| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2018/0057/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/66 |
| Огноо | 2018-01-25 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.И |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 2018/ШЦТ/66
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С
Улсын яллагч Б.Ж
Хохирогч Д.Энхмаа, Ц.О
Шүүгдэгч Х.Э-г оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Э-т холбогдох эрүүгийн 1825000000015 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Х.Э
Шүүгдэгч Х.Э нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Парис караоке бааранд 2017 оны 12 сарын 05-ны өдөр хохирогч Ц.О , Д.Э нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэг авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1...Хохирогч Ц.О ын.... “2017оны 12 сарын 05-ны өдөр ажлын байран дээр ажлаа хийж байх үед Парис караокены 6 номерийн өрөөнд хэдэн хүн орсон. Тэгээд гарах цаг нь болоод гарах цагаасаа 30, 40 минут хэтэрсэн. Тэгээд бармен ажилтай Э очоод гарах шаардлага тавьсан гэсэн. Тэгтэл Э гэх эмэгтэй Э руу чи одоо юу яриад байна гэхээр нь Э бармен та юу яриад байгаа юм бэ, дараагийн хүн орох гээд байна, та нар хүндрүүлэхгүй шиг гарч болдоггүй юм уу гэж хэлсэн. Тэгтэл Э гэх эмэгтэй босоод Э-н толгой руу цохиод авсан гэсэн. Тэгэхээр нь яаж байгаа юм бэ ууж идсэнээ шингээхгүй гэж хэлээд уурласан гэсэн...Тэгээд би өрөө рүү нь яваад ороход Э-н үс нь сэгсийсэн, Э гэх эмэгтэй, бас нэг эмэгтэй хоёулаа дайрсан байдалтай зогсож байсан. Би өрөөнд ороод юу болж байгаа юм бэ болиоч гэж хэлээд Э гэх эмэгтэйг араас татсан, тэгтэл эргэж хараад миний толгой руу цохиод хөл рүү өшиглөөд өөд уруугүй цохиод эхэлсэн. Энхмаатай барьж авсан байж байгаад намайг ороод татахад шууд Энхмааг орхиод намайг зодоод эхэлсэн”... гэх мэдүүлэг /хх-ийн 23-25/,
2.Хохирогч Э-н ... “Би өрөө рүү нь ороод танай цаг 30 минут хэтэрсэн байна шүү гараарай гэж хэээд ширээн дээр байсан бохироо авсан. Тэгтэл Э гэх эмэгтэй би согтуу хүмүүстэй 30 гаран минут зууралдаж байна, чи надад гар, цаг чинь хэтэрсэн байна гэж хэлдэг хэн юм бэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу гэсэн үг вэ, шаардлага тавьж байна гэхэд чи юу юм бэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу гэсэн үг вэ, шаардлага тавьж байна гэхэд чи юу юм бэ гээд над руу дайраад буйдан дээр сууж байснаа босч ирээд миний нүүр рүү цохих гэхэд би гараараа хаасан. Тэгтэл баруун гарын мөрөн дээр цохиод авсан. Хажуу талаас нэг эмэгтэй намайг бас бариад авсан. Тэгээд 2 талаас үсдээд намайг зодоод эхэсэн. Тухайн үед намайг 2 талаас зодоод эхлэхээр би айсан, яг яаж зодсон талаар би санахгүй байна. Би ямар ч байсан болиоч гэж орилсон юм шиг байсан. Тэгтэл манай бармен эгч О орж ирээд юу болж байна, боль, гэхэд О эгчийн нүүр рүү Э цохиод авсан”... гэх мэдүүлэг /хх-ийн 27-29/,
3.Гэрч М.Б-н .... “Би хэсэг унтаж байгаад сэрэхэд маргаан зодоон болсон байсан. Би ямарч байсан маргаан зодоон хийгээд байгаа талаар мэдсэн. Тэгээд болохгүйдээ гээд салгаад хаагаад зогсоод байгаагаа санаж байна. Харин юунаас болж маргалдаад зодоон хийсэн талаар мэдээгүй. Маргааш нь юу болсон талаар асуухад сүүлд Э , З бид нар үлдсэн юм шиг байсан гэж ярьж байсан. Тухайн үед би З г зодоон хийж байгаа талаар хараагүй, би бодохдоо Э руу нөгөө 2 эмэгтэй дайраад байгаа юм шиг байсан. Тэгээд би хаагаад байснаа санаж байна”... гэх мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/
4. Гэрч Н.С-н ... “Хар хөх өнгийн урт куртиктай, дотор талдаа цагаан өнгийн цамц өмссөн байсан эгч эхэлж маргаад Э зөөгчийн гэдэс рүү 3-4 удаа өшиглөсөн. Тэгээд О эгч орж ирэх үед нүүр лүү нь гараараа 1 удаа цохисон. Тэгээд мөн л гэдэс рүү нь өшиглөсөн. Тэгтэл шатны дээд талд нөгөө хар хөх өнгийн куртик, дотор талдаа цагаан өнгийн цамц өмссөн байсан эгч Э зөөгчийн үснээс 2 гараараа зулгаан доош дарсан байсан. Э эгч над руу С энийг аваач гэсэн. Би очоод салгаж чадаагүй, аймаар эгч байсан. Тэгтэл Э эгч нөгөө эгчийг зөрүүлэн зулгаан авч байсан. Энэ үед караоке өрөөнд байсан хар өнгийн хувцастай байсан эгч нь хараад зогсож байсан. Би тэр хар өнгийн хувцастай байсан цуг яваа эгчийг зодоонд ороод байхыг хараагүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 34-35 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 сарын 08-ны өдрийн 19 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “Д.Э-н биед тархи доргилт, баруун тохой, өвдөг, шилбэ, зүүн гуянд цус хуралт, зүүн шуунд зулгаралт үүсчээ. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг цаг хугацаанд үүссэн байхаар байна. Тархи доргилт нь гэмлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтлүүд нь гэмтлийн зэргийн 2.6- д зааснаар гэмлийн зэрэгт хамаарагдахгүй. Энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” .... гэх дүгнэлт /хх-ийн 38 дугаар хуудас/
6 Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 сарын 12-ны өдрийн 31 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “Ц.О ын биед тархи доргилт, хамрын таславчийн муруйлт, мөчдөд зөөлөн эдэд олон тооны цус хуралт, 1 тооны шалбархай зэрэг гэмтэл үүсчээ. Шалбархай нь үзүүр ирмэгтэй зүйлийн 1 удаагийн маажих, самардах, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна. Тархи доргилт, хамрын таславчийн муруйлт нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана,бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй” гэсэн дүгнэлт, хавтаст хэрэгт эд мөрийн баримтаар тооцож хавсарган ирүүлсэн дүрс бичлэгийн СД зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.
Шүүгдэгч Х.Э нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Хохирогч нарт гэмтэл учруулахаар зодож цохисон зүйл байхгүй. Хохирлыг баримт нотолгоо байвал төлнө” гэв.
Хохирогч Ц.О мэдүүлэхдээ “Энэ хүнд зодуулж гэмтэл авсан. Хохирлоо гаргуулж авмаар байна. 280 000 төгрөг нэхэмжилж байгаа. Эмчилгээний зардал 231 000 төгрөг, унааны зардал 50 000 төгрөг болсон” гэв.
Хохирогч Д.Э мэдүүлэхдээ “Энэ хүнд зодуулах үед гар утас, нүдний шил маань эвдэрсэн. Үнэ нь 218 000 төгрөг. Эмчилгээний зардал 104 000 төгрөг болсон” гэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Ял шийтгэл оногдуулах үндэстэй” гэв.
Шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Э нь Орхон аймаг Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Парис караоке бааранд 2017 оны 12 сарын 05-ны өдөр хохирогч Ц.О , Д.Э нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч Ц.О , Д.Э нарын мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шүүх шинжилгээний 19, 31 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч Х.Э-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй.
Хохирогч Ц.О нь эмчилгээний зардал 231 000 төгрөг, унааны зардал 50 000 төгрөг нэхэмжилсэн боловч унааны зардлын баримт шүүхэд ирүүлээгүй байна. Хохирогч Д.Э нь эмчилгээний зардал 104 000 төгрөг, гар утас, нүдний шил эвдэрсэн 218 000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага баримтаар нотлогож байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн дүрс бичлэгийн СД-г хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.
Энэ битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч У овогт Х овогтой Э-г хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар шүүгдэгч Х.Э-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Х.Э-т оногдуулсан 500 000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 505 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.Э -с 553 000 /таван зуун тавин гурван мянга/ төгрөг гаргуулж хохирогч Д.Э 322000 /гурван зуун хорин хоёр мянга/ төгрөг, хохирогч Ц.О 231000 /хоёр зуун гучин нэгэн мянга/ төгрөгийг тус тус олгосугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэгийн СД-г хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ц.А