Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/960

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч С.Энхням,

шүүгдэгч Б.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Б-ын Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008014521437 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дуучин, хуваариа барилгын засал чимэглэлийн ажил эрхэлдэг, ам бүл 3, эгч, дүүгийн хамт амьдардаг гэх, Сүхбаатар аймгийн ... сумын ...-р баг, ... тоотод оршин суух бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо ... дугаар гудамжны ... тоотод оршин сууж байгаа, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Б-ын Ч (РД:...);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ч нь 2020 оны 03 дугаар сарын 08-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоотод байрлах Т.А-ын гэрт Т.А, Ц.Г нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж, тэдгээрийн согтуурсан байдлыг ашиглан тэд нарт мэдэгдэлгүйгээр иргэн Т.А-ын гэрээс мөнгөн дардас, S6 edge plus маркийн гар утас, хагас түрийтэй лакан гутал, улаан хүрэн арьсан гутал, хөөргийн толгойн 20 мөнгөний шахмал шүр, Jack wolfskin гэсэн бичигтэй аяллын пүүз, нокиа маркийн гар утсыг нууцаар авч, хохирогч Т.А-т 440,000 төгрөгийн хохирол, улмаар Т.А-ын гэрийн гадна байсан хохирогч Ц.Гийн ... улсын дугаартай Тоёота приүс-11 маркийн автомашиныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Ц.Г-т 4,900,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...гэм буруу дээр маргахгүй, гэмшиж байна. Хохирогч нарт учирсан хохирлыг ажил хийж төлөхөө илэрхийлж байна” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Ч нь 2020 оны 03 дугаар сарын 08-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоотод байрлах Т.А-ын гэрт Т.А-, Ц.Г нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж, тэдгээрийн согтуурсан байдлыг ашиглан тэд нарт мэдэгдэлгүйгээр  иргэн Т.А-ын гэрээс мөнгөн дардас, S6 edge plus маркийн гар утас, хагас түрийтэй лакан гутал, улаан хүрэн арьсан гутал, хөөргийн толгойн 20 мөнгөний шахмал шүр, Jack wolfskin гэсэн бичигтэй аяллын пүүз, нокиа маркийн гар утсыг нууцаар авч, хохирогч Т.А-т 440,000 төгрөгийн хохирол, улмаар Т.А-ын гэрийн гадна байсан хохирогч Ц.Гийн ... улсын дугаартай Тоёота приүс-11 маркийн автомашиныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Ц.Гт 4,900,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 21-22 дахь тал),

2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 23-24 дэх тал),

3. Хохирогч Ц.Гийн: “...Би 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгаас Улаанбаатар хотод ирсэн. Тэгээд 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн ... дугаар хороо бичил хороололд байрлах “...” зочид буудалд орсон. 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн өглөө 08 цагийн үед буудлын 2 давхрын 201 тоот манай өрөөнд урд талын өрөөнд буудалд байсан залуу нь манай өрөөнд орж ирж надтай танилцаад бид хоёр хоорондоо юм ярилцаж байгаад тухайн буудлаас 09 цагийн үед гарч миний ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг надтай буудалд танилцсан залуу нь жолоодож Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо 66-33 тоотод манай найз А-ын гэрт тухайн танилцсан залуутай хамт ирээд бид гурав нэг шил 0,75 граммын Улаанбаатар нэртэй архи хувааж уусан. Тэгээд би тухайн архийг ууж дуусгаагүй унтсан. Манай найз тухайн залуутай дахиад нэг шил 0,5 граммын Улаанбаатар архи хувааж уусан гэж байсан. Тэгээд надтай буудалд танилцсан залуу нь манай найзын эс-6 маркийн гар утас, миний нокиа маркийн хөх өнгийн гар утас, найзын гэрт байсан мөнгөн дардас зэргийг, миний халаасанд байсан тээврийн хэрэгслийн түлхүүрийг авч ... улсын дугаартай приус 11 тээврийн хэрэгслийг унаж алга болсон байсан. Тэгээд тухайн залууг 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээгээд ирэхгүй байхаар нь цагдаагийн байгууллагад хандаж байна. Тухайн залуу нь өөрийгөө Чадраабал гэж байсан. ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30, 32 дахь тал),

