Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/921

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Ж.Отгончимэг (томилолтоор),

шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Д-ийн М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208000001097 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ... ХХК-нд цэвэр усны түгээгч ажилтай,  ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Д-ийн М (РД:...);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 06-ны шөнө 03-04 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... материалын эцэст иргэн Х.Б-тай маргалдан  эрүүл мэндэд нь хамар яс,  хамрын  таславчийн  далд хугарал,  хамар, дух, зулайн зөөлөн эдийн  няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт: “...мэдүүлэг өгнө. Тухайн асуудалд тэр хүн ч буруутай, би ч буруутай. Хохирогч надтай адилхан уурлаж ухаан балартсан байсан. Харилцан л зодолдсон. Цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхдөө арай л хэтрүүлж ярьсан байна. Тэр хүн өөрөө эхлүүлчхээд зүв зүгээр байсан юм шиг юм ярьсан, надаас авсан хохирлын мөнгөөрөө Солонгос улс руу явчихсан байгаа. Би ч бас зодуулсан тухайн үедээ. Цагдаа энэ тэр гээд яах вэ салъя гэж явчхаад сүүлд нь ингэж олон юм яриад байгаа нь харамсалтай. Би хохирогчтой пабжий тоглоом тоглож байгаад танилцаад сүүлд нь нүүр тулж 2-3 удаа уулзсан. Хохирогчид учруулснаа бол зөвшөөрнө” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл)

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.М нь хохирогч Х.Б-тай хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 06-ны шөнө 03-04 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... материалын эцэст маргалдан харилцан ноцолдох явцдаа Х.Б-ын эрүүл мэндэд нь хамар яс,  хамрын  таславчийн  далд хугарал,  хамар, дух, зулайн зөөлөн эдийн  няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт нь: 

1. Хохирогч Х.Б-ын: “... Би 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хамт ажилладаг хүмүүстэйгээ хорооллын эцэст архи ууж байгаад салаад дуудлагын жолооч аваад  2022 оны 05 дугар сарын 06-ны шөнө 01 цагийн орчимд хуурай дүү Д.М-тай Нисэхийн ойролцоо уулзаад бааранд хамт орж виски  ууж байгаад дуудлагын жолооч дуудаад Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Ханын материалын  эцсийн автобусны  буудлын орчим  хүргүүлсэн ба тухайн үед хамт явж байсан Д.М-тай маргалдаад  бид 2 нэгнээ заамдалцаад  машинаас буусан. Тэгээд бид хоёр нэгнийхээ дээр доор орж унасан байх үед Д.М миний  нүүр лүү гараараа  хэд хэдэн удаа цохисон. Би буцаж хальт нэг удаа цохисон. Зодооны дараа  би мэдүүлэг өгөх үед Д.М-ыг надтай  ирж уулзаад уучлалт гуйх  байх гэж бодоод  зодооны талаар  нарийн яриагүй. Би Д.М-д  холбогдоод  миний хамар хугарсан  талаар хэлэхэд  чи гомдолгүй гэсэн  биз дээ гээд тоохгүй  байсан ба утсаа унтраагаад ямар нэгэн холбоогүй алга болсон. Би хамар хугарсан асуудалд хагалгаанд орох учир эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6 дахь тал),

2. Гэрч З.М-ийн: “... Би хувиараа дуудлагын жолоочоор ажилладаг бөгөөд 2022 оны 05 дугаар сарын 06-ны 04 цагийн үед 3,4 дүгээр хороолол, Өргөө  кино театрын орчмоос тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслээр ханын  материалын эцэст хүргүүлсэн ба машин дотор байхдаа маргалдаагүй. Харин машинаас буугаад Х.Б, Д.М гэх залуус юунаас болсныг мэдэхгүй, хоорондоо барилцаж аваад зууралдаад дээр доороо ороод ноцолдож эхэлсэн ба  би согтуу  залуучуудын дундуур орох юм бол дайрч магадгүй  гэж бодоод өөрийнхөө утасны дугаарыг үлдээгээд яваад өгсөн. ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал),

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 7528 дугаартай:

