| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2018/0066/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/77 |
| Огноо | 2018-02-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.И |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 2018/ШЦТ/77
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А
Улсын яллагч Ц.И
Хохирогч Ж.Ц
Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М-т холбогдох эрүүгийн 1825000000036 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
1.Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Б.М
2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Б.М нь 2018 оны 01 дүгээр сарын 5-наас 6-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цэцэг” зочид буудлын 207 тоот өрөөнд Ж.Ц ийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Ж.Ц-н ... “Наранчимэг найз залуу болох Г-г өөрийн байгаа газар болох зочид буудалдаа дуудсан. Тэгээд хэсэг хугацааны дараа Г нэг танихгүй залуутай хамт орж ирсэн. Тэр залуу тухайн цаг үед өөрийнхөө нэрийг М гэж танилцуулж байсан. Тэгээд бид буудлын өрөөнд гаднаас янз бүрийн архи согтууруулах ундааны зүйл авч хэсэг хугацаанд ажил төрөл ярингаа хамт суусан. Энэ үед Г-г дагуулан орж ирсэн гэх М хаа хамаагүй юм ярьж бид нарын дунд үл ойлголцол үүсч М той маргасан. Тэр үед М гэх залууг чамайг бид нар танихгүй юм чинь чи энэ газраас яв гэж шаардсан бас хөөсөн чинь тэр залуу зөрүүдэлж явах дургүй гадуур хувцасаа тайлж оронд орж хэвтээд байсан. Тэгээд би М-г бараг хүчээр хөөж гаргах гэтэл тэр залуу буудлын өрөөнөөс гарахаасаа өмнө намайг тохуурхаж байснаа эргэж хараад миний нүүрэн тус газар буюу хамар руу гараараа хүчтэй нэг удаа цохиж авсан. Тэгснээ буудлын өрөөнөөс гараад зугтаасан. Харин би цохиулсныхаа дараа шууд газарт унасан. Харин намайг цохиулсныг харсан Наранчимэг Г хоёр найз маань ирж надад тусламж үйлчилгээ үзүүлсэн. Тэр үед миний хамар амнаас их хэмжээний цус гарч тогтохгүй байсан. Г миний хамрыг цохисон М гэх залуу руу залгаж дуудаж ирүүлэхийг хүссэн боловч тэр залуу ирж уулзаагүй. Тэгээд би тухайн цаг үед цагдаагийн байгууллагад хандаагүй өнгөрсөн. 2 хоногийн дараа би өөрийн хамраа үзүүлээд хойд эмнэлэг дээр явж байхад миний хамрыг цохисон гэх залуутай тааралдсан. Тэгээд чи ямар учраас миний хамрыг цохисон юм бэ гэж асуухад тэр залуу ямар нэгэн шалтгаан ярихгүй, бас надаас уучлалт гуйхгүй, миний эрүүл мэндэд тусламж үйлчилгээ үзүүлэхгүй, өөрийгөө зөвтгөж яриад байсан. Тэгэхээр нь би за яахав чи ингэж ярьж байгаа бол би чамайг хэлдэг газар нь хэлнэ гэж хэлээд цагдаагийн газар дээр очиж 2018 оны 01 сарын 06-ны шөнө болсон үйл явдлынхаа талаар гомдол гаргаж өгсөн.” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 7-р хуудас/
2. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 102 дугаартай дүгнэлтийн ... “Ж.Ц-н биед хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, 2 нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд зөөлөн эдэд цус хуралт, хоёр шүдний паалан эмтэрсэн зэрэг гэмтэл үүсчээ. Хамрын ясны хугарал, таславчийн муруйлт нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт.