4. Хохирогч Т.А-ын: “...2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр манай ******* ХХК-ийн байгууллагын март тэмдэглээд гэртээ харьж амарч байхад манай 10 жилийн ангийн найз Ц.Г нь найз болох Б.Ч-тайгаа манай хаалгыг нүдээд манай гэрт орж ирсэн. Тэгээд цагаан сараар ирээгүй юм гээд найздаа бууз жигнээд 1 шил 1 литрийн Eden нэртэй архи задлаад бид гурав хувааж ууцгаасан. Тэгээд Ц.Г нэг архи гаргаж ирээд задлаад тэрийг бас бид гурав хувааж уугаад нэлээн согтоод Ц.Г бид хоёр унтчихсан хойгуур манай гэрийг ухаад баахан юм аваад явсан байсан. 3 сая дахь иргэний ерөнхийлөгчийн зарлигтай Монгол банкны үнэлэмжийн сертибкаттай мөнгөн дардас 1 ширхэг, Samsung s6 edge plus маркийн гар утас 1 ширхэг, хагас түрийтэй лакан гутал 1 хос, улаан хүрэн өнгийн арьсан гутал 1 ширхэг, хөөрөгний толгойн 20 мөнгөн шахмал шүр 1 ширхэг, Jack wolskskin гэсэн бичиглэлтэй аяллын пүүз 1 хос зэрэг эд зүйлс алдагдсан. Би Б.Ч-ыг огт танихгүй, Ц.Г миний дүү гээд манай гэрт дагуулаад орж ирсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дахь тал),

5.Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “...приус 1 маркийн тээврийн хэрэгслийг 4.700.000 төгрөгөөр, иргэн Т.А-ын алдагдсан эд зүйлийг 460.000 төгрөг, нийт дүн-5,160,000 төгрөг” (хавтаст хэргийн 58-59 дэх тал),

6. Гэрч Ц.Дгийн: “...2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 12 цагийн үед Баянзүрх дүүрэгт байрлах Даа хүрээ авто худалдааны төвийн Хаан банкны арын худгийн хашааны гудамжинд байж байхад 3 залуу ... улсын дугаартай приус 11 тээврийн хэрэгслийг худалдаж авах уу гэхээр нь би тухайн үед хэдэн төгрөгөөр худалдах юм гэхэд цуг байсан 3 залуугийн өндөр нь 4,000,000 төгрөгөөр худалдана гэхээр нь тухайн тээврийн хэрэгслийг бичиг баримтыг үзье гэхэд тухайн залуу нь урд шөнө согтуу явж байгаад хүний тээврийн хэрэгсэл мөргөөд барьцаа мөнгө болох 120,000 төгрөгт тавьсан гэж байсан. Тэгээд тухайн өндөр залуу нь танд тээврийн хэрэгслийг 300,000 төгрөгөөр барьцаанд тавиад тээврийн хэрэгслийг шилжүүлж өгье гэсэн. Тэгээд тухайн залуучууд тээврийн хэрэгслийг унаад явсан. Тэгээд удалгүй тухайн залуучууд надтай ... дугаарын утсаар холбогдож та тээврийн хэрэгслийг 4,000,000 төгрөгөөс татаад аваач гэхээр нь би Баянзүрх дүүрэгт байрлах Эрдэнэ толгойн МТ шатахуун түгээх дээр байна гэхээр нь би Д гэх залуугийн хамт очсон. Тэгээд очиход 3 залуу 1 эмэгтэйн хамт байсан. Тэгээд тээврийн хэрэгслийг гадна талаас үзэж өөрийн утас дээр тээврийн хэрэгсэл барьцаанд тавьж байгаа залууг бичлэгт оруулж утсаар бичлэг хийж авч үнэ тохирч бэлэн 300,000 төгрөгийг өөрийн хаан банкны ... гэсэн данснаас авч өндөр залууд бэлнээр өгсөн.Мөн дансаар 200,000 төгрөг нэмж өгсөн” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 47-48, 131 дэх тал),

7. Гэрч Б.Д-ы: “...Тухайн тээврийн хэрэгслийг худалдсан залуу нь  тээврийн хэрэгслийн эзэн нь би байна. Бичиг баримтыг нь мөргөлдөөд бичиг баримтыг өгсөн байгаа, одоо 300.000 төгрөг өгөх юм бол тээврийн хэрэгслийн гэрчилгээг авчраад таны нэр дээр шилжүүлж өгнө гэж хэлсэн. Би тухайн тээврийн хэрэгслийг 4,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч урьдчилгаа 300,000 төгрөгийг бэлнээр АТМ руу явж, тээврийн хэрэгслийн жолооч талын урд сууж явсан залууд ...өгсөн гэж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 44 дэх тал),

8. Эд зүйлс хүлээлгэн өгсөн тухай: “...Хохирогч Ц.Г-т Мөнгөлөг шаргал өнгийн******* улсын дугаартай приус 11 тээврийн хэрэгсэл, Ц овогтой Г-гийн жолооны үнэмлэх 1 ширхэг, тээврийн хэрэгсэл худалдан авах гэрээ 1 ширхэг зэргийг хүлээлгэн өгсөн” тэмдэглэл (хавтаст хэргийн 57 дахь тал),

9. Шүүгдэгч Б.Ч-ын яллагдагчаар өгсөн: “...Би хүлээн зөвшөөрч хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 125 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөл, эзэмшилд буй эд хөрөнгө, эд юмсыг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэлгүйгээр шунахай сэдэлт, зорилгоор нууц байдлаар гэмт этгээд нь авч өөртөө захиран зарцуулж буй хууль бус үйлдлийг ойлгоно.

Гэмт этгээдийн нууцаар авч байгаа арга нь субъектив ойлголт бөгөөд зарим тохиолдолд  хүмүүсийг үл тоомсорлож  тэдний дэргэд  хулгайлах  тохиолдол байна. Тухайлбал, бага насны хүүхэд, хөгшид, өвчтэй, мансуурсан, согтуурсан, унтсан байдлыг ашиглан үйлдсэн тохиолдолд  хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

Хэргийн үйл баримтаас дүгнэвэл, шүүгдэгч нь хохирогч Ц.Г-тай буудалд танилцан улмаар Ц.Гийг даган түүний найз Т.А-ын гэрт очин хамтдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, улмаар хохирогч нарыг согтуурсан, унтсан хойгуур Т.А-ын гэрээс үнэ бүхий эд хөрөнгийг, Ц.Г-ийн халааснаас машины түлхүүр авч түүний эзэмшлийн приус 11 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон, хохирогч нарт мэдэгдэлгүйгээр хууль бусаар авч явснаар хулгайлах гэмт хэрэг төгссөн, улмаар Ц.Гийн тээврийн хэрэгслийг бусдад зарж борлуулах гэж оролдсон нөхцөл байдал нь гэрч Ц.Д, Б.Д нарын мэдүүлгээр тогтоогдсон, түүний бусдын өмчлөх эрхэд халдсан энэхүү үйлдэл нь “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан, тэрбээр өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас үүсэн гарах үр дагаврыг мэдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Иймээс шүүгдэгч Б.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч Б.Ч-ын үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Т.А-т 440.000 төгрөгийн хохирол, хохирогч Ц.Г-т 4.900.000 төгрөгийн хохирол тус тус учруулснаас хохирогч Ц.Гийн эзэмшлийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Ц.Д-гээс хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн баримттай байх тул шүүгдэгч Б.Ч нь хохирогч Ц.Г-т төлөх төлбөргүй болно. Харин хохирогч Т.А-т учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй байх тул түүнээс нийт 940.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Т.А-т 440,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.Д-д 500,000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч нь “...гэм буруу дээр маргаагүй тул хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Б.Ч-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Ч-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал, түүний үйлдсэн гэмт хэргийн байдал, нийгмийн аюулын шинж, хохирогч нарын зүгээс огт танихгүй, зан араншинг нь мэдэхгүй хүмүүсийг гэртээ аваачин нийлж архидан согтуурдаг, энэ үедээ эд хөрөнгөө сул, хяналтгүй орхидог байдал нь бусдад өгөөш болсон, шүүгдэгч нь бусдад учруулсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чд 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн.

Харин шүүгдэгч Б.Чын үйлдсэн гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд 2020 оны 3 дугаар сарын 08-ны шөнө үйлдэгдсэн нь Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т заасан цаг хугацаа, хүрээнд хамаарсан, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт 2015 оны Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/ гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Чд оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих үндэслэлтэй байна.

Иймээс шүүгдэгч Б.Ч-д оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо ... дугаар гудамжны ... тоот оршин суугаа хаягаа өөрчлөх үүргийг 1 жил 6 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Ч нь 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 21 хоног цагдан хоригдсон байх тул түүний эдлэх ялд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-ын цагдан хоригдсон 21 хоногийг зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногоор тооцон түүний эдлэх 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж, түүний эдлэх зорчих эрх хязгаарлах ялын хугацааг 01 жил 05 сар 09 хоногийн хугацаагаар тогтоов.

Харин шүүгдэгч Б.Ч нь эдлүүлэхээр тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ч-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б-ын Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-д 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих  ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо ... дугаар гудамжны ... тоотод оршин суугаа хаягаа өөрчлөх үүргийг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-ын цагдан хоригдсон 21 (хорин нэг) хоногийг зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногоор тооцон түүний эдлэх 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж, түүний биечлэн эдлэх зорчих эрх хязгаарлах ялын хугацааг 1 (нэг) жил 5 (тав) сар 9 (ес) хоногийн хугацаагаар тогтоосугай.      

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эдлүүлэхээр тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Чд мэдэгдсүгэй.   

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-аас нийт 940,000 (есөн зуун дөчин мянга) төгрөг гаргуулж, хохирогч Т.А-т 440,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.Д-д 500,000 төгрөгийг тус тус олгосугай.

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.Чд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.АЛТАНЦЭЦЭГ