Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 125

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Алтансүх

Улсын яллагч Н.Амаржаргал

Шүүгдэгч Л.Батпүрэв нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдсэнийг баталж ирүүлсэн Цээжин овогт Лувсаннямын Батпүрэвт холбогдох эрүүгийн 201610010226 тоот хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1969 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт суманд төрсөн, 47 настай, яс үндэс халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, туслах машинч мэргэжилтэй, Сайншанд татах хэсэг Замын-Үүд эргэх депод засварчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Дорноговь аймаг Замын-Үүд сум 1-р баг 116 дугаар байрны 08 тоотод оршин суух Цээжин овогт Лувсаннямын Батпүрэв /РД: МК69071716/

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллагдагчаар татах тогтоолд авагдснаар/

Шүүгдэгч Л.Батпүрэв нь 2016 оны 10 дугаар сарын 14-нөөс 2016 оны 10 дугаар сарын 15-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Замын-Үүд сумын 1 дүгээр баг 201 дугаар байрны 17 тоотод Т.Өлзийбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар Т.Өлзийбатын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Л.Батпүрэвийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө намайг гэртээ унтаж байхад 01 цагийн үед манай төрсөн ах Төмөрхуягийн эхнэр Оюунсүрэн гар утас руу залгаж хурдан хүрээд ир гэж дуудахаар нь би тэдний гэрт очихоор явж байхад 104 байрны гадаа Төмөрхуяг аx зогсож байсан би юу болсон талаар асуухад хүргэн Өлзийбат согтуу үгэнд орохгүй агсараад байна гэхээр нь тэр хавиар хайсан боловч олдоогүй. Ахаас юу болсон талаар асуухад Өлзийбат агсам тавьж намайг зодсон гэсэн ба түүний уруул язaрч урагдсан байдалтай өмсөж явсан цамц нь урагдчихсан байсан. Би Өлзийбатын гэрт түрүүлж ороход тэр ганцаараа байсан яагаад ахыг зодчихсон юм гэхэд ямар нэг юм хэлээгүй гар утсаараа яриад зогсоод байсан би түүний нүүр хэсэгт нь гараараа 2 удаа цохьсон гэтэл тэр гэрийнхээ шалан дээр унасан тэр үед нь цээжин хэсэгт нь хөлөөрөө хэд хэдэн удаа дэвссэн тэгээд түүнийг гэрт нь үлдээгээд явсан. Өлзийбат урьд нь манай ахтай мөн маргалдаж түүнийг 2 жилийн өмнө зодож гар хүрч байсан юм тийм болохоор би очиж өмөөрч түүнийг зодож цохьсон өөр бидний дунд айхтар таарамжгүй харьцаа гээд байх зүйл байхгүй. Би түүнтэй уулзахаар 07 цагийн үед Төмөрхуяг ахын эхнэр Оюунсүрэн эгчийн хамт гэрт нь очиход тэр ганцаараа байсан ба биеийн байдлын талаар түүнээс асуухад цээж нуруу хөндүүрлэж өвдөж байна гэж байсан мөн нүүрний хэсэг нь хавдаж хөхөрсөн байсан. Маргааш өглөө нь эгч бид хоёр гэрт нь эмч дуудаж Өлзийбатыг үзүүлсэн тэгээд эхнэр Дэлгэрмаа руу нь залгаж дуудсан. Тэгээд тэр хоёр хот руу явж эмнэлэгт үзүүлэхэд ямар нэг хугарал байхгүй байна гэсэн байсан тэгээд дахин сумын эмнэлэгт үзүүлж цээжний зургийг нь авахуулахад хавирга нь хугараагүй байсан ба өөр гэмтэл гэх зүйл ажиглагдаагүй тэр одоо ажлаа хийж байгаа биеийн байдал бүрэн эдгэрсэн байсан. Би түүнтэй ярилцаж ойлголцсон Улаанбаатар хот руу явж эмнэлэгт үзүүлнэ гэх үед нь түүнд нийт 500.000 төгрөг өгсөн надаас мөнгө төгрөг нэхсэн зүйл байхгүй. Бусдын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна түүнтэй ярилцаж ойлголцож эвлэрсэн надад өөр нэмж ярих зүйлгүй гэв.

