Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 121

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч А.Цэрэнханд даргалж

Нарийн бичгийн дарга Б.Алтансүх

Улсын яллагч С.Болорчулуун

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхтуяа

Хохирогч Ц.Энхмаам нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Замын Үүд суман дахь Сум дундын Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харъяат, 1982 оны 06 сарын 23-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэгч мэргэжилтэй,  ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг Эрүүл мэндийн 2-26 тоотод оршин суух, энэ хэрэгт татагдахдаа Замын-Үүд дэх Шилжүүлэн ачих ангид хамгаалагч ажилтай байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь

Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 240 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгөөр торгох ялаар,

Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 244 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 03 сарын 12-ны өдөр 206 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 278 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар,

Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 9 сарын 30-ны өдөр 137 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар,

Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 04 сарын 29-ний өдөр 73 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 8 сар, 24 хоногийн хорих ялаар,

Сум дундын 9 дүгээр шүүхийн 2014 оны 08 сарын 12-ны өдөр 58 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 960.000 төгрөгийн торгох ялаар,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр шүүхийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж байсан,Гарцны бууц овогт Хэрээгаадагийн Мөнхбаатарт /РД: ИЦ82062331/ холбогдох эрүүгийн 201610010160 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Х.Мөнхбаатар нь  давтан үйлдлээр 2016 оны 07 сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн  Замын-Үүд сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Алтан жолоо” хүнсний дэлгүүрийн гадаа түгжээгүй зогсож байсан Ц.Энхмаамийн эзэмшлийн 96-08 ДГО улсын дугаартай суудлын авто машинаас 1,195,000 төгрөгний үнэ бүхий Ченже эссэ янжуур тамхи хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х.Мөнхбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ 2016 оны 06 сарын 17-нд  Саруул найзтайгаа 1 шил архи уусан. Тэгээд өдөр нь Амарын гудамжинд нэг найзындаа очиход гэр нь цоожтой байсан бөгөөд тэндээс гэр рүүгээ явж байхдаа  Алтан жолоо дэлгүүрийн гадуур өнгөрөхөд нэг эмэгтэй машинаасаа буугаад дэлгүүр рүү орохоор нь машины хаалгыг нь татахад онгорхой байсан, дотор нь хайрцагтай зүйл байхаар нь авсан. Ингээд цааш явж байгаад үзэхэд дүүрэн эссэ тамхи байсан.  Уг тамхинаас 1 хайрцагийг Элсэн далай дэлгүүрт, үлдсэнийг нь Номин дэлгүүрт 730,000 төгрөгөөр зарсан. Тэгээд би хот явсан. Хохирогчид учруулсан хохирлыг ажил хийж төлнө, хийсэн хэрэгтээ гэмшиж байна  “ гэсэн мэдүүлэг

Хохирогч Ц.Энхмаамын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Тамхи Со дэлгүүрээс 50 блок Ченж эссэ тамхийг 1,195,000 төгрөгөөр худалдан авсан байсан юм. Тэгээд Алтан жолоо дэлгүүр рүү орчихоод гараад иртэл машинд үлдээсэн тамхи маань алга болсон байсан. Дэлгүүр ороод буцаад гараад ирэх хооронд ердөө 3-аад минут л болсон. Ингээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Өөрт учирсан хохирол болох 1,195,000 төгрөгийг яаралтай гаргуулж авмаар байна “ гэсэн мэдүүлэг

