Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2024/0219

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“ДХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч З.Ганзориг

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э

Нэхэмжлэгч: “ДХ” ХХК

Хариуцагч: Эрчим хүчний зохицуулах хороо

Нэхэмжлэлийн шаардлага: “Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 529 дүгээр тогтоол нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, “ДХ” ХХК-д олгосон 09/2020 дугаартай дулаан түгээх, 10/2020 дугаартай дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахгүй байгаа Эрчим хүчний зохицуулах хорооны шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, “ДХ” ХХК-д олгосон 09/2020 дугаартай дулаан түгээх, 10/2020 дугаартай дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахыг Эрчим хүчний зохицуулах хороонд даалгах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 84 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Н.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Номуунаа

Хэргийн индекс: 128/2023/0625/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “ДХ” ХХК-иас хариуцагч Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдуулан “Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 529 дүгээр тогтоол нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, “ДХ” ХХК-д олгосон 09/2020 дугаартай дулаан түгээх, 10/2020 дугаартай дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахгүй байгаа Эрчим хүчний зохицуулах хорооны шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, “ДХ” ХХК-д олгосон 09/2020 дугаартай дулаан түгээх, 10/2020 дугаартай дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахыг Эрчим хүчний зохицуулах хороонд даалгуулах”-аар маргасан байна.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 84 дүгээр шийдвэрээр: “...Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, Зөвшөөрлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 5.5 дугаар зүйлийн 1, 2, 7, 9, 10, 11, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ДХ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахаас татгалзаж, тусгай зөвшөөрлийн харилцааг дуусгавар болгох тухай 529 дүгээр тогтоолыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаатай түдгэлзүүлж...” шийдвэрлэсэн байна.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э  дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

3.1. “...Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт маргаж буй 529 дүгээр тогтоолд Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 9.1.3 дахь заалтуудыг баримталсан нь ойлгомжгүй, шийдвэрлэж буй асуудалд хамааралгүй хуулийн үндэслэлийг хэрэглэсэн, хууль зүйн агуулгаар нь хууль ёсны гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн байна. Гэтэл Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт Эрчим хүчний зохицуулах хороо нь ямар ямар бүрэн эрхтэй болохыг заагаад, 9.1.2 дах хэсэгт тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох эрхтэйг мөн зүйлийн 9.1.3 дах хэсэгт тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжилтийг хянах эрхтэй болохыг тодорхой заасан. Мөн Зөвшөөрлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт бүрэн эрхийг заагаад 1.1 дэх хэсэгт тусгай зөвшөөрлийг олгох, сунгах, хүчингүй болгох эрхтэйг заасан. Энэ олгогдсон эрхийнхээ хүрээнд Эрчим хүчний зохицуулах хороо нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг шалган тогтоож улмаар 2022 онд “Хангалтгүй” үнэлгээтэй буюу тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зохих ёсоор биелүүлээгүй тул “ДХ” ХХК-д олгосон 09/2020 дугаартай дулаан түгээх, 10/2020 дугаартай дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийг Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 11 дэх заалтыг болон мөн тус хуулийн 3.2 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг баримтлан тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж, хүчингүй болгож буюу тусгай зөвшөөрлийн харилцаагаа дуусгавар болгосон. Иймд маргаж буй 529 дүгээр тогтоол хууль зүйн үндэслэлтэй, хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэж байна.

 

3.2. “ДХ” ХХК нь тусгай зөвшөөрөл авахдаа Эрчим хүчний тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2 дахь хэсэгт зааснаар түүний нөхцөл шаардлагыг хүлээх үүрэг хүлээдэг бөгөөд уг үүргийг хэрхэн биелүүлснийг Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрмийн 6 дугаар зүйлд заасны дагуу дүгнэдэг. Эрчим хүчний зохицуулах хорооноос “ДХ” ХХК-ийн “Тусгай зөвшөөрлүүдийн нөхцөл шаардлагын зорилтын биелэлтийг дүгнэж, шинэчлэн тогтоох тухай” 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 407 дугаартай тогтоолоор 2022 оны тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг биелэлтийг “Хангалтгүй” үнэлгээтэй дүгнэж, 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1/456 дугаартай албан бичгээр “ДХ” ХХК-д Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1 дэх хэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрлүүдийг түдгэлзүүлэх болсон талаар мэдэгдэл хүргүүлсэн. Дээрх тогтоолтой холбоотой “ДХ” ХХК-иас ямар нэгэн гомдол гаргаагүй.