-Хохирогч Т.Өлзийбатын хэрэг бүртгэлийн шатанд өгсөн мэдүүлэгт: 2016 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад би эхнэрийн талын хамаатны ах Төмөрхуяг ахын гэрт очсон юм. Намайг гэрт нь очиж хаалга нүдэж ороход ах Төмөрхуяг яагаад бэрээ загнаад явуулчихсан юм гэж намайг загнасан тэр үед би архи уусан согтуу байсан болохоор ахын үгийг сөрж жаахан маргалдсан юм. Тэгээд би жаахан маргалдаж байгаад гэр рүүгээ явсан гэртээ очоод удаагүй гэртээ амархаар сууж байхад Төмөрхуяг ахын дүү Батпүрэв орж ирээд ахтай яагаад маргалдаж агсам тавьдаг юм гэж байсан тэр үед нь чамд ямар хамаатай юм гэх зэргээр түүнтэй маргалдасан гэтэл тэр гараараа нүүрэнд 2 удаа цохьсон тэр үед би унасан гэтэл дээрээс цээж болон нуруу хэсэгт хэд хэдэн удаа өшиглөсөн Төмөрхуяг ах удалгүй орж ирж түүнийг хорьж салган хамт гарсан. Би гэртээ амарч унтсан өөр ямар нэг зодоон цохион болоогүй юм. Батпүрэв ахтай маргалдлаа гэх шалтгаанаар намайг нүүр рүү гараараа 2 удаа цохьсон газар унахад хөлөөрөө нуруу болон цээжин хэсэгт хэд хэдэн удаа өшиглөсөн түүний улмаас зүүн талын хөмсөг орчимд язaрч урагдаж 4 оёдол тавиулсан мөн цээж хөндүүрлэж өвдөж байсан одоо ямар нэг гэмтэл зовиур гэх зүйл байхгүй. Улаанбаатар хотод 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гэмтлийн эмнэлэгт рентгенд үзүүлэхэд хавирганы ямар нэг хугарал харагдаагүй зүгээр байна гэсэн болохоор би дахин Замын-Үүд сумандаа ирж 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр рентгений зураг авахуулахад хугарал байгаагүй юм. Би ах дүү нартайгаа учир зүйгээ олсон надад ямар нэг гомдол санал хүсэлт гэх зүйл байхгүй гэжээ. /хх-ийн 14/   

