Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/856

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,

улсын яллагч Д.Ширэндэв (томилолт),

шүүгдэгч З.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ш т овогт З-ий М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108027810919 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй,  ажилгүй, ам бүл 1, Архангай аймгийн ... сумын ... багт оршин суух хаягтай,

урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ШЦТ/857 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасныг журамлан дээрх ялуудыг нэмж биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 4 сар 6 хоногийн хугацаагаар тогтоосон, ял эдэлж буй Ш т овогт З-ий М (РД:...),

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч З.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* нэртэй караоке дотор бүжиглэж байх явцдаа  иргэн Б.М-тай “мөрлөлөө” гэх асуудлаас үүдэлтэйгээр маргалдан толгойн тус газарт пивоны шилээр цохиж, хөлөөрөө өшиглөн зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

       ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч З.М шүүхийн хэлэлцүүлэгт: “...мэдүүлэг өгнө. Хохирогчид хохирол учруулсандаа гэмшиж байна. Би хохирогч руу пивоны шил шидсэн байгаа. Тухайн үед миний биед ч гэсэн гэмтэл байсан, нүүр хэсэгт жаахан хавдсан байсан ч учирсан гэмтэл гээд байх юм бол байгаагүй.” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

Хохирогч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би тухайн үеийн үйл явдлыг бол санахгүй байгаа, камерын бичлэгийг үзэхэд энэ залуу нь /З.М/ намайг доошоо  тонгойлгож дарж  байгаад  миний нүүр хэсэг рүү  нэг удаа өшиглөсөн. Тэгээд дараа нь пивоны шилээр цохиж байгаа нь бичигдсэн байсан. Би хохирол гэж авсан зүйлгүй, би одоо эмчилгээний зардалд зарцуулсан 697,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл)

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч З.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* нэртэй караоке дотор үйлчлүүлж байхдаа иргэн Б.М-тай маргалдан зодсон буюу толгойн тус газарт пивоны шилээр цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодсоны улмаас зүүн чихэнд шарх, дух зулай, зүүн  чамархай,  дагзанд  зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь: 

1. Хохирогч Б.М-ын: “...Би 2021 ооны 10 дугаар сарын 24-ний  орой 22 цагийн үед дүү М-ийн хамт Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ******* караокед орсон. Тэнд найз Б.М, О нар байсан бөгөөд нийлээд нэг ширээнд суусан. Энэ үед О нь яваад өгсөн. Тэгээд би  сууж байгаад босож бүжгийн талбай дээр очиж бүжиглэж  байхад нэг  танихгүй залуу намайг мөрлөөд  бид хоёр маргалдсан. Тэгсэн тэр залуу  намайг доошоо  тонгойлгож дарж  байгаад  миний нүүр хэсэг рүү  нэг удаа өшиглөх үед  М-э, Д.М  ирж салгацгаасан байсан.  Тэгээд би сууж  байсан  ширээнээс очиж куртикээ өмсөөд гарах гэж байтал  нөгөө намайг өшиглөсөн залуу  ирээд пивоны шилээр  миний зүүн  чих хэсэг рүү  нэг удаа цохисон. Би энэ байдлыг бичлэгээс харсан. Би одоо эмчилгээний 697,000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14, 68 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл),

2. Гэрч Б.М-ийн: “...Тухайн өдөр манай танил ах М намайг Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... караокед дуудсан бөгөөд 2 найзтайгаа хамт сууж байсан. Тэгээд 4-лээ пиво ууж байгаад  М ахын хамт бүжиглэхээр гарч бүжиглэж байх явцад  хажуу ширээнд байсан танихгүй  2 залуугийн нэг нь М ахын толгойн ар хэсэг рүү пивоны шилээр 1 удаа цохиж,  газарт  унахад нь нүүр лүү нь 1 удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

3. Гэрч Д.М-ын: “...Элсэг цаг караокед сууж байхад  Б-гийн М нь нэг найзын хамт орж ирсэн.  Тэгээд хэсэг  хугацааны дараа  хүмүүс бүжиглэж эхлэхэд  Б.М нь  нэг залуутай маргалдаад  заамдалцаад зогсож  байхаар нь би болиулаад Б.М-ыг ширээн дээр суулгачхаад байж байтал нөгөө  маргалдаж байсан залуу  нь ширээн дээрээсээ нэг пивоны шил аваад  М-ын зүүн чих,  дагз  хэсэг рүү нь  нэг удаа цохиход Б.М нь унасан,  тэгээд нөгөө цохисон залуу сандал дээр сууж байгаад гараад гүйсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал),

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 10499 дугаартай:

“...Б.М-ын  биед зүүн чихэнд шарх, дух, зулай, зүүн чамархай, дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь 2-3 хоногийн өмнө  үүссэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дэх тал),