 

3.3. 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 407 дугаартай тогтоолыг үндэслэж Эрчим хүчний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1 дэх хэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрлүүдийг 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 1 сарын хугацаатай түдгэлзүүлж, Эрчим хүчний зохицуулах хорооноос 452 дугаар тогтоол гаргасан. Эрчим хүчний зохицуулах хорооноос 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 6/569 дугаартай албан бичгээр мэдэгдэл хүргүүлснийг “ДХ” ХХК хүлээн авч 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 71 дугаартай албан бичгээр түдгэлзүүлсэн хугацааны үүрэг даалгаврын биелэлтийг ирүүлсэн. “ДХ” ХХК-иас 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 71 дугаартай албан бичгээр ирүүлсэн үүрэг даалгаврын биелэлтийг Эрчим хүчний зохицуулах хорооноос 27 хувь буюу хангалтгүй биелүүлсэн.

 

3.4. Мөн “ДХ” ХХК-ийн 09/2020 дугаартай дулаан түгээх, 10/2020 дугаартай дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн хугацаа нь 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дуусч байсан тул 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 4/711 дугаартай албан бичгээр “тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэх талаар хэлэлцэх болсон тул бэлтгэлээ хангаж оролцоно уу” гэж мэдэгдэж хуульд заасан тодорхой процесс ажиллагаануудыг явуулсан байхад шүүхээс хариуцагч нь дээрх асуудлуудыг дахин нягталж, хуульд заасан хугацааг хэргийн оролцогч талуудын аль нь баримталсан эсэхийг тодруулан тогтоох ажиллагааг хийх шаардлагатай гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Харин “ДХ” ХХК нь хуульд заасан тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангаагүй тул Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дахь зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар сунгахаас татгалзаж, тусгай зөвшөөрлийн харилцааг дуусгавар болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлтэй гэж үзэж байна

 

Дээрхээс үзэхэд шүүхээс гаргасан шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн зохицуулалтыг алдагдуулсан гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс хариуцагчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна. 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

 

2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв. Үүнд:

 

2.1. Нэхэмжлэгч “ДХ” ХХК нь 09/2020 дугаартай дулаан түгээх, 10/2020 дугаартай дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийг эзэмшдэг талаар нэхэмжлэлдээ дурдсан, үүнтэй хариуцагч маргаагүй бөгөөд нэхэмжлэгчээс тус тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахаас татгалзаж, тусгай зөвшөөрлийн харилцааг дуусгавар болгосон Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 529 дүгээр тогтоол нь хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахгүй байгаа Эрчим хүчний зохицуулах хорооны шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хугацааг сунгахыг Эрчим хүчний зохицуулах хороонд даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан.

 

2.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01/252 дугаартай албан бичгээр “ДХ” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийг цуцлуулах хүсэлтийг Эрчим хүчний зохицуулах хороонд хүргүүлсний дагуу хариуцагч захиргааны байгууллагаас 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 1/263 дугаар албан бичгээр “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д төлөх дулааны төлбөр 487,460.4 сая төгрөгийг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах шаардлагыг нэхэмжлэгчид хүргүүлж, ийнхүү хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлүүдийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, хугацааг сунгахгүй байх хүртэл арга хэмжээ авахыг мөн мэдэгдсэн байна.

 

2.3. Үүний дараа Эрчим хүчний зохицуулах хорооны 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 2/771, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1/1339 дүгээр албан бичгүүдээр “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д төлөх дулааны төлбөрийг төлж барагдуулахыг дулаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч нарт мэдэгдэж, хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг эрчим хүчний зохицуулалтын асуудлыг Хорооны хурлаар хэлэлцүүлэхгүй, улмаар олгосон тусгай зөвшөөрлүүдийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох хүртэл арга хэмжээг үе шаттайгаар авах талаар дахин мэдэгдсэн боловч үүнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс аливаа байдлаар ямар нэгэн арга хэмжээ авсан гэх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

2.4. Улмаар Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 407 дугаар тогтоолоор “ДХ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын 2022 оны биелэлтийг “Хангалтгүй” гэж дүгнээд, 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 4/456 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч компанид олгосон 09/2020 дугаартай дулаан түгээх, 10/2020 дугаартай дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийг түдгэлзүүлэх болсныг мэдэгдэж, 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 452 дугаар тогтоолоор “ДХ” ХХК-ийн тусгай зөвшөөрлүүдийг мөн өдрөөс 1 сарын хугацаатай түдгэлзүүлж, худалдан авсан дулааны эрчим хүчний өр төлбөрийг төлж барагдуулах, хэрэглэгчдийн гомдол маргааныг барагдуулах, Эрчим хүчний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх заалтад нийцээгүй барилга, байгууламжуудад дулаан түгээх, хангах үйл ажиллагааг тухайн салаа шугамын хамгийн их ачаалалтай хэрэглэгчдийг хариуцан ажиллаж буй тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлэх төлөвлөгөөг боловсруулж холбогдох арга хэмжээ авах хугацаатай үүрэг даалгаврыг өгчээ.

