар хаана байгаа юм бэ” гэхэд “Төв аймгийн Батсүмбэр суманд байна” гэсэн. ...” /1-р хх 94-96/,

 

Г.Г яллагдагчаар өгсөн: “...Тэгээд дахин өөртөө хийгээд сууж байтал талийгаач миний хүзүү рүү нэг түлхээд дээрээс дарж сууж байгаад миний бие рүү гараараа цохиж, нүүр, нуруугаар шалан дээр чирч, суга, цавь руу өшиглөөд байсан. Тэр үед Оюунцэцэг “чи манай нөхрийг аллаа шүү дээ” гээд талийгаачийг цаанаас түлхсэн. Тэгээд надаас жаахан хөндийрөхөөр нь би орон дээр улаан иштэй хайч харагдахаар нь уг хайчийг аваад талийгаачийн гэдэс рүү 1 удаа, хөл рүү нь 1 удаа хатгачихсан. Тэгээд талийгаач хойшоо болохоор нь би сандал түшиж босоод уг сандлаараа талийгаачийн толгой руу 2 билүү 3 удаа цохиж авсан. Тэгтэл талийгаачийн гэдэснээс нь цус гараад эхлэхээр нь би сандраад гарч яваад нэг мэдсэн Жуковын талбай дээр явж байсан...” /1-р хх 222/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Хэвлийн болон цавьны шархны улмаас дотуур, гадуур цус алдалт үүсч цус алдалтын шокоор нас баржээ. 6. Нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. 7. Цусны 3-р бүлэгтэй байна. 8. Үхэлд хүргэх архаг хууч өвчин үгүй байна.” /1-р хх 110-112/ гэх 1553 дугаартай дүгнэлт,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн “1, 2, 3. Г.Г нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. 4. Г.Г нь гэмт хэрэг үйлдэгдэх үед /2018.7.12-ны өдөр гэмт хэрэг үйлдэгдсэн гэх/ болон гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш сэтгэцийн хувьд ямар нэгэн эмгэгээр өвчилсөн гэх баримт мэдээлэл үгүй байна. 5. Г.Г нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. 6. Г.Г нь эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлага үгүй байна.” /1-р хх 137-138/ гэх 647 дугаартай дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн “1. Шинжилгээнд ирүүлсэн цаасан хайрцаг болон хайчин дээр цус илэрсэн. АВО системээр В/III/ бүлгийн харьяалалтай хүний цус байна.” /1-р хх 143/ гэх 7457/7460 дугаартай биологийн шинжээчийн дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн “1. Шинжилгээнд ирүүлсэн цамцанд гэмтэл гарсан байна.

- Хар хүрмэнд гарсан 100мм, 20мм, 30x50мм, 90мм, 260мм, 145мм, ногоон эрээн хүрмэнд гарсан 320мм, ногоон эрээн футболканд гарсан 75x75мм хэмжээтэй гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр тус тус гарсан шинэ ханзралтууд байна. Дээрх гэмтлүүдийг хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй.

- Хар хүрмэнд гарсан 75x10мм, 240x230мм, 190x240мм, 140x75мм хэмжээтэй гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр тус тус гарсан шинэ урагдалтууд байна. Дээрх гэмтлүүдийг хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй.

- Ногоон эрээн хүрмэнд гарсан 10мм, ногоон эрээн өмдөнд гарсан 15мм, саарал дотоожинд гарсан 12мм хэмжээтэй гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тус тус гарсан урагдалтууд байна. Дээрх урагдалтуудын 15 мм хэмжээтэй гэмтэл хуучин, бусад гэмтлүүд шинэ байна.

- Ногоон эрээн хүрмэнд гарсан 26x20x5мм хэмжээтэй гэмтэл нь хатуу мохоо зүйлийн гогодох татах хүчний нэг удаагийн үйлчлэлээр гарсан шинэ гогодолт байна.

