Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2021/00836

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2020/01570 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 1671 дүгээр магадлалтай, 

*******-ийн нэхэмжлэлтэй,

*******т холбогдох,

 Үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээ, мэдэгдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Энхмэндийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонбаяр, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов. 

Нэхэмжлэгч *******- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2019/02279 дүгээр шийдвэрээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 10 дугаартай худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагааг хүчингүй болгож, худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагаа явуулахын өмнө эд хөрөнгөд үнэлгээ тогтоохыг даалгаж шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийн дагуу Хөрөнгө Эстимейт ХХК нь дараахь хөрөнгүүдийг дор дурдсанаар үнэлсэн. Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205010508 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 8 дугаар байрны 160 тоот 40 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг 95,324,000 төгрөгөөр,

Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206018327 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам /17050/, 34а тоот Амрагчдын сууц зориулалттай 316.04 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 832,615,000 төгрөгөөр;

Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202002292, Ү-2202008455, Ү-2202008454 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу 18 дугаар байрны 58 тоот хаягт байрлах орон сууц, цайны газар, өргөтгөлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 361,140,000 төгрөгөөр, нийт 1,289,079,400 төгрөгөөр тус тус үнэлсэн.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэрээр томилогдсон Хөрөнгө-Эстимейт ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 8 дугаар байрны 160 тоот 40 м.кв талбайтай гурван өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам /17050/, 34а тоот Амрагчдын сууц зориулалттай 316.04 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, бага тойруу 18 дугаар байрны 58 тоот хаягт байрлах 127.98 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгүүдэд тус тус хийсэн үнэлгээг буюу 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 4/29184 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 сарын 04-ний өдрийн 102/ШШ2019/02279 дугаартай шийдвэрээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 04 сарын 17-ны өдрийн 10 дугаартай худалдан борлуулах үнэ санал болгох ажиллагааг хүчингүй болгож, эд хөрөнгө худалдах, борлуулах, эд хөрөнгөд үнэлгээ тогтоох ажиллагааг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн. Уг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу төлбөр төлөгчийн барьцаалсан Хан-Уул дүүрэг, 11 хороо, Богины ам, 34а тоотод байрших, 316.4 м.кв талбайтай амрагчдын зориулалттай орон сууц. Мөн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 8 байрны 160 тоот орон сууц. Мөн Чингэлтэй дүүргийн 4 хороо, Багатойруу, 18 дугаар байранд байрших орон сууц болон цайны газар, дэлгүүрт шинжээч томилж үнэлгээ хийлгэсэн байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу төлбөр авагч, төлбөр төлөгч нарыг хуулиар олгосон эрхийг хангаж 2019 оны 12 сарын 03-ны өдөр шинжээч томилсон тогтоолыг танилцуулж, шинжээчээр Хөрөнгө эстимэйт ХХК-ийн шинжээч н.Эрдэнбаатарыг томилж төлбөр авагч, төлөгч талаас шинжээчээс татгалзах, татгалзлыг асууж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд тусгахад зохигч талууд шинжээчээс татгалзах зүйлгүй гэсэн тайлбар өгсөн байдаг. Ингээд шинжээчид хууль сануулж, хууль зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээхийг тогтоолоор сануулж гарын үсэг зуруулсан байдаг. Манай зүгээс шинжээчийн дүгнэлтийг хуульд заасны дагуу явуулсан гэж үзэж байна. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтыг гаргаж өгөөгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2020/01570 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******-ийн хариуцагч *******-т холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 1671 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2020/01570 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Энхмэнд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2020/01570 тоот шийдвэрийг, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 1671 тоот магадлалыг тус тус эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Үнэлгээчний хариуцлагын даатгалын талаар Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т хөрөнгийн үнэлгээний тайланд тавигдах шаардлагыг хуульчилсан байх бөгөөд түүнд хөрөнгийн үнэлгээчин заавал хариуцлагын даатгалд даатгуулсан байх тухай шаардлага тусгагдаагүй байна гэжээ. Гэтэл уг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.1 дэх заалтад үнэлгээний тайланд тусгагдах зүйлсэд ...хөрөнгийн үнэлгээчний даатгалын талаарх мэдээлэл гэж, 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь заалтад үнэлгээчин хариуцлагын даатгалд даатгуулсан байх үүрэгтэй талаар, 28 дугаар зүйлд үнэлгээчний хариуцлагын даатгалын талаар дэлгэрэнгүй тус тус зохицуулсан байх бөгөөд уг даатгал нь үнэлгээ хийх үйл ажиллагаандаа алдаа гаргавал учруулсан хохирлоо нөхөн төлөх санхүүгийн баталгаа болох ёстой. Харин маргаан бүхий ч үнэлгээний хувьд үнэлгээчний хариуцлагын даатгалын талаар мэдээлэл байхгүй байгаа нь тухайн үнэлгээнээс үүссэн хохирлыг нөхөн төлөх баталгаагүй, иймээс даатгалгүйгээр хийсэн үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан мэргэжлийн хөрөнгийн үнэлгээний шинжийг хангахгүй юм.

Үнэлгээнд тавигдах шаардлагын талаар Шүүхээс үнэлгээний маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч өөрийн шаардлагыг хэрхэн нотолсныг авч үзэхээс гадна тухайн үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан шаардлагуудыг хангасан эсэхийг шалгах ёстой байсан. Харин шүүхээс үнэлгээний тайлан хуулиар тавигдах шаардлагыг хангасан эсэх талаар асуулт тавиагүй, үнэлгээ нь учир шалтгааны хувьд, зах зээлийн хувьд үндэслэлтэй эсэхийг хариуцагч талаас тодруулах арга хэмжээ аваагүй бөгөөд нэхэмжлэгч үнэлгээг буруу гэж нотлоогүй бол үнэлгээ хэд ч гэж байсан зөв гэх хандлагаар шийдвэрлэсэн.

Дээр дурдсан үндэслэлээр Нийслэлийн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 102/ШШ2020/01570 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн № 1671 тоот магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ 

******* нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээ, мэдэгдлийг хүчингүй болгох шаардлага гаргахдаа үндэслэлээ ...шүүхийн шийдвэрээр 2019.04.17-ны өдрийн 10 дугаартай санал болгох болгох ажиллагааг хүчингүй болгож, ...санал болгох ажиллагаа явуулахын өмнө эд хөрөнгөд үнэлгээ тогтоохыг даалгасан гэжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй гэсэн тайлбар гаргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо ...үнэлгээчин даатгалгүйгээр үнэлгээ хийсэн, ...шүүх үнэлгээний тайлан хуулиар тавигдах шаардлагыг хангасан эсэх талаар асуулт тавиагүй, ...үнэлгээ зах зээлийн хувьд үндэслэлтэй эсэхийг хариуцагчаас тодруулах арга хэмжээ аваагүй, ...шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

  Шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна. Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон боловч хяналтын шатны шүүх хууль, хэрэглээ, эрх зүйн дүгнэлтийг залруулж, өөр үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгов.

1.Хэрэгт авагдсан баримтаар дараах нөхцөл байдал тогтоогдсоныг дурдах шаардлагатай гэж үзлээ. Үүнд:

а. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015.01.27-ний өдрийн 703 дугаар шийдвэрээр Жинстийн жимс ХХК-с 965,432,543 төгрөгийг гаргуулж УБ хотын банкинд олгох, шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барьцааны зүйл болох Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 8 дугаар байрны 160 тоот 40 м.кв талбайтай гурван өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам /17050/, 34а тоот Амрагчдын сууц зориулалттай 316.04 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Чингэлтэй дүүргийн 4-р хороо, Бага тойруу 18 дугаар байрны 58 тоот хаягт байрлах орон сууц болон өргөтгөлийн цайны газар, дэлгүүрийн А, Б хэсгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

Дээрх шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдсэн, ******* шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж, барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураасан байна.

Төлбөр төлөгч нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам /17050/, 34а тоот Амрагчдын сууц зориулалттай 316.04 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 1,800,000,000 төгрөгөөр, Чингэлтэй дүүргийн 4-р хороо, Бага тойруу 18 дугаар байрны 58 тоот хаягт байрлах орон сууц болон цайны газрын өргөтгөлийг 700,000,000 төгрөгөөр, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 8 дугаар байрны 160 тоот 40 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг 150,000,000 төгрөгөөр нийт 2,650,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч УБ хотын банк хүлээн зөвшөөрчээ.

б.Төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нарын харилцан тохиролцон дээрх үнийн 70 хувиар анхны, 2 дах дуудлага худалдааны үнийг 50 хувиар тус тус тооцсон боловч дуудлага худалдаагаар тухайн хөрөнгө худалдан борлогдоогүй байна. 

Төлбөр төлөгч Жинстийн жимс ХХК нь шийдвэр гүйцэтгэх байгууллагад холбогдуулан үнэлгээ болон анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан, Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.01.11-ний өдрийн 456 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн хүчинтэй байна.

в.Үүний дараа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба худалдан борлогдоогүй дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-т зааснаар төлбөр авагчид санал болгож өмчлөлд нь шилжүүлэх тогтоол гаргаж, улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлснээр өмчлөх эрх төлбөр авагчийн нэр дээр шилжжээ.

Төлбөр төлөгч Жинстийн жимс ХХК нь шийдвэр гүйцэтгэх байгууллагад холбогдуулан 2 дах албадан дуудлага худалдаа болон санал болгох хурлын шийдвэрийг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.11.01-ний өдрийн 1118 дугаар шийдвэрээр Санал болгох комиссын 2016.06.14-ний өдрийн 93 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлээс 2 дах албадан дуудлага худалдааг хүчингүй болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.01.16-ны өдрийн 207 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

г. УБ хотын банк нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг төлбөрт тооцон авсны дараа Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам /17050/, 34а тоот Амрагчдын сууц зориулалттай 316.04 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг Б.Анхсаруулд 550,000,000 төгрөгөөр, Чингэлтэй дүүргийн 4-р хороо, Бага тойруу 18 дугаар байрны 58 тоот хаягт байрлах орон сууц болон цайны газрын өргөтгөлийг А.Ариунболорт 187,000,000 төгрөгөөр, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 8 дугаар байрны 160 тоот 40 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг Д.Мөнхбат нарт тус тус худалдсан, өмчлөх эрх худалдан авагч нарт шилжиж улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.

д.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019.04.17-ны өдрийн Санал болгох ажиллагаагаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5-д зааснаар төлбөр авагч УБ хотын банкнаас харилцан тохиролцсон үнэ болох 2,650,000,000 төгрөгийн зөрүү 1,679,142,244 төгрөгийг гаргуулж, төлбөр төлөгч Жинстийн жимс ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Дээрх шийдвэрийг УБ хотын банк эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.04-ний өдрийн 02279 дүгээр шийдвэрээр 2019.04.17-ны өдрийн санал болгох ажиллагааг хүчингүй болгож, худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагаа явуулахын өмнө эд хөрөнгөд үнэлгээ тогтоохыг хариуцагч нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан байна.

2. Дээрх шийдвэрийг үндэслэн ******* 2019.12.02-ны өдөр Хөрөнгө эстимейт ХХК-г шинжээчээр томилсон байх ба Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам /17050/, 34а тоот Амрагчдын сууц зориулалттай 316.04 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 832,615,000 төгрөгөөр, Чингэлтэй дүүргийн 4-р хороо, Бага тойруу 18 дугаар байрны 58 тоот хаягт байрлах орон сууц болон цайны газрын өргөтгөлийг 361,140,000 төгрөгөөр, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 8 дугаар байрны 160 тоот 40 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг 95,324,000 төгрөгөөр буюу нийт 1,289,079,400 төгрөгөөр үнэлжээ/ 1хх 7-23 тал/.

Нэхэмжлэгч уг үнэлгээг эс зөвшөөрч шүүхэд 2020.01.06-ны өдөр нэхэмжлэл гаргажээ.

  3. Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

а. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-т дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. 177.4.-т хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг харилцан тохиролцож тогтоосон, эсхүл үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцон тогтооно гэж тус тус заасан.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч болон өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоосон, уг үнээс дуудлага худалдаагаар худалдах доод үнийг тогтоож дуудлага худалдааг явуулсан байх ба эдгээр ажиллагаанд гаргасан нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн талаар зохигч маргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т энэ үйл баримтыг тогтоогдсон гэж үзнэ. 

б. Албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгосон НШГА-ны санал болгох комиссын 2016.06.14-ний өдрийн 93, 2019.04.17-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг тус тус шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон байна /1хх 230-237, 2хх 132- 135 тал/. Үүнээс үзвэл, дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагаа явагдаагүй байна.

в. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээ тогтоосноос хойш 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж заасан.

Хуулийн энэхүү зохицуулалтаар төлбөр төлөгч, төлбөр авагч хуульд заасан тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд үнэлгээг дахин хийлгэх хүсэлтийг шийдвэр гүйцэтгэх байгууллагад  гаргах боломжтой ба уг хүсэлтийг шийдвэр гүйцэтгэгч шийдвэрлэх эрхтэй байна.

Барьцааны хөрөнгийг дахин үнэлүүлэх тухай нэхэмжлэл өмнө нь гаргахдаа УБ хотын банк ...тухайн үеийн хууль тогтоомжоор төлбөр авагч хөрөнгийн үнэлгээнд гомдол гаргадаггүй зохицуулалттай байсан, төлбөр төлөгч хөрөнгийн үнийг хэт хөөрөгдөөд өөрийнхөө санаанд орсон тоог хэлсэн, ...шинэ хуулиар бодитой үнэлгээ хийлгэх боломж өгөхгүйгээр анхны үнэлгээгээр тооцсон... гэсэн үндэслэл дурджээ.

Шүүх, ...2015.04.24-ний өдөр эд хөрөнгийн үнэлгээ тогтоосноос хойш 3 жил өнгөрсөн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль шинэчлэгдэж, санал болгох ажиллагааны үр дагавар өөрчлөгдсөн нөхцөл байдал бий болсон, эд хөрөнгөд их хэмжээний өөрчлөлт орсон гэж үзэж, худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагаа явуулахын өмнө эд хөрөнгөд үнэлгээ тогтоохыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалтад нийцээгүй байна.

Тодруулбал, анхны болон хоёрдах албадан дуудлага худалдаагаар эд хөрөнгө борлогдоогүй тул санал болгох ажиллагаа явуулах эсэхийг шийдвэр гүйцэтгэх байгууллага шийдвэрлэх эрхтэй бөгөөд ийнхүү санал болгоход эд хөрөнгийг үнэлүүлэх талаар хуульд заагаагүй байхад анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй, давж заалдах шатны шүүх уг алдааг илрүүлж зөвтгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4., 166 дугаар зүйлийн 166.4., 168 дугаар зүйлийн 168.1.1.-т нийцээгүй байна.

Дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлын заримыг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2020/01570 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 1671 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч *******т холбогдох Хөрөнгө-Эстимейт ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 8 дугаар байрны 160 тоот 40 м.кв талбайтай гурван өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам /17050/, 34а тоот Амрагчдын сууц зориулалттай 316.04 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, бага тойруу 18 дугаар байрны 58 тоот хаягт байрлах 127.98 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээ буюу 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 4/29184 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгох тухай *******-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Г.ЦАГААНЦООЖ

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД