Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2024/0237

 

 

 

 

 

 

 

 

Ч.Э, Ч.Б, Ч.Г нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал

Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Ч.Э, Ч.Б, Ч.Г

Хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газар

Нэхэмжлэлийн шаардлага: Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 10/81*** дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Нийслэлийн ерөнхий архитектурын 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн МЗХ2023/07-*** дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хэвээр үлдээхийг даалгах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2024/0058 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Аз

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2023/0828/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.Э, Ч.Б, Ч.Г нар нь Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулж “Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 10/81*** дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Нийслэлийн ерөнхий архитектурын 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн МЗХ2023/07-*** дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хэвээр үлдээхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2024/0058 дугаар шийдвэрээр: “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 95 дугаар зүйлийн 95.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Э, Ч.Б, Ч.Г нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 10/81*** дугаар захиргааны актыг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нарын Нийслэлийн ерөнхий архитекторын 2023 оны 3 дугаар саррын 07-ны өдрийн  МЗХ2023/07-*** дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хэвээр үлдээхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э давж заалдах гомдолдоо:

“...Тухайн байршилд 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Архитектур төлөвлөлтийн даалгавар олгохдоо хөршийн санал аваагүй гэх гомдлыг дотоод хяналтын хариуцсан мэргэжилтэн судалж нөхцөл байдлыг тогтоохоор хувийн хэрэгт үзлэг хийхэд хөрш залгаа иргэний санал гэх Д.Энхтөрийн /9 давхар бол дэмжихгүй/ гэх агуулга бүхий санал байсан. МЗХ2023/07-*** дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврын 10 дахь хэсэг Хот төлөвлөлтийн онцгой нөхцөлд Захиргааны ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.4 дэх заалтад “эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт урьдчилан тодорхой зүйл хийх, түдгэлзэх, эсхүл тодорхой үйлдэл хийхийг үүрэг болгож актад дурдсан айлуудаас хөршийн санал авч ирүүлэхийг үүрэг болгосон.

Захиргааны байгууллага маргаан бүхий захиргааны актыг гаргахын өмнө Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасны дагуу бодит нөхцөл байдлыг тогтоохоор 10/1442 дугаартай албан бичгээр захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоохоор мэдэгдэж сонсох ажиллагаа явуулсан ч баримт бичгийн шаардлага хангахгүй бичгийг цахимаар ирүүлснийг шүүх хуралдааны явцад гэрчийн мэйл хаягт /баримт бичгийн үзлэг хийлгэж тэмдэглэлээр баталгаажуулсан/ баримтын шаардлага хангаагүй, нэмэлтээр ирүүлсэн Б.Л-ийн саналыг шүүх анх Архитектур төлөвлөлийн даалгавар авахдаа хөршөөс авсан санал мэтээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120.3 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн байна.

Архитектур төлөвлөлтийн даалгавар бол барилгын үе шатны анхдагч акт бөгөөд тухайн актыг цуцалснаараа иргэний газар өмчлөх, эзэмших эрхэнд шууд болон шууд бусаар халдаагүй бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2024/0058 дугаартай анхан шатны шүүхийн шийдвэрт Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Газар өмчлөгч иргэн дараах эрхтэй”, 27.1.7 холбогдох хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, дүрэм журам, шаардлагад нийцүүлэн өмчийнхөө газарт барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ барих, ашиглах” гэж заасныг үндэслэн маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож байгаа нь нэхэмжлэгчийн газар өмчлөх эрхийг хөндсөн гэж дүгнэж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.5 дахь зааснаар шүүх хэрэглэх ёсгүй хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2024/0058 дугаар шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

          1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн үйл баримттай харьцуулан, хэргийн оролцогчдын тайлбар зэрэгт зөв дүгнэлт өгч, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Барилгын тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэлтэй тайлбарлаж нэхэмжлэгч Ч.Э, Ч.Б, Ч.Г нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх боловч бичиглэлийн алдаа гаргасан байх тул шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт зөвтгөсөн өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

          2. Нэхэмжлэгч Ч.Э-ын Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжин амины орон сууц гудамж, 446 тоот хаягт байршилтай 1331403*** нэгж талбарын дугаартай 700 м.кв газар, нэхэмжлэгч Ч.Г-ын тус хорооны 44а тоот хаягт байршилтай 1331403*** нэгж талбарын дугаартай 700 м.кв газар, нэхэмжлэгч Ч.Б-ын тус хорооны 44 тоот хаягт байршилтай 1331403*** нэгж талбарын дугаартай 700 м.кв газар, нийт 2100 м.кв өмчлөх эрх бүхий газарт нэхэмжлэгч нар нь үйлчилгээтэй орон сууцны барилга барих хүсэлт гаргаснаар Нийслэлийн Ерөнхий архитектор 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн МЗХ2023/07-*** дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар олгожээ. 