-Гэрч Л.Төмөрхуягийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгт: 2016 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 01 цагийн үед намайг гэртээ унтаж байхад хүргэн дүү Өлзийбат хаалга нүдэж орж ирсэн ба тэр орж ирэхдээ халамцуу байхаар нь хэнтэй хаана архи дарс уусан юм бие муутай байж архи уулаа гэж загнаж түүнийг харьж унтаж амар гэж хэлсэн гэтэл өөдөөс маргаж танд ямар хамаатай юм хөөгөөд байгаа юм уу гэж уурласан юм. Тэгээд би түүнийг хүргэж өгөхөөр хамт гарсан юм. Гэрийн гадаа гараад тэр гэр рүүгээ явахгүй гэж надтай маргалдаж бид хоёр зууралдаж ноцолдсон надад дийлдэхгүй болохоор нь би эргэж гэртээ орж эхнэрээ дүү Батпүрэвийг дуудаад аль Өлзийбат дийлдэхгүй байна гэрт нь хүргэж өгөхгүй бол болохгүй гэж эхнэрт хэлж дүүг дуудуулсан юм. Тэгээд би гадаа зам дээр ганцаараа зогсож байхад манай дүү Батпүрэв ирсэн ба түүнийг байрны орчмоор хайхад олдоогүй тэгээд гэр рүү нь дүү Батпүрэв очиход гэртээ байна гэж байсан тэгээд манай дүү ахыг зодлоо гэж намайг өмөөрөн Өлзийбаттай маргалдан тэр хоёр ноцолдсон байсан би гэрт нь түүнээс жаахан хоцроод орсон юм. Намайг орох хооронд маргалдаж ноцолдсон байсан ба чухам хэрхэн ноцолдсон талаар нь хараагүй юм. Намайг орж очиход тэр хоёр, хоёр биенийхээ хувцаснаас нь зуурч барилцсан байсан тэгээд би тэр хоёрыг салгасан намайг орж очсоноос хойш ямар нэг зодоон болоогүй юм. Тухайн үед Өлзийбатын зүүн нүдний хэсэгт бага зэрэг шалбарсан байсан Батпүрэвийн биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй юм. Харин маргааш нь Өлзийбаттай уулзахад нуруу өвдөж байна хөдөлөхөд зовиуртай байна гэж байсан өөр гэмтэл байгаагүй юм. Зүүн нүдний хэсэгт язарсан шарханд 4 оёдол тавиулсан юм. Надад учирсан гэмтэл байхгүй тухайн үед уруул бага зэрэг язaрч цус гарсан одоо ямар нэг гэмтэл шарх гэмтэл гэх зүйл байхгүй, би Өлзийбатыг зодож цохьсон зүйл байхгүй надад агсам тавьж ноцолдсон юм. Миний хувьд ямар нэг гомдол санал хүсэлт байхгүй, эмнэлгийн байгууллагад хандаж үзүүлсэн зүйл байхгүй. Манай ээжийн эгч Доржпагмын охин Дэлгэрмаагийн нөхөр байгаа юм. Бидний дунд таарамжгүй харьцаа гэх зүйл байхгүй ахын хувьд архи уулаа xарьж амар гэж хэлснээс үүдэн буруу ойлгон надтай маргалдсан юм гэжээ. /хх-ийн 15/        

-Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-ийн 1/

-Хялбаршуулсан журмаар байцаан шийтгэх ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 2/

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7/

-Шинжээчийн 440 дугаартай дүгнэлт. 1.Т.Өлзийбатын биед нүүр орчимд шарх, зөөлөн эдийн няцрал, цээж орчмоор зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 3.Учирсан гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 18/

-Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 32/

-Шүүгдэгчийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 33/

-Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34/

-Хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хх-ийн 40/

-Хэрэг бүртгэлтийн ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 37-38/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно. Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно. 

Шүүгдэгч Л.Батпүрэв нь 2016 оны 10 дугаар сарын 14-нөөс 2016 оны 10 дугаар сарын 15-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Замын-Үүд сумын 1 дүгээр баг 201 дугаар байрны 17 тоотод Т.Өлзийбаттай хувийн таармажгүй харьцааны улмаас маргалдан улмаар Т.Өлзийбатын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Л.Батпүрэвийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Т.Өлзийбат, гэрч Л.Төмөрхуяг нарын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн 440 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

Л.Батпүрэв нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон байх тул шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

Хохирогч Т.Өлзийбат нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эвлэрсэн гэх тайлбарыг шүүхэд болон хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн байдал мөн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн байдал, нийгмийн хор аюул, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч нь анх удаа хөнгөн хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан үзээд шүүх хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.  

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Цээжин овогт Лувсаннямын Батпүрэвийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Лувсаннямын Батпүрэвийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч Л.Батпүрэв нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхэд иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт хураагдаж ирээгүй тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Л.Батпүрэвт урьд авсан оршин суугаа газраас гадагш явж болохгүй баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Энэ шийтгэх тогтоолыг Л.Батпүрэв, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ   Э.БОЛОРМАА