| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2018/0081/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/91 |
| Огноо | 2018-02-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.И |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 2018/ШЦТ/91
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С
Улсын яллагч Л.О
Хохирогч Д.Г
Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М-т холбогдох эрүүгийн 1825000000064 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Б.М
Шүүгдэгч Б.М нь 2018 оны 01 сарын 18-ны шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн *** тоотод гэртээ Д.Г-той архи ууж байгаад маргалдаж, Д.Г-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэг авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Д.Г-н .. “2018 оны 01 сарын 18-ны өдөр А бид хоёр Наран багт нэг айлд очсон. Тэнд нэг бүдүүн эмэгтэй нөхөртэйгээ байсан. Ингээд нөгөө айлд ороод цай уугаад архиа уугаад гэрийн эзэн нь архи тойруулаад сууж байхад араас нэг өндөр залуу орж ирсэн. Тэгээд архиа ууцгаасан. А мөнгө гаргаж нөгөө өндөр залуугаар дахин нэг шил архи авахуулсан. Эхний архинаас надад 2-3 удаа хийж өгсөн. Би хоёр дахь архинаас 3 удаа тал хундагаар уусан юм. Тэр архи нь тойргоор явж байгаад дууссан. Тэр айлын эхнэр бүдүүн эмэгтэй нэг найзаасаа мөнгө зээлж аваад дахин нэг шил архи ууя гээд сүүлд орж ирсэн өндөр залуу А бүдүүн эмэгтэй бид 4 гэрээс нь гарч тэдний хойд гудамж руу явж нэг айлд очоод 10 000 төгрөг авсан. Тэр мөнгөөр нэг шил архи аваад буцаж гэрт нь ирж уусан. Би хоёр тал хундага архи уусан. Тэр гурав бол архийг хувааж уусан. Ингээд сууж байхад бүдүүн эмэгтэй надад нэг таньдаг эмэгтэй байгаа гэртээ авч ирж засал хийлгэх гэсэн чинь нөхөр дургүйцээд байх юм, найз нь сарын 40 000 төгрөгөөр энэ байшинг хөлсөлдөг юм гээд зүгээр юм яриад сууж байсан. Би өөдөөс нь нэг таньдаг бөө байгаа, бөө ер нь зүгээр шүү дээ би 12 дугаар ангийн хүүхдээ гаргаснаас хойш хүүхэд гаргаж чадаагүй тэгээд бөөгөөр засал хийлгээд нэг хүүтэй болсон юм гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр бөө надад ямар хамаатай юм, чи хүн дайруулж доромжиллоо гээд босоод ирсэн. Тэр эмэгтэй босож ирээд намайг түлхэж унагаад газар унасан байхад үснээс зулгааж хацар руу олон удаа алгадаад энд тэндээс гараараа базаж цамцны энгэр урсан. Тэр хүүхэн миний гарнаас болон гуянаас базаад байсан. Миний аман дотор хоёр завьж язарсан. Хоёр шанаа улайж хавдсан. Зүүн гарын булчин хөхөрсөн. Цээж хэсэг хөхөрсөн. Баруун гуянд хумсаар маажиж улайсан, дотор талдаа базаж хөхөрсөн. Зүүн талын гуя хөхөрсөн байгаа” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 18-22-р хуудас/
2.Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 сарын 25-ны өдрийн 145 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “Д.Г-н биед тархи доргилт, зүүн бугалга, дух, зүүн доод зовхи, цээж, зүүн болон баруун гуя, зүүн завжинд зөөлөн эдэд олон тооны цус хуралт үүссэн байна. Баруун өгзөг доорхи шалбархай нь үзүүр ирмэгтэй зүйлийн нэг удаагийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тархи доргилт нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн-11-р хуудас/
3.Шүүгдэгч Б.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би Г-г зодсон асуудал байхгүй. Манай гэрт ирэхдээ маш их согтуу байсан бөгөөд манайд ирж архи уугаад бүр нэмж согтсон. Ингээд манай гэрт бөөлж байна гээд сонин дуугараад байсан. Тэгснээ манай гэрээс явна гэхээр нь би согтуу харанхуй шөнө хаашаа явах гээд байгаа юм гээд араас нь тэвэрсэн чинь манай нөхөр М согтуу унтаж байгаад сэрээд наадахаа явах гээд байгаа юм бол явуулаач гэж надад хэлэхээр нь би Г-г тавьсан чинь дахиад явна гээд хаалга руу явахаар нь чи хаачих гээд байгаа юм бэ унтаад яваач гээд куртикний малгай хэсгээс нь татсан чинь өөрийн биеийн эрчээр газар толгойгоороо унасан. Тэгээд дахиад босч ирээд явна гээд байхаар нь би явуулахгүй гээд дахиад араас нь татсан чинь дахиад газар савж унасан. Тэгсэн Г-той хамт ирсэн А чи яагаад байгаа юм бэ гээд унт гээд Г-г татаж хажуудаа хэвтүүлсэн. Тэгээд Д ямар балай юм бэ гээд гараад явсан. Ганцогзол архи уухаараа их агсам юм байна лээ хүний үгэнд орно гэж байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ " Би Г-г зодож цохьсон зүйл байхгүй. Хохирогч согтчихоод бөөлөөд байсан. Тэгэд харанхуй шөнө явна гээд байхаар нь шөнө орой явж болохгүй, осгоно гэхэд тоохгүй явах гээд байхаар нь 2 удаа татсан. Хохирогчийг татах үед гэмтэл учирсан байх” гэв.
Хохирогч Д.Г мэдүүлэхдээ “Надад таньдаг бөө байгаа, бөө ер нь зүгээр шүү дээ. Би 12 дугаар ангийн хүүхдээ гаргаснаас хойш хүүхэд гаргаж чадаагүй. Тэгээд бөөгөөр засал хийлгээд нэг хүүтэй болсон юм гэж хэлсэн. Тэгсэн чинь М тэр бөө надад ямар надад хамаатай юм, чи хүн дайруулж доромжиллоо гээд босож ирээд намайг түлхэж унагаад газар унасан байхад зодсон. Одоо эмчилгээний зардал 500 000 төгрөг нэхэмжилнэ” гэв.
Шинжлэн судалсан нотлох баримтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Ял шийтгэл оногдуулах үндэстэй. Шүүгдэгч Б.М ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэх саналтай байна” гэв.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан хохирогч Д.Г-н мэдүүлэг, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 145 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.М нь 2018 оны 01 сарын 18-ны шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн *** тоотод гэртээ Д.Г-той хамт архи ууж байхдаа маргалдаж, түүнийг зодож гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Хохирогч Д.Г-д учирсан гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах тухай шүүх шинжилгээний шинжээчийн дүгнэлт үндэстэй байх тул шүүгдэгч Б.М ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзлээ.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгэгч Б.М ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6-д заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт үндэстэй байх тул шүүгдэгчид торгох ял оногдуулж, түүний хувийн байдлыг харгалзан ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Хохирогч Д.Г нь эмчилгээний зардал 500 000 төгрөг нэхэмжилсэн боловч хавтаст хэрэгт 158 400 төгрөгийн эм, тариа эмчилгээний зардлын баримт ирүүлсэн байна. Иймд ирүүлсэн баримтын хүрээнд хохирлыг шийдвэрлэж, хохирогч нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г овогт Б-ийн М ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахт хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-т оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.М ээс 158 400 /нэг зуун тавин найман мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулж хохирогч Д.Г-долгсугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч Д.Г нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.А