Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/924

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Ж.Отгончимэг,

шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч А.Амартогос нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт М-ийн Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 220801820853 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод оршин суух хаягтай, урьд:

-Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 321 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3-т зааснаар 15 жилийн  хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Өршөөл үзүүлэх комиссын 1234 дугаартай тогтоолоор Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д зааснаар эдлээгүй үлдсэн 13 жил 00 сар 05 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2014 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

-Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 жилийн хорих ял шийтгүүлж, 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

-Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 399 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 64 дугаартай шүүгчийн захирамжаар  Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 02 жил 10 сар 27 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн,

-Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 392 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хорих ялын хугацаа дуусаж сулласан,

-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 254 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2022 оны 03 дугаар сарын 04-ны хорих ялын хугацаа дуусаж суллагдсан, Б овогт М-ийн Б (РД:...);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Б нь 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 10-ны өдөрт шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар  гудамжны 4 тоотод оршин суух З.Ц-гийн өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшингийн цонхыг хагалан нэвтрэн орж, бусдын эд хөрөнгө болох монетон ээмэг 1 хос, бөгж, 2,5гр мөнгөн  хос ээмэг, цагаан болон хар мөнгөн ээмэг, бөгж, гинж, кулон, ширэн бүс, шар гуулин  цутгамалтай бугын эвэр бүхий иштэй хутга зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 3.545.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2022 оны  04 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр  гудамжны ... тоотод оршин суух Н.Э-ын өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрийн цоожийг эвдэн нэвтрэн орж, бусдын эд хөрөнгө болох орны бүтээлэг, Самсунг маркийн 32 инчийн LCD зурагт удирдлагын хамт,  цэнхэр өнгийн даалинтай шүрэн толгойтой мөнгөн  нуухтай  цагаан өнгийн  хаш хөөрөг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 8.410.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2022 оны  04 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр  гудамжны ... тоотод оршин суух Э.Б-ийн өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрийн цоожийг эвдэн нэвтрэн орж, бусдын эд хөрөнгө болох Самсунг 42 инчийн LCD зурагт удирдлагын хамт, DDSH зурагтын төхөөрөмж, орны бүтээлэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 650,000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдад нийт 12.605.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би дээрх 3 үйлдлээс хохирогч Э.Б-ийнхоос эд зүйл аваагүй, зөвхөн хойд талын гэрээс нь эд зүйл авсан. Бусдыг нь бол хүлээн зөвшөөрнө” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

Гэм буруугийн талаар:

Улсын яллагч : “...шүүгдэгч М.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай” дүгнэлтийг, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...шүүгдэгч М.Б нь гэм буруу, хэргийн зүйлчлэлээр дээр маргаагүй, зөвхөн хохирогч Э.Б-ийн гэрээс эд зүйл аваагүй гэж үйлдлийн хувьд тайлбар хэлж байгааг шүүх харгалзан үзэх байх” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч “...2 үйлдлийг зөвшөөрнө, 1 үйлдлийг зөвшөөрөхгүй” гэсэн санал, хүсэлтийг тус тус гаргав.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Шүүгдэгч М.Б нь 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 10-ны өдөрт шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар  гудамжны ... тоотод оршин суух З.Ц-гийн өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшингийн цонхыг хагалан нэвтрэн орж, бусдын эд хөрөнгө болох монетон ээмэг 1 хос, бөгж, 2,5гр мөнгөн  хос ээмэг, цагаан болон хар мөнгөн ээмэг, бөгж, гинж, кулон, ширэн бүс, шар гуулин  цутгамалтай бугын эвэр бүхий иштэй хутга зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 3.545.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 6-7, 8-10 дахь тал)

