Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 589

 

 

 

 

 

 

    М.Цд холбогдох эрүүгийн

                                                       хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Э.Намуун,

хохирогч Б.Ням-Очир, түүний өмгөөлөгч Г.Энхболд,  

шүүгдэгч М.Ц, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,                  

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 581 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Ням-Очир, хохирогчийн өмгөөлөгч Г.Энхболд нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор М.Цд холбогдох эрүүгийн 1906013630654 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

, 1980 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Завхан аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар 4-д жолооч ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Төв аймгийн Зуун мод сум, Баянхошуу 3 дугаар баг, 196-2 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: /;

 

М.Ц нь 2019 оны 2 дугаар сарын 16-ны шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Голден Вилл хотхоны гадаа иргэн Б.Ням-Очиртой маргалдаж, түүний нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: М.Цийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Цийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасанаар шүүгдэгч М.Цээс 192.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Ням-Очир /ХК74071410/-т олгож, нэхэмжлэлийн бусад хэсгийг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгч М.Ц нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

                                              

Хохирогч Б.Ням-Очир, хохирогчийн өмгөөлөгч Г.Энхболд нар нь хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Г.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Б.Ням-Очир нь 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 12 цагт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Голден Вилл хотхоны гадаа иргэн М.Ц, М.Тогтохдэлгэр, 1 үл таних залуу нарт зодуулсны улмаас зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, үүдэн шүдний эмтрэл тогтоогдсон байдаг, тус гэмтлийг М.Ц, М.Тогтохдэлгэр, 1 үл таних залуу нар бүлэглэн зодож, хөнгөн хохирол учруулсан болох нь гэрч Г.Мөнх-Эрдэнэ, Х.Лхагвадэмбэрэл нарын мэдүүлгээр тогтоогдсон. Гэтэл Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Намуун нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэхдээ ганцхан М.Цийг яллагдагчаар татаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Мөн Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Намуун 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр яллах дүгнэлт үйлдсэн байхад яллагдагч М.Цд яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэлийг яллах дүгнэлт үйлдээгүй байхдаа буюу 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдөр гардуулж өгсөн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Гэтэл Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэлгүй орхиж, шийтгэх тогтоол гаргасан нь мөн Эрүүгийн хуулийн зорилт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг нэг мөр хэрэглээгүй байгаад хохирогч Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 2019/ШЦТ/581 дугаартай шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөлгүй гомдол гаргаж байна. Иймд гомдлыг хүлээн авч Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 2019/ШЦТ/581 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү...” гэв.

 

Хохирогч Б.Ням-Очир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчтэй санал нэг байна. Анх хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэг өгөхөд намайг Цогтгэрэл л цохисон байх гэсэн бодолтой очсон. Тухайн үед нүүр рүүгээ цохиулаад манаралттай байсан. Хэдэн хүн намайг цохисон талаар мэдэх боломж байгаагүй...” гэв.

 

            Шүүгдэгч М.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тогтохдэлгэр гэдэг нь миний төрсөн ах, Мөнхбаатар нь миний ахын найз байдаг. Тухайн үед би салсан эхнэрээсээ үлдсэн бичиг баримтаа авах гээд ярихад “ажил дээрээ байна” гэхээр нь очоод авах гэтэл хүнээр өгч гаргалаа гээд Ням-Очир нэг харуулын хамт гарч ирсэн. Би бичиг баримтаа аваад явах гэтэл Ням-Очир надаас хэрүүл өдөж, зулгаасан. Намайг аятайхан байгаараа гэх агуулгатай зүйл хэлсэн. Тухайн үед би эргэж хараад цохисон. Миний ах Тогтохдэлгэр автомашинд сууж байсан. Бид хоёрыг зууралдаж байхад нэг нь бууж ирж салгаад, автомашин налуулж, зогсож байгаад цагдаагийн байгууллагад дуудлага өгч, дуудлагын дагуу цагдаа ирсэн үйл баримт болсон. ...” гэв.   

