Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 122

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч А.Цэрэнханд даргалж

Нарийн бичгийн дарга Б.Алтансүх

Улсын яллагч Н.Амаржаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Замын Үүд суман дах Сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотын Баянгол дүүргийн  харъяат, 1982 оны 03 сарын 23-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой,  автын инженер мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Дорноговь аймгийн  Замын Үүд сумын 2 дугаар баг, Мобикомын 1-23 тоотод оршин суух, энэ хэрэгт татагдахдаа хувиаараа хөдөлмөр эрхэлдэг байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн Булгадар овогт Төмөртогоогийн Баттулгад /РД: ШЖ82032310/ холбогдох эрүүгийн 201610010191 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/

Шүүгдэгч  Т.Баттулга нь  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 09 дүгээр сарын 11-ний шөнө 03 цаг 25 минутын орчимд Замын-Үүд сум 2 дугаар баг Мобикомын 1-24 тоотод оршин суух иргэн Ж.Мягмаржавын эзэмшлийн байшингийн   цонхны шил, уг байшингийн гадна байсан 06-95 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд болон хажуу талын шилийг санаатай хагалан устгаж 211,000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Т.Баттулга нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 09 дүгээр сарын 11-ний шөнө Замын-Үүд сум 2 дугаар баг Мобикомын 1-24 тоотод оршин суух хохирогч Ж.Мягмаржавын гэрт очиж түүний охин Мандуйхайцэцэгийг гэртээ байгаа эсэхийг асууснаар Ж.Мягмаржавтай таарамжгүй харьцаа үүсгэн,  байшингийнх   цонхны шил, уг байшингийн гадна байсан 06-95 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд болон хажуу талын шилийг санаатай хагалан 211,000 төгрөгийн хохирол учруулсан байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг санаатай устгах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх ба шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт  гэм буруутай болох нь тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Т.Баттулгын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн " Би хэрэг болохоос өмнө эхнэрээсээ тусдаа амьдраад 3 сар шахам хугацаа өнгөрсөн юм. Тэгээд тэр өдөр архи уугаад гэрт нь очиж Мандуйхайцэцэгийг асуухад хадам ээж чиний юм манай гэт байхгүй зайл гэсэн, тэгээд л миний ур хүрээд том өрөөнийх нь цонхыг нүдэж  байгаад хагалчихсан бөгөөд хашаанаас гарах гээд явж байгаад машиных нь цонхыг хагалсан. Уг нь би архи уугаад байдаггүй юм. Хувиараа гузов засварын ажил хийдэг бөгөөд олсон мөнгөөрөө амьдрал ахуйгаа залдгуулдаг. Хохирогчид учирсан 211,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Одоо ахиж архи уухгүй, хэрэгт холбогдсондоо гэмшиж байна, ялыг тэнсэж өгнө үү” гэсэн мэдүүлэг

Тээврийн хэрэгсэл болон эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургууд  /хх-ийн 8-9/

Хохирогч Ж.Мягмаржавын мөрдөн байцаалтад өгсөн "...2016 оны 09 дүгээр сарын 11-ний шөнө 03 цаг 25 минутын үед би Мобикомын 1-24 тоотод байх байшиндаа хамтран амьдарч байгаа Чинзоригийн хамт байж байхад охин Мандухайцэцэгтэй хамт амьдарч байгаад салсан Баттулга манай байшингийн гадаа ирсэн. Тэгээд манай байшингийн хаалгыг нүдэж наад  хаалгаа нээ гэх мэтээр хэлж хэл амаар доромжлоод байхаар нь чамд ярих зүйл байвал архи уугаагүй эрүүл байхдаа ир гэж хэлээд хаалгаа тайлж өгөөгүй юм. Тэр үед Баттулга манай байшингийн том өрөөний цонхыг гаднаас нь нүдээд байхаар нь би байшингаасаа гараад хаалгыг нь түгжчихээд цагдаа руу явсан юм. Тэгээд л гэртээ буцаж ирэхэд манай байшингийн 1 цонхыг 2 поорчик хагалчихсан мөн байшингийн гадаа байсан машины урд болон хаалганы цонхыг хагалчихсан байсан. ... Тухайн үед Баттулгга манай охинтой хамт амьдарч байсан юм. ... Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй, надад учирсан хохирлыг Баттулга бүрэн төлж барагдуулсан тийм болохоор өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хэргийг хурдан шийдвэрлэж өгөхийг хүсэж байна" гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12/