 

2.5. Нэхэмжлэгч “ДХ” ХХК-иас 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гаргасан тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгуулах, үйлчлэх хүрээнд нэмэлт оруулах тухай хүсэлтэд хариуцагчаас 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 6/618 дугаартай албан бичгээр “...452 дугаар тогтоолоор өгсөн хугацаатай үүрэг даалгаврын биелэлтийг харгалзан...Хорооны хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэнэ...” гэх хариу өгсөн байх бөгөөд нэхэмжлэгчээс дээрх үүрэг даалгаврын биелэлтийг 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 71 дугаартай албан бичгээр Эрчим хүчний зохицуулах хороонд хүргүүлжээ.

 

2.6. Харин маргаан бүхий Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 529 дүгээр тогтоолоор “ДХ” ХХК-д олгосон 09/2020 дугаартай дулаан дүгээх, 10/2020 дугаартай дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахаас татгалзаж, тусгай зөвшөөрлийн харилцааг дуусгавар болгосон үйл баримт тогтоогдож байна.

 

2.7. Анхан шатны шүүх хэргийн бодит нөхцөл байдалд дүгнэлт хийлгүйгээр “...хуульд заасан хугацааг хэргийн оролцогч талуудын хэн аль нь баримталсан эсэхийг тодруулан тогтоох ажиллагааг хийх шаардлагатай...” гэж дүгнээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

2.8. Тодруулбал, талууд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг хуулийн хугацаанд гаргасан эсэх, захиргааны байгууллага уг өргөдлийг мөн хуулийн хугацаанд шийдвэрлэсэн эсэх талаар маргаагүй бөгөөд хариуцагч тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан шийдвэрээ гаргахдаа хугацаатай холбоогүйгээр “тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлээгүй” гэсэн үндэслэлээр гаргасан төдийгүй тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангаж ажиллаагүй тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зөрчилд холбогдуулан гаргасан тогтоолыг хууль бус гэж үзэж, хүчингүй болгох үндэслэл болохгүй.

 

2.9. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлт гаргаснаар сунгагдахгүй бөгөөд  уг  хүсэлтийн хамт тусгай зөвшөөрлийн  нөхцөл,  шаардлагыг хангаж ажилласан эсэх, хүлээсэн үүргийн талаарх тайлбар, мэдээлэл, холбогдох баримтуудыг үндэслэн шийдвэрлэх учиртай.

 

2.10. Эрчим хүчний зохицуулах хороо нь Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т “энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох”, 9.1.3-д “тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжилтийг хянах” гэж заасан бүрэн эрхийг хэрэгжүүлдэг, мөн Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 181 дүгээр тогтоол /тухайн үед хэрэгжиж байсан/-оор баталсан Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм-ийн 5.1-д “Эрчим хүчний зохицуулах хороо нь хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгохдоо Эрчим хүчний тухай хуулийн 9.1.3 дахь заалтын дагуу тусгай зөвшөөрөл тус бүрээр нөхцөл шаардлагыг тогтоож, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана. Нөхцөл шаардлагын хавсралтаар үндсэн тоноглолын үзүүлэлт, үйлчлэх хүрээг тогтооно”, 9.2-т “Тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд нөхцөл, шаардлага, тухайн онуудын зорилтыг энэ дүрмийн 6.7 дахь заалтын дагуу үнэлж цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл боломжтой тусгай зөвшөөрлийг Эрчим хүчний тухай хуулийн 22.2 дахь заалтыг үндэслэн сунгах, эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж тус тус зааснаас үзэхэд хариуцагч нь тусгай зөвшөөрөл олгох, олгосон тусгай зөвшөөрөлдөө өөрчлөлт оруулах, хасах, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг тогтоох, зохицуулалт хийх, тусгай зөвшөөрлийг сунгах, эсэх асуудлыг шийдвэрлэх, түүнийг хүчингүй болгох бүрэн эрхтэй байна.

 

2.11. Тухайн тохиолдолд, захиргааны байгууллагаас маргаан бүхий 529 дүгээр тогтоолыг гаргахдаа шийдвэр гаргах ажиллагааны зарчмыг зөрчөөгүй, зөрчлийг шалган тогтоох, нотлох баримт цуглуулах үүргээ хангалттай хэрэгжүүлсэн, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг бүрэн дүүрэн хянасан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