2. Хохирогч З.Ц-гийн: “...2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр  намайг Багануур дүүрэгт байхад утсаар ярьсан тул гэрт ирэхэд манай гэрийн  тавилга эд зүйл  эмх замбараагүй болгосон,  шүүгээ савыг  бүгдийг нь нээж  үзсэн байдалтай,  дээл болон зурагтыг авч явах гэж бэлдсэн байсан.  Манай гэрээс  монетон улаан, цагаан өнгийн  шигтгээтэй 596 сорьцтой  3,5гр хос ээмэг, гольцоо бүхий монетон бөгж, 25,гр мөнгөн хос 3 ээмэг нь цагаан болон хар мөнгөн  ээмэг, бөгж байсан. Сорьц болон граммыг нь мэдэхгүй байна. Хар мөнгөн хос ээмэг нь унждаг, цэцгэн хэлбэртэй, гинж нь ээмэгтэй ижилхэн дүрстэй кулоны хамт байсан. Мөн гоёлын сарнай хэлбэртэй, кулонтой гинжтэй хос ээмэг зэрэг байсан. Бас эрэгтэй хүний ширэн бүс, бүсэн дээр мөнгөн аяганы хэмжээтэй 4 ширхэг тоноглолтой бүс, арьсан хуйтай 30см урттай бариул дээрээ шар гуулин  цутгамалтай бугын эвэр бүхий иштэй хутга үлэг алдагдсан.Манай ээж Ж- гэртээ  байх байхад  манай гэрийн  цонх тас хийх чимээ гарахаар нь  манай гэр лүү орсон чинь  гэрт хулгайч орчихсон зогсож байхаар нь  ээж  юун хүн бэ  гэсэн чинь  би энэ айлд ирсэн хүн байна гээд гэрээс гараад зугтаах гэхээр нь ээж куртикнээс нь татсан чинь куртикээ зулгаагаад унаахдаа гарыг нь хаалганд  цохиж гэмтээсэн байсан. Манай дүү тэр залуугийн гэрийг хүнээр заалгаад очсон ба гэрт нь ороод ээмэг бөгж хаана байна гэхэд мэдэхгүй гээд байхаар нь би та нарыг бүгдийг нь цагдаад барьж өгнө гэсэн чинь 60 гаруй настай эмэгтэй нь гараад жижиг уутанд хийсэн миний  мөнгөн ээмэг бөгж, гинж,  монетон ээмэг бөгжийг гаргаж өгсөн гэсэн, бас ширэн бүсээ авсан. Одоо алдагдсан эд зүйлээс хуйтай хутга алга байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал),

3. Гэрч Б.Ж-ын: “...2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 12 цаг өнгөрч байхад  гадаа юм хагарах чимээ сонсогдохоор нь гараад охиныхоо гэр лүү харахад цонх нь хагарчихсан байхаар түлхүүрээр нь хаалгыг онгойлгоод ортол нэг залуу гэрт нь зогсож байсан. Тэгээд би юун хүн бэ  гэсэн чинь би энэ айлд ирсэн хүн байна гэсэн. Тэгэхээр нь би энэ гэрийн эзэн нь байна гэсэн чинь надтай зууралдаад намайг гэрийн үүд рүү чирээд би дийлэхгүй хүүхдээ дуудаад орилсон чинь зугтаад яваад өгсөн. Тэгсэн манай хүүхэд Д гэрээс гарч араас нь явсан. Охины гэрээс ямар зүйл алдагдсаныг мэдэхгүй байна. Би гэрийг нь харж байсан юм.Тэр залуу бордуу царайтай, ногоон куртиктэй, цагаан малгайтай, 160-165 см өндөртэй махлагдуу залуу  эрэгтэй хүн байсан.  ” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал)

