Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2018/ШЦТ/42

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Б

Улсын яллагч Л.О    

Шүүгдэгч Д.Х нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Х-д холбогдох эрүүгийн 1725004410018 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Д.Х

 

  1. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Д.Х нь 2017 оны 11 сарын 27-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Төгөл худалдааны төвийн хойд талын төв замаар ****ОРО улсын дугаартай Тоёота приус маркийн автомашин жолоодож яваад явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч С.Ц  , Б.Х нарыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч С.Ц  ын “2017 оны 11 сарын 27-ны өдөр Төгөл дэлгүүрийн арын явган хүний замаар Ханд эгчийн хамт явж байсан чинь ****ОРО улсын дугаартай машин ирж бид хоёрыг мөргөсөн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 20-р хуудас/

 

2. Орхон аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 12 сарын 04-ний өдрийн 162 дугаартай “Явган зорчигч С.Ц  , Б.Х нар нь явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан тул Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Тоёота Приус маркийн ****ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх заалт явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж хэрэв явган зорчигч нь уг гарцаар явж байвал зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт. /хх-ийн 26-р хуудас/

 

3. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 сарын 01-ний өдрийн 994 дугаартай дүгнэлтийн “Б-Х-н биед сээрний 11 дүгээр нугаламын их биеийн хугарал, цээжний баруун талын 8 дугаар хавирганы хугарал, хоёр өгзөг, зүүн хөлийн шилбэнд цус хуралт зөөлөн эдийн няцрал үүсчээ. Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Сээрний 11-р нугаламын их биеийн хугарал нь гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтлүүд нь тус бүрдээ ГЗЗ-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хх-ийн 17-р хуудас/

 

4.Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 сарын 01-ний өдрийн 995 дугаартай дүгнэлтийн “С.Ц  ын биед аарцаг ясны цагирагийн баруун талын дээд доод салааны далд зөрөөгүй хугарал, баруун түнх орчим баруун өвдөгний гадна хажуу бэлгийн уруулд зөөлөн эдэд цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Гоо сайхан болон энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хх-ийн 23-р хуудас/

 

5.Шүүгдэгч Д.Х-г ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2017 оны 11 сарын 27-ны орой би өөрийн нэр дээр байдаг Тоёота Приус 20 маркийн ****ОРО улсын дугаартай машиныг жолоодоод Дэнж багийн цэцэрлэгээс дүүгийн хүүхдийг авчихаад 17 цаг өнгөрч байхад хүүхэддээ юм аваачиж өгөхөөр аймгийн холбооны газрын гадаа очиход хүү байхгүй байсан. Тэгэхээр нь хороолол руу гэртээ харихаар буцаад төв замаараа явж байгаад Төгөл дэлгүүрийн ард талд явган хүний гарц дээр ирж байтал Төгөл төв талаасаа явган хүний гарцаар хоёр эмэгтэй хүн сугадалцаад гараад ирсэн. Тухайн үед нилээд зайнаас тэр хоёр эмэгтэй хүнийг харсан юм. Тэр хоёр хүн сугадалцаад наашаа хараагүй, хоорондоо юм яриад явж байгаа бололтой харагдсан. Тэгээд би машинаа зогсоохоор тормозоо гишгэсэн боловч гулгаад тэр хоёр хүнийг очоод мөргөчихсөн. Цагдаа нар ирээд эмнэлэг рүү аваад явсан. Хохирогч нарт учирсан эмчилгээний зардлыг төлж барагдуулсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-р хуудас / болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-н 38-р хуудас/ зэргийг шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Х мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохиролыг төлсөн” гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.О дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Ял шийтгэл оногдуулах үндэстэй” гэв.

 

            Шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Х нь 2017 оны 11 сарын 27-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Төгөл худалдааны төвийн хойд талын төв замаар **** ОРО улсын дугаартай “Тоёота приус” маркийн автомашин жолоодож яваад явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч С.Ц  , Б.Х нарыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч С.Ц  , Б.Х нарын мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шүүх шинжилгээний 994, 995 дугаартай дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

                     Шүүгдэгч Д.Х-г ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдлалд тооцож түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй.

            Хохирогч С.Ц  , Б.Х нар нь “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, эмчилгээний төлбөр болон хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт Д-н Х-г  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Д.Х-д оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн гадаад улсад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС