Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2017/02509

 

Г.Ч-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/03273 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Г.Ч-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 32-т холбогдох

 

Албан тушаал үндэслэлгүй бууруулсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ахлах тогоочийн ажилд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Анхзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.Ч-ы шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Г.Ч- нь 2004 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн 32-т ахлах тогоочоор ажилласан. Цэцэрлэгийн ажилчдын хурал дээр 2016.08.27-ны өдөр шинээр ажилд орсон н.Батцэнгэлийг ахлах тогоочоор ажиллана гэдгийг эрхлэгч танилцуулж албан тушаалыг бууруулж тогооч болгосноо хэлсэн. Ингээд 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Б/29 тоот Г.Ч-ыг тогоочоор ажиллуулах тухай тушаалыг 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр нэхэж байж авсан. Эрхлэгчийн тушаал 2016 оны 8 дугаар сард гарсан атлаа дугаар нь Б/29 тоот байгаагаас үзэхэд уг тушаалыг шаардахад нөхөж гаргасан гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь ажлын алдаа дутагдал гаргаагүй байхад эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэж  сахилгын арга хэмжээ авсанд гомдолтой.  Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 07 тоот шийдвэрээр намайг ахлах тогоочийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу ахлах тогоочоор ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулсан, нийгмийн даатгалын дэвтэрт шүүхийн шийдвэрээр ажилд авсан тухай бичилт хийгдсэн. Түүнээс гадна Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар дүүргийн нутаг дэвсгэрт ажиллах цэцэрлэгийн орон тоог батлахдаа 32-т ахлах тогооч 2-той байхаар баталсан байна. Ахлах тогооч байсныг тогооч болгосноор цалин хөлсөнд өөрчлөлт ороогүй боловч хийх ажилд өөрчлөлт орсон, нэр хүндэд ч нөлөөлж байна. Цэцэрлэгийн эрхлэгч 2015 оны намар шалгалт ирэх гээд байна гээд биднийг бөөнөөр нь дуудаж ирүүлээд 2015.09.21-ний өдөр ажлын байрны тодорхойлолт, 2015.10.01-ний өдөр хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Үүнээс хойш хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод өөрчлөлт оруулаагүй, шинээр байгуулаагүй. Гэрээнээс зөвхөн хугацаагүй гэдгийг харсан, тогооч гэдгийг хараагүй гарын үсэг зурсан. Б/29 тоот тушаалын хувьд хүлээн авсан өдрөөр тооцож гомдлоо гаргасан. Иймд Г.Ч-ыг ахлах тогоочийн ажил албан тушаалаас үндэслэлгүй бууруулсан болохыг тогтоож урьд эрхэлж байсан ахлах тогоочийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Баянзүрх дүүргийн 32-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэлийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Г.Ч- нь ахлах тогоочийн албан тушаалд ажиллаж байгаагүй, тэрээр тогооч гэх ажил, албан тушаал хашиж байсан. Г.Ч-тай 2015.10.01-ний өдрийн 32/15 тоот хөдөлмөрийн гэрээгээр түүнийг тогоочоор ажиллуулахаар тохиролцсон байдаг. Мөн ажлын байрны тодорхойлолтод тогооч болохыг тусгасан байна. Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны шийдвэрийг үндэслэн ажил олгогч нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийсэн, үүнээс хойш өөрчлөлт оруулаагүй. Хэрэгт авагдсан баримтаар Г.Ч- нь 2016.08.29-ний өдрөөс өмнө ахлах тогооч байсан гээд байна, гэтэл 2016 оны 04, 05 сард ахлах тогоочийн ажлыг н.Янжиндулам гүйцэтгэж байсан. Г.Ч- хүүхдийн хоолны хэрэглээний мах гадагшаа авч гарсан, бусдад өгсөн асуудлыг 2 удаа гарсан бөгөөд хамт олны зүгээс түүний гаргасан зөрчилд нь арга хэмжээ тооцсонгүй гэдэг асуудал яригдсан. Үүнтэй холбогдуулаад хамт олны дунд маргаан үүсэхээс сэргийлж, өөрөөр хэлбэл Г.Ч-ыг хамгаалах зорилгоор нэгдүгээрт, түүний ажиллах ур чадварыг үнэлдэг, хоёрдугаарт, түүнд арга хэмжээ авахгүй бол хамт олны дунд буруу үлгэр дуурайлал үзүүлнэ гэж үзсэн тул энэ тушаалыг гаргасан гэж эрхлэгч тайлбарласан. Тушаал Хөдөлмөрийн тухай хуульд нйицээгүй гэдэгтэй маргахгүй. Гэхдээ Г.Ч-ыг ахлах тогоочийн ажилд эргүүлэн томилуулах шаардлагыг зөвшөөрөхгүй, тэрээр тогоочоор ажиллаж байсан бөгөөд Б/29 тоот тушаалыг түүнд хожим өгсөн гэдэгтэй маргахгүй. Г.Ч- бол ахлах тогоочоор ажиллаж байгаагүй нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн бичилтээр тогтоогдоно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Баянзүрх дүүргийн 32-т холбогдох ахлах тогооч ажил, албан тушаалаас үндэслэлгүй бууруулсан болохыг тогтоож урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох ахлах тогооч-ийн ажилд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэгч Г.Ч-ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Ч-ы нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Г.Ч- давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Г.Ч- намайг ахлах тогооч байсан эсэх нь тогтоогдсонгүй гэж үзсэн байна. Би тус байгууллагад 14 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд анх ажилд орохдоо л олон тооны тогооч нараас мэргэжил ур чадвараараа шалгарч ахлах тогоочоор ажилд орсон бөгөөд энэ харилцаа хэвийн үргэлжилж байгаад 2016 оны 8 дугаар сарын 29-ний Б\29 тоот тушаалаар албан тушаал бууруулсан. Шүүх тушаалын 1-р заалт нь өөрөө ахлах тогооч Г.Ч-ыг албан тушаал бууруулж тогооч болгосугай гэснийг дүгнэж үзсэнгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх тухайд  зөвшөөрөхгүй.  Учир нь ажилтанд гардуулж өгсөн өдрөөс хугацааг тоолж эхэлдэг. Ажил олгогч нь  тушаалыг  5 сарын 22-нд гардуулсан бөгөөд энэ талаар маргадаггүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйг зөвтгөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

 

Нэхэмжлэгч Г.Ч- нь хариуцагч Баянзүрх дүүргийн 32-т холбогдуулан албан тушаал үндэслэлгүй бууруулсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ахлах тогоочийн ажилд эгүүлэн тогтоолгохоор шаардсаныг хариуцагч “...ахлах тогоочоор  ажиллаж байгаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч нь 2004 оноос хойш хариуцагч байгууллагад ажиллаж байсан талаар  талууд маргаагүй, харин Баянзүрх дүүргийн 32-ийн эрхлэгчийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Б/29 дугаар тушаалаар ахлах тогоочоос тушаал бууруулан тогоочоор ажиллуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч шаардлага гаргасан.

 

Дээрх тушаал бууруулсан гэх ажил олгогчийн шийдвэр нь ажилтан буюу нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан 2017 оны 6 дугаар сарын 23-ний өдрөөс 10 сарын өмнө гарсан байх бөгөөд тушаалыг зөвшөөрөхгүй байгаа талаар байгууллагын захиргаанд ажилтан 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр өргөдөл гаргаж байжээ. /хх-ийн 25/ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт зааснаар ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш  нэг сарын дотор шүүхэд гаргахаар заажээ.

 

Нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандах хугацааг эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш тоолдог. Тухайн тогоочийн ажилд шилжин 10 сар орчим ажилласны дараа, түүнчлэн үндэслэлгүйгээр тушаал бууруулсан тухай байгуллагын захиргаанд өргөдөл гомдол гаргаснаас хойш 6 сарын дараа шүүхэд хандаж байгааг хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзэх боломжгүй юм. Нэгэнт нэхэмжлэгч эрхээ зөрчигдсөнийг мэдсэн нь нотлогдож байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасан шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд хандах хугацааг хэтрүүлсэн байна.

 

Г.Ч- нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасан шүүхэд хандах хугацаааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн талаарх баримтыг шүүхэд гаргаагүй тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзнэ.

 

Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо маргааны үйл баримтад хамааралгүй Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-т заасныг баримталсан нь буруу байх тул мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасныг баримтлан хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/03273 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “128 дугаар зүйлийн 128.1.7-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул ” гэснийг “129 дүгээр зүйлийн 129.2 зааснаар” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар  нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД                                                                  Д.БАЙГАЛМАА

                                                                                   Ш.ОЮУНХАНД