 

Шүүгдэгч М.Цийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гомдлоос харахад 3 хүн хамтран зодсон асуудал яригдаж байна. Энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа, прокурор, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд яригдаагүй. Шүүгдэгчийг ганцаараа зодсоныг хохирогч өөрөө мэдүүлдэг. Уг асуудлаар дээрх бүх шатанд эрхээ хангуулаад, өмгөөлөгч авч, шинжээчийн дүгнэлтэд гомдол гаргаад шийдвэрлүүлэх боломж байсан. Хуулийн байгууллага хохирогчийн хуульд заасан эрх үүргийг танилцуулсан. Мөн хохирогч өөрөө тодорхой хэмжээгээр байр суурь эзэлсэн, төрийн алба хашдаг хүн учраас хуульд тайлбарлахад ойлгохоор хэмжээний хүн гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. Шүүх нотлох баримтаар тогтоосон, хэргийн нөхцөл байдлыг үнэлэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, өөрчилж болно. Уг хуульд заасны хүрээнд шийтгэх тогтоол гарсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Шинжээчийн дүгнэлтээр 1 удаагийн үйлчлэлээр үүссэн гэсэн учраас шинжээчийн дүгнэлтэд хуульд заасан эрхийн дагуу гомдол гаргах эрхээ алдсан. Тийм учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.  

 

Прокурор Э.Намуун давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...М.Цийн үйлдсэн гэмт хэрэг нь хохирогч Б.Ням-Очирын мэдүүлэг /хх 8-9/, гэрч Г.Мөнх-Эрдэний мэдүүлэг /хх 10-11/, гэрч Х.Лхагвадэмбэрэлийн мэдүүлэг /хх 13-14/, яллагдагч М.Цийн мэдүүлэг /хх 54-55/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2446 дугаартай дүгнэлт /хх 23/, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон. Шүүгдэгч М.Цийн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон тул анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь хэргийн болон хувийн байдалд нь тохирсон гэж үзэж байна. Иймд Б.Ням-Очироос гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 2019/ШЦТ/581 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Харин яллах дүгнэлтийг  2019 оны 3 сарын 28-ны өдөр үйлдээд 2019 оны 3 сарын 26-нд гардуулсан тэмдэглэл үйлдсэн  техникийн шинжтэй алдаа гаргасан...” гэв.

 

                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

М.Ц нь 2019 оны 2 дугаар сарын 16-ны шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Голден Вилл хотхоны гадаа иргэн Б.Ням-Очиртой маргалдаж, түүний нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Д.Ням-Очирын “...Бичиг баримт авах үед нь би Цогтгэрэлд “чи утсаар хүн амьтан дарамталж, янз бүр болоод байгаа ч ээ, зүгээр мөрөөрөө явчиж болдоггүй юм уу” гэхэд “чи муу яах юм, чамайг алчихна шүү” гэхээр нь “за хүн алах яах вэ, машинаа зам чөлөөлөөд тавьчих, бууж ирээд ярих юм аа ярь” гэхэд ... хамт явсан хоёр залуугийн хамт бууж ирээд Цогтгэрэл нүүрэн тус газар зүүн чамархайн хэсэгт 3-4 удаа гараараа цохиж зодсон. Хамт явсан хоёр нь зодуулсны дараа хажуугаас “эр хүн шиг бай, учраа олчих, эр хүмүүст ийм асуудал байх” гэх мэтээр доромжилсон. ...Одоогоор зүүн нүдний чамархайн хэсэгт хавдаж томбойсон, толгой эргээд, гар салгалаад байгаа учир шүүх эмнэлэгт үзүүлмээр байна. ...Миний тархи толгой өвдөж байна. Зүгээр байж байгаад зодуулсандаа гомдолтой байна...” /хх 8-9/.