Орон байранд үзлэг хийсэн тухай тэмдэглэл  /хх-ийн 4/

Хохирогч Ц.Энхмаамын Ченж Эссэ худалдан авсан тооцооны баримт /хх-ийн 13/

Хохирогч Ц.Энхмаамын мөрдөн байцаалтад өгсөн “ ... Би захиасаар 2016 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 19 цагийн орчим Замын-Үүд сумын 2 дугаар багт байрлах Мобиком гудамжинд үйл ажиллагаа явуулдаг Тамхи Со ХХК-аас нийт 1,195,000 төгрөгний 50 блок “Change Esse” нэртэй янжуур тамхи худалдаж аваад машиныхаа арын суудал дээр тавьсан. Ингээд гэртээ харих замдаа Алтан жолоо хүнсний дэлгүүрт ороод /3 минут/ тараг аваал гараад ирэх  хооронд түгжээгүй байсан миний машинаас бор өнгийн цаасан хайрцаганд хийсэн 50 блок янжуур тамхи маань хулгайд алдагдсан байсныг мэдээд цагдаагийн байгууллагад утсаар мэдэгдсэн. Тухайн үед миний машины ойролцоо явсан гутлын мөрөөр машинтайгаа дагаж явахад Мобикомын гудамжаар ороод  Эрүүл мэндийн гудамжны  02-26 тоотын гадаа ирээд явсан гутлын мөр байсан ба хажуу айлын залуугаас тодруулж асуухад саяхан хажуу айлын ах дүүгээрээ шалдан доогуураа углааштай нэг хайрцагтай зүйл бариад согтуу ганцаараа явж байсан” гэсэн. Үүний дагуу Х.Мөнхбаатар гэгчийг цагдаагийн алба хаагч нартай хайгаад олоогүй. Миний хувьд хуучин вокзал дээр жимс зардаг байсан ба саяхнаас явганаар Эрээн рүү гарч хүнсний зүйл зөөдөг болсон. Тамхи алдагдсан явдалд би өөрөө хохирогчоор оролцоно, учир би тэр мөнгийг хүнээс зээлчихсэн байсан юм. /хх-ийн 10/

Гэрч Ч.Мянганбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2016 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 11 цагийн орчим намайг гэртээ унтаж байхад Х.Мөнхбаатар Ц.Мөнхсаруул  хоёр гаднаас орж ирэхээр нь нэг шил архи хувааж уугаад Мөнхсаруулын гэрт очиж дахин архи уусан.  ... Мөнхсаруулын гэрт байхад цаг ойролцоогоор 16-17 цаг болж байсан бөгөөд Х.Мөнхбаатар дээгүүрээ нүцгэн доогуураа саарал өнгийн бэлтгэлийн өмдтэй өмдөө өвдөг хүртлээ шуучихсан тавчиктай явж байсан. ” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 16/

Гэрч Б.Хүрэлшагайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ ... 2016 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 20-21 цагийн орчим гэрийнхээ гадаа зогсож байтал хажуу айлын өндөр нуруутай хамгаалалтын албанд ажилладаг шар царайтай ах бага зэргийн согтуу байдалтай ганцаараа 80х35 сантиметрийн хэмжээтэй бор өнгийн хайрцагтай  зүйл тэврээд явж байсан. Тухайн үед би хаанаас юу аваад хаашаа явж байгааг нь огт мэдээгүй бөгөөд гэртээ орж амарсан. Энэ өдрөөс хойш гэрт нь хүн ирэлгүй сар хагас болсон ба эхнэрийг нь төрөх гээд эмнэлэг явсан юм болов уу гэж бодсон. Одоо тэдний гэрт эхнэр нь нялх хүүхэд охинтойгоо  цуг амьдарч байна, нөхөр нь хаашаа явсныг мэдэхгүй байна. ” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 17/

Гэрч Ч.Наран-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн “ Би Мөнхбаатартай 2011 онд танилцаж байсан бөгөөд 2012-2016 он хүртэл  албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй 3 хүүхдийн хамт амьдарч байна. Түүнд хувьд ногдох  хөрөнгө гэж огт байхгүй” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 18-19/

