Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2021/0236

 

 

 

 

 

 

 

 

 

    2021      03            30                                  128/ШШ2021/0236       

 

  

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Б би даргалж, шүүх хуралдааны нэгдүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “С г” ХХК.

Хариуцагч: ШӨХТГ УАБ Т.М.

Гуравдагч этгээд: Б.У, М.А, Х.У, С.Э, Ц.Н, С.Г.

Гомдлын шаардлага: “...ШӨХТГ УАБ Т.М 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ******* дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” гомдолтой захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гомдол гаргагчийн өмгөөлөгч А.З, хариуцагч ШӨХТГ УАБ Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Гомдол гаргагч “С г” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...  “С г” ХХК нь гадаад дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд бөгөөд 3934.5 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг өмчилдөг бөгөөд дээрх үл хөдлөх хөрөнгийг иргэд, хуулийн этгээдэд түрээсийн гэрээгээр түрээслэх үйл ажиллагаа эрхэлдэг, түрээслэгч нар нь түрээсийн гэрээний үндсэн дээр бараа, бүтээгдэхүүн худалдан борлуулах үйл ажиллагаа явуулдаг. Манай компани 6 түрээслэгчтэй түрээсийн гэрээ байгуулж лангуу түрээслүүлсэн ба тэдгээр түрээслэгч нар нь тус талбайд махны худалдаа эрхэлдэг. Харин “С г” ХХК нь С м худалдааны төвд махны худалдаа эрхэлддэггүй бөгөөд мах худалдан борлуулах үйл ажиллагаа явуулдаггүй” гэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гомдол гаргагчийн өмгөөлөгч А.З нараас шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... хариуцагч нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасныг үндэслэн шийтгэл оногдуулсан байдаг. Зөрчлийн тухай хуулийн Өрсөлдөөний тухай хууль зөрчих талаар хуульчилсан 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь заалтад хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан. Өрсөлдөөний тухай хууль 5 бүлэг 27 зүйлтэй. Гэтэл улсын байцаагчийн акт болон тухайн шийтгэл оногдуулж байгаа үйл ажиллагаа Өрсөлдөөний тухай хуулийн яг ямар заалт зөрчсөн гэх талаар тайлбар байдаггүй. Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Өрсөлдөөний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь аж ахуй эрхлэгчийн зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлд ноёлох болон өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, хориглон хязгаарлах, өрсөлдөөнийг зохицуулах байгууллагын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан. Гэтэл торгож байгаа процесс нь дээрх заалтад хамаарч байгаа эсэх нь эргэлзээтэй байна. Аж ахуйн нэгж байгууллагууд зах зээлд шударгаар өрсөлдөх асуудлыг Өрсөлдөөний тухай хуулиар зохицуулсан болохоос хамааралгүй түрээслэгч буюу “С г” ХХК -ийн үйл ажиллагаа махны үнэ нэмэгдэх нөхцөл байдалд энэ хууль хамааралгүй. Шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлд ноёлох үйл ажиллагааг энэ хуулиар зохицуулсан. Махны үнийг нэмснээр зах зээлд ноёлох ямар үйл ажиллагаа “С г” ХХК явуулсан нь тодорхойгүй. Урьдчилан сэргийлэх, хориглон хязгаарлах нь өрсөлдөөнд харш байх ёстой. Мах өндөр үнэтэй худалдаж байвал худалдан авагч буюу хэрэглэгчийн зүгээс өөр захаас очиж авах эрхтэй. Мах худалдан борлуулж байгаа этгээд зах зээлийн зарчмын дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл үүсэхээс биш махны үнийг өндөр болгосноор өрсөлдөгч этгээдэд хохирол учруулсан үндэслэл байхгүй. Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “өрсөлдөгч”, 4.1.5-т “ноёлох үйл ажиллагаа”  гэдгийг томьёолсон. “С г” ХХК -д хамааруулсан махны үнийн өсөлт хуулийн дээрх заалтад хамааралгүй. Өрсөлдөөний тухай хуулийн зүй ёсны монопольд давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж 2 нэр томьёо байдаг. Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлд тодорхой байгаа. Гомдол гаргаж буй “С г” ХХК -д зүй ёсны монопольд давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэдэг тодорхойлолтод орохгүй.

Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т заасан (картель)  хэлцлийг хийсэн хуулийн хориглолтыг зөрчсөн асуудал байхгүй. Өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн байх ёстой. Махны үнэ нэмэгдсэн асуудал нь ямар өрсөлдөгч өрсөлдөөнийг хязгаарлаад энэ үйл ажиллагааг явуулсан бэ? гэдэг нь хуульд заасан үндэслэлд хамаарахгүй. Махны үнэ нэмсэн асуудал нь “С г” ХХК -ийг худалдааны хууль бус арга хэрэглэсэн гэж үзэхгүй. Үнэ тогтоосон нь хууль бус ямар аргад орж байгаа нь тодорхойгүй.

Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д олсон хөрөнгө орлогыг хураана гэж заасан. “С г” ХХК махны чиглэлээр худалдаа эрхлээгүй учраас орлого хураах гэдэг асуудал яригдахгүй. Өрсөлдөөний тухай хууль, Зөрчлийн тухай хуулийг ямар нэгэн байдлаар “С г” ХХК зөрчсөн бол зөрчсөн үйлдэл, эс үйлдэл байх ёстой. Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасны дагуу улсын орлого болгон хураах ёстой. “С г” ХХК мах худалдан борлуулж ямар нэгэн орлого олоогүй байхад яагаад энэ зөрчлийн актыг тавьсан нь ойлгомжгүй. “С г” ХХК нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “С” м худалдааны төв буюу объектын өмчлөгч хуулийн этгээд юм. Энэ өмчлөлийн хүрээнд түрээсийн үйл ажиллагаа явуулдаг. Түрээсийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд түрээслэгчидтэй түрээсийн гэрээ байгуулдаг. Түүнээс биш “С г” ХХК -ийн гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн махны худалдаа эрхэлдэггүй. Гэрээний үндсэн дээр  лангуу түрээсэлж худалдан борлуулах үйл ажиллагаа явуулдаг. Энэ нь түрээсийн гэрээгээр нотлогддог. Түрээсийн гэрээнд заасны дагуу тухайн махны үнийг тогтоох зэрэг ямар нэгэн нөлөө үзүүлэх бололцоо “С г” ХХК -д байхгүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7.2.12-т заасан заалтаар махны үнийн хөөргөдөл үүсгэхгүй байхыг анхааруулсан. Үүнээс өөрөөр үнэ тогтоохтой холбоотой ямар нэгэн арга хэмжээ авах боломжгүй. Шахалт дарамт үзүүлэх нь гэрээнд заагдаагүй. Түрээсийн гэрээ нь хувийн эрх зүйн харилцаанд үүсэж байгаа. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т заасан гэрээний чөлөөт байдлын зарчмын хүрээнд хийгдсэн мөн хуулийн 318 дугаар зүйлд заасны дагуу байгуулсан түрээсийн гэрээ юм. Махны үнэ нэмсэн үндэслэлээр “С г” ХХК -ийг яагаад 20 сая төгрөгөөр мөн түрээслэгч нарыг торгосон буюу 1 зөрчлийн хэрэгт 2 арга хэмжээ авсан. Махны худалдаа эрхэлдэггүй этгээдэд 20 сая төгрөгөөр торгож байгаа нь тухайн актыг үндэслэлгүй гэдгийг харуулж байна.

 Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино”, 2.1 дүгээр зүйлийн 1-т “хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” гэж заасан. Гэтэл “С г” ХХК нь ямар хууль, ямар захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдохгүй байна. Хуулийн этгээдийг зөрчлийн тухай хуулиар торгох арга хэмжээг хуульчилж өгсөн.  Мөн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3-т “Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна” гэж заасан. Гэтэл хэн гэдэг этгээд “С г” ХХК -ийг төлөөлж ашиг сонирхлын төлөө махны үнийг нэмсэн гэдгийг тодруулах ёстой. ““С г” ХХК -ийг төлөөлсөн зүйл байхгүй. Зөрчлийн тухай хуулийн хуулийн 2.1 дүгээр зүйлд заасан хуулийн этгээдэд хариуцлага тооцуулах хууль зүйн үндэслэл байхгүй. Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээд нь зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн бол хариуцлага хүлээлгэж шударга ёсыг тогтооход оршино гэж байгаа.

Махны үнийг нэмсэн үйл ажиллагаанд “С г” ХХК -ийн зүгээс аливаа үйлдэл, үйл ажиллагаа гаргаагүй учраас Зөрчлийн тухай хуулийн хуулийн 3.1 дүгээр зүйлд заасны дагуу шийтгэл оногдуулах үндэслэл байхгүй гэж үзэж байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-т “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ”, 4.15 дугаар зүйлийн 1-т “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэж заасан. Улсын байцаагч шүүхэд хариу тайлбар өгөхдөө энэ үүргээ хэрэгжүүлээгүй. Зөвхөн гомдол гаргагч этгээд буюу холбогдогч этгээдийн зүгээс тайлбар хэлээгүй нь  нотлогдсон гэх байдлаар энэ асуудалд хандсан нь үндэслэлгүй. Зөрчил шалган шийдвэрлэх материал нь нотлох баримтын шаардлага хангахгүй, үндэслэлгүй болох нь хэрэгт авагдсан үйл баримтаар тогтоогддог. Зөрчлийг шалган шийдвэрлэсэн баримт 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр эхлээд тухайн өдрөө дууссан. Энэ баримт дотор 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Улсын Онцгой комиссын даргын тушаал буюу өмнөх болон хойших он сартай баримтыг хавсаргасан байна. Зөрчил шалгах нь эхнээсээ үндэслэлгүй байсан учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс нөхөн бүрдүүлсэн нь дээрх баримтаар тогтоогдож байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-т “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна” гээд 1.1-т “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх” гэж заасан. Өрсөлдөөний тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7  дах заалтыг зөрчсөн гэх үйл баримтыг тодруулаагүй. Хэргийн материалд авагдсан тэмдэглэлд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.13 зүйлд  тэмдэглэл үйлдэх журмыг хуульчилсан. 1.2, 1.5, 1.6, 1.7 заалтуудыг зөрчсөн буюу шаардлага хангаагүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.13 зүйлийн 1.2-т ажиллагааг явуулсан газар, эхэлсэн, дууссан он, сар, өдөр, цаг, минут, хэрэгжүүлэх явцад хугацаа тасалдсан бол түүний шалтгаан, хугацаа заана гэсэн. Гэтэл 09 цаг 50 минутад эхэлсэн цаг хугацаа бичигдсэн. Хэзээ дууссан талаар тэмдэглээгүй. Эдгээрээс үзэхэд тэмдэглэлийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Эрх бүхий албан тушаалтны шийдвэрийн дагуу хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд хяналт шалгалт хийгдсэн гэж харагдах боловч хэрэгт авагдсан бусад баримтаар гомдол мэдээлэл ирсэн учраас хяналт шалгалт хийсэн гэж хариу тайлбар өгсөн байна. Тэгэхээр хяналт хийх үндэслэл нь юу байсан нь тодорхойгүй байна. Гомдол мэдээллийн дагуу хийгдсэн бол зөрчлийн материал дотор гомдлын материал авагдаагүй. Хэн гомдол гаргасан нь тогтоогдоогүй учраас өөрийн санаачилгаар хийсэн нь харагдаж байна.