5. Шүүгдэгч З.М-ын: “...караоке дотор үл таних  тарган залуу  хүмүүсийг өдөж хоргоогоод  байхаар нь би  очоод болиоч  гээд хэлсэн чинь  миний нүд рүү нэг удаа цохиод авахаар нь  би зөрүүлж нүүр лүү нь цохисон. Бас  ууж байсан  пивоны шилээрээ толгой руу нь цохисон. Би хохирогчид хохирол учруулсандаа гэмшиж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...өөрийн үйлдэл,  эс үйлдэхүйг  хууль бус шинжтэй болохыг  ухамсарлаж  түүнийг  хүсэж үйлдсэн,  хохирол, хор уршигт  зориуд  хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл, шүүгдэгч З.М, хохирогч Б.М- нар  нь тус караокегоор үйлчлүүлэх явцдаа үл ялих зүйлээр шалтаглан хоорондоо маргалдсан байх бөгөөд архины ааг, олон нийтийн газар биеэ авч явах чадваргүй, соёлгүй байдал, зан араншин зэргээс шалтгаалан шүүгдэгч нь хохирогчийн толгой руу пивоны шилээр цохисон, нүүр лүү өшиглөж хохирогчийн эсрэг чиглэсэн үйлдэл хийсэн, уг үйлдэл хийж буйгаа ухамсарлаж ойлгосон ч хэн нэгний нөлөөгүйгээр өөрийн хүсэл зоригийн дагуу гүйцэтгэсэн, тус үйлдлийн үр дагаварт нь хохирогчид хөнгөн гэмтэл бүхий хохирол, үүнээс улбаатай хор уршиг учирсан байх тул түүний энэхүү үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Иймээс шүүгдэгч З.М-ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.М-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээ, шинжилгээ хийлгэсэнтэй холбогдуулан 697,000 төгрөгийн зардлын баримтыг гаргаж өгсөн байх тул энэхүү зардлыг шүүгдэгч З.М-аас гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна. (хавтаст хэргийн 74 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл)

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч З.М-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар  зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, улмаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 24 хоногийн хорих ялд энэ ялыг нэмж биечлэн эдлэх ялын хугацааг 11 сар 24 хоногийн хугацаагаар тогтоож, нээлтэй хорих байгууллагад эдлүүлэх, цагдан хоригдсон 43 хоногийг эдлэх ял оруулан тооцох тухай” дүгнэлтийг,

Шүүгдэгч нь “ял дээр саналгүй” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч З.М-ын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүгдэгч З.М-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, олон нийтийн газар биеэ зөв зохистой авч яваагүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл болсон, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэмжээ зэргийг харгалзсанаас гадна тэрбээр хохирогчид хохирол төлсөн зүйлгүй, хувийн байдлын хувьд өмнө гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн, ялаа эдэлж байгаа зэрэг энэ байдлыг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Мад эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх зорчих эрхийг хязгаарлах ялыг нэг сарын хугацаагаар оногдуулж шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч нь өмнө Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ШЦТ/857 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан дээрх ялуудыг нэмж биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 4 сар 6 хоногийн хугацаагаар тогтоож эдлүүлсэн, улмаар уг ялаас 11 сар 02 хоногийн ялыг эдлээгүй үлдсэн байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар өмнөх 857 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 11 сар 02 хоногийн ял дээр, энэ тогтоолоор оногдуулсан 1 сарын хугацаагаар  зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон  нэгтгэж биечлэн эдлэх хорих ялын хугацааг 01 жил 02 хоногийн  хугацаагаар тогтоов.

Ингэхдээ 417 дугаар нээлттэй хорих ангиас З.М-ын ялын тооцоог 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр тасалбар болгож  10 сар 24 хоногийн хорих ялыг эдлээгүй үлдсэн гэж тооцсон байх боловч З.М-ыг 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр  хорих ангиас шилжүүлж, яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байх тул түүний эдлээгүй хорих ялын хугацааг 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөр тасалбар болгон тооцоход эдлээгүй үлдсэн ял нь 11 сар 02 хоног гэж тооцоологдсон болно.

Шүүгдэгч З.М-ыг 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр  хорих ангиас шилжүүлж, яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийт 51 хоног цагдан хоригдсон байх тул түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.    

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                    ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш т овогт З-ий М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.М-ад эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 (нэг) сарын хугацаагаар оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.М-ад 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ШЦТ/857 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 4 сар 6 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 11 (арван нэг) сар 02 (хоёр) хоногийн хорих ял дээр, энэ тогтоолоор оногдуулсан 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон нэгтгэж биечлэн эдлэх хорих ялын хугацааг 01 (нэг) жил 02 (хоёр) хоногийн  хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.М-ын цагдан хоригдсон 51 (тавин нэг) хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Мад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.М-аас 697,000 (зургаан зуун ерэн долоон мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч Б.М-ад олгосугай.

8. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч З.Мад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.М-ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.АЛТАНЦЭЦЭГ