“Х.Б-ын биед хамар яс, хамрын таславчийн далд хугарал, хамар, дух, зулайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Учирсан гэмтэл нь  тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 12-13 дахь тал),

4. Шүүгдэгч Д.М-ын: “... хуурай ах Х.Б- бид хоёр 3,4 дүгээр хорооллын эцэст нэрийг нь мэдэхгүй пабад орж виски ууж байгаад гараад дахин дуудлагын жолооч дуудаад Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Ханын материалын  эцэст хүргүүлсэн ба яг юунаас болж маргалдсанаа санахгүй байна, би машинаас буухад араас Х.Б бууж ирээд надтай ноцолдоод  дээр доороо орж газар унаад  нэгнийгээ  гараараа хэд хэдэн удаа цохилцсон. Тэгээд босож ирээд би дух хэсгээрээ Х.Б-ын  хамар хэсэг рүү нэг удаа мөргөсөн, тэгээд өөр маргаан зодоон болоогүй, зугтаагаад яваад өгсөн. Тухайн асуудалд тэр хүн ч буруутай, би ч буруутай. Хохирогч надтай адилхан уурлаж ухаан балартсан байсан. Харилцан л зодолдсон. Цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхдөө арай л хэтрүүлж ярьсан байна. Тэр хүн өөрөө эхлүүлчхээд зүв зүгээр байсан юм шиг юм ярьсан, надаас авсан хохирлын мөнгөөрөө Солонгос улс руу явчихсан байгаа.. Би ч бас зодуулсан тухайн үедээ. Цагдаа энэ тэр гээд яах вэ салъя гэж явчхаад сүүлд нь ингэж олон юм яриад байгаа нь харамсалтай. Би хохирогчтой пабжий тоглоом тоглож байгаад танилцаад сүүлд нь нүүр тулж 2-3 удаа уулзсан. Хохирогчид гэмтэл учруулснаа бол зөвшөөрнө..” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус хуульчилсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” шинжээр гэмт хэргийн шинжийг тодорхойлжээ.

Хэргийн үйл баримтуудаас харвал, шүүгдэгч Д.М нь хохирогч Х.Б-тай нийлж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  тодорхой шалтгаангүйгээр маргалдаж, харилцан ноцолдсон,  улмаар хохирогчийн нүүр рүү гараараа цохиж, хамар хэсэгт нь духаараа мөргөж гэмтээсэн үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо бий болсон байна. 

Шүүгдэгч Д.М нь хүний биед халдвал гэмтэл учрах эрсдэлтэй гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирогчийг цохих, мөргөх зэргээр хохирогчийн бие махбодод халдаж хүч хэрэглэж буй үйлдлийг хохирогчид хохирол учруулахыг хүсэж үйлдсэн гэж үзэх, дүгнэх үндэслэл болсон төдийгүй шүүгдэгчийн энэхүү үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэхээр байна.

Иймд шүүгдэгч Д.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэж зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов.   

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Х.Б нь хэрэгт баримтаар 130,000 төгрөгийн зардал нэхэмжилсэн байх боловч шүүгдэгч Д.М нь хохирогч Х.Б-т 3,500,000 төгрөг шилжүүлсэн нь хохирогчийн мэдүүлэг, дансны хуулга зэрэг баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгч Д.М-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч нь “торгох ял дээр санал нийлж байна” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Д.М-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй  нөхцөл байдлын улмаас  анх удаа  гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан” учруулсан хохирол төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нь согтууруулах ундааны зүй бус хэрэглээтэй шууд холбоотой, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж, шүүгдэгч Д.М нь хувийн байдлын хувьд ... ХХК-нд цэвэр усны түгээгчийн ажил хийдэг буюу ажил хөдөлмөр эрхэлдэг, орлоготойг илэрхийлэх баримттай, түүний үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн төрлийн ангилалд хамаарсан зэрэг дээрх нөхцөл байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ял оногдуулж, түүний сард авдаг цалин хөлс орлогын байдлыг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.М нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Д.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Д-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөгийг шүүгдэгчид төлсөн, цаашид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус бүр хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