| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2018/0049/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/58 |
| Огноо | 2018-01-22 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.И |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2018/ШЦТ/58
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба
Улсын яллагч Т.Ганзориг
Насанд хүрээгүй хохирогч А.Б
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О
Шүүгдэгч С.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Э-д холбогдох эрүүгийн 1825004670009 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
С.Э
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч С.Э нь 2017 оны 12 дугаар сарын 05-нд Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд багийн 4-12 тоотод хамтран амьдрагч Б.О гийн 6 настай хүү А.Б-г зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэг авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Насанд хүрээгүй хохирогч А.Б-н “2017 оны 12 сарын 05-ны шөнө манай ээж гэрээс гараад явсны дараа Э ах согтуу ээжийн иргэний үнэмлэхний лавлагаа, гар утсыг цонхны давцан дээрээс авах гээд байхаар нь би наадах чинь ээжийн эд зүйл боль гээд хэлтэл энэ ямар чиний юм биш гээд Э ах миний хацар руу 3-4 удаа алгадсан. Тэгээд би самардаж байгаад орруугаа зугтаасан чинь араас сандал аваад шидсэн. Сандал миний толгойг оносон тэгээд би толгой өвдөөд уйлсан чинь Э ах намайг чирээд орон дээр хүчээр дараад унтуулсан. Унтаад өглөө сэрэхэд ээж байхгүй болохоор нь хувцасаа өмсөөд гадаа гараад уйлж байгаад унтчихсан байсан. Сэрээд хартал ээж гэртээ ирчихсэн намайг эмнэлэг аваад явж байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 13-р хуудас/
2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О гийн “Хүү Б хамтран амьдрагч Э нарыг үлдээгээд таксины жолоочийн хамт дэлгүүр орж хаан банкны картнаасаа мөнгө авч жолоочид өгөөд гэртээ эргэж иртэл хүү унтчихсан Э ганцаараа 0.75 граммын шилтэй архи задлаад ууж байсан. Тэгээд Э надтай хэсэг ярилцаж байгаад хэрүүл өдөөд хэрэлдээд байхаар нь цагдаа дуудаад өгнө шүү гэж хэлтэл одоо явлаа гээд надаас 1000 төгрөг аваад шөнө 01 цагийн үед гэртээ харина гээд явсан. Э-г явсны дараа гар утсаа хайгаад олохгүй байхаар нь хүүгийнхээ хажуугаар ороод унтсан. Өглөө 06 цагийн үед босоод аав Батчулууны гэрт очихоор гэрээсээ хүү Б ийг үлдээгээд гараад буцаад 07 цаг 10 минутын үед гэртээ иртэл миний хүү Б нь гэрийнхээ гадаа ухаан алдчихсан хэвтэж байсан. Тэгээд сэрээгээд юу болсон талаар асуутал Э ах намайг гараараа нүүрэн хэсэгт зодоод миний толгой руу сандлаар цохиод газар унагаагаад чирсэн гэж хэлсэн. Тэгээд цагдаад хандсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 22 дугаар хуудас/
3.Гэрч Б.А-н “Б нь ирэхдээ хөхөрч хавдсан, баруун өвдөг нь зулгарсан, цээжээр эмзэглэлтэй ирсэн. Хүүхэд ухаантай, орчиндоо харьцаатай, асуусан асуултанд зөв тод хариулна, байрлал хагас идэвхитэй байсан. Хүүхэд тархи доргилт зөөлөн эдийн олон тооны гэмтэлтэй байсан тул гэмтлийн тасгийн жижүүр эмчийг дуудаж үзүүлсэн. Жижүүр эмч хэвтэж эмчлүүлэх шийдвэр гаргасан.” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 22-р хуудас/
4.Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 сарын 13-ны өдрийн 33 дугаартай дүгнэлтэд: А.Б-н биед тархи доргилт, цээж баруун бугалга, нүүрэнд зөөлөн эдэд 4 тооны цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна. Тархи доргилт нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй, гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй шинэ гэмтэл байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/
5. Шинжээч эмч Ж.Г-н “Эдгээр гэмтлээс тархи доргилт нь гэмтлийн зэргийн зааварт заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарагдаагүй, сандлын өндөр жин дээр нь цохиж байгаа хүч нэмэгдэж дээрхи хавдрыг үүсгэж болно. Дээрхи гэмтлүүд нь 2017 оны 12 сарын 05-ны өдөр үүссэн байж болно.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/
3.Шүүгдэгч С.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 12 сарын 05-ны өдрийн орой 22 цаг өнгөрч байхад намайг гэртээ байж байсан чинь О над руу утсаар яриад мах чанаж байна гал дээр тавьсан байгаа би өөрөө Төгөл худалдааны төвийн энд такситай явж байна гэсэн. Тэгэхээр нь Төгөл дээр яваад очсон чинь О цэнхэр Приус-20 маркийн машинтай явж байсан. Уулзаад бид хоёр тэр машинтай нь О гийн гэрт очсон. О гийн гэрт нь хэн ч байгаагүй. Гэрт нь орсон чинь гал дээр чанаж байсан махны шөл бараг ширгэж байсан. О намайг гал дээр байгаа махыг гаргаж бай, би яваад хүүхдээ аваад ирье гээд явсан. 30 орчим минутын дараа О хүүхдээ дагуулаад Ерөөл архи авч орж ирсэн. Бид 3 мах идсэн. Архиа задлаад дээрээс нь 2,3 хундага ууж байгаад О бид хоёр маргалдсан. Маргаан үүсээд ирэхээр нь би явлаа гээд О гээс 1000 төгрөг авч гараад унаанд сууж гэртээ буюу ээж дээрээ очсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /х/х-н 42-р хуудас/ зэргийг шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.
Шүүгдэгч С.Э нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Хүүг би цохиж зодоогүй. Гэхдээ нотлох баримтуудаар намайг буруутай гэж үзэж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О мэдүүлэхдээ “Э урьд нь хүүг маань зодож байгаагүй. Одоо нэхэмжлэх зүйлгүй” гэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Ял шийтгэл оногдуулах үндэстэй” гэв.
Шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Э нь 2017 оны 12 дугаар сарын 05-нд Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд багийн 4-12 тоотод хамтран амьдрагч Б.О гийн 6 настай хүү А.Б-г зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн насанд хүрээгүй хохирогч А.Б-н мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, шүүх шинжилгээний 33 дугаартай дүгнэлт,шүүгдэгчийн мэдүүлэг, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч С.Э-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхдийг мэдсээр байж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт С-н Э-г биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч С.Э-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч С.Э-д оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ц.А