| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 125/2023/0052/З |
| Дугаар | 221/МА2024/0227 |
| Огноо | 2024-04-02 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2024/0227
“М ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа
Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганзориг
Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/410 дугаартай захирамжийн “М ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 06 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр
Хэргийн индекс: 125/2023/0052/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “М ” ХХК нь “Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/410 дугаартай захирамжийн “М ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 06 дугаар шийдвэрээр “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэг, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/410 дугаар захирамжийн “М ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.
3.1. Нэхэмжлэгчид Ховд аймгийн Засаг даргын 2016 оны А/179 дүгээр захирамжаар Баатархайрхан багийн шинэ суурьшлийн бүсэд 29.2 га газрыг ашиглуулахаар шийдвэрлэсэн. Газар ашиглуулах гэрээний хугацаа дууссан боловч “М ” ХХК газрыг зориулалтын дагуу ашиглаагүй тул 2019 оны А/358 дугаар захирамжаар 14.2 га газрыг хүчингүй болгож ашиглах эрхийг 5 жилийн хугацаатай сунгасан. Гэвч шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар тус компани газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, өөрөөр хэлбэл нийтийн орон сууц бариагүй байдаг. Тус компани газрын төлбөрийг 3 жил төлөөгүй. Уг газрыг хашаалж хамгаалаагүй зэрэг зөрчлүүд нь Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6-д заасныг зөрчсөн байхад анхан шатны шүүхээс захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.
3.2. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож шийдвэрлэв.
2.1. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.3. Анх нэхэмжлэгч “М ” ХХК нь Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/179 дүгээр захирамжаар “Ховд аймгийн Баатархайрхан баг Шинэ суурьшлын бүсэд амины орон сууцны хороолол барих зориулалттай 29.2 га газрыг ашиглуулахаар” шийдвэрлэж, 000345046 дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээ олгож, уг газар ашиглах хугацаа дууссан тул Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/358 дугаар “Газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” захирамжаар Баатархайрхан багт байрлах Шинэ суурьшлын бүсэд амины орон сууцны хороолол барих зориулалттай 8414006620 нэгж талбарын дугаар бүхий 29.2 га газраас 15 га газрыг “М ” ХХК-д, үлдсэн 14.2 га газрыг хүчингүй болгон газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг 5 жилийн хугацаагаар сунгасан, 15 га газрыг 9 ба түүнээс дээш давхар нийтийн орон сууцны зориулалтаар олгож 000001121 дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээ олгож, 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр иргэн хуулийн этгээдэд газар ашиглуулах гэрээ байгуулжээ.
2.4. Маргаан бүхий Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/410 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжаар хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй Жаргалант сумын шинэ суурьшлын бүсэд газар эзэмшигч хавсралтад нэр дурьдсан 13 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон ба А/410 захирамжийн хавсралтын 1-т “М ” ХХК бичигдсэн байна.
2.5. Нэхэмжлэгчээс “... газрын төлбөрийн хувьд газрын татвар дээр очихоор танайд газрын төлбөрийн нэхэмжлэл үүсээгүй тул газрын төлбөр төлөх боломжгүй, газрын албанд очихоор ногдуулалт хийхээрээ хэлнэ гэдэг тул газрын төлбөрөө төлж чадахгүй байгаа. Анх амины орон сууцны хороолол барих зориулалттай захирамж гарсан. Гэтэл хугацаа сунгахдаа 9 ба түүнээс дээш давхар нийтийн орон сууц гэж зориулалтыг өөрчилсөн. Үүнтэй холбоотой өмнө гаргаж байсан барилгын баримт бичгүүдийг дахин шинээр гаргах шаардлагатай болсон. Ингээд дахин шинээр гаргуулаад явж байгаа. Мөн 2020 оноос хойш ковидын хорио цээрийн нөхцөл байдал барилгын баримт бичиг бүрдүүлэхэд мөн нөлөөлсөн” гэж, хариуцагчаас маргаан “... нэхэмжлэгч нь захирамж гарсан өдрийн байдлаар газрын төлбөрөө төлөөгүй, 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс хойш 9 давхар орон сууцыг өнөөдрийн байдлаар барьж эхлээгүй, мөн 15 га газраа хашаалж хамгаалаагүй тул газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгосон” гэж тус тус тайлбарлан маргажээ.
