Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/922

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч О.Эрхэмбаяр,

шүүгдэгч Н.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос М овогт Н-н Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208008411024 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, караокед зохион байгуулагч ажилтай, ам бүл 5, эцэг, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дүгээр гудамж, ... тоотод  оршин суух хаягтай боловч одоогоор Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... тоотод оршин сууж байгаа, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, М овогт Н-н Ж (РД:...);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Ж нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 05-ны  өдөр Сонгинохайрхан  дүүргийг ... дугаар хорооны нутаг дэвсгэрт  үйл ажиллагаа явуулдаг ... нэртэй баар, караокены гадна талд үл таних Ч.У-тэй  хувийн таарамжгүй  харилцааны  улмаас  маргалдаж  түүний нүүрэн тус газарт нь толгойгоороо  мөргөж, гараараа цохин эрүүл мэндэд нь  дээд уруулын зүүн хэсэгт  няцралт шарх гэмтэл  бүхий  хөнгөн хохирол санаатай учруулсан гэжээ.  

      ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Жийн шүүхийн хэлэлцүүлэг: “...Тухайн үед тэдгээр залуусаас нэг нь манай найз Т-ыг цохиод унагаасан чинь Т-ын шанаа орчмоос цус гарсан байсан. Би тэдгээр залуучуудыг танихгүй. Яг юунаас болж маргалдсаныг мэдэхгүй. Тэдгээр залуучууд нь өөрсдөө бид нарыг зодсон. Тухайн үед зодуулснаас болоод миний толгойн энд тэнд хавдсан байсан. Тэгээд гомдол санал гээд салъя гээд салаад явсан. Тэгсэн цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулсан байна лээ. Би тэд нарт гар хүрээгүй, харин зодуулсан. Тухайн үед манай найз Т, Х нар хамт байсан. Тэр хоёрын нэг нь намхан, нөгөө нь өндөр туранхай” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл)

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Ж нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  2022 оны 02 дугаар сарын 05-ны шөнө Сонгинохайрхан  дүүргийг ... дугаар хорооны нутаг дэвсгэрт  үйл ажиллагаа явуулдаг ... нэртэй баар, караокены гадна талд үл таних Ч.У-тэй маргалдаж  түүний нүүрэн тус газарт нь толгойгоороо  мөргөж, гараараа цохин эрүүл мэндэд нь  дээд уруулын зүүн хэсэгт  няцралт шарх гэмтэл  бүхий  хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт нь: 

1. Хохирогч Ч.У-гийн: “...Х ахтай яриад зогсож байтал  манай найз Б-г нэг нь цохисон, хэн нь цохисныг  сайн хараагүй,  нэг мэдсэн бужигнаад  зодолдож байхаар нь  очиж салгаад зогсож байтал  тухайн залуучуудын  арай том биетэй, махлагдуу шар царайтай Ж гэх ах миний нүүр лүү 1 удаа  мөргөсөн чинь  уруулын  зүүн дээд хэсэгт язраад цус гарсан. Дараа нь Х  гэх ах бас миний нүүр лүү цохисон.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 2, 8 дахь тал),

2. Гэрч У.Б-ийн: “...бид нартай зодолдсон  гэх 3 залуу нь нэг танихгүй  залууг  ганцаараа байхад  гурвуулаа нийлээд  зодох гээд  байх шиг байхаар нь  бид болиулах гэж очсон чинь У-г “бацаан минь чамд хамаагүй шүү” гэсэн бөгөөд У “би чиний пацаан биш” гэсэн чинь  нөгөө хоёроосоо  арай том биетэй нь У-г мөргөчихсөн” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал),

3. Насанд хүрээгүй гэрч А.Б-гийн: “...У-г тэр 3 залуугийн арай махлагдуу нь  мөргөөд  гараараа нүүр лүү нь нэг удаа цохиж аваад нийлээд  У рүү дайраад байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал),

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2567 дугаартай: “...Ч.У-гийн  биед дээд уруулын  зүүн хэсэгт няцралт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр,  нэг удаа цохих, цохигдох, унах  үйлдлээр үүсэх боломжтой.  Дээрх  гэмтэл нь  хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой, шинэ гэмтэл байна. Дээрх  гэмтэл нь  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг  түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн  хөнгөн  зэрэгт хамаарна. Цаашид  ерөнхий хөдөлмөрийн  чадварыг  алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 29-30 дахь тал) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Хэргийн үйл баримтыг дүгнэхэд, хохирогч Ч.У нь өөрийн хэсэг нөхдийн хамтаар, шүүгдэгч Н.Ж нь мөн өөрийн хэсэг нөхдийн хамтаар тус тусдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тааралдан хоорондоо маргалдаж зодолдсон байх бөгөөд шүүгдэгч Н.Ж нь хохирогчийн нүүр лүү мөргөж, гараараа цохисон үйлдлийг хохирогч Ч.У удаа дараа тогтвортой шүүгдэгчийн нэрээр болон биеийн гадаад төрх шинжээр нь дүрсэлж тодорхой мэдүүлснээс гадна тухайн үед хажууд нь байсан гэрч У.Б, А.Б нар нь давхар гэрчилж мэдүүлсэн байна.

Харин эсрэгээрээ Н.Ж нь бусдад зодуулж цохиулсан эсэх асуудлын тухайд хохирогч, түүнтэй явсан хүмүүс болон шүүгдэгч Н.Ж-той явсан хүмүүсээс хэн аль нь гэрчилж мэдүүлсэн зүйлгүй, ямар нэгэн нотлох баримтгүй тул  шүүгдэгч Н.Жийн “ би хэн нэгнийг зодоогүй, би өөрөө зодуулсан” гэх мэдүүлэг нь үгүйсгэгдсэн гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус хуульчилсан.

Иймд шүүгдэгч Н.Ж-ийн зүгээс хохирогч Ч.У-г мөргөж, цохиж гэмтэл учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэх ба тэрбээр өөрийн дээрх үйлдлийг хууль бус шинжтэйг болохыг ухамсарласан төдийгүй түүнийг хүсэж үйлдсэн, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн гэмтэл учирсан буюу хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, уг үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Н.Ж-ийн энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол төлбөрийн тухайд: Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.У-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээ хийлгэсэн баримтыг гаргаж өгөөгүй байх тул өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбогдон гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Н.Ж-оос нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “шүүгдэгч Н.Ж-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгийн торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх ” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч “санал, хэлэх зүйл байхгүй” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Н.Ж-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй  нөхцөл байдлын улмаас  анх удаа  гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нь согтууруулах ундааны зүй бус хэрэглээтэй шууд холбоотой, мөн олон нийтийн газраар үйлчлүүлж буй иргэд нь  биеэ зөв боловсон авч яваагүй нь харилцан зодолдох, гэмт хэрэг үйлдэгдэх   шалтгаан нөхцөл болсон, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлөгдсөн зүйлгүй, нөгөө талаас шүүгдэгч Н.Ж хувийн байдлын хувьд караокед зохион байгуулагч хийдэг буюу ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг дээрх нөхцөл байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгийн торгох ял оногдуулж, түүний сард авдаг цалин хөлс орлогын байдлыг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Ж нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Н.Жид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт Н-н Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ж-ид 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Н.Ж-ид оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ж нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч Ч.У нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбогдон гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Н.Ж-оос нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ж-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