4. Гэрч З.Д-ийн: “...2022 оны 03 дугаар сарын 09-ний  өдрийн 13 цагийн орчимд  ээж Ж-ын хамт байсан чинь 13 цагийн орчимд ээж  эгчийн байшин руу  орчхоод ирье гээд гарсан,  удалгүй гэрт орж ирээд  “сая эгчийн  чинь гэрт  хүн ороод ухчихлаа, намайг чирч унагаагаад зугтаачихлаа”  гэхээр нь би гэрээс  гарч гүйгээд баруун тийш гүйсэн чинь манайхаас цааш 2 дахь хашааны гадаа хар өнгийн  куртиктэй  хөгшин эрэгтэй хүн зогсож байсан, би хажуугаар нь  өнгөрсөн чинь  тэр эрэгтэй  “одоо босоо  энэ хүн биш  юм шиг  байна” гэхээр нь  зугтаасан эрэгтэйг юм байна гэж бодоод  тэр хашаа руу  орсон чинь ногоон  өнгийн куртиктэй  цагаан өнгийн малгайтай  залуу  хогных нь хажууд хэвтэж байсан. Тэгэхээр нь би түүнийг яагаад манайхаас хулгай хийсэн юм гэхэд дуугарахгүй байхаар нь би нүүр лүү нь 1 цохисон чинь арьсан дээр мөнгөн тоноглолтой  эрэгтэй хүний бүс унасан. Тэгээд буцаад дүү А-ыг дагуулаад гэрт нь очсон чинь гэр нь манайхаас холгүй байсан. Гэрт нь ороход 1 эмэгтэй 3 хүүхэд байсан, харин хулгай хийсэн гэх 2 хүн унтаж байсан. Дүү бид 2 сэрээгээд хулгай хийсэн зүйл чинь хаана байна гэхэд хэлэхгүй байсан, гэрт байсан эмэгтэй хогноос эгчийн монетон бөгж 1 ш, монетон хос ээмэг, мөнгөн ээмэг,  бөгж зэргийг гаргаж өгсөн. Тэгээд дүү  арай залуу ногоон куртиктэйг нь татаж босгоод машины арын багаж руу татаж оруулсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал)

5. Гэрч С.Ц-гийн: “...2022 оны 03 дугаар сарын 09-ний өглөө Б, Л нар  хүнсний юм цуглуулна гэж гарч яваад 13 цагийн орчимд  архи уучихсан цувралдаад ороод ирсэн.Тэгтэл араас нь нэг эмэгтэй, 2 эрэгтэй хүмүүс орж ирээд  бөгж, ээмэгнүүд  хулгай хийсэн гээд  Б руу дайраад  чирч гулдчаад  байхаар нь би  Б-гаас  ээмэг бөгж нь хаана байгаа юм, чи авсан юм уу  гэтэл гадаа хогийн  тэнд  байгаа гэж хэлэхээр нь  би гараад  жижиг ууттай  олон ээмэг,  бөгжийг  нөгөө хүмүүст өгсөн” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дэх тал)

6. “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний: “...хохирогчийн алдсан эд зүйлийг 3.545.000 төгрөгөөр үнэлсэн.” гэх тайлан (хавтаст хэргийн 61 дэх тал)

7. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл: “... М.Б-гийн биед үзлэг хийхэд ногоон өнгийн малгайтай богино куртиктэй, хар өнгийн футболктой, хар өнгийн бэлтгэлийн өмдтэй, улаан хар алаг өнгийн пүүзтэй байв” гэж тэмдэглэгдсэн. (хавтаст хэргийн 11-12 дахь тал)

8. Шүүгдэгч М.Б-гийн: “...хүлээн зөвшөөрч байна, согтуу баруун салааны  гудамжинд  явж байхдаа  модон хашаанд 2 монгол гэр,  нэг улаан тоосгон байшин байхаар нь ороод хар өнгийн зурагтыг хажуу талын буйдан дээр тавиад, толины урд байсан төмөр ээмэг бөгж зэргийг халаасандаа аваад хийсэн. Шургуулга онгойлготол  эрэгтэй хүний том бүс гараад ирэхээр нь  аваад өвөртөө хийгээд  эргээд хартал  нэг настай эмэгтэй зогсож байсан, тэгээд би тэр эмэгтэйн 2 гараас нь барьж байгаад зугтаасан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 86, 88 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар,

II. Шүүгдэгч М.Б нь 2022 оны  04 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух Н.Э-ын өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрийн цоожийг эвдэн нэвтрэн орж, бусдын эд хөрөнгө болох орны бүтээлэг, Самсунг маркийн 32 инчийн LCD зурагт удирдлагын хамт,  цэнхэр өнгийн даалинтай шүрэн толгойтой мөнгөн  нуухтай  цагаан өнгийн  хаш хөөрөг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 8.410.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 147-153 тал)

