| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2018/0035/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/65 |
| Огноо | 2018-01-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.И |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 2018/ШЦТ/65
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С
Улсын яллагч Б.Ж
Шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ц-д холбогдох эрүүгийн 1825000000016 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Б.Ц
Шүүгдэгч Б.Ц нь Орхон аймгийн Баян-Өндөр сум, Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар сургуулийн урд талд 2017 оны 12 сарын 28-ны өдөр Ц.Б-г зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэг авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Насанд хүрээгүй хохирогч Ц.Б-н “2017 оны 12 сарын 28-ны орой би найк С-н хамт 5 дугаар сургуулийн урд талаар алхаад явж байхад араас үл таних 2 ах, нэг эгч нар дуудахаар ньС бид хоёр эргэж харахад нэг ах дээгүүрээ өмсөж байсан куртикээ тайлаад ганцаараа ирэнгүүтээ миний араас тэвэрч аваад газарт унагааж нүүрэн тус газарт нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэр ахтай хамт явсан хоёр хүн машинд суугаад яваад өгсөн. Тэр ах С-г цохиогүй, намайг нэг удаа өшиглөсөн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 7-р хуудас/
2. Насанд хүрээгүй гэрч Д.С-н “Б бид хоёр явах гэж байхад нөгөө ах Б ийн араас бариад газар унагааж нүүрэн тус газар нь нэг удаа өшиглөсөн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 12-р хуудас/
3.Орхон аймгийн шүүхийн шижнжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 сарын 02-ны өдрийн 72 дугаартай дүгнэлийн “Ц.Б-н биед хамрын таславчийн муруйлт, цох хэсэг болон хамрын нуруунд зөөлөн эдэд цус хуралт, зулгаралт зэрэг гэмтэл үүсчээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих, цохигдох, хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх-ийн 14-р хуудас/
4. Шүүгдэгч Б.Ц мөрдөн байцаалтын шатнад өгсөн “2017 оны 12 сарын 28-ны орой би найз би найз Баярбатын хамт 5 дугаар сургуулийн харалдаа харих гэж байхад Баярбат нэг эмэгтэйтэй танилцаад юм яриад байсан. Тэр үед хажуугаар танихгүй 2 залуу зөрөхдөө болиоч ээ гэж хэлэхээр нь би тэр хоёр залуугийн араас нь дуудаад өөрөө очоод бид маргалдаагүй байна гэж хэлээд нэг залууг нь газар унагааж нүүрэн тус газарт нь нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Тухайн үед хар өнгийн пүүзтэй явж байсан юм. Намайг хохирогч гээд байгаа залууг цохиж байхад Баярбат нөгөө эмэгтэйгийн хамт машиндаа суугаад яваад өгсөн. Тэгээд би Мэнд-Амар худалдааны төвийн харалдаа явж байгаад цагдаад баригдсан” гэсэн мэдүүлэг /х/х-ийн 22-р хуудас / болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /х/х-н 24-р хуудас/ зэргийг шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.
Шүүгдэгч Б.Ц нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүээн зөвшөөрч гэмшиж байна” гэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Ял шийтгэл оногдуулах үндэстэй” гэв.
Шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ц нь 2017 оны 12 сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар сургуулийн урд талд Ц.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Ц.Б-н мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шүүх шинжилгээний 36 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Б-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдлалд тооцож түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй.
Хохирогч Ц.Б нь “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, эмчилгээний төлбөр болон хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн мэдүүлэг өгсөн байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С тайж овогт Б-ын Ц-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Ц-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Б.Ц-д оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ц.А