Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 184/ШШ2018/00938

 

 

 

 

 

      2018 оны 04 сарын 16 өдөр

             Дугаар 184/ШШ2018/00938

                 Улаанбаатар хот

                            

                               

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж,  тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар  

Нэхэмжлэгч: Д.Н

Хариуцагч: Н.А ХХК

Хариуцагч: Т.Б

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 240 айлын орон сууцны барилгын “А” блок, 131 тоот, 46,36 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримтыг гаргаж өгөхийг хариуцагч Н.А ХХК-д даалгах, Н.А ХХК болон хариуцагч Т.Б нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан “Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах, орон сууцыг Т.Бийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, хариуцагч Н.А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, хариуцагч Т.Б, түүний өмгөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Баянжаргал нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 3-48 дугаар байрны 46 тоотод оршин суудаг байсан. Н.А ХХК нь 2012 онд тус байрыг буулгаж, газар дээр нь 16 давхар, 240 айлын орон сууц барихаар болж оршин суугчидтай гэрээ байгуулсан бөгөөд миний бие 2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Н.А ХХК-тай 46 тоот “Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 3-48 дугаар байрны оршин суугчидтай байгуулсан орон сууцаар хангах тухай гэрээ”, 2013 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 46/131 тоот нэмэлт гэрээг тус тус  байгуулж өөрий эзэмшиж байсан 36 м.кв талбай бүхий орон сууцны оронд шинээр баригдах орон сууцны “А” блокын 8 дугаар давхрын 131 тоот 46,36 м.кв талбай бүхий орон сууцыг сонгож, зөрүү 10,36 м.кв-ын үнэ 10 360 000 төгрөгийг төлж, орон сууцыг өмчлөхөөр тохиролцсон.

 Дээрх гэрээний дагуу 2013 оны 7 дугаар сарын 8-ны өдөр 2 072 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 5 750 000 төгрөгийг хариуцагч Н.А ХХК-д төлж барагдуулсан.

Бидний хооронд байгуулагдсан 46 тоот гэрээний 1.2-т сууц өмчлөгчийн хуучин орон сууцны нийт ашигтай талбайн хэмжээг хэвээр хадгалан шинэ баригдсан орон сууцыг давуу эрхээр үнэгүй олгох, 2.7-д сууц өмчлөгчдийн хуучин орон сууцны ашигтай талбайн хэмжээнээс илүү, дутуу гаргалгүй шинэ орон сууц олгох үүргийг Н.А ХХК хүлээх, 3.1-д шинээр өмчлөх орон сууцны талбайн хэмжээ нь хуучин эзэмшиж байсан талбайн хэмжээнээс багагүй байх ба давуу эрхтэйгээр эзэмших эхний ээлжинд эдлэхээр тус тус заасан.

Гэтэл хариуцагч Н.А ХХК нь 2016 оны 4 дүгээр сард уг барилгын “А” блокыг ашиглалтанд оруулж, улсын комисст хүлээлгэн өгсөн боловч миний сонгосон 131 тоот орон сууцыг надад хүлээлгэж өгөөгүй, энэ байдлыг тодруулахаар очиход миний сонгосон орон сууцыг 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр иргэн Т.Бтэй байгуулсан  “Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ”-ний дагуу түүнд шилжүүлсэн байсан.

Хариуцагч Н.А ХХК нь миний гэр бүлийн амьдарч байсан орон сууцыг хүн ажиллаж амьдрах таатай нөхцөл бүрдсэн, эрүүл мэндэд хор нөлөөгүй, шинэ орон сууцаар сольж өгнө хэмээн тохиролцчихоод хууль бус үйлдэл гаргаж, миний гэр бүлийг орох оронгүй болгож, сэтгэл санаа, санхүүгийн  хувьд ч ихээхэн хүнд байдалд оруулсан, урьд 2012 онд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр байхад өөр этгээдтэй гэрээ гэрээ байгуулсан нь хууль бус гэж үзэж байна. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дүнд хариуцагч Т.Б орон сууцыг мөн хууль бусаар эзэмшилдээ байлгаж байгаа болно. 

Иймд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 240 айлын орон сууцны барилгын А блок, 131 тоот, 46,36 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Д.Нямсүрэн намайг тогтоож, өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримтыг гаргаж өгөхийг хариуцагч Н.А ХХК-д даалгаж, 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр иргэн Т.Бтэй байгуулсан  “Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцож, орон сууцыг Т.Бийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү.

Хариуцагч Н.А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч компанийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгчтэй 2012 онд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр байхад Т.Бтай 2014 онд давхардуулан гэрээ хийсэн байдаг. Нэгэнт 1 орон сууцыг 2 хүнтэй давхардуулан гэрээ хийсэн, аль нэг нь өмчлөгчөөр тогтоолгож, нөгөө тал хохирлоо нэхэмжлэх эрхтэй юм. Д.Нямсүрэнгийн хувьд өөрийн эзэмшиж байсан орон сууцаа нураалгасан, тухайн баригдсан орон сууцанд тэргүүн ээлжинд орох давуу эрхтэй байсан тул өмчлөгчөөр тогтооход татгалзахгүй.