Гэрч Ц.Болорцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2016 оны 07 сарын 17-ны өдрийн 21 цагийн орчим Замын-Үүд суманд банкинд хамгаалагч хийдэг зүс таних Х.Мөнхбаатар гэгч ах манай дэлгүүрт халамцуу орж ирээд “Change Esse” байна 1 блокыг 19,000 төгрөгөөр тооцоод нэг хайрцагийг авахуу гэхээр нь бодож байгаад “тийм ихээр нь авахгүй нэг блокыг л авъя” гэж хэлээд 19,000 төгрөгөөр  1 блокыг худалдаж авсан. Үүнээс хойш тэр ахтай уулзаагүй бөгөөд сүүлд цагдаа нар ирээд тамхи худалдаж авсан уу гээд надаас асуугаад байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 20/

Гэрч  Ч.Уранчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2016 оны 07 сарын 17-ны 21 цагийн орчим Мөнхбаатар бага зэрэг халамцуу байдалтай манай дэлгүүрт ганцаараа орж ирээд “Change Esse” 1 авдрыг худалдаж авах уу” гэхээр нь авахгүй гэж хэлээд явуулсан. Тэгсэн эргэж орж ирээд “нэг блок тамхийг 18,000 төгрөгөөр бодоод яаралтай зарчихмаар байнаа, хотод ажил хийж байгаад тамхи авчирсан юм, ямар нэг хулгайн эд зүйл биш гээд гуйгаад байхаар нь “за тэгвэл 1 блок тамхийг 15,000 төгрөгөөр худалдаж авъя” гээд хоорондоо тохиролцоод түүнд 735,000 төгрөг бэлнээр өгсөн. Тухайн үед би “хулгайн эд зүйл биш биздээ” гэж анхааруулан асуухад “биш” гэж хэлсэн ба нийт 49 блок тамхи байсан одоо тэдгээр тамхинууд бүгд зарагдаж дууссан гэсэн мэдүүлэг /хх-ийн 21/

2016 оны 07 сарын 20-ны өдрийн “ Ченж Эссэ янжуур тамхи 50 блок нь 1,195,000 төгрөг гэсэн шинжээчийн 188 дугаар дүгнэлт /хх-ийн 23/

Шүүгдэгч Х.Мөнхбаатарын урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59/  

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 03 сарын 31-ний өдрийн 36 тоот шийтгэх тогтоолын хуулбар  /хх-ийн 60-62/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Х.Мөнхбаатар нь тус шүүхийн 2016 оны 03 сарын 31-ний өдрийн 36 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, ялтай байх хугацаандаа  2016 оны 07 сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн  Замын-Үүд сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Алтан жолоо” хүнсний дэлгүүрийн гадаа байсан хохирогч Ц.Энхмаамын эзэмшлийн 96-08 ДГО улсын дугаартай суудлын авто машинаас 1,195,000 төгрөгний үнэ бүхий, 50 блок Ченже эссэ тамхи хулгайлсан байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байх тул түүнийг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Х.Мөнхбаатар нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон  хохирогч Ц.Энхмаамын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад өгсөн “Тамхи Со ХХК-аас нийт 1,195,000 төгрөгний 50 блок “Change Esse” нэртэй янжуур тамхи худалдаж аваад машиныхаа арын суудал дээр тавьсан. Ингээд гэртээ харих замдаа Алтан жолоо хүнсний дэлгүүрт ороод /3 минут/ тараг аваал гараад ирэх  хооронд түгжээгүй байсан миний машинаас бор өнгийн цаасан хайрцаганд хийсэн 50 блок янжуур тамхи маань хулгайд алдагдсан байсныг мэдээд цагдаагийн байгууллагад утсаар мэдэгдсэн” гэсэн мэдүүлгүүд,

гэрч Б.Хүрэлшагайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ ... хажуу айлын  шар царайтай ах бага зэргийн согтуу байдалтай ганцаараа 80х35 сантиметрийн хэмжээтэй бор өнгийн хайрцагтай  зүйл тэврээд явж байсан..” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 17/,

