| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2017/03681/И |
| Дугаар | 184/ШШ2018/01052 |
| Огноо | 2018-04-25 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 184/ШШ2018/01052
| 2018 оны 04 сарын 26 өдөр | Дугаар 184/ШШ2018/01052 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Э.Т ХХК
Хариуцагч: Д.Ж
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 4 623 000 /дөрвөн сая зургаан зуун хорин гурван мянга/ төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хохиролд 1 680 000 /нэг сая зургаан зуун наян мянга/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч компанийн захирал Ш.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т, гэрч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Баянжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр иргэн Д.Жтай гэрээ байгуулж түүний эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын аманд байдаг хашаанд нь гүний худгийн цооног өрөмдөхөөр тохиролцсон юм. Д.Ж нь 1 тууш метрийг нь 80 000 төгрөгөөр тооцож 82 метр гүн өрөмдлөгийн ажил гүйцэтгүүлэхээр тохиролцсон бөгөөд 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хугацаанд ажлыг хийж гүний худгийн цооногийг гаргасан. Д.Жгаас 2017 оны 5 дугаар сарын 18-нд гүйцэтгэх ажлын хөлсний 50 хувь болох 3 264 000 төгрөг шилжиж ирсэн ба үлдэгдэл төлбөрөө одоог хүртэл төлж барагдуулаагүй байна.
Мөн компани өрөмдлөг хийсэн цооногт нуралтаас хамгаалсан шүүрийн ПВС хоолойг 82 метрийг өөрийн хөрөнгөөр худалдан авч суурилуулсан ба гүний худгийн насос, ус өргөх хоолой 80 метр, цахилгааны кабель 85 метр, бэхэлгээний тросс 160 метр, худгийн таг зэргийг өөрийн хөрөнгөөр худалдан авч Д.Жгийн худагт хийж хүлээлгэн өгсөн. Гэрээгээр бид зөвхөн захиалагчийн заасан цэгт өрөмдлөгийн ажил гүйцэтгэх, нэмэлт тоноглолын зардлыг хариуцагч тал гаргахаар тохирсон байсан.
Иймд ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 3 296 000 төгрөг, 82 метр ПВС хоолойн үнэ 410 000 төгрөг, гүний насос, ус өргөх хоолой, цахилгааны кабель, бэхэлгээний тросс, худгийн таг зэргийн үнэ 917 000 төгрөг, нийт 4 623 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан өгнө үү.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн эзэмшиж буй газартаа гүний худаг гаргуулахаар Э.Т ХХК-ийн захирал Ш.Гтай тохиролцсон. Гүний худгийг 2017 оны 5 дугаар сарын 20-нд өдөрт нь гаргана, ажлаа эхэлж байгаа тул танд хөнгөлөлт үзүүлье гэж хэлээд 1 тууш метрийг нь 70 000 төгрөгөөр өрөмдөхөөр тохирсон. Тухайн үед хажуу айл хамт хэрэглэж болох талаар тодруулахад “болно, нэг удаа гарахдаа 1-2 тонн ус гарна кноп дараад ус гарна, уснаас дээж авч шинжилгээнд өгч хариуг худгийн паспорт дээр бичилт хийлгэж, акт үйлдэн хүлээлгэж өгнө” гэж тайлбарласан. Мөн худгийн гаднах байдлыг яг газрын гадаргуутай тэгш хийж, бетонон хамгаалалттай байхаар тохирсон ч хэлэлцэж тохирсон ажлаа бүрэн хийж өгөөгүйгээс гадна ажил гүйцэтгэж байхдаа байшинг шавраар будаж үзэмжид нь хохирол учруулсан. Урд айлд худаг өрөмдөж байсан компанийн хүмүүст үзүүлж зөвлөгөө авахад иргүй өрөм ингэдэг юм гэсэн бөгөөд өрөмдөж байхдаа худгийн орчмын газарт түлш асгаж хөрсийг бохирдуулсан, ингэснээр уг усыг хүнсний хэрэгцээнд ашиглаж болох эсэхийг мэдэхгүй байна. Нэхэмжлэгч компанийнхан хийж байсан ажлаа хүлээлгэж өгөлгүй дутуу хаяад явсан тул манай нөхөр хувиараа зохих хөлсийг төлж янзлуулж ашиглалтанд оруулсан. Ажил хүлээлцсэн акт хэмээх баримтанд гарын үсэг зурсан манаач гэх хүн хэн болох нь тодорхойгүй, манайд манаач гэж хүн байдаггүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч компани нь өрөмдлөгийн ажил гүйцэтгэж байхдаа манай байшинг шавраар будаж үзэгдэх үзэмжинд нь хохирол учруулсан, мөн шатахуун тослох материал гоожуулсан нь газрын хөрсөнд нэвчиж, усанд орсон байх магадлалтай байна. Байшингийн ханыг бохирдуулсан байдлыг засаж янзлахад 1 680 000 төгрөг шаардлагтай талаар “Мон-үнэлгээ” ХХК-ийн дүгнэлт гарсан. Иймд нэхэмжлэгч Э.Т ХХК-иас 1 680 000 төгрөг гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэгч Э.Т ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Манай компани иргэн Д.Жгийн эзэмшлийн газарт 82 тууш метр гүнтэй цооног өрөмдөж, гүний худаг гарган хүлээлгэж өгсөн билээ. Ажил гүйцэтгэх үед ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй бөгөөд иргэн Д.Жгийн “Эрдэнэ дриллинг” ХХК-иар гүйцэтгүүлсэн газрын доорхи усны илэрц бүхий хайгуул хийсэн цэгт өрөмдлөг хийж өгсөн болно. Өрмийн багажны ир мохсон байдлаас байшинг бохирдуулсан гэсэн агуулгатай сөрөг нэхэмжлэл гаргасан байгаа бөгөөд ир гэх зүйл өрмийн машинд огт байдаггүй, газрын гүнд тусгай зориулалттай алмазан хошуутай цохилтот алхтай багажаар хийн компрессор ашиглан өрөмддөг. Манай компаниар ажил гүйцэтгүүлэх явцдаа захиалагч тал бүхий л боломж нөхцлөөр хангах ёстой ба өөрийн өмчийн эд зүйлээ ундран гарах ус, хөрс шорооноос хамгаалах үүрэгтэй. Байшиндаа хэт ойр буюу 2 метр орчим зайд өрөмдөх газраа заасан, энэ тухай тодруулахад энд ус гарахаар мэргэжлийн байгууллага тодорхойлсон гэх тайлбарласан бөгөөд бид ямар нэг хохирол учруулсан зүйлгүй, тухайн үед энэ талаар юу ч хэлээгүй болно. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Т ХХК нь хариуцагч Д.Жгаас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 4 623 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчээс ажил гүйцэтгэх явцдаа эд хөрөнгөд учруулсан хохирол 1 680 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Үндсэн нэхэмжлэлийн тухайд:
Хариуцагч Д.Ж нь 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч Э.Т ХХК-ийн захирал Ш.Гтай, өөрийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянгол зуслан, 181182/895 тоот хашаанд худаг гаргах зориулалтаар 82 метр гүн өрөмдлөгийн ажлыг гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцжээ.
Нэхэмжлэгч талаас 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр бичгээр байгуулсан гэх “Өрөмдөлгийн ажил гүйцэтгэх гэрээ”-г шаардлагаа нотлохоор гаргаж өгсөн боловч тухайн гэрээнд хариуцагч Д.Ж гарын үсэг зураагүй, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь хэсгүүдэд зааснаар бичгээр хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.3 дахь хэсгүүдэд хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон бол амаар хэлцэл хийсэн гэж үзэх, нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзэхээр заажээ.
Хариуцагч гэрээний эхийг үзээгүй, тухайн өдөр цахилгаан тасарснаас гэрээг хэвлэж амжаагүй нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул гэрээний агуулга, нөхцлийг талууд амаар хэлэлцэн тохиролцсон байна гэж үзлээ.
Талууд хэлцэл хийсэн, урьдчилгаа 3 264 000 төгрөгийг гүйцэтгэгч компанид шилжүүлсэн талаар маргахгүй, харин нэхэмжлэгч тал 1 тууш метрийг нь 80 000 төгрөгөөр өрөмдөх, нэмэлт тоног төхөөрмжийн үнийг тусад нь тооцохоор тохиролцсон гэж, хариуцагч тал 1 тууш метрийг нь 70 000 төгрөгөөр өрөмдүүлэх, худгийг бүрэн ажиллагаатай байдлаар хүлээлгэн өгөхөөр тохиролцсон гэж маргаж байна.
Хэлцлээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсч, захиалагчийн заасан газарт гүйцэтгэгч тал 2017 оны 5 дугаар сарын 24-ны өдөр гэхэд ажлыг гүйцэтгэх үүргээ биелүүлсэн байхад захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт “ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэж, 346 дугаар зүйлийн 346.2 дахь хэсэгт “ажлыг тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлнө” гэж тус тус заасан ба талуудын тайлбараас дүгнэхэд ажлыг дуусахад үлдэгдэл төлбөрийг захиалагч нь гүйцэтгэгч талд шилжүүлэхээр тохиролцжээ.
Хэдийгээр нэхэмжлэгч ажлыг бүрэн хийж дуусгасан, ажлын үр дүнг хүлээлгэн өгснөө нотлохоор “Гүний худаг хүлээлцсэн акт” гэх баримтыг гаргаж өгсөн ч хүлээн авсан гэж гарын үсэг зурсан этгээд хэн болох нь тодорхойгүй, хариуцагчийн хэлсэн ёсоор байшинд засвар хийж байсан хүнээр гарын үсэг зуруулсан гэж тайлбарласан боловч нотлогдоогүй болно.
Хариуцагч Д.Ж худгийг хүлээж аваагүй, хүлээлцсэн актад гарын үсэг зураагүй, гүйцэтгэгч компани ажлыг дутуу орхиж явсан гэж тайлбарлаж байгаа ч худаг одоо хэвийн ажиллагаатай, хариуцагч ашиглаж байгаа болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийсэн үзлэг болон хариуцагчийн тайлбараар тогтоогдсон.