2.3. Анхан шатны шүүх “... Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх актаар газраа зориулалтын дагуу ашигласан эсэхийг тогтоосон гэж тайлбарлах боловч “9 ба түүнээс дээш давхар нийтийн орон сууцны” зориулалттай барилга барих тохиолдолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг үзэхдээ Барилгын тухай хуульд заасан барилга байгууламжийн баримт бичгүүдийг авахаар нэхэмжлэгчээс эрх бүхий этгээдэд хандаж байсан эсэх, эрх бүхий этгээдээс аливаа шийдвэр гаргасан эсэх, уг баримт бичиг бүрдүүлэхэд 2 жил түүнээс дээш хугацаа шаардагдсан эсэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, нэхэмжлэгчээс шалтгаалахгүй шалтгаанаар хуульд заасан 2 жилийн хугацаа өнгөрсөн байвал үүнийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх үндэслэлтэй. Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлах үүргээ биелүүлсэн бол хэргийн нөхцөл байдал өөрчлөгдөх байсан буюу нэхэмжлэгч төлбөр төлөх хүсэлтэй байсан, гагцхүү 2019 оноос хойш нэхэмжлэлийн дугаараар газрын төлбөр төлдөг болсонтой холбоотой Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас нэхэмжлэгчийн газрын төлбөрийн ногдуулалт хийгдээгүй болох нь тогтоогдох байсан байна. Нэхэмжлэгчийн дээрх онуудад газрын төлбөр төлөөгүй үйлдэлд захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн байх тул нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг “газрын төлбөр хугацаанд нь төлөөгүй” гэх хариуцагчийн тайлбар, маргаан бүхий актын үндэслэл үндэслэлгүй” гэж дүгнэн, нэхэмжлэгч “М ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
2.4. Учир нь Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө”, 35 дугаар зүйлийн 35.3-т “Газар эзэмшигч дараах үүрэг хүлээнэ, 35.3.3-т газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх”, 40 дүгээр зүйлийн 40.1-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж, Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ... газрын төлбөр төлөгч байна” 4 дүгээр зүйлд “газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа ... газарт төлбөр ногдуулна” гэж, 10 дугаар зүйлийн 5-д “Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно” гэж тус тус заасан бөгөөд хууль тогтоомжийн дээрх зохицуулалтын дагуу газар эзэмшигч этгээд нь газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлж, газраа зориулалтын дагуу ашиглах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлж байж газар эзэмших эрх нь хамгаалагдах зарчимтай.
2.5. Тухайн тохиолдолд нэхэмжлэгч хуулийн этгээд нь “... Газрын төлбөрөө төлөхөөр банк дээр очдог, заавал төлбөрийн даалгавар үүсгэж байж төлдөг болсон. Газрын төлбөр нэхэмжлэл үүсээгүй тул төлбөр төлөх боломжгүй байсан” гэж тайлбарлах боловч Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа ... Монгол улсын иргэн, ... газрын төлбөр төлөгч байна”, 4 дүгээр зүйлд “газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу ... аж ахуйн нэгж, байгууллагын ... ашиглаж байгаа, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах болон тусгай хэрэгцээний газарт төлбөр ногдуулна”, 7 дугаар зүйлийн 2-т “газрын төлбөрийн хэмжээг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хязгаарт багтаан газрын үнэлгээ, ашиглах зориулалтыг харгалзан хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, хот, тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэл тус бүрээр Засгийн газар тогтооно” гэж тус тус зааснаас үзэхэд газрын төлбөр төлөх үүрэг нь газар эзэмшигч, ашиглагчид хуулиар хүлээлгэсэн үүрэг байх тул гагцхүү төлбөрийн нэхэмжлэх үүсэж, ирүүлснээр газрын төлбөрийг төлөхөөр тайлбарлаж буй нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүйгээс гадна төлбөрийн нэхэмжлэх үүсэхгүй байх нь тухайн газрыг эзэмшигч, ашиглагчийг газрын төлбөр төлөх хуулиар хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
2.6. Түүнчлэн маргаан бүхий Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/410 дугаар захирамж гарах үеийн байдлаар нэхэмжлэгч компани нь 2020, 2021 оны 5.400.000, 2022 оны 5.400.000 төгрөг, 2023 оны 95.400.602 төгрөгийг төлөөгүй болох нь Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №08401-2019/00227 тоот Газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар тогтоогдож байна.
2.7. Дээрх үйл баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх”, 35.3.3-д “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” үүргээ биелүүлээгүй болох нь нэгэнт тогтоогдож буй энэ тохиолдолд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн Ховд аймгийн Засаг даргын шийдвэр хуульд нийцжээ.
2.8. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус заасан, Улсын дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-т “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний, эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно, ... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тус тус тайлбарлажээ.
2.9. Хэдийгээр нэхэмжлэгч нь газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэх хүндэтгэн үзэх шалтгаанаа “...Цар тахлын нөхцөл байдалтай байсан ... анх амины орон сууцны хороолол барих зориулалттай захирамж гарсан. Гэтэл хугацаа сунгахдаа 9 ба түүнээс дээш давхар нийтийн орон сууц гэж зориулалтыг өөрчилсөн. Үүнтэй холбоотой өмнө гаргаж байсан барилгын баримт бичгүүдийг дахин шинээр гаргах шаардлагатай болсон” гэж тайлбарлаж, 2022 оны батлагдаагүй орон сууцны хотхоны барилгын зураг, зураг төсөл боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгчийн хороонд байгуулсан гэрээ, Барилгын зураг төсөлд хяналт шалгалт хийсэн тухай дүгнэлт, ажил гүйцэтгэх гэрээ, ажлын судалгааны шатанд зориулсан Ховд аймгийн шинэ суурьшлийн бүсэд барих Хаус хорооллын орон сууцны барилгуудын талбайн инженер геологийн судалгааны ажлын дүгнэлт, Барилгын ажлын зураг төсөл боловсруулах гэрээ зэрэг нь хэрэгт авагдсан байх боловч үүнийг Газрын тухай хууль болон газар ашиглах гэрээнд зааснаар маргаан бүхий газрыг зориулалтын дагуу ашигласан гэж үзэх үндэслэл болохгүй юм.
2.10. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/358 дугаар “Газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” захирамжийн дагуу иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах гэрээг 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр байгуулж, үүнээс хойш маргаан бүхий акт гарсан 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл тухайн газарт зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй байна.
2.11. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М ” ХХК-ийн Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/410 дугаартай захирамжийн “М ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