- Ногоон эрээн футболканд гарсан 20x4x5мм, ногоон эрээн өмдөнд гарсан 5x3мм, 9мм, саарал дотоожинд гарсан 9мм, 9мм хэмжээтэй гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тус тус гарсан шинэ зүсэгдэлтүүд байна. 2. Бусад хувцас гэмтэлгүй.” /1-р хх 149-150/ гэх 4483 дугаартай дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн “1. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн өвлийн куртик, ногоон эрээн футболк, ханцуй хэсэгт хөх оруулгатай хар өнгийн цамц, ногоон эрээн өнгийн нимгэн куртик, шар тэлээтэй ногоон эрээн өнгийн өмд, саарал өнгийн дотоож, 1 хос саарал өнгийн оймсон дээр цус илэрсэн. Ногоон эрээн өнгийн малгай, 1 хос хар өнгийн гутал дээр цус илрээгүй. 2. Хар өнгийн өвлийн куртик, ногоон эрээн футболк, ханцуй хэсэгт хөх оруулгатай хар өнгийн цамц, ногоон эрээн өнгийн нимгэн куртик, шар тэлээтэй ногоон эрээн өнгийн өмд, саарал өнгийн дотоож, 1 хос саарал өнгийн оймсон дээрх цус нь ДНХ-ийн тогтоцоороо нэг эрэгтэй хүний цус байна. 3. Дээрх хувцаснуудад илэрсэн цус нь бүлгийн харьяалал тогтоох шинжилгээнд тэнцэхгүй.” /1-р хх 155-156/ гэх 7472 дугаартай дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ДНХ-ийн 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн “1. Шинжилгээнд ирүүлсэн 4 ширхэг хумс бүдэг улаан хүрэн өнгийн толбонд цус илэрсэн. Бусад хумснуудад цус илрээгүй. 2. Уг хумсанд илэрсэн цус нь бүлгийн харъяалал тогтоох шинжилгээнд хүрэлцэхгүй тул ДНХ-ийн шинжилгээ хийв. 3. 4 ширхэг хумсанд илэрсэн цус болон булцуутай үс нь ДНХ-ийн тогтоцоороо нэг эрэгтэй хүний цус, үс байна. Уг цус болон үсний ДНХ хоорондоо тохирч байна гэж дүгнэлт өгөх үндэслэлтэй.” /1-р хх 169/ гэх 7475 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субьектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Ган-Эрдэнийг хохирогчийн биед олон тооны гэмтэл, шарх учруулан, онц харгис хэрцгий аргаар, амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

                                       

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д тус тус заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Г.Гд 17 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирчээ.

 

Шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч  Я.Батханд нар нь “...онц харгис хэрцгийгээр алсан болон бусдыг биеэ хамгаалах чадваргүй байхад” гэсэн зүйлчлэлийг өөрчилж,  ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол тус тус гаргажээ.

 

Хэрэгт авагдсан: Г.Г яллагдагчаар өгсөн: “...Тэр үед Оюунцэцэг “чи манай нөхрийг аллаа шүү дээ” гээд талийгаачийг цаанаас түлхсэн. Тэгээд надаас жаахан хөндийрөхөөр нь би орон дээр улаан иштэй хайч харагдахаар нь уг хайчийг аваад талийгаачийн гэдэс рүү 1 удаа, хөл рүү нь 1 удаа хатгачихсан. Тэгээд талийгаач хойшоо болохоор нь би сандал түшиж босоод уг сандлаараа талийгаачийн толгой руу 2 билүү 3 удаа цохиж авсан. Тэгтэл талийгаачийн гэдэснээс нь цус гараад эхлэхээр нь би сандраад гарч явсан...” /1-р хх 222/ гэх мэдүүлэг,

 

Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “1. Талийгаачид толгой, их бие, доод мөчдийн олон тооны няцарсан болон хатгагдаж зүсэгдсэн шархнууд: шарх №1 духны баруун хэсэгт няцарсан шарх, шарх №2 баруун хөмсөгт няцарсан шарх, шарх №3 зүүн хөмсөгний дотор хэсэгт няцарсан шарх дээд, шарх №4 уруулын баруун хэсэгт няцарсан шарх, шарх №5 баруун зулайн хуйханд няцарсан шарх, шарх №6 баруун чихний омогт няцарсан шарх, шарх №7 баруун чихний дэлбээнд няцарсан шарх, шарх №8 хүйсний баруун дээд хажуу хэсэгт хэвлийн хөндийг баруун дээрээс зүүн доош чиглэлтэй хэвлийн хөндийг нэвтэрч өрц, элэгний баруун дэлбэнг 2 хэсэг, бүдүүн гэдэсний чацархайг нэвтлэн хэвлийн зүүн доод хажуу ханыг хатгаж зүсэн 2 хэсэг мухар төгссөн хатгагдаж зүсэгдсэн шарх /шархны сувгийн нийт урт 22-23 см/, шарх №9 баруун цавинд баруун дээрээс доош чиглэлтэй цавьны вен гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, шарх №10 зүүн гуяны гадна доод хэсэгт зүүн доороос баруун дээш чиглэлтэй хатгагдаж зүсэгдсэн шарх, шарх №11 зүүн гуяны урд дунд хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд цус алдалт 1,5 литр, цавьны венээс цус алдалт, цус алдалтын шок, зүрхний зүүн ховдлын дотор хананд үүссэн Минаковын толбо, дотор эрхтнүүдийн цус багадалт, толгойн хуйхны цус хуралт, бүсэлхийн баруун хэсэг, баруун тохой өвдөг, зүүн шилбэ, тавхай, зүүн сарвуу, эрүүнд зулгаралтууд, баруун бугалганы гадна дунд хэсгийн цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх хатгагдаж зүсэгдсэн шархнууд нь ажлын хэсгийн урт 24 см-с доошгүй, ажлын хэсгийн өргөн 2,5см-3см, ир үзүүртэй багажийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Шарх №9-н хэвлийн эрхтнүүдийн гэмтлийг хатгаж зүсэгч багажийг сугалахгүйгээр баруун дээрээс зүүн доош чиглэлтэй 2 удаагийн үйлчлэлээр үүсгэсэн байна. 3. Шархнаас бусад гэмтлүүд хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн хөнгөн зэргийн гэмтэл болно. 4. Шарх №8 /хүйсний баруун дээд хажуу хэсэгт хэвлийн хөндийг баруун дээрээс зүүн доош чиглэлтэй хэвлийн хөндийг нэвтэрч өрц, элэгний баруун дэлбэнг 2 хэсэг, бүдүүн гэдэсний чацархайг нэвтлэн хэвлийн зүүн доод хажуу ханыг хатгаж зүссэн 2 хэсэг мухар төгссөн шарх /шархны сувгийн нийт урт 22-23 см/, шарх №9 /баруун цавинд баруун дээрээс доош чиглэлтэй цавьны вен гэмтээсэн шарх/ нь үхэлд хүргэсэн хүнд гэмтэл бөгөөд бусад шархнууд хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 5. Хэвлийн болон цавьны шархны улмаас дотуур, гадуур цус алдалт үүсч, цус алдалтын шокоор нас баржээ. ...” /1-р хх 110-112/ гэх 1553 дугаартай дүгнэлт зэргээс үзэхэд амь хохирогч Ү.Азжаргалын биед амь насанд аюултай хүнд болон хөнгөн олон тооны шарх ир үзүүртэй зүйл болон мохоо зүйлийн үйлчлэлээр  нэг цаг хугацаанд үүсэж үүний улмаас хохирогч нь амь насаа алдсан болох нь тогтоогдож байна.

Мөн шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч Ү.Азжаргал нь 3.4 хувь буюу /1х-111х/ хүнд зэргийн согтолттой байсан нь  тогтоогдож байх тул  “Г.Г нь хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй байхад олон тооны гэмтэл шарх учруулан онц харгис хэрцгий аргаар алсан” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон, ял шийтгэлийг хөнгөлөх боломжгүй.

      

Иймд шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Я.Батханд нарын “...хэргийн зүйлчлэлийг өөрчилж, ял шийтгэл хөнгөрүүлэх” талаар тус тус гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 532 дугаартай дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Я.Батханд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                     

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                ШҮҮГЧ                                                           Д.ОЧМАНДАХ

 

                ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