 Махны судалгаа гэх баримтууд хэрэгт авагдсан байна. Энэ судалгааны эх сурвалж тодорхойгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй. 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр, 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр махны үнэ ханш ямар байсан талаар эх сурвалж байхгүй. Эх сурвалж нь хэрэгт авагдаагүй. Үндэслэлгүйгээр шийтгэл оногдуулсан нь харагдаж байна. Мах худалдан авах нь чөлөөт зах зээлийн харилцаа. Махны чанараас хамаарч махны үнэ ханш өөр өөр байдаг байх. “С г” ХХК -ийн зүгээс мах худалдан борлуулдаггүй учраас мэдэхгүй байна. Хэрэв үнэтэй байвал хэрэглэгч өөр захаас худалдан авах боломжтой. Хамгийн гол асуудал бол мах худалдан борлуулдаггүй этгээдэд махны үнэ нэмсэн гэх байдлаар зөрчлийн арга хэмжээ авч байгаа нь ойлгомжгүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу улсын ахлах байцаагчийн актыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Т.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Миний бие С зах дээр хяналт шалгалт хийх удирдамжтай байсан. 2020 оны 11 дүгээр сарын 12,15,18-ны өдөр ажилласан. Хяналт шалгалтаар 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “С г” ХХК -ийн “С” маркетаар худалдаалагдаж буй мах болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ, нөөц хангамжийн нөхцөл байдлыг хянан шалгахад 1 кг үхрийн цул махыг 15,500 төгрөгөөр, 1 кг үхрийн ястай махыг 14,500 төгрөгөөр тус тус худалдан борлуулж байсан. Энэ талаар тус захын менежер А.Э тайлбар авч, захын захиргаа болон түрээслэгч нарт шаардлагыг өгч ажилласан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн “С” захын үйл ажиллагаанд 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ээлжит хяналт шалгалтыг хийхэд махны үнийг 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийнхөөс кг тутамд 500 төгрөгөөр нэмж, 16,000 төгрөгөөр худалдаалж байсанд улсын байцаагч анхааруулга, шаардлага өгсөн. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 115 дугаарын утсанд иргэдээс ирүүлсэн С захын махны үнэ хэт өндөр байна гэсэн гомдлын дагуу 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хяналт шалгалтыг хийхэд махны үнийг кг тутамд дахин 500 төгрөгөөр нэмсэн буюу 1 кг үхрийн цул махыг 16,500 төгрөгөөр худалдаж байсан. Дээрх өдрүүдэд бусад зах, худалдааны төвүүдээр худалдаалагдаж буй махны үнэ нэмэгдээгүй, урьдын адил хэмжээнд байсан бөгөөд шатахууны үнэ ханш хэвийн байсан нөхцөл байдалд “С” зах нь махны үнийг үндэслэлгүйгээр нэмсэн нь хэрэглэгчдийг хохироож байгаа үйлдэл юм … миний бие “С г” ХХК -д торгуулийн арга хэмжээ авч шийдвэрлэхдээ дараах байдлаар холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна Өрсөлдөөнийг хязгаарлах гэдэг ойлголтод аливаа бүтээгдэхүүний үнэ хямд байхыг ойлгодоггүй бөгөөд бүтээгдэхүүний үнийг үндэслэлгүйгээр нэмэх нь мөн адил хамаарах үйлдэл юм. Учир нь хэн нэгэн худалдаа эрхлэгч бэлтгэн нийлүүлэгчдээс бараа, бүтээгдэхүүнийг өндөр үнээр авснаар бусад худалдаа эрхлэгчдийн нийлүүлэлтийг багасгаж, тэдний үйл ажиллагааг хязгаарлаж буй хэрэг болно. Өөрөөр хэлбэл худалдаа эрхлэгч бэлтгэн нийлүүлэгчээс махыг өндөр үнээр авснаар бусад бэлтгэн нийлүүлэгчийг зөвхөн өөрт нь махаа нийлүүлэх хүсэл эрмэлзлийг бий болгож, бусад хямдаар мах авч цааш худалдаалдаг этгээдүүдийг үйл ажиллагааг боомилсон үйлдэл болох юм. Тиймээс “С г” ХХК-г өрсөлдөөнийг хязгаарлаж, хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай парисын конвенцийн 10 дугаар зүйлийн 2-т Yйлдвэрлэл, худалдааны үйл ажиллагаанд үнэнч заншилд харш өрсөлдөөний аливаа үйлдлийг шударга бус өрсөлдөөнд тооцно гэж заасан. Иймд Гамшгийн тухай хууль зөрчсөн гэж үзэхээс илүүтэй Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн гэж үзэн шийтгэл оногдуулсан. Иймд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 - д “4.7 хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу шийтгэл ногдуулсныг хууль бус хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжийг улсын хэмжээнд хэрэгжүүлж ажилладаг хэрэгжүүлэгч агентлаг юм. ““С г” ХХК -д шийтгэлийг оногдуулсан цаг хугацаа нь Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн бүх нийтийн бэлэн байдал зарласантай холбоотой. Улсын Онцгой байдлын даргын мөн өдрийн “Удирдамж батлах тухай” 20 дугаар тушаалаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хүнсний болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний үнийн хөөргөдөл, хэт нөөцлөх зэрэгт хуулийн дагуу арга хэмжээ авах, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Өрсөлдөөний тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэг чиглэл өгсөн. Нөхцөл байдлын хувьд бэлэн байдал зарласан, гэрийн ойролцоох хүнсний зах, худалдааны төвөөс бараа бүтээгдэхүүн худалдан авах үүрэг чиглэлийг улсын хэмжээнд өгсөн. Нийслэлд хөл хорио тогтоосон. Энгийн үе биш. 2020 оны 02 дугаар сард өндөржүүлсэн бэлэн байдалтай байсан. 2020 оны 11 дүгээр сард гамшгийн үед авах хамгийн өндөр зэрэглэл тогтоосон байсан хугацаа юм. 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Онцгой байдлын ерөнхий газар хамтран 01/53 дугаар хяналт шалгалтын удирдамжийг баталж нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх зах, сүлжээ дэлгүүр, гэр хорооллын жижиг дэлгүүрүүдэд хяналт тавьж ажилласан. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 110 дугаартай албан шаардлага, 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 121 дугаартай улсын байцаагчийн албан шаардлагыг эх хувь болон хуулбар хувиар нь өгсөн.  Үүнийг хэрэгжүүлж ажиллах үүрэг чиглэлээр өдөр тутамдаа хяналт тавьж байсан. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн судалгааг өдөр бүр авч байсан. Түрээсийн гэрээний 7.2.12 дах заалтад “Зах зээлийн үнээс дээгүүр, хиймэл үнийн хөөргөдөл бий болгох, бусад зах, худалдааны төв, супермаркет, сүлжээ дэлгүүрүүдтэй харьцуулахад хэт өндөр үнээр бараа бүтээгдэхүүнээ худалдахыг хориглоно”, 7.1.1-т “гэрээгээ хүлээсэн үүргээ биелүүлэхийг түрээслэгчээс шаардах” гэж заасан байгаа. Хяналт шалгалт хийх хугацаанд түрээслэгч, түрээслүүлэгчийн хоорондын эрх, үүрэг хэрэгжээгүй. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн хувьд үүрэг чиглэлийг хууль тогтоомжийн хүрээнд биелүүлэх үүрэгтэй. Засгийн газрын болон Улсын Онцгой комиссын хуралдаанд хийсэн хяналт шалгалтын мэдээг тогтмол тайлагнадаг. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн буюу стратегийн ач холбогдол бүхий махыг хүмүүс өдөр тутамдаа байнга хэрэглэдэг. Хөл хорио тогтоосон энэ 14 хоногийн хугацаанд махны дундаж үнийг 12500-аас хэтрэхгүй худалдаалах шаардлагыг тавьсан. Хүчит шонхор захаас 70-80 хувь нь махаа бэлтгэдэг байж нэг үнээр яагаад худалдаалж болохгүй вэ гэдэг асуудал гарсан. Аль хямд үнэтэй газраас очиж ав гэж байгаа нь аж ахуйн нэгжийн цар тахлын үе дэх хариуцлагагүй байдал гэж үзэж байна. Тусгай чиг үүргийн, төрийн байгууллагын ажилчид ард иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдруулах, хямд үнэтэй бараа бүтээгдэхүүн хэрэглэх гэдэг үүднээс ажлаа хийсэн болохоос аль нэг аж ахуй нэгжийг торгоё, эдийн засгийн хүнд нөхцөлд оруулъя гэсэн зорилгыг агуулаагүй. Өрсөлдөөний тухай хууль нь зөвхөн зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчийн үйл ажиллагаанд хяналт тавьдаг хууль биш. Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т заасан хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн учраас Зөрчлийн тухай хуулийн 10.7  дугаар зүйлийн 4.7 д заасны дагуу шийтгэл ногдуулсан. Бид ямар ч удирдамж чиглэлгүйгээр сайн дураар хяналт шалгалт хийгээгүй. Тушаалын нэмэлт өөрчлөлт нь өмнөх 20 дугаар тушаалын үргэлжлэл учраас хэрэгт хавсаргасан. Хэзээ хойно нөхөж оруулсан зүйл байхгүй.