Хохирогчоор дахин өгсөн “...Би энэ хүнээс баримтаар эрүүл мэндэд учирсан хохирол 352.000 төгрөг, эрүүл мэндээрээ хохироод 7 хоног ажилдаа явж чадаагүйн хохирол 1.024.000 төгрөг, нийт 1.346.000 төгрөг нэхэмжилж байна. Холбогдох баримтууд нь байгаа...” /хх 11/,

 

Гэрч Г.Мөнх-Эрдэнийн “...Ням-Очирыг үл таних нэг эрэгтэй хүн нүүрэн тус газарт нь цохиж байсан...Тухайн үед Ням-Очирын амнаас цус гарч байсан” /хх 12-15/,

 

Гэрч Х.Лхагвадэмбэрэлийн “...харуулын байрны гадна Приус-20 машинтай нэг залуу машинаасаа бууж ирээд Ням-Очиртой маргалдаж, Ням-Очирын нүүрэн тус газарт нь цохиод авсан...” /хх 16-17/,

 

Гэрч М.Тогтохдэлгэрийн “...Тухайн үед би дүү Цогтгэрэл, Мөнхбаатар бид 3 хамт явж байсан. ...Би тэр хоёрыг хэн хэнийгээ яаж цохисныг мэдэхгүй, тухайн үед Мөнхбаатар бид машинд сууж байсан болохоор тэр хоёр хэн хэнийгээ яаж цохисныг мэдэхгүй. Намайг машинаас буугаад салгах гээд очиход тэр 2 зууралдсан байсан. Үл таних залуу Цогтгэрэлийг явуулахгүй  байсан...” /хх 19-20/,

 

М.Ц яллагдагчаар мэдүүлэхдээ “...2019 оны 2 дугаар сарын 16-ны өдөр ...Ням-Очир надаас хэрүүл өдөөд байхаар нь би явах гэтэл миний араас зуураад бид хоёр барьцалдаж аваад намайг боохоор нь нэг удаа шанаан тус газар алгадсан. Тэгтэл цагдаа дуудаад бид 2 цагдаагийн газар ирсэн. ...Би шинжээчийн №2446 дугаартай дүгнэлттэй танилцсан. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би Ням-Очирыг нэг л удаа алгадсан. Би хохирогч Б.Ням-Очирын биед гэмтэл учруулснаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна.” /хх 54-56/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн: “1. Б.Ням-Очирын биед тархи доргилт, зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний эмтрэл бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” /хх 26/ гэх №2446 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субьектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч М.Цийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

                                       

Анхан шатны шүүх, М.Цийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч Б.Ням-Очир, хохирогчийн өмгөөлөгч Г.Энхболд нар нь “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Хохирогч Б.Ням-Очир, хохирогчийн өмгөөлөгч Г.Энхболд нар гомдолдоо: “...М.Цээс гадна түүнтэй хамт явсан хүмүүс зодсон...” гэх боловч хэрэгт авагдсан гэрч, хохирогч, яллагдагчийн мэдүүлгүүд, шинжээчийн “дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйчлэлээр үүсгэгдэх боломжтой” гэх дүгнэлтээр шүүгдэгч М.Ц нь хохирогч Б.Ням-Очирыг бусадтай бүлэглэн зодсон гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

 

Тиймээс прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Мөн  “...2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр яллах дүгнэлт үйлдсэн байхад яллагдагч М.Цд яллах дүгнэлтийг ...2019 оны 5 дугаар сарын 26-ны өдөр гардуулж өгсөн...” гэсэн гомдлыг хянаж үзэхэд шүүгдэгчид яллах дүгнэлтийг 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр гардуулсан тэмдэглэл үйлджээ. Прокурор тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэлд бичигдсэн огнооны хувьд гардуулсан өдрөө андууран бичиж техникийн шинжтэй алдаа гарсан...” гэж тайлбарладаг бөгөөд яллах дүгнэлт хуулийн дагуу гардуулагдсан, гэхдээ гардуулсан өдрөө андуурч бичсэн нь техникийн шинжтэй алдаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заагдсан  шийтгэх тогтоолыг хүчингүй болгох ноцтой зөрчилд хамаарахгүй гэж үзлээ.  

                                                                                                                                                                                 

 Иймд “анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах” талаар гаргасан хохирогч Б.Ням-Очир, түүний өмгөөлөгч Г.Энхболд нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 581 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Ням-Очир, хохирогчийн өмгөөлөгч Г.Энхболд нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                           ШҮҮГЧ                                                         Д.ОЧМАНДАХ

 

                           ШҮҮГЧ                                                         О.ЧУЛУУНЦЭЦЭГ