Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2017/02534

 

Б.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар  

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/02573 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.А-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С К Т- ХХК-д холбогдох

 

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Анхбаяр, Ц.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.А-ын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацралын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б. Анхбаяр өмнө нь 5 000 000 төгрөгийн цалинтай ажил хийдэг байхад хариуцагч ажлаас гаргуулж, ажил амжилттай явах хүртэл 2 500 000 төгрөгийн цалин өгье гэж санал тавьж ажилд авсан.  С К Т- ХХК нь 2015 онд том хэмжээний төслийн ажил хэрэгжүүлэх болсонтой холбогдуулж төслийн менежерээр ажиллах үүргийг Б.А-т өгсөн. Төсөл дууссаны дараа 2016 оны хавар ажилдаа орохоор очиход дараагийн ажил байхгүй тул  цалин өгөхөд хэцүү байна гээд цалингүй амралтад явуулсан.Төсөл хэрэгжихгүй болсноос хойш янз бүрээр дарамталж шахаад 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр  ажлаас халлаа гэсэн боловч өнөөдрийг хүртэл тушаалыг гардуулаагүй. Ажилдаа орох гэж захиралтай хэд хэдэн удаа уулзах гэж очсон боловч хүлээж аваагүй. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтооож, урьд ажиллаж байсан ажил, албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 17 162 682 төгрөгийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

       

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан   тайлбартаа: Б.А- нь С К Т- ХХК-д төслийн менежерийн албан тушаалд ажиллаж байсан. Нэхэмжлэгч нь 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс хойш ажилдаа ирээгүй тул ажил олгогч 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 17/115 ерөнхий захирлын тушаалаар хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн.  Б.А- 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс хойш ажилдаа ирээгүй бөгөөд энэ нь 5 дугаар сарын цагийн бүртгэлээр нотлогддог. Тус компани нь ажлын 6 өдөртэй байдаг. Б.А- нь 5 дугаар сард шалтгаангүйгээр 3 өдөр ажил тасалсан нь ноцтой зөрчилд тооцогдоно. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-д зааснаар ажилтан тушаалыг гардаж авах үүрэгтэй байдаг. Ажил олгогч утсаар ярьж тушаалаа гардаж авахыг удаа дараа мэдэгдэж байсан боловч ирээгүй. Иймд Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан Ноёныхон овгийн Бадамын Анхбаярыг С К Т- ХХК-ийн төслийн менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, С К Т- ХХК-иас 15 488 274 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.А-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 674 408 төгөрийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.А-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож дэвтэрт бичилт хийхийг С К Т- ХХК-д үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 235 391 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Мөнхбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн үйл баримт болох 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийг Баасан гариг хэмээн буруу тодорхойлжээ. Хавтаст хэрэгт авагдсан ирцийн бүртгэл тайлангаар Б.А- нь 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс хойш ажилдаа ирээгүй болох нь зохигчдын тайлбар болон нотлох баримтаар нотлогддог. Өөрөөр хэлбэл, 2017 оны 5 дугаар сарын 04, 05, 06, 08-ны өдрүүдэд ажил үүргээ гүйцэтгэх үүрэгтэй байсан бөгөөд Б.А- ажилдаа ирээгүй нь ирцийн бүртгэл тайлан болон түүнд олгосон цалингийн баримтаас харагддаг. Шүүхээс ажил тасалсан үйл баримтыг тодорхойлоогүй болно. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил таслан 2017 оны 05 дугаар сарын 04-ны өдрөөс хойш огт ажилдаа очоогүй, тушаал танилцуулах боломжийг олгоогүй, ажил хүлээлцээгүй, ажлаа хаяж явсан үйл баримтыг нотлох баримтаар үнэлээгүй байна.

Хөдөлмөрийн гэрээгээр ажилтны цалин 3 000 000 төгрөг байхаар тохиролцсон боловч нэхэмжлэгч 1 500 000 төгрөгөөр цалин хөлс авч байсан нь зохигчдын тайлбар болон цалин хөлс олгосон баримтаар тогтоогддог. Нэхэмжлэгч энэ талаар маргаагүй. Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 9 дүгээр зүйлд заасныг зөрчин шийдвэрлэсэн.  Ц.Анхбаяр нь шүүх хуралдаанд гэрчээр Э.Эринбилэгийг дуудах хүсэлтийг гаргасан боловч шүүх шийдвэрлэхдээ хзргийн оролцогчийн нотлох баримт гаргуулах, гэрчээс мэдүүлэг авах эрхийг зөрчин хүсэлтийг хангахаас татгалзсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Б.А- нь хариуцагч “С К Т-” ХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд ажиллаж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч шалтгаангүйгээр 3 өдөр ажил тасалж, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж маргажээ.

 

Зохигчдын хооронд 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ХГ/17/13 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч Б.А- нь хариуцагч байгууллагад төслийн менежерийн ажил албан тушаалд томилогдон ажиллаж байгаад тус компанийн захирлын 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 17/115 дугаар тушаалаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр мөн өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөгдсөн байна. /хх-ийн 4-5, 20/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гэдэгт ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэхүйг  ойлгоно. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаарддаг.

 

Хөдөлмөрийн гэрээний 4.4.17-д ажилтан нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоёр ба түүнээс дээш өдрийн ажил тасалбал ноцтой зөрчилд тооцохоор тохиролцсон байна. /хх-ийн 5/ Зохигчдын хооронд 2017 оны 5 дугаар сарын 04-ний /баасан гариг/ зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой үл ойлголцол үүсч, ажилтныг 5 сарын 08-наас хойш хөдөлмөрлөх эрхийг хязгаарласан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч баримтаар няцаагаагүй гэж үзнэ. Учир нь ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй гэх байдал нотлогдоогүй.

 

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Б.А-ыг ажил тасалсан болохыг нотлохоор цагийн бүртгэлийн тайлан гэх баримтыг хэрэгт ирүүлсэн боловч нэг тал дангаараа үйлдсэн уг баримтад бичигдсэн 3 хоног хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэх нөхцөл байдал давхар нотлох баримт хэрэгт байхгүй байна./хх-ийн 47/

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Э.Эринбилэгийг гэрчээр оролцуулах хүсэлтийг 2017 оны 9 дүгээр сарын 27-нд гаргасныг /хх-ийн 81 дүгээр тал/ шүүх хангахаас татгалзжээ. Анхан шатны  шүүх хуралдаан болсон 2017 оны 10  дугаар сарын 13-ны өдрийг хүртэл дахин хүсэлт гаргаагүй, хэргийн бусад баримтад үндэслэн хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж дээрх хүсэлтийг шүүх хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй.  

 

Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд үндсэн цалинг 3 000 000 төгрөг гэж тохиролцсон хэдий ч нийгмийн даатгалын дэвтэрт 200 000 төгрөгөөр төлөлт хийгдсэн зөрүүтэй байдлыг харгалзан шүүх талуудын гэрээгээр тохиролцсон хөлсний дунджаар ажилгүй байсан хугацааны цалин олговрыг тодорхойлж гаргуулсныг буруутгах боломжгүй юм. 

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/02573 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч С К Т- ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235 491 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

            ШҮҮГЧИД                                                      Б.НАРМАНДАХ

                                                                                   Ш.ОЮУНХАНД