2 .Хохирогч Н.Э-ын: “...2022 оны 04 дүгээр сарын 26-ны  өглөө 11 цагийн орчим  гадуур ажилтай  байсан учраас гэрээс гарч явсан юм, мөн  манай хашаанд байдаг манай хүү Б-ийнх бас эзгүй байсан. Тэгээд 15 цагийн үед гэртээ ирэхэд  манай гэр болон манай хүүгийн гэрийн хаалганы цоожнууд байхгүй,  2 гэрт хулгай орсон шинжтэй байсан. Ингээд би өөрийнхөө гэр лүү эхлээд ороход  манай гэрээс  хөх цэнхэр өнгийн орны бүтээлэг, Самсунг маркийн 32 инчийн ЛСД зурагт удирдлагын хамт,  мөн цэнхэр өнгийн  дайлантай хуурамч  шүрэн толгойтой  мөнгөн нуухтай,  цагаан өнгийн хаш хөөрөг алга болсон байсан. Дараа нь хүүгийн гэр лүү ороход 42 инчийн  Самсунг маркийн  саарал өнгийн хүрээтэй  хар өнгийн ЛСД зурагт  алга болсон байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 167 дахь тал),

3. Гэрч Б.Э-ийн: “...2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 14-15 цагийн орчим би хашаандаа дээврээ янзлаад байж байтал манай арын гудамжинд амьдардаг зүс таних ахын хашааны булангаар тойроод бор царайтай, туранхайвтар 1160-168 орчим см өндөр нуруутай, цагаан өнгийн футболк баран өнгийн өмдтэй  доголсон маягтай  нэг залуу яваад өнгөрсөн.  Би юун танихгүй сэжигтэй  хүн яваад байна гэж бодоод байшингаа янзлаад сууж байтал  нөгөө хүн хэсэг хугацааны дараа  хөх алаг өнгийн  орны бүтээлэгт  зурагт боогоод аваад явж байсан. Би тухайн үед нэг их юм бодоогүй, архичин нөхөр өөрийнхөө зурагтыг  аваад явж байна гэж бодсон.  Ингээд хэдэн цагийн дараа Э ах манай гэрт хулгайч орсон гээд явж байсан. Удалгүй  энгийн хувцастай  цагдаа ирээд  намайг дагуулж нэг айл руу очсон чинь тэр айлд зурагт аваад явж байсан  залуу байсан. Тэгээд цагдаад зааж өгсөн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 181 дэх тал),

4. Гэрч Б.Л-гийн: “...М.Б нь манай хуурай дүү байгаа юм. Бг хэзээ гарсныг мэдэхгүй байна. Ингээд унтаж байтал 15 цагийн орчим цагдаа нар болон Б ирчихсэн байсан. Тэгээд нөгөө цагдаа нар Б-гаас  айлаас хулгайлсан зурагт чинь хаана байна гэхэд Б тэр хөлдөөгчийн  ар талд байгаа гэж хэлсэн чинь цагдаа нар манай гэрийн  шар өнгийн хөргөгчийн араас саарал хүрээтэй хар өнгийн 42 инчийн зурагт  гаргаад ирсэн. ...бас манай авдраас бор цэнхэр өнгийн дайлантай цагаан өнгийн хөөрөг гаргаад ирсэн, Тэгээд цагдаа нар зурагт болон хөөргийг аваад Бг дагуулаад явсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 183 дахь тал)

5. Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл: “...М.Б-гаас хөх өнгийн даалинтай цагаан өнгийн чулуун хөөрөг 1 ширхгийг хураан авч, Н.Э-од хүлээлгэн өгсөн” (хавтаст хэргийн 154-156 дахь тал)

6. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл: гэрч Б.Э- нь М.Б гэгчийн зургийг заасан” (хавтаст хэргийн 159-162  дахь тал)

7. “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний: “...хохирогчийн алдсан эд зүйлийг 8.410.000 төгрөгөөр үнэлсэн.” гэх тайлан (хавтаст хэргийн 194 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар,

III. Шүүгдэгч М.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр  гудамжны ... тоотод оршин суух Э.Б-ийн өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрийн цоожийг эвдэн нэвтрэн орж, бусдын эд хөрөнгө болох Самсунг 42 инчийн LCD зурагт удирдлагын хамт, DDSH зурагтын төхөөрөмж, орны бүтээлэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 650,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 147-153 тал)