Нийслэлийн зөрчил шалган шийдвэрлэдэг хяналтын прокурорт зөрчлийн хэргүүд хянагддаг. Өөр өөр газраас бүрдүүлж өгсөн материал байхгүй. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хамтарч ажиллах нь танай аж ахуй нэгжийн үүрэг. Гэрээгээр 3 хуудас баримт гаргаж өгсөн. Улсын байцаагч удаа дараа нэхсэн. Хөл хориотой байна гэж өөрсдөө гэрээгээ явуулаагүй. Иргэдийг ойролцоох зах худалдааны төвөөс хүнсний бүтээгдэхүүнээ худалдан ав гэсэн зөвлөмж чиглэлийг Засгийн газраас өгсөн. Бүх нийтийн цар тахлын энэ үед богино хугацаанд ашиг олох зорилго агуулж махны үнийг буулгаагүй худалдаа эрхэлсэн байж сайн дураараа хяналт хийсэн гэж ярьж байгаа нь утгагүй. Хяналт шалгалтын хугацаанд 110  болон 121 дугаартай улсын байцаагчийн албан шаардлагыг бүх аж ахуй нэгж, худалдааны төвд хуулбар хувийг өдөр болгон өгч байсан. Иймд гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... С маркет нь галд шатаад 2020 оны 6 дугаар сард нээгдсэн бөгөөд энэ үеэс эхлэн мөн оны 09 дүгээр сард С төвийн махны лангууг 5 хүн түрээсийн гэрээ байгуулж түрээслэн одоог хүртэл ажиллуулж байгаа юм. Бид махаа “Хүчит шонхор худалдааны төвөөс” бөөний бус зарж буй үнээр нь худалдан авдаг. С төвийн лангууны түрээс 1.200.000 төгрөгийг сард төлдөг. Иймд түрээсийн мөнгө төлөхийн тулд худалдан авсан махны 1 кг тутамд 1000-1500 төгрөг нэмж зардаг байсан. 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Хүчит шонхор захад мах ховордож үнэтэй болсон. Үхрийн бүтэн гуяны махыг 12500 төгрөгөөр худалдан авсан. Шулж, цэвэрлэн зарахад 8-10 кг хаягдал гардаг. Бид үхрийн махыг гулуузаар нь оруулдаггүй. Жижиглэн болон гуяар нь авч зардаг. Бусад захтай адил гулуузаар нь авч зардаггүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Хонины махыг мөн адил Хүчит шонхор захаас жижиглэнгээр, лангуун дээрээс худалдан авч цэвэрлэн зардаг. Хүчит шонхор зах дээр 7500-8000 төгрөгийн хооронд зарагдаж буй махыг бид 400-500 төгрөг нэмж зардаг. Хяналт шалгалтыг хэрхэн хийж байгааг нь ойлгоогүй. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын байцаагч нар түрээслэгчидтэй уулзалт хийсэн. Энэ үед бид улсын байцаагч нарт нөхцөл байдлаа танилцуулж байсан. С төв нь шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Засгийн газрын ******* дугаар тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээ авах талаар бидэнд огт мэдэгдээгүй” гэв.

Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Х шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар тогтоол, шийдвэрийн дагуу шаардлага хүргүүлж, хяналт шалгалт хийж, прокурорын хяналт дор хуульд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байх гэж үзэж байна. 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “С г” ХХК -ийг 20 сая төгрөгөөр, 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр түрээслэгч С.Г, н.Э нарыг 2 сая төгрөгөөр торгосон. Өнөөдөр “С г” ХХК -ийн асуудлыг ярьж байна. Хувь хүний торгуулийг яриагүй байгаа. Гэхдээ давхардуулж арга хэмжээ авч болохгүй гэж хууль зүйн хувьд үзэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь.

“С г” ХХК -аас “...ШӨХТГ УАБ Т.М 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ******* дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий гомдол гаргажээ.

Гомдол гаргагч нь “...“С г” ХХК нь махны худалдаа эрхэлдэггүй, түрээсийн гэрээний дагуу С маркет худалдааны төвд махны лангуу түрээсэлсэн махны худалдаа эрхлэгчид нь махны үнийг зах зээлийн дундаж ханшаас нэмсэн асуудал нь түрээслүүлэгч “С г” ХХК -д хамааралгүй, зөрчил үйлдээгүй...” хэмээн гомдлын шаардлагын үндэслэлээ тодорхойлж маргасан бол хариуцагчийн зүгээс “...“С г” ХХК -ийн хуулийн зөвлөх, ерөнхий менежер  нарыг холбогдогчоор асууж тайлбар мэдүүлэг авах үед түрээслэгч нар нь “С г” ХХК -д ямар нэгэн байдлаар хамааралгүй, тэд өөрсдөө бие даан махны үнийг тогтоодог талаар ямар нэгэн тайлбар хэлээгүй, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасны дагуу шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй” хэмээн гомдлын шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

Гуравдагч этгээд нар нь “... улсын байцаагч нар түрээслэгчидтэй уулзалт хийсэн, бид улсын байцаагч нарт нөхцөл байдлаа танилцуулж байсан. С маркет худалдааны төв нь Засгийн газрын ******* дугаар тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээ авах талаар бидэнд мэдэгдээгүй, арга хэмжээ давхардуулж авч байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Шүүх, гомдол гаргагчийн гомдол түүнд хамаарах шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, гомдлыг хариуцагчаас эс зөвшөөрч гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаан дээр гаргасан хариуцагчийн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргийг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэлт хийж, маргаан бүхий шийтгэлийн хуудасны хууль зүйн үндэслэлийг хянаж, гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-т: “гомдол гэж хуульд тусгайлан зааснаар эрх бүхий этгээдийн шийдвэрийг хянуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ..., мөн хуулийн 112 дугаар зүйлийн 112.4.3-т: “хуульд тусгайлан заасан гомдлоор үүсэх хэрэг, маргаан” гэж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т: “Захиргааны хэргийн шүүх энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, ... 6.10, 6.12, 6.16, ... 6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт гаргасан оролцогчийн гомдлоор зөрчил хянан шийдвэрлэнэ”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.16-д: “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 9.10, 10.1, 10.2 дугаар зүйл, 10.3 дугаар зүйлийн 1.5 дахь заалт, 10.7 дугаар зүйл, 10.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, ... 17.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 16.7 дахь заалт, 19 дэх хэсэгт заасан зөрчил”, мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 2-т: “оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, 6.10, ... 6.16, ... 6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ” гэхчлэн холбогдох хуулиудад зохицуулснаас гадна хариуцагч эрх бүхий улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуульд зааснаар хууль, хэм хэмжээний актыг зөрчсөн, хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг харьяаллын дагуу хянаж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх улмаар шийтгэл оногдуулах эсэх талаар шийдвэр гаргах бүрэн эрхтэй байна.

Үйл баримтын хувьд,

Засгийн газрын 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд: “бараа бүтээгдэхүүний үнийн хөөргөдөлд хяналт тавьж шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт даалгаж” шийдвэрлэсэн.

Засгийн газрын 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” ******* дугаар тогтоолын 10 дахь заалтад: “хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдал, нөөц, үлдэгдлийн хөдөлгөөнд өдөр тутамд хяналт тавьж, нийлүүлэлтийн болон үнийн түвшинг тогтвортой байлгах, үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсгэх, хэт нөөцлөх, дамлан худалдахаас сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг ... Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт үүрэг болгож” заасан.

Улсын онцгой комиссын даргын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Удирдамж батлах тухай” 20 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед хэрэгжүүлэх хариу арга хэмжээний удирдамж”-ийн зорилго нь коронавируст халдварын цар тахлын тархалтыг хязгаарлах, бууруулах, таслан зогсоох, шуурхай хариу арга хэмжээг хэрэгжүүлэх, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг хангах, биелэлтэд нь хяналт тавих гэсэн ба уг удирдамжид шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр: “хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдал, нөөц үлдэгдлийн хөдөлгөөнд өдөр тутам хяналт тавьж, нийлүүлэлтийн болон үнийн түвшинг тогтвортой байлгах, үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсгэх, хэт нөөцлөх, дамлан худалдаалахаас урьдчилан сэргийлэх, хариуцлага тооцох арга хэмжээг Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хүрээнд зохион байгуулж шийдвэрлэх” гэж заасан.

Улмаар Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Бригадын генерал Г.А, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Б нарын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 01/53 дугаар “Коронавируст халдвар цар тахлын дэгдэлттэй холбогдуулан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, амны хаалт, эмнэлгийн спирт, гар ариутгагч бодис борлуулагч аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд хийх хяналт шалгалтын удирдамж”-ийг баталжээ.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын Ерөнхий байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 110 дугаар албан шаардлага, мөн газрын улсын Ерөнхий байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 121 дүгээр албан шаардлагыг тус тус зах худалдааны төв, хүнсний сүлжээ дэлгүүрүүдэд хүргүүлжээ.

Эрх бүхий албан тушаалтан болох хариуцагчийн зүгээс “дээрх удирдамжийн дагуу албан шаардлагын хэрэгжилтийг шалгах хүрээнд 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүрэгт байрлах “С м”-д хийсэн хяналт шалгалтаар ...Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Улсын ерөнхий байцаагчийн 110 дугаар албан шаардлагыг биелүүлээгүй, цар тахлын онцгой нөхцөл байдлын үед махны үнийн хөөргөдөл үүсгэн худалдан борлуулсан зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэнийг 2020 оны 11 дүгээр сарын18-ны өдрийн 9 цаг 50 минутад илрүүлж” хэмээн эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай 18 дугаар тэмдэглэл үйлджээ.