2.12. Учир нь нэхэмжлэгч “ДХ” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотойгоор “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас “ДХ” ХХК нь гэрээнд заасан үүргээ 2020, 2021 онуудад зөрчиж, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар 448,034,616 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй, уулзалтад ирдэггүй, албан бичигт хариу өгдөггүй, шугамд гарсан гэмтэл, саатлыг шуурхай засварлах, хэрэглэгчээс ирүүлсэн гомдол саналыг шуурхай шийдвэрлэдэггүй...гэх агуулгатай хүсэлтийг хариуцагч байгууллагад хүргүүлсэн, мөн иргэдээс стандартын шаардлага хангасан дулааны эрчим хүчээр хангаагүй, хэрэглээний халуун усны доголдол, дуудлага үйлчилгээ үзүүлдэггүй, дутуу нийлүүлсэн дулааны төлбөрийг хасаж тооцдоггүй гэх зэрэг агуулгатай өргөдөл гомдлууд удаа дараа гаргаж байсан, энэ талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хариуцагчид хүргүүлсэн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 01/405 дугаартай албан бичигт “...2022 оны 1 дүгээр сараас 2023 оны 1 дүгээр улирлын байдлаар “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д ирүүлсэн тусгай зөвшөөрөл эзэмшигч хувийн орон сууцны контортой холбоотой гомдол, мэдээллээс “ДХ” ХХК-д холбогдох 31 гомдол бүртгэгдсэн,...үүнээс нийтлэг гарч байгаа нь “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д өртэй улмаас төлбөрөө төлсөн айл өрхийг хэрэглээний халуун усаар хязгаарлуулсан...” гэх хариу хүргүүлсэн, түүнчлэн нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг 2020, 2021 онд дунд, 2022 онд хангалтгүй гэж дүгнэсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагчаас дээрх зөрчлүүдэд хариуцлага тооцсоныг буруутгах боломжгүй.

 

2.13. Хэдийгээр Эрчим хүчний зохицуулах хорооноос “ДХ” ХХК-д холбогдох хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлж, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлэн ажиллах талаар 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 1/263, 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 2/771, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1/1339 тоот албан бичгүүд, 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 407, 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 452 дугаартай тогтоолуудаар удаа дараа мэдэгдэж, тодорхой хугацаа тогтоосон боловч нэхэмжлэгчийн зүгээс дээрх шаардлагыг биелүүлсэн, эсхүл холбогдох арга хэмжээ авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч үүнийг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

2.14. Нэгэнт “ДХ” ХХК нь хуульд заасан тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангаагүй, мөн маргаан бүхий тогтоол нь Эрчим хүчний зохицуулах хорооны “Тусгай зөвшөөрлүүдийн нөхцөл, шаардлагын зорилтын биелэлтийг дүгнэж, шинэчлэн тогтоох тухай” 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 407 дугаар тогтоол, мөн хорооны “Тусгай зөвшөөрөл түдгэлзүүлэх тухай” 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 452 дугаар тогтоолыг тус тус үндэслэн гарсан, энэ нь Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Зохицуулах хороо нь шийдвэрлэх асуудлаа зохицуулагчдын зөвлөлийн хурлаараа хэлэлцэнэ. Хурлын шийдвэр тогтоол хэлбэртэй байна. Тогтоолыг тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч дагаж мөрдөнө” гэж, Зөвшөөрлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1.1-д эрх бүхий этгээд “энэ хуулийн 8.1, 8.2 дугаар зүйлд заасан зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох шийдвэр гаргах” эрхтэй, мөн хуулийн 5.5 дугаар зүйлийн 11-д “Эрх бүхий этгээд хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангахгүй байгаа тохиолдолд зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзана” гэж заасантай нийцэж байх тул Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 529 дүгээр тогтоолыг хууль бус гэж үзэж, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

 

2.15. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан “...нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлүүдийн нөхцөл, шаардлагын биелэлтийг “хангалтгүй” үнэлэгдсэн шийдвэртэй маргаагүй, түүнчлэн хугацаатай үүрэг даалгаврын биелэлтийг мөн “хангалтгүй” биелүүлсэн, “ДХ” ХХК нь хуульд заасан тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангаагүй тул хуульд зааснаар сунгахаас татгалзаж, тусгай зөвшөөрлийн харилцааг дуусгавар болгон шийдвэрлэсэн” гэх гомдол үндэслэлтэй.

 

2.16. Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 84 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 9.1.3, 9.2, Зөвшөөрлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1.1, 5.5 дугаар зүйлийн 11-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ДХ” ХХК-иас Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдуулан гаргасан “Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 529 дүгээр тогтоол нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, “ДХ” ХХК-д олгосон 09/2020 дугаартай дулаан түгээх, 10/2020 дугаартай дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахгүй байгаа Эрчим хүчний зохицуулах хорооны шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, “ДХ” ХХК-д олгосон 09/2020 дугаартай дулаан түгээх, 10/2020 дугаартай дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахыг Эрчим хүчний зохицуулах хороонд даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хасаж, 3 дахь заалтын дугаарыг “2” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э ын давж заалдах гомдлыг хангасугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Г.МӨНХТУЛГА

 

 

ШҮҮГЧ                                                           З.ГАНЗОРИГ

 

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА