Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/852

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,

улсын яллагч Н.Ундрах (томилолт),

шүүгдэгч О.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Д овогт О-ийн А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208007930605 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2002 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Говь-Алтай аймгийн Бигэр суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын  бригадад туслах ажилтан, ам бүл 5, эмээ, өвөө, эгч, хүргэн ах нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... байрны ... тоотод оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Д овогт О-ийн А (РД:...);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.А нь 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-ны өдөрт шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... байрны ... тоотод байхдаа иргэн Д.А-гийн Iphone13 про макс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 3.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.А нь 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-ны өдөрт шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... байрны ... тоотод байхдаа иргэн Д.А-гийн  зарах гэж байсан шинэ Iphone13 про макс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 3.700.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

1.Хохирогч Д.А-гийн: “...Би  хувиараа apple  компанийн гар утас, цэнэглэгч, чихэвч  цаг зэрэг эд зүйл зардаг юм.  2022 оны 01 дүгээр сарын 17-ны  орой өөрийн унтаж  амардаг өрөөндөө  зарах гэж байсан айпоны 213 про  макс болон  бусад зүйлстэй цүнхээ ширээн дээр тавьчхаад орой болоод унтаж амарсан.  Миний өрөөнд хадам дүү О.А бас унтаж амардаг юм. Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өглөө 09-10 цагийн орчим очоод утас зарим зүйлсээ зарах гээд цүнхээ аваад  утсаа авах гэтэл  алга болсон  бусад нь  хэвэндээ байсан. Би гэртээ орох замдаа  ямар нэгэн байдлаар  хүн амьтантай  уулзаж  цүнхээ онгойлгосон зүйл байхгүй. Би Алтаншагайг сэжиглэж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дахь тал),

2. Тэнцвэр эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнийн тодорхойлолт: “...Iphone 13 pro max маркийн гар утсыг 3.700.000 төгрөгөөр үнэлсэн.” (хавтаст хэргийн 17 дахь тал),

3. Шүүгдэгч О.А-н:  “...гэртээ байж байхад жижиг өрөөний ширээн дээр хүргэн ах А-гийн хар өнгийн нөүтбүүкний цүнх байсан. Би хажуугаар нь гарахдаа онгойлгож үзэхэд дотор нь 2-3  ширхэг ухаалаг бугуйн цаг, 1 ширхэг хайрцагтай айпоне 13 про  макс маркийн хар хайрцагтай  шинэ гар  утас байсан. Тэгээд хүргэн ахыг унтахаар нь  шөнө цүнхнээс нь  шинэ гар утсыг нь авчихсан. Тэгээд маргааш нь теди төвийн  үүдэнд зогсож байсан ү хүнд 3.800.000 төгрөгөөр зарчихсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай, шунахай сэдэлтээр үйлдэгдсэн, шүүгдэгч О.А нь өөрийн хүргэн ах Д.А-гийн зарж борлуулах гэж байсан шинэ хайрцаг сав баглаатай Iphone 13 pro max маркийн гар утсыг авах, захиран зарцуулах эрхгүй этгээд атлаа түүний унтаж амарсан байдлыг ашиглан гар утсыг авч өөрийн мэдэлд шилжүүлж захиран зарцуулах бодит бололцоо олгосон үйлдэл нь “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан, тэрбээр өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас үүсэн гарах үр дагаврыг мэдсэн байх боломжтой байсан гэж үзэх үндэслэлтэй.

Иймээс О.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч О.А-н үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Д.А-д 3,700,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч О.А нь хохирлыг бүрэн барагдуулсан гэх хохирогчийн хүсэлт хавтаст хэргийн 51 дэх талд авагдсан байх тул шүүгдэгч О.А-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А-д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч нь “...Зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч О.А-н Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

Иймээс дээрх шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй ба шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн төрлийн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа, хохирогчид хохирол төлсөн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал /ажил хөдөлмөр эрхэлдэг, өмнө гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй/ зэргийг тус тус харгалзан шүүгдэгч О.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг мөн  хугацаагаар хүлээлгэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч О.А нь шүүхээс хүлээлгэсэн дээрх үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэж, шүүгдэгч О.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Ан иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овогт О-ийн А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А-д хорих ял оногдуулахгүйгээр 6 (зургаа) сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг мөн  хугацаагаар хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А нь шүүхээс хүлээлгэсэн дээрх үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг О.А-д мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.АЛТАНЦЭЦЭГ