          3. Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 10/1713 дугаартай албан бичгээр “...Таны хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгчөөс тухайн байршилд Архитектур төлөвлөлтийн даалгавар авахдаа хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгчдөөс санал аваагүй тухай гомдлыг тус газарт ирүүлсэн байна. Гомдлын дагуу судлахад нөлөөлөлд өртөж буй айл өрхүүдээс хөршийн санал аваагүй болох нь тогтоогдож байна... 2023 оны МЗХ2023/07-*** дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс хүчингүй болж байгааг үүгээр мэдэгдэж байна” гэж иргэн Ч.Э, Ч.Г, Ч.Б нарт мэдэгджээ.

          4. Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөх тохиолдолд энэ хуульд заасан шаардлага, үндэслэлийн дагуу барилгын үйл ажиллагаатай холбоотой хувийн эрх, ашиг сонирхлыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр хязгаарлаж болно” гэж заасан.

          5.  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...хөрш залгаа иргэний санал гэх Б.Л-ийн саналыг шүүх анх Архитектур төлөвлөлийн даалгавар авахдаа хөршөөс авсан санал мэтээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120.3 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн байна” гэж маргасан. 

          6. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нар нь анх хүсэлт гаргахдаа хөрш залгаа 680 тоот Б.Л-ийн зөвшөөрсөн тухай саналын хуудас, 713б тоот Д.Э-ийн зөвшөөрөхгүй тухай саналын хуудсыг тус тус хавсаргасан байх бөгөөд нэхэмжлэгч нарын хүсэлтийн дагуу 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн МЗХ2023/07-*** дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталсан.

          7. Анхан шатны шүүхээс “...гомдол гаргасан иргэн Ш.Н-ийн гаргасан гомдлын агуулга нь дахин төлөвлөлтөд орсон газарт архитектур төлөвлөлтийн даалгавар баталсан гэсэн байхад энэ талаар шалгах ажиллагаа хийгээгүй, тухайн барилга баригдсанаар гомдол гаргасан иргэний эрх, ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, зөрчигдөх талаар нягтлан шалгахгүйгээр зөвхөн хувийн хэрэг дэх материалыг шалгаж, хөрш иргэдээс санал аваагүй гэсэн үндэслэлээр өөрийнхөө гаргасан эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгосон нь Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Захиргааны ерөнхий хуулийн 95 дугаар зүйлийн 95.7-д заасан... нөхцөл байдал бүрэн дүүрэн тогтоогдсон гэж үзэхээргүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.   

          8. Мөн 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн МЗХ2023/07-*** дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврын 10-т Хот төлөвлөлтийн онцгой нөхцөл хэсэгт “...Жанжин 15 гудамжны 680*, 681*, Жанжин 13 гудамжны 712* тоотуудаас хөрш залгаа иргэдийн санал ирүүлэх” гэж шаардсан байх бөгөөд ийнхүү нэгэнт олгогдсон архитектур төлөвлөлтийн даалгавартаа шаардсан үндэслэлээ бүрэн тогтоож нягтлахгүйгээр иргэний гаргасан өөр агуулгатай гомдлоор хүчингүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.    

Иймд анхан шатны шүүх маргаан бүхий актын талаар зөв дүгнэсэн боловч бичиглэлийн алдаа гаргасан байх тул шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт зөвтгөсөн өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э нь шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг ирүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгааныг нотлохгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т зааснаар шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2024/0058 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 10/81*** дугаар...” гэснийг “Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 10/1713 дугаар...” гэж өөрчлөн, Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                  ШҮҮГЧ                                               С.МӨНХЖАРГАЛ

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                               Ц.САЙХАНТУЯА