Түүнчлэн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд: “Засгийн газрын 2020 оны ******* дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд, Улсын ерөнхий байцаагчийн 2020 оны 110 дугаар албан шаардлагын хэрэгжилтийг хангах чиглэлээр, 2020 оны 01/53 дугаар удирдамжийн дагуу мах болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөц хангамж, үнийн нөхцөл байдалд хяналт шалгалт хийсэн. Зөрчилд холбогдогч нь ... үхрийн махны дундаж үнэ ханшаас дээгүүр үнээр буюу үхрийн цул махыг 1 кг-ийг 16,500 төгрөгөөр, үхрийн ястай махыг 14,500 төгрөгөөр худалдан борлуулж байсан зөрчил илэрсэн. ... С группийн “С м” нь Улсын ерөнхий байцаагчийн 110 тоот албан шаардлагыг биелүүлж ажиллаагүй, цар тахлын онцгой нөхцөл байдлын үед махны үнийн хөөргөдөл үүсгэн худалдан борлуулсан нь худалдагч нараас авсан тэмдэглэл, фото зураг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд холбогдогч С группийн “С м”-ийн гаргасан зөрчилд нотлох баримт бүрдүүлэх, шалгаж тодруулах шаардлагагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэх боломжтой, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй” гэжээ.

Ийнхүү хариуцагч, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” ******* дүгээр шийтгэлийн хуудсаар “С г” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.7-д заасныг зөрчсөн нь нотлох баримтаар тогтоогдсон хэмээн үзэж, хорин мянган нэгж буюу 20,000,000.00 /хорин сая/ төгрөгийн шийтгэл оногдуулсан байна.

Маргаан бүхий шийтгэлийн хуудасны хууль зүйн үндэслэлийн тухайд,

Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн: “аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн”, 4.7-д “хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж хуульчилсан ба гомдол гаргагч “С г” ХХК -ийг Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-д заасан зөрчлийг гаргасан гэж хариуцагч нь шүүх хуралдаан дээр тайлбарлаж байна.

Маргаан бүхий энэ тохиолдолд “махны үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн” гэх зөрчил нь аж ахуй эрхлэгч “С г” ХХК -ийн хувьд хуульд зааснаар өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа явуулсан гэдэгт хамаарах уу гэдэгт анхаарлаа хандуулж, Өрсөлдөөний тухай болон Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг тайлбарлаж, шүүх дүгнэлт өгөв.

Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гээд нийт арван төрлийн хориглосон үйл ажиллагааг жагсаан заасны 12.1.10-д “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх” гэж хуульчилж, энэ утгаараа Зөрчлийн тухай  хуулийн Аравдугаар бүлэг: Аж ахуйн үйл ажиллагааны журмын эсрэг зөрчилд хамаарах 10.7 дугаар зүйлд: Өрсөлдөөний тухай хууль зөрчих, 4 дэх хэсэгт: аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн, 4.7-д хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан гэж хуульчлагджээ.

Шүүх, гомдол гаргагчийг аж ахуйн үйл ажиллагааны журмын эсрэг зөрчил гаргасан гэж үзсэнгүй. Яагаад гэвэл, аж ахуй эрхлэгч /Өрсөлдөөний тухай хуулийн 4.1.3-д заасан/-ээс зах зээлд худалдан борлуулж байгаа бараа бүтээгдэхүүний үнэ өсөж буурах үйл явц нь тухайн зах зээл дээр байгаа эрэлт, нийлүүлэлтээс шууд хамаарах зохицуулалттай, нөгөө талаас аливаа аж ахуй эрхлэгч нь зах зээл дээр “зүй ёсны монополь байдалтай” эсхүл, “давамгай байдалтай” байгаа тохиолдолд, тухайлбал, ноёлох үйл ажиллагаа /Өрсөлдөөний тухай хуулийн 4.1.5/ явуулсан гэж үзвэл төрөөс буюу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас тухайн аж ахуй эрхлэгчийн бараа бүтээгдэхүүний үнийг хянаж байхаар зохицуулсан ба энэ тохиолдолд л Зөрчлийн тухай хуулийн Аравдугаар бүлэгт заасан зөрчлүүдэд /10.7 дугаар зүйлийн 4.7-д/ заасан шийтгэлийн арга хэмжээ авах үндэслэл бүрдэхээр байна.

Хамгийн гол нь “С г” ХХК -ийн өмчлөлийн байранд түрээсийн гэрээний нөхцөлөөр үйл ажиллагаа явуулж байгаа түрээслэгч нар /хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон нэр бүхий иргэд/ түрээсэлсэн лангуун дээрээ худалдан борлуулж байгаа махаа үнийг нь өсгөж хэрэглэгчдэд зарсан гэх үйл баримтыг “С г” ХХК-аас гаргасан “махны үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн” зөрчил гэж үзэхэд учир дутагдалтай.

Уг маргаан бүхий зөрчлийг “...зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай” тэмдэглэлээр 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр илрүүлж, хялбаршуулсан журмаар зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж эхэлсэн атлаа ийнхүү зөрчлийг илрүүлснээс өмнөх огноотой “үнийн судалгаа”, “Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлдэг зах, худалдааны төвүүдийн мэдээлэл”, “11 дүгээр сарын 15-ны өдрийн 14 цагт худалдагчаас асууж авсан тэмдэглэл” зэрэг баримт зөрчлийн хэргийн материалд авагдсан байгаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5: “зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах” талаарх эрх бүхий албан тушаалтны бүрэн эрхийг бүрэн гүйцэд хэрэгжүүлээгүй, түүнчлэн холбогдогчоос авсан тэмдэглэлд: “өнөөдөр буюу 11 дүгээр сарын 18-ны өдөр үхрийн мах 1 кг-ийг цул мах-16,500 төгрөг, ястай мах 16,000 төгрөг, 12,000 төгрөгөөр худалдаалж байсан уу? гэх асуултад: Тийм” гэж хариулсан мэдүүлэг нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-д зааснаар өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа явуулсан зөрчлийг тогтоосон баримт гэж үзэхгүй, түүнчлэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын Ерөнхий байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 110 дугаар албан шаардлагыг биелүүлээгүй гэх үндэслэлийг Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д хамааруулж зүйлчилсэн нь буруу байна. Гомдол гаргагч буюу зөрчилд холбогдогч нь “махны худалдаа эрхлээгүй, худалдан борлуулаагүй, түрээслэгч нарын махны үнэ нэмсэн асуудал нь түрээслүүлэгч “С г” ХХК -д хамааралгүй гэж, гуравдагч этгээдүүдийн зүгээс “махны үнийг үндэслэлгүйгээр нэмсэн” гэх зөрчилд зарим түрээслэгч нарыг мөн Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д зааснаар давхардуулан хоёр сая төгрөгөөр торгож байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй” гэж маргаж байгаа энэ тохиолдолд хариуцагч нь зөрчлийг хэн үйлдсэн бэ, эсхүл зөрчлийг хамтран үйлдсэн үү гэдгийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1: “эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотолно” гэж зааснаар зөрчлийг нотлох үүргийг биелүүлээгүй байна.

Иймд эрх бүхий албан тушаалтан /улсын байцаагч/ Зөрчлийн тухай хуульд зааснаар хууль, хэм хэмжээний актыг зөрчсөн, хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг харьяаллын дагуу хянаж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчил шалгах ажиллагааг явуулж нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх улмаар шийтгэл оногдуулах эсэх талаар шийдвэр гаргах бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-д: “зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно” гэж зааснаар зөрчлийг үйлдсэн субъектийг зөв тодорхойлоогүй, үүгээрээ хууль ёсны зарчмыг, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д: “зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинжид нийцсэн байна” гэж зааснаар зөрчилд оногдуулсан шийтгэлийн арга хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдалд тохироогүй, зөрчлийн шинжид нийцээгүй, зөрчлийг бүрэн гүйцэд тогтоогоогүй, үүгээрээ шударга ёсны зарчмыг хангаж гараагүй, аж ахуйн үйл ажиллагааны журмын эсрэг зөрчлөөр зүйлчилж шийтгэлийн хуудсаар арга хэмжээ авсан нь гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, хууль бус байна гэж шүүх үзлээ.

Зөрчилд тооцож, шийтгэлийн хуудсаар арга хэмжээ авахад урьдач нөхцөл болсон дээр дурдсан Засгийн газрын тогтоол, Улсын онцгой комиссын даргын тушаал зэргийн хэрэгжилтийг хангаж, бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдал, үнийн түвшинг тогтвортой байлгах, үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсэхээс сэргийлэх ажлыг хянахдаа Өрсөлдөөний тухай хуулийг зөв тайлбарлаж хэрэгжүүлээгүй, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 34.2-т “хуулийн этгээд нь өмчийн төрөл, хэлбэр үл харгалзан гамшгаас хамгаалах талаар дараах үүрэг хүлээнэ”, 34.2.9-д “гамшгийн үед бараа, үйлчилгээний үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх” гэж зааснаар “махны үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн” гэх зөрчил нь гамшгаас хамгаалах хууль тогтоомжийн харилцаанд хамаарч Зөрчлийн тухай хуулийн Тавдугаар бүлэг: нийтийн хэв журам, аюулгүй байдлын эсрэг зөрчил буюу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, бүх нийтээрээ хөл хориотой байх үед аж ахуй эрхлэгчийн үйл ажиллагааг хянах, хязгаарлах боломж байсан эсэхэд хариуцагчаас анхаараагүй, үүгээрээ Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4-д зааснаар “энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэх зарчим зөрчигдсөн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10, Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2, 4, 1.3 дугаар зүйлийн 1, 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасныг баримтлан “С г” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, ШӨХТГ УАБ Т.М 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ******* дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчаас  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 70200 төгрөг гаргуулан гомдол гаргагч “С г” ХХК -д олгосугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар  шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     У.Б