2 .Хохирогч Э.Б-ийн: “...2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр гэрээс гараад эхнэр хүүхдийн хамт хадам аавындаа хоноод тэндээ байсан юм. Тэгсэн манай аав Э над руу  утсаар яриад  танай гэрт хулгайч ороод зурагтыг чинь аваад явчихсан байна гэхээр нь би гэртээ харьсан. Гэртээ очиход манай гэрийн хаалганы цоожийг эвдэж ороод Самсунг 42 инчийн  саарал хүрээтэй хар  өнгийн ЛСД зурагт  удирдлагын хамт, мөн DDSH төхөөрөмжийн  удирдлага, орны бүтээлэг  зэрэг  алга болсон байсан. Сүүлд цагдаа дээр очиж манай гэрээс алга болсон 42 инчийн зурагт, хаш чулуун хөөрөг зэргийг буцаан авсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 172, 175 дахь тал),

3. Гэрч Б.Э-ийн: “...2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 14-15 цагийн орчим би хашаандаа дээврээ янзлаад байж байтал манай арын гудамжинд амьдардаг зүс таних ахын хашааны булангаар тойроод бор царайтай, туранхайвтар 1160-168 орчим см өндөр нуруутай, цагаан өнгийн футболк баран өнгийн өмдтэй  доголсон маягтай  нэг залуу яваад өнгөрсөн.  Би юун танихгүй сэжигтэй  хүн яваад байна гэж бодоод байшингаа янзлаад сууж байтал  нөгөө хүн хэсэг хугацааны дараа  хөх алаг өнгийн  орны бүтээлэгт  зурагт боогоод аваад явж байсан. Би тухайн үед нэг их юм бодоогүй, архичин нөхөр өөрийнхөө зурагтыг  аваад явж байна гэж бодсон.  Ингээд хэдэн цагийн дараа Э ах манай гэрт хулгайч орсон гээд явж байсан. Удалгүй  энгийн хувцастай  цагдаа ирээд  намайг дагуулж нэг айл руу очсон чинь тэр айлд зурагт аваад явж байсан  залуу байсан. Тэгээд цагдаад зааж өгсөн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 181 дэх тал)

4. Гэрч Б.Л-гийн: “...М.Б нь манай хуурай дүү байгаа юм. Б-г хэзээ гарсныг мэдэхгүй байна. Ингээд унтаж байтал 15 цагийн орчим цагдаа нар болон Бараа ирчихсэн байсан. Тэгээд нөгөө цагдаа нар Б-гаас  айлаас хулгайлсан зурагт чинь хаана байна гэхэд Б тэр хөлдөөгчийн  ар талд байгаа гэж хэлсэн чинь цагдаа нар манай гэрийн  шар өнгийн хөргөгчийн араас саарал хүрээтэй хар өнгийн 42 инчийн зурагт  гаргаад ирсэн. ...бас манай авдраас бор цэнхэр өнгийн дайлантай цагаан өнгийн хөөрөг гаргаад ирсэн, Тэгээд цагдаа нар зурагт болон хөөргийг аваад Б-г дагуулаад явсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 183 дахь тал)

5. Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл: “...М.Б-гаас Самсунг 42 инчийн зурагт зэргийг хураан авч, Э.Б-ид хүлээлгэн өгсөн” (хавтаст хэргийн 154-156 дахь тал)

6. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл: “гэрч Б.Э- нь М.Б гэгчийн зургийг заасан” (хавтаст хэргийн 159-162  дахь тал)

7. “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний: “...хохирогчийн алдсан эд зүйлийг 650.000 төгрөгөөр үнэлсэн.” гэх тайлан (хавтаст хэргийн 189 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хэдийгээр шүүгдэгч М.Б нь хохирогч Э.Б-ийн гэрт орж эд зүйл аваагүй, зөвхөн хойд талын гэр буюу Н.Э-ын гэр лүү орж эд зүйл авсан гэж мэдүүлсэн боловч цагдаагийн байгууллагаас шүүгдэгч М.Б-гийн амьдарч буй газар очиж эд зүйл хураан авахад хохирогч Н.Э-ын хулгайд алдсан эд зүйл гарч ирснээс гадна хохирогч Э.Б-ийн эзэмшлийн 42 инчийн ЛСД зурагт гарч ирснийг хураан авч, дээрх нэр бүхий хохирогч нарт хүлээлгэн өгсөн баримттай байх тул шүүгдэгч М.Б-гийн мэдүүлэг үгсгэгдсэн гэж үзнэ.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөл, эзэмшилд буй эд хөрөнгө, эд юмсыг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэлгүйгээр шунахай сэдэлт, зорилгоор нууц байдлаар гэмт этгээд нь авч өөртөө захиран зарцуулж буй хууль бус үйлдлийг ойлгоно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцох”-оор хуульчилсан байна.