Хариуцагч Т.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Н.А ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулан Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах, тус компанийн барьж байсан “Шинэ ирээдүй” 240 айлын орон сууцны “А” блок, 131 тоотын 2 өрөө 46,36 м.кв орон сууцыг захиалан төлбөрийг бүрэн төлж, уг байранд оршин сууж байгаа билээ. Мөн байрыг хүлээн авахад талбайн зөрүү гарч дахин төлбөрийг нэмж төлснөөр байрны хууль ёсны өмчлөгч болсон юм.

Д.Нямсүрэн гэдэг айлтай миний захиалсан байр давхацсаныг байрандаа орсноосоо хойш мэдсэн бөгөөд энэ асуудлыг шийдвэрлэж өгөхийг Н.А ХХК-ийн удирдлагуудад удаа дараа хэлэхэд “энэ асуудал танд хохиролгүй шийдэгдэх юм байгаа юм аа, учир нь байрны үлдэгдэл төлбөрийн асуудал бидэнд бий” гэсэн хариу өгч байсан.

Үнэхээр тийм юм байх гэж өнөөдрийг хүрсэн боловч одоо үнийг нь бүрэн төлсөн байрнаасаа хөөгдөх болоод байна. Нэхэмжлэгчийн өмнө тус шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шүүгчийн 184/ШЗ2016/05071 дугаар захирамжаар шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрт заагдсан зөрчил одоог болтол арилаагүй. Миний бие тухайн орон сууцыг Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсгүүдэд зааснаар шударгаар эзэмшиж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлээс гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдийн  тайлбар зэргийг шинжлэн судлаад

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Нямсүрэн нь Н.А ХХК болон Т.Б нарт холбогдуулан  Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 16 давхар, 240 айлын орон сууцны барилгын “А” блок, 131 тоот, 46,36 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримтыг гаргаж өгөхийг хариуцагч Н.А ХХК-д даалгах, Н.А ХХК болон Т.Б нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан “Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах, орон сууцыг Т.Бийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

Нэхэмжлэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 240 айлын орон сууцны барилгын А блок, 131 тоот, 46,36 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримтыг гаргаж өгөхийг хариуцагч Н.А ХХК-д даалгах шаардлагын тухайд: 

Нэхэмжлэгч Д.Нямсүрэн нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 3-48 дугаар байр, 46 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201010880 дугаарт бүртгэлтэй, 16 /36/ м.кв талбай бүхий байрны өмчлөгч бөгөөд 2012 оны  4 дүгээр сарын 13-ны өдөр хариуцагч Н.А ХХК-тай “Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 3-48 дугаар байрны оршин суугчидтай байгуулсан орон сууцаар хангах тухай гэрээ” байгуулж, 2013 оны 3 дугаар сарын 30-ны өдөр гэрээнд 46/131 тоот хавсралтаар  нэмэлт өөрчлөлт оруулсан байна. /хх-ийн 10, 59-р тал/ 

Үндсэн гэрээгээр хариуцагч Н.А ХХК нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцыг буулгаж, оронд нь шинээр орон сууц барин, сууц өмчлөгчийн хуучин орон сууцны нийт ашигтай талбайн хэмжээг хэвээр хадгалан шинээр баригдсан орон сууцыг давуу эрхээр олгох, орон сууцны талбай нь тухайн м.кв-аас илүү гарсан тохиолдолд талбайн зөрүүг зах зээлийн үнээр тохиролцож тооцоо хийх, хавсралтаар  Д.Нямсүрэн нь шинээр баригдах орон сууцны “А” блокын 8 дугаар давхрын 131 тоот 46,36 м.кв талбай бүхий орон сууцыг сонгож, зөрүү 10,36 м.кв-ын үнэ 10 360 000 төгрөгийг хуваарийн дагуу төлөхөөр тохиролцжээ. 

Нэхэмжлэгч Д.Нямсүрэн нь гэрээний 46/131 хавсралтаар 5 дахь хэсэгт зааснаар 2013 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс хойш 7 хоногийн дотор төлөх 2 072 000 төгрөгийг 2013 оны 7 дугаар сарын 8-ны өдөр төлж гэрээний хугацааг хэтрүүлсэн боловч, хариуцагч тал уг зөрчилтэй холбоотойгоор гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлээгүй бөгөөд нэхэмжлэгчээс 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 5 750 000 төгрөгийг хүлээн авсан, мөн гэрээний үлдэгдэл 2 538 000 төгрөгийг төлөөгүй байгаа үйл баримтын талаар талууд маргахгүй  байна. /хх-ийн 12-р тал/

Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр Н.А ХХК нь хуучин орон сууцны талбайн хэмжээгээр шинэ орон сууц иргэн Д.Нямсүрэнд өгөх, тэрээр илүү гарсан талбайн зөрүү үнийг төлөхөөр тохирсон нь  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний шинжийг илүү агуулсан байх тул талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, энэхүү гэрээний дагуу худалдан авагч тал үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн байхад, худалдагч тал орон сууцыг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй байна гэж дүгнэв. 

Хариуцагч Н.А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгч Д.Нямсүрэнтэй байгуулсан гэрээ хүчин төгөлдөр болохыг, маргаж буй орон сууцыг эзэмших эрхтэй болохыг тус тус хүлээн зөвшөөрсөн болно.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээхээр заасан ба хариуцагч Н.А ХХК орон сууцыг нэхэмжлэгч Д.Нямсүрэнд  шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

  Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болохоор заасан байх тул нэхэмжлэгчийг Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 240 айлын орон сууцны барилгын А блок, 131 тоот, 46,36 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримтыг гаргаж өгөхийг хариуцагч Н.А ХХК-д даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэлийн хариуцагч Н.А ХХК болон хариуцагч Т.Б нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан “Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагын тухайд:

Хариуцагч Н.А ХХК нэхэмжлэгчтэй байгуулсан 46 тоот гэрээнээс татгалзаагүй, орон сууцны талбайн зөрүү төлбөрийг хүлээн авсаар байсан атлаа гэрээний зүйл болох   “А” блокын 131 тоот, 46,36 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг давхардуулан худалдахаар хариуцагч Т.Бтэй 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ” хийж,  төлбөрийг бүрэн авсан, одоо хариуцагч Т.Б 131 тоот орон сууцыг эзэмшиж байгаа болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 66, 68, 69-р тал/

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1 дэх хэсэгт хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хийсэн бол хүчин төгөлдөр бус байхаар зохицуулжээ.

Хариуцагч Т.Б нь маргаан бүхий орон сууцыг худалдан авахаар гэрээ байгуулах үедээ давхардсан гэдгийг мэдсэн, мэдэх боломжтой байсан нь Н.А ХХК-ийн удирдлагуудтай уулзахад энэхүү орон сууцыг өмнө өөр этгээдтэй давхардуулан гэрээ байгуулсан, энэхүү  гэрээг цуцалж, өөрт нь  ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө хэмээн амлаж байсан” гэх түүний тайлбараар нотлогдох бөгөөд хариуцагч Т.Бийг Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийг шударгаар олж авсан гэх үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч Н.А ХХК болон хариуцагч Т.Б нар нь  2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ”-г хууль зөрчин байгуулсан байх тул уг хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн нэхэмжлэгч Д.Нямсүрэнгийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэлийн үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүх шаардлагын тухайд:

Хариуцагч Т.Б нь нэхэмжлэгч Д.Н-н худалдан авсан Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 240 айлын орон сууцны барилгын А блок, 131 тоот, 46,36 м.кв 2 өрөө орон сууцыг хариуцагч  Н.А ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан “Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ”-ний дагуу эзэмшилдээ авч, тухайн байранд амьдарч байгаа болох нь талуудын тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

Иргэнийн хууулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан байх бөгөөд  шүүхээс маргаж буй орон сууцыг эзэмших үндэслэл болсон “Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэн, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 16 давхар, 240 айлын орон сууцны барилгын “А” блок, 131 тоот, 46,36 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Д.Нямсүрэнг тогтоосон тул уг орон сууцыг хууль бус эзэмшлээсээ чөлөөлөхийн хариуцагч Т.Бт даалгаж шийдвэрлэв. 

Хариуцагч “Номтын ам”   ХХК-иас нэхэмжлэгч Д.Нямсүрэнд 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 200 дугаартай албан бичгээр гомдлыг барагдуулах үүднээс  55 000 000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 15-ны дотор буцаан төлөхөөр санал болгосон боловч хэрэгжүүлээгүй байх бөгөөд энэхүү баримтыг үндэслэн талуудын хооронд байгуулсан 131 тоот гэрээг цуцласан гэж үзэх үндэслэлгүй байна. /хх-ийн 60 дугаар тал/

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шаардлагадаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.4 дэх хэсэгт зааснаар тухайн хэлцлийн үнийн дүн 50 996 000 төгрөгийн хэмжээгээр нэхэмжлэлийн үнийг тогтоон 412 930 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлөх байтал 70 200 төгрөг төлсөн тул  342 730 төгрөгийг нөхөн төлүүлж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон                                                                                                           

                                                                                                                     ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 16 давхар, 240 айлын орон сууцны барилгын “А” блок, 131 тоот, 46,36 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Д.Нямсүрэнг тогтоож, орон сууцыг өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг нэхэмжлэгчид гаргаж өгөхийг хариуцагч Н.А ХХК-д даалгасугай.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.А ХХК болон хариуцагч Т.Б нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан “Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсүгэй.

3. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 16 давхар, 240 айлын орон сууцны барилгын “А” блок, 131 тоот, 46,36 м.кв 2 өрөө орон сууцыг чөлөөлөхийг хариуцагч Т.Бт даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1  дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 342 730 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч  Т.Бээс 206 465 төгрөг, хариуцагч Н.А ХХК-иас 346 865 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

     

                      

 

                     ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                      Т.БАТСҮХ