гэрч Ц.Болорцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2016 оны 07 сарын 17-ны өдрийн 21 цагийн орчим Замын-Үүд суманд банкинд хамгаалагч хийдэг зүс таних Х.Мөнхбаатар гэгч ах манай дэлгүүрт халамцуу орж ирээд “Change Esse” байна 1 блокыг 19,000 төгрөгөөр тооцоод нэг хайрцагийг авахуу гэхээр нь бодож байгаад “тийм ихээр нь авахгүй нэг блокыг л авъя” гэж хэлээд 19,000 төгрөгөөр  1 блокыг худалдаж авсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20/,

гэрч  Ч.Уранчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2016 оны 07 сарын 17-ны 21 цагийн орчим Мөнхбаатар бага зэрэг халамцуу орж байдалтай манай дэлгүүрт ганцаараа орж ирээд “Change Esse” 1 авдрыг худалдаж авах уу” гэхээр нь авахгүй гэж хэлээд явуулсан...дараа нь ямар нэг хулгайн эд зүйл биш гээд гуйгаад байхаар нь “за тэгвэл 1 блок тамхийг 15,000 төгрөгөөр худалдаж авъя” гээд хоорондоо тохиролцоод түүнд 735,000 төгрөг бэлнээр өгсөн...нийт 49 блок тамхи байсан одоо тэдгээр тамхинууд бүгд зарагдаж дууссан гэсэн мэдүүлэг /хх-ийн 21/,

2016 оны 07 сарын 20-ны өдрийн “ Ченж Эссэ янжуур тамхи 50 блок нь 1,195,000 төгрөг гэсэн шинжээчийн 188 дугаар дүгнэлт /хх-ийн 23/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Дорноговь аймгийн Замын Үүд дэх Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Х.Мөнхбаатарын үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд тохирсон  байх тул шүүгдэгчийг тухайн хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Х.Мөнхбаатар нь хамгийн сүүлд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 03 сарын 31-ний өдрийн 36 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр  2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан байх ба  тэрээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т заасан ялтайд тооцогдох хугацаа дуусаагүй байхад дахин бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч нь согтуурсан үедээ болон ялтай байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 56.1.12-т заасан ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Түүнчлэн шүүгдэгч нь хувьд ногдох хөрөнгөгүй болох нь хэрэгт тогтоогдсон байх тул түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр  ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Х.Мөнхбаатарын 2016 оны 09 сарын 12-ны өдрөөс 2016 оны 11 сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 64 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцов.

Хохирлын талаар:

Шүүгдэгч нь уг гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр үйлдэж, хохирогчид нийт 1,195,000  төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хэрэгт тогтоогдсон байна.

Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд тэрээр хохирогч Ц.Энхмаамд 50 блок Ченж эссэ тамхины үнэ болох 1,195,000 төгрөгийг төлж барагдуулаагүй болох нь хохирогч Ц.Энхмаам,  шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Х.Мөнхбаатараас 1,195,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.Энхмаамд олгох нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 23 дугаар хуудсанд авагдсан 2016 оны 07 сарын 20-ны өдрийн 188 тоот шинжээчийн дүгнэлтээр 1 блок тамхийг 23,900 төгрөг, нийт 50 блок тамхийг 1,195,000 төгрөгөөр үнэлсэн байна.

Энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284-286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299  дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүдэгч Гарцны Бууц  овогт Хэрээгаадагийн Мөнхбаатарыг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Гарцны Бууц  овогт Хэрээгаадагийн Мөнхбаатарыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар шүүгдэгч Х.Мөнхбаатарт энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр тус шүүхийн 2016 оны 03 сарын 31-ний өдрийн 36 тоот шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн ялаас заримыг буюу 1 /нэг/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн  биечлэн эдлэх ялыг  3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-т зааснаар шүүгдэгч Х.Мөнхбаатарт оногдуулсан 3 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Х.Мөнхбаатарын цагдан хоригдсон 64 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

6. Энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Х.Мөнхбаатараас 1,195,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.Энхмаамд /РД: ЕВ85082809/ олгосугай.           

8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Мөнхбаатарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ  А.ЦЭРЭНХАНД