Шүүгдэгч М.Б нь хохирогч нарын орон байр, гэрийг эзэнгүй, хүнгүй сул байдлыг далимдуулан монгол гэрийн хаалганы цоожны цүүг эвдэх, цонх хагалан орох зэргээр хууль бусаар нэвтэрч, бусдын эзэмшлийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “...хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэсэн шинжээр хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болох бөгөөд М.Б нь шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсаныг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч М.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болно. 

Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч М.Б-гийн үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч З.Ц-д 3,485,000 төгрөгийн шууд, 60,000 төгрөгийн шууд бус, нийт 3,545,000 төгрөгийн хохирол учирснаас 3,235,000 төгрөгийн эд зүйлийг буцаан хүлээлгэн өгсөн, одоо 310,000 төгрөгийн төлбөртэй,

хохирогч Н.Э-од 8,400,000 төгрөгийн шууд хохирол, 10,000 төгрөгийн шууд бус, нийт 8,410,000 төгрөгийн хохирол учруулснаас 8,030,000 төгрөгийн үнэ бүхий даалинтай хөөргийг буцаан хүлээлгэн өгсөн байх тул одоо 380,000 төгрөгийн төлбөртэй,

хохирогч Э.Б-ид 630,000 төгрөгийн шууд хохирол, 20,000 төгрөгийн шууд бус, нийт 650,000 төгрөгийн хохирол учруулснаас 500,000 төгрөгийн үнэ бүхий зурагтыг буцаан авсан, одоо төлөөгүй 150,000 төгрөгийн төлбөртэй байна.

Иймд шүүгдэгчээс 1,340,000 төгрөгийг гаргуулж, хохирогч З.Ц-д 310,000 төгрөг, хохирогч Н.Э-од 380,000 төгрөг, хохирогч Э.Б-ид 150,000 төгрөгийг олгохоор шийдвэрлэв.   

Хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Б-д 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...шүүгдэгч М.Б нь гэм буруу дээр маргаагүй, хохирогч нарын зарим эд зүйлийг буцаан өгсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан хөнгөн л шийтгэл оногдуулж, биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой байна.

Шүүгдэгч М.Б-гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч М.Б нь өмнө удаа дараа ял шийтгэгдэж байсан байх бөгөөд хамгийн сүүлд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 254 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2022 оны 03 дугаар сарын 04-ны хорих ялын хугацаа дуусаж суллагдсан байх тул түүнийг ялгүй гэж дүгнэхээр байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу тэрбээр бусдын өмчлөх эрхэд халдсан, хохирогч нарт хохирол бүрэн төлж барагдуулаагүй байдал, шүүгдэгчийн хувийн байдал /өмнө нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан ч дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн, засарч хүмүүжээгүй/ эрүүл мэндийн байдал /баруун хөлний өсгий ясны далд гэмтэл/  зэргийг тус тус харгалзан улсын яллагчийн санал болгосон ялын хэмжээг бууруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Б-д 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч М.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 82 хоног цагдан хоригдсон байх тул түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна. (хавтаст хэргийн 67, 74, 77, 224 дэх тал)

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн тоосго 1 ширхгийг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Б-гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт М-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Б-д 3 (гурав) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-гийн цагдан хоригдсон 82 (наян хоёр) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-гаас 1,340,000 (нэг сая гурван зуун дөчин мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч З.Ц-д 310,000 (гурван зуун арван мянга) төгрөг, хохирогч Н.Э-од 380,000 (гурван зуун наян мянга) төгрөг, хохирогч Э.Б-ид 150,000 (нэг зуун тавин мянга) төгрөгийг олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн тоосго 1 ширхгийг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Б-гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Б-гийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.АЛТАНЦЭЦЭГ