3.Гэрч Б.Г-н ... “М , Ц хоёр хоорондоо маргалдаад байсан. М Ц ийн унтаж амрах гэж байсан орон дээр хэвтээд байхаар нь Ц чи орноос буу гар гэх мэтээр хэлээд л хоорондоо хэрүүл маргаан хийгээд л байсан. М хувцасаа өмсөж байх шиг байсан. Ц гар чи, чамайг хэн дуудсан юм гэх мэтийн үг хэлээд түс тас гээд байсан. Гэтэл Ц ёооё гээд орилоод явчихаар нь босоод хартал Ц үүдний хажууд уначихсан хамраас нь цус гарчихсан байхаар нь босгоод хамрых нь цусыг угааж өгсөн. Яасан гэж асуутал Ц хэлэхдээ танай найз чинь гарахдаа үүдэн дээр эргэж хараад л намайг шууд гараараа нэг удаа цохичихлоо гэхээр нь М руу залгаад хүрээд ир, яагаад эмэгтэй хүн цохиод байгаа юм бэ гэсэн чинь очлоо гэж хэлээд ирээгүй.” гэсэн мэдүүлэг. /хх-ий 18-р хуудас/
4. Гэрч Д.Н-н ... “Шалтгаан нь гэвэл Ц ийн унтаж амрах орон дээр хэвтчихээд босож ирэхгүй байхаар нь Ц орноос бос чи буудлын өрөөнөөс яв, жаахан юм байж сонин юм яриад гэсэн чинь М хувцасаа өмсөөд гарах гээд өрөөний үүдэнд очих үед Ц хаалгаа түгжих гээд араас босоод очтол М эргэж хараад л Ц ийг нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохисон.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/
5.Мөрдөн байцаалтын шатанд Б.М-н өгсөн “Буудалд байж байхад Ц намайг янз бүрээр доромжилсон. Шалдан банди, хулгайч гэх зэргээр маш их доромжилсон. Би энд доромжлуулан байж байхаар явъя гэж хэлсэн боловч Г намайг явуулаагүй. Би орон дээр сууж байгаад зүгээр арагшаа налаад суусан. Тэрнээс орон дээр гарч хэвтээгүй. Намайг доромжлоод байхаар нь дүүгээ дуудаад явах гэсэн боловч явуулахгүй араас татсан. Тэгээд өвчтэй хөл рүү өшиглөхөөр нь би уурандаа нүүр рүү нь мангасдаад цааш нь түлхчихсэн. Гэрч гээд байгаа найз нь ямар ч гэрчлэх боломжгүй, шал согтуу байсан. Би түлхчихээд явахад араас юу ч яриагүй, цагийн дараа найз маань утсаар яриад чи эмэгтэй хүнд гар хүрсэн байна, буцаад ир гэж дуудсан. Тэр үед шөнө дунд болсон байсан болохоор би очоогүй.” гэсэн мэдүүлэг болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 28-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ ... “Маргаан орон дээр хэвтсэнээс эхэлсэн юм биш. Ц намайг хэл амаар доромжлоод байсан. Би Булганы бөхчүүдийн тухай ярьтал тэд нар чинь юу ч биш би бүр том бөхчүүдтэй нь явдаг гээд байсан. Хохирогчийг би цохиогүй, мангасдаж түлхсэн. Миний энэ үйлдлээс болж хохирогчид учирсан гэмтлүүд учирсан гэж үзэхгүй байна. Хамрын гэмтэл учирлаа гэхэд шүд эмтэрсэн гэмтэл учирах ёсгүй. Хохирлыг шүүхээс тогтоосон хэмжээнд төлнө” гэв.
Хохирогч Ж.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ ... “М намайг гараа зангидаж байгаад цохисон. Маш их цус гарсан. Би эмнэлэгээр зөндөө явсан. Хамраа үзүүлж томографийн зураг авахуулсан бичиг нь байгаа. Энэ олон хоног эмнэлэгээр явж байхад нэг ч удаа утасдаж мөнгө төгрөг өгье гэж хэлээгүй. Би энэ хүнд маш их гомдолтой байна. М-с 400 000 төгрөг нэхэмжилж байна. Цаашид шүдээ эмчлүүлэх шаардлагатай байгаа” гэв.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмаар дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.И дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь нотлох баримтаар хангалттай тогтоогдсон. Шүүх эмнэлэгийн дүгнэлтээр хохирогчид учирсан гэмтлүүд нь нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой байгаа. Мөн гэрчүүдийн мэдүүлэг байна. Хохирогч өөр байдлаар гэмтэл авсан гэх үндэслэл байхгүй. Иймд шүүгдэгчийг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Эрүүгийн хуулийн тугай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.М-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ял шийтгэх саналтай байна” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Ж.Ц-н мэдүүлэг, гэрч Б.Г , Д.Н нарын мэдүүлгээр шүүгдэгч Б.М нь 2018 оны 01 дүгээр сарын 05-наас 6-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цэцэг” зочид буудлын 207 тоот өрөөнд бусадтай маргалдаж, хаалгаар гарах үедээ Ж.Ц-н нүүрэн тус газарт нэг удаа цохьсон үйл баримт тогтоогдож байна.
Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 102 дугаартай дүгнэлтээр хохирогч Ж.Ц-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж дүгнэсэн байна.
Шүүгдэгч Б.М нь “Би хохирогчийг мангастаж түлхсэн. Миний үйлдлийн улмаас шүдний паалан гэмтэх ёсгүй. Хохирогчид учирсан гэмтлүүдийг би бүгдийг нь учруулаагүй” гэж мэтгэлцэж байх боловч шүүгдэгч нь хохирогчийн нүүрэн тус газарт цохиж, хохирогч унасан, их хэмжээний цус гарсныг гэрчилсэн хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг зөрүүгүй, хохирогч Ж.Ц-н биед учирсан гэмтлүүд нь нэг цаг хугацаанд, нэг удаагийн үйлдлийн улмаас учирсан байх боломжтой болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэстэй байна.
Шүүгдэгч Б.М-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болохыг дурьдаж, шүүгдэгчид торгох ял оногдуулж тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй.
Хохирогч Ж.Ц нь гэм хорын хохирол 400 000 төгрөг нэхэмжилсэн, цаашид шүдний эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж мэдүүлж байх боловч гэм хорын нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримт ирүүлээгүй байх тул шүүх хуралдаанаар хэлэлцэлгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-н М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.М-т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Б.М-т оногдуулсан 600 000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч Ж.Ц нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.А