| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2018/0016/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/32 |
| Огноо | 2018-01-11 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Ц.И |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 2018/ШЦТ/32
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр
Улсын яллагч Б.Жавхлантуяа
Шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.А д холбогдох эрүүгийн 1725000000228 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.Ц.А
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Ц:А нь 2017 оны 10 сарын 04-06-ны өдөр Герман улсад ажиллаж амьдардаг найз Э.Б-с “ээж Н-д утас авч өгөөрэй” гэж шилжүүлсэн 351 600 төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Хохирогч Ш.Н-н “Миний охин Б нь одоогоос 2 жилийн өмнө буюу 2015 онд Герман улс руу явсан юм. 2017 оны 09 сарын сүүлээр охин над руу залгаж “танд би ахмадын баяр гээд гар утас авч өгье, тань руу 10 сарын 01-ний өдөр буюу ахмадын баярын өдөр манай найз А гар утас аваачиж өгөх байх шүү, би А ын данс руу 370 000 төгрөг шилжүүлсэн, 2 хувааж шилжүүлсэн нэг данс нь А ын найзынх нь данс гэсэн шүү” гэж байсан. Ингээд А ыг 10 сарын 01-ний өдөр хараад ирээгүй, 10 сарын 20-ны өдөр хүртэл хараад холбоо барихгүй болохоор нь утас руу залгатал одоо очлоо гэж хэлсэн. Алга болчихоор нь дахин залгатал мөн л одоо очлоо, эсхүл маргааш очино гэж худал хэлдэг, сүүлдээ цалин буухаар мөнгийг нь өгье, гэж хэлээд утсаа ч авахгүй алга болсон” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 5-р хуудас/
2.Гэрч М.Отгонцэцэгийн “Герман улсад амьдардаг Б гэж эмэгтэй өөрийн ээж Н-д өгөхөөр Орхон аймагт байдаг А д Хаан банкны данс руу 370 000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. А нь Б гаас ирүүлсэн мөнгийг одоо болтол Н-д өгөхгүй байна. А-тай энэ талаар холбоо барихаар өнөөдөр өгнө, маргааш өгнө, одоо очлоо гэх мэтээр худал хэлсээр өдийг хүргэсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 6-р хуудас/
4.Гэрч Б-ий “2017 оны 10 сарын 04-ний өдөр А долларын дансны дугаар байна уу, байвал хэлээд өгөөч гэхээр нь би өөрийн 5090673687 дугаарын дансыг өгсөн. Удалгүй миний дансанд 59 000, 49 500 төгрөг буюу нийт 108000 төгрөг, “ээжид” гэсэн утгатайгаар шилжин ирсэн. Данснаасаа би бэлнээр авч А д өгч байсан. 108 500 төгрөгийг бүгдийг нь А д өгсөн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 8-р хуудас/
5.Гэрч С.Буян-Эрдэнэ, яллагдагч Ц.А нарын банкны дансны хуулгууд. /хх-ийн 10, 29-р хуудас/
6. Шүүгдэгч Ц.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2017 оны 10 сарын эхээр Герман улсад байдаг Б гэж нэг байранд олон жил байсан багын найз хүүхэн маань надтай хобогдсон юм. Тухайн үед би 2017 онд үйлдвэрлэгдсэн Saмsung J7 маркийн гар утас зарна гэсэн зар тавьсан байсан бөгөөд тэр утсыг Б худалдаж аваад ээждээ өгүүлэхээр болсон юм. Ингээд миний Хаан банкны ********* дугаарын данс руу 85 еврог, үлдсэн 108500 төгрөгийг манай ажлын Б гэж залуугийн “Хаан” банкны данс руу тус тус шилжүүлсэн. Би нөгөө гар утсыг Хялганатад байдаг ээжид нь аваачиж өгөхөөр тохирсон боловч согтуу явж байхдаа хаячихсан. Б-с 108 500 төгрөгийг авсан боловч бас л үрчихсэн. Би цалингийн зээл, банкны зээлтэй учир мөнгийг нь эргүүлж өгч чадалгүй өдийг хүргэсэн. Уг нь би Б-н ээж Н эгчид хэлж байсан. Танд өгөх гар утсыг хаячихлаа цалин буухаар мөнгийг нь өгье гэж хэлсэн боловч өгч чадалгүй удаасан юм" гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-н 16-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв. Шүүгдэгч Ц.А нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Германд байдаг багын найзтайгаа интернэтээр ярьж байсан чинь миний J7 маркийн гар утсыг наад утсаа манай ээжид өгчих гээд над руу мөнгө шилжүүлсэн. Тэгээд “Төгөл” худалдааны төвийн тэнд халамцуу явж байгаад утсаа алдчихаад мөнгийг нь өгч чадалгүй удаасан. Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэв. Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Ял шийтгэл оногдуулах үндэстэй” гэв.
Шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.А нь 2017 оны 10 сарын 04- 06-ны өдөр Э.Б-с “ээж Н-д утас авч өгөөрэй” гэж шилжүүлсэн 351 600 төгрөгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Ш.Н-н мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, “Хаан” банкны дансны хуулга, шүүгдэгчийн мэдүүлэг, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.А-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдлалд харгалзан үзлээ. Хохирогч Ш.Н нь “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Ц-ийн А-ыг бусдын эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.А-ыг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Ц.А-д оногдуулсан 6 сарын хорих ялаас чөлөөлсүгэй.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.А д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС