| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2018/0064/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/75 |
| Огноо | 2018-01-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.И |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2018/ШЦТ/75
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А
Улсын яллагч Ц.И
Хохирогч О.А
Шүүгдэгч Г.Ө нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ө-т холбогдох эрүүгийн 1825000010044 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Г-н Ө
Шүүгдэгч Г.Ө нь 2017 оны 12 сарын 12-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Оюут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дэлгэрэх зочид буудлын 207 тоот өрөөнд О.А-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэг авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч О.А гийн...”Дотроос 2 хүүхэн бууж ирээд Эрдэнээ та хоёр ямар харьцаатай юм бэ, өчигдөр уржигдар хоёр алга болсон чамтай хамт байсан уу гээд намайг гичий банзлаар дуудаад намайг зодоод байхаар нь би хэсэг газар хэвтсэн. Тэгээд намайг дагуулж өмнө нь байсан өрөөнд оруулаад хүний найз залуутай хоёулахнаа байж болдог юм уу, намайг ирээгүй бол та хоёр яах байсан юм гэхээр нь би тэр залууг танихгүй, Ш хүлээж байгаад буцаад гарах гэж байсан юм гэсэн чинь худлаа яриад бай гээд бичлэг хийгээд намайг зодоод байсан ба хэдэн настай ямар сургууль төгссөн гэх зэрэг асуултууд асуугаад худлаа хэлбэл бичлэгийг чинь фесбүүкэд тавина гээд архийг нь гартал зодоно гээд байсан. Миний цүнхэн дотор байсан эд зүйлсийг газар асгаад баримт гаргаж аваад миний номыг гаргаж номоор зодоод бас гараараа нүүр рүү цохиж байгаад хөлөөрөө миний нүүр рүү өшиглөөд байсан.” /хх-ийн 11-р хуудас/
2.Гэрч Э.Н ийн “Чи яахаараа хүний найз залуутай буудалд байж байдаг юм бэ, гэх мэтээр цохиж аваад байх шиг байсан. Би орон дээр буруу хараад хэвтэж байсан. Бас дундуур нь намайг миний тайлж тавьсан гутлаар цохиод байхаар нь хамаагүй гээд байхад чинь яах гээд байгаа пизда вэ гээд уурласан чинь больчихсон. Тэр охиныг яг яаж зодсоныг бол би хараагүй гэхдээ зодож цохисон асуудал бол байгаа” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 15-р хуудас/
3.Гэрч М.С “Өнөрөө бууж очоод тэр охиныг 2-3 удаа алгадаад хүний найз залуутай ингээд явж байдаг юм уу, гэж хэлж байсан. Тэр охиныг машиндаа суулгаад гэр хорооллын эцэс явж Г гэж Ө-н найзыг авсан. Тэр охины цүнхнээс Есүсийн ном гарч ирсэн ба тэр номоор манай найз залуутай ямар харилцаатай юм, хаана танилцсан юм гэх мэт асуулт асуугаад 2 гар руу нь цохиод л байсан. Тэр охины цүнхнээс гарсан номоор нь гар руу нилээн олон цохисон. Бас тэр охиныг Эрдэнээгийн гутлаар 2-3 удаа цохисон” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 16-17-р хуудас/
4.Гэрч Д.Г-н ..”Доошоо суучихсан байхад нь босооч гээд хөл рүү өшиглөөд байсан. Тэр охины цүнхэн дотор байсан ном орон дээр байхад нь номыг нь хуйлж бариад чи босооч гээд гар руу нь цохиод байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 18-р хуудас/
5. Гэрч Б.Х-н “Тухайн үед А гийн зүүн гарын тохой хэсэгт хөхөрчихсөн байсан ба өөр ямар нэг гэмтэл шарх байгаагүй.” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 23-р хуудас/
6.Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 сарын 15-ны өдрийн 43 дугаартай дүгнэлтийн “О.А-н биед тархи доргилт, толгой, мөчдөд зөөлөн эдэд олон тооны цус хуралт баруун гарын сарвуунд 1 тооны шалбархай зэрэг гэмтэл үүчсээ. Тархи доргилт болон зөөлөн эдийн цус хуралтууд нь нийлээд гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт. /хх-ийн 43 дугаар хуудас/
7.Шүүгдэгч Г.Ө мөрдөн байцаалтын шатнад өгсөн “2017 оны 12 сарын 12-ны өдөр манай найз залуу Н утсаа унтраагаад алга болчихоор нь орой 00 цаг өнгөрч байхад найз Сэвжидмаагийн хамт буудлуудаар хайсан. Тэгээд хайж байгаад үүрээр 04 цагийн үед Дэлгэрэх зочид буудлын гаражид машин байгааг мэдээд хадам ээжийн хамт уг буудлын 207 тоот өрөөнд хамт ороход манай найз залуу А гэх эмэгтэйтэй хамт унтаж байсан. Тэр хоёр босч чадахгүй согтуу байсан. Би манай найз залуутай хамт унтаж байсан охиныг сэрээсэн чинь гараад явсан. Би араас нь 5-10 минутын дараа гарахад А нь буудлын зүүн тал руу яваад цасан дээр сууж байсан. Тэгээд би таксинд суулгаад чамайг хэн гэдэг юм, гэр чинь хаана байдаг юм гэхэд А нь намайг Саруул гэдэг, надад очих гэр байхгүй, би найзтайгаа байр хөлсөлж амьдардаг, аав ээж байхгүй өнчин гээд байсан. Тэгээд тэр охинтой такситайгаа цуг хорооллын эцсээс найз Г г аваад буцаад буудал дээр ирсэн. Тэгээд буудлын өрөөнд ороод А нь утсаа хайгаад цүнхээ ухаад цүнхнээсээ хамаг эд зүйлээ гаргахад иргэний үнэмлэх нь гарч ирсэн. Тэгээд тэр охиныг А гэдэг юм байна гэж мэдсэн. Тэгээд А нь буудалд 5 хоног Харваач гэх залуутай хамт архи уусан, миний бие муу байна гээд байсан. Тухайн үед би уурандаа гар руу 2-3 удаа цохисон байх яг хэдэн удаа цохисноо сайн санахгүй байна” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 37-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ө мэдүүлэхдээ “Гэм буруугаа ойлгож байна. Миний үйлдлийн улмаас хохирол учирсан нь тогтоогдвол хохирлыг төлнө” гэв.
Хохирогч О.А мэдүүлэхдээ “Намайг эдгээр хүмүүс гуравуулаа нийлж зодсон. Гэтэл Г.Ө ганцаараа шүүгдэж байгаад гайхаж байна. Энэ хүмүүст зодуулсны улмаас эмчилгээ хийлгэсэн, ажилгүй байсан хугацаанд орлогоо алдсан. Эдгээр хохирлоо төлүүлмээр байна” гэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Ял шийтгэл оногдуулах үндэстэй. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэх саналтай байна” гэв.
Шинжлэн судалсан хохирогч О.А-н мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шүүх шинжилгээний 43 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Ө нь 2017 оны 12 сарын 12-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дэлгэрэх” зочид буудлын 207 тоот өрөөнд О.А-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Ө-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдлалд харгалзан үзэж, түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй.
Хохирогч О.А нь эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин орлогоо нэхэмжилсэн боловч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой гаргаагүй, холбогдох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй байх тул хэлэлцэлгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Г-н Ө-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Ө-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Г.Ө-т оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ө-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохиргч О.А нь ажилгүй байсан хугацааны цалин орлого, эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй тус тус дурьдсугай.
6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ц.А