| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2018/0067/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/91 |
| Огноо | 2018-02-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 2018/ШЦТ/91
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С
Улсын яллагч Б.Ж
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б
Шүүгдэгч П.Г-г оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Г-т холбогдох эрүүгийн 1825000000072 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
П.Г
Шүүгдэгч П.Г нь 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн **** тоотод Н.Б-той маргалдаж, зүүн мөр, цээжинд 2 удаа хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэг авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Н.Б ын... “2018 оны 01 дүгээр сарын 22-ны үед Г гийн гэрт Г бид хоёр 0,75 литр хоёр шил архи хувааж уусан. Тэгсэн Г согтчихоод эхнэртэйгээ муудалцаад байхаар нь би эхнэртэйгээ битгий хэрэлдээд бай гэтэл Г над руу уурлан үгийн зөрүүгүй зүүн гарын булчин, зүүн талын хавирган тушаа хутгаар зүссэн. Би өөрийнхөө цусыг хараад ухаан алдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/
2. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 137 дугаартай шинжээчийн дүгнэлтийн ... “Н.Б-н биед зүүн мөр, цээжинд 2 тооны хатгагдаж зүсэгдсэн шарх үүсчээ. Эдгээр гэмтэл нь хурц үзүүр ирмэгтэй зүйлийн 2 удаагийн хатгах, хатгагдах, зүсэх, зүсэгдэх хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй”... гэх дүгнэлт. /хх-ийн 13-р хуудас/
3. Гэрч Г.О ийн.... “Г ах гарлаа гээд гартал Б нь Г гийн эхнэр Б г гэр оронгүй гуйлгачин минь манайхаас нөхрийгөө аваад зайлаач гэж хэлээд Б гийн дух руу 2 удаа цохисон. Тэгсэн гаднаас Г орж ирээд чи манай авгайг цохидог хэн бэ гэж уурласан. Тэгсэн Б нь Г намайг хутгалчихлаа шүү дээ гэж орилж байсан”... гэх мэдүүлэг /хх-ийн 22 хуудас/
4. Гэрч Б гийн ... “Тэр үед манай нөхөр гаднаас орж ирэхээр нь би нөхөртөө хандаж Б намайг хэл амаар доромжилж 2, 3 удаа цохиж авсан гэж хэлээд эргээд хартал Б намайг мөр лүү хутгалчихлаа гээд орилоод явчихсан. Би нөхрөө хаанаас хутга авсныг хараагүй. Б-г хартал мөрний хэсэг орчмоос нь цус гарч байсан, мөн хэвлий орчмоос цус гарч байсан ” ... гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцогч нараас шинэ нотлох баримт ирүүлээгүй, хохирогч Н.Б нь “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, эмчилгээний төлбөр болон хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлсэн байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгч П.Г “мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээж байна” гэв.
Шинжлэн судалсан нотлох баримтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Ял шийтгэл оногдуулах үндэстэй. Шүүгдэгч П.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэх саналтай байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар мэтгэлцэхгүй. Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хуульд заасан доод хэмжээгээр торгох ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан хохирогч Н.Б-н мэдүүлэг, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 137 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрч О , Б нарын мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч П.Г нь 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн **** тоотод хохирогч Н.Б-той маргалдаж зүүн мөр, цээжинд 2 удаа хутгаар хатгаж гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Хохирогч Н.Б-д учирсан гэмлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах тухай шүүх шинжилгээний шинжээчийн дүгнэлт үндэстэй байх тул шүүгдэгч П.Г-гхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзлээ.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгэгч П.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6-д заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт үндэстэй байх тул шүүгдэгчид торгох ял оногдуулж, түүний хувийн байдлыг харгалзан уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт П-н Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч П.Г-т оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.А