Зохигчдын тайлбар гэрчүүдийн мэдүүлгээс дүгнэхэд гүйцэтгэгч компани өрөмдлөгийн ажлын 1 тууш метрийг нь 70 000 төгрөгөөр хийж гүйцэтгэх, ажил дуусахад худгийн усыг шууд хэрэглэх боломжтой байдлаар хүлээлгэн өгөхөөр тохиролцсон гэх үндэслэл тогтоогдож байна.
Харин захиалагчийн гүйцэтгэсэн ажлын нуралтаас хамгаалах ПВС хоолойн хувьд худгийг ердийн байдлаар хэрэглэхэд шаардлагагүй боловч хайрган хөрстэй, нуралттай үед нэмэгдэл байдлаар тавьдаг гэх тайлбар үндэслэлтэй, хэлцлээр шууд тохиролцох боломжгүй нэмэгдэл ажил байх тул материалын зардлыг гаргуулах тухай шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Иймд хариуцагчаас 82 тууш метр өрөмдлөгийн ажлыг 1 тууш метрийг нь 70 000 төгрөгөөр гүйцэтгүүлсэн 5 740 000 төгрөгөөс захиалагчийн урьдчилан шилжүүлсэн 3 264 000 төгрөгийг хасч, 2 476 000 төгрөг, мөн ПВС хоолойн үнэ 410 000 төгрөг, нийт 2 886 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шардлагаас 1 737 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Нэхэмжлэлээс гүний насос, ус өргөх хоолой, цахилгааны кабель, бэхэлгээний тросс, худгийн таг зэргийн үнэ 917 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд талуудын хооронд зөвхөн өрөмдлөгийн ажил гүйцэтгэхээр тохиролцоогүй, худаг гаргаж өгөхөөр тохиролцсон гэж үзэн, тухайн материалууд нь худагт байх иж бүрдэлд хамаарна гэж дүгнэв.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хариуцагч Д.Ж нь нэхэмжлэгч компанийг өрөмдлөгийн ажил гүйцэтгэх явцдаа байшингийн хана шавраар будсан, шатахуун тослох материал асгаж орчныг бохирдуулснаас хохирол учирсан гэж 1 680 000 төгрөг гаргуулахаар шаардсан боловч хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.
Хариуцагч нь Нийслэлийн байгаль орчны газраас худаг гаргах зөвшөөрөл авч, “Эрдэнэдрийлинг” ХХК-иар усны хайгуулын ажлыг хийж гүйцэтгүүлсэн, мөн гүйцэтгэгч компани өрөмдлөгийн ажлыг захиалагчийн заасан газарт буюу байшингаас 2 метр орчим зайд гүйцэтгэжээ.
Гүйцэтгэгч компани иргүй өрмөөр ажил гүйцэтгэснээс шавар үсэрсэн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байх бөгөөд ус газрын гүнээс оргилон гарч байх үеийн бичлэг /CD/, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр хохирол учирсан гэх байшинд 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хийсэн үзлэгээр шавар үсэрсэн гэх байдал тогтоогдоогүй болно.
Хариуцагч сөрөг нэхэмжлэлээр гүйцэтгэсэн ажлын доголдлоос үүссэн хохирлыг бус ажил гүйцэтгэж байх үедээ захиалагчийн эд хөрөнгөд учирсан хохирлыг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад хамаарахгүй байна.
Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор хөрөнгийн үнэлгээний “Мон-үнэлгээ” ХХК /үнэлгээ 1 680 000 төгрөг/, барилгын зураг төсөл, төсвийн “Актас” ХХК-иар /үнэлгээ 1 758 925 төгрөг/ байшинд учирсан эвдрэл, гэмтлийн засварын үнэлгээг тогтоолгосон байх боловч эдгээр үнэлгээ нь бодит байдлаас эрс зөрүүтэй, эргэлзээтэй, ямар эвдрэл гэмтэл учирсан тодорхойгүй байхад засварын үнэлгээ гаргасан байх тул үнэлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.
Нэхэмжлэгч Э.Т ХХК нь ажил гүйцэтгэж байх үедээ шатахуун тослох материалаар худгийн орчнийг бохирдуулсан гэж хариуцагч тайлбарласан, мөн шүүхээс хийсэн үзлэгээр худгийн баруун талд 40см/60см харьцаатай тосны толбо илэрсэн боловч хэзээ, хэн бохирдуулсан, уг толбоноос хариуцагч Д.Жд хэдий хэмжээний хохирол учирсан эсэх нь баримтаар тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Жгаас 2 886 000 /хоёр сая найман зуун наян зургаан мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Т ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 737 000 /нэг сая долоон зуун гучин долоон мянга/ төгрөгт холбогдох хэсгийг, нэхэмжлэгч Э.Т ХХК-иас 1 680 000 /нэг сая зургаан зуун наян мянга/ төгрөг гаргуулах тухай хариуцагч Д.Жгийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88 918 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41 830 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 61 126 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