Гэрч С.Чинзоригийн мөрдөн байцаалтад өгсөн " Би одоогоос 1 жилийн өмнө Замын-Үүд суманд ирж амьдрах болсон ба одоогийн байдлаар Замын-Үүд сумын 2 дугаар баг Мобикомын 1-24 тоотод Ж.Мягмаржав гэх хүнтэй хамтран амьдарч байгаа юм. Тухайн шөнө би Ж.Мягмаржавын хамт Мобикомын 1-24 тоотод байх байшинд нь унтаж амарч байхад шөнө 03 цаг 25 минутын орчимд байшингийн хаалгыг хүн  тогшиж эхэлсэн. Түүний дараа нэг их удалгүй хаалга нүдээд байхаар нь Мягмаржав орноосоо босож очоод хэн бэ гэж  асуухад хуучин хүргэн болох Баттулга нь байсан. Тухайн үед би орноосоо босож очоогүй бөгөөд Мягмаржав, Баттулга нар байшингийн хаалганы наана цаанаас хоорондоо хэрэлдэж маргалдаад байсан яг юу гэж хэрэлдэж байгааг нь сонсоогүй юм, хэсэг хугацааны дараа Мягмаржав байшингаас цагдаа дуудлаа гэж хэлээд гарсан. Тэгээд л намайг хэвтэж байхад шил хагарах чимээ гарахаар нь босоод хартал том өрөөний цонхыг хагалчихсан байсан. Харин намайг босож очиход Баттулга цааш явчихсан байсан. Харин Мягмаржав явахдаа намайг гаднаас түгжчихсэн байсан болохоор би байшингаас гарч чадаагүй юм. Ямар шалтгаанаар хагалсан гэдгийг нь мэдэхгүй байна. Мягмаржавтай хэрэлдэж байгаад түүний цагдаа дуудахаар явах үед нь хагалчихсан харин машины цонхыг хагалж байхыг нь хараагүй, байшингаас гарч чадаагүй болохоор хараагүй  " гэсэн мэдүүлэг  /хх-ийн 15/

2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “Тоёото Эги маркийн суудлын машины урд шил 90,000 төгрөг, хойд хаалганы шил 70,000 төгрөг, вакум цонх 51,000 төгрөг,  нийт хохирол 211,000 төгрөг гэсэн шинжээчийн 152 тоот дүгнэлт /хх-ийн 17/ зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Т.Баттулгын үйлдлийг Замын Үүд дэх Сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд тохирсон байх тул ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь бусдын эд хөрөнгийг устгах гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, хохирогчийн эд хөрөнгийг буюу байшингийн цонхны шил болон машиных нь шилийг ашиглах боломжгүй хэмжээнд устгаж нийтдээ 211,000 төгрөгийн хохирол учруулсан байх ба тэрээр бусдын эд хөрөнгөд учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлж, хохирогч Ж.Мягмаржавд 211,000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь шүүгдэгчийн мэдүүлэг болон хохирогч Ж.Мягмаржавыг мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хх-ийн 26 дугаар хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсыг үзэхэд шүүгдэгч нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлд зааснаар ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал, харин уг гэмт хэргийг согтуугаар үйлдсэн нь хэргийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Дээрх хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал байдал зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзсэн болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284-286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299  дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүдэгч Булгадар овогт  Төмөртогоогийн Баттулгыг  бусдын эд хөрөнгийг санаатай устгах гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар шүүгдэгч Төмөртогоогийн Баттулгыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Т.Баттулгад оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Т.Баттулга нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжин ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Т.Баттулгад оногдуулсан 1 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж , 1 жилийн  хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.                                   

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол ялтан Т.Баттулгад  урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ   А.ЦЭРЭНХАНД