Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/925

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Н.Ундрах (томилолтоор),

шүүгдэгч П.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос П овогт П-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108026530998 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1972 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Баяндалай суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт амьдардаг гэх, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... гудамж ... тоотод оршин суух хаягтай, урьд 4 удаа ял шийтгүүлж байсан, П овогт П-ийн М (РД:...);

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч П.М нь 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дугаар гудамж ... тоотод иргэн Я.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож зүүн шуу ясны хугарал, зүүн ухархайн дотор хананы цөмөрсөн, хамар ясны зөрүүгүй хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч П.М шүүхийн хэлэлцүүлэгт “...Би Я.Б-тай 2010 оноос хойш хамтран амьдарч байгаа. Тухайн өдөр намайг хардаад байхаар нь зодсон юм. Хүлээн зөвшөөрч байна” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч П.М нь 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дугаар гудамж ... тоотод иргэн Я.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож зүүн шуу ясны хугарал, зүүн ухархайн дотор хананы цөмөрсөн, хамар ясны зөрүүгүй хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан үйл баримт нь:

1. Я.Б-гийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, гэрэл зураг (хавтаст хэргийн 8-11 дэх тал),

2. Хохирогч Я.Б-гийн: “...2009 онд П.М-тай  танилцаж 2010 онд нэг гэрт орж  хамт амьдарч эхэлсэн. Бид гэрлэлийн баталгаагүй, дундаасаа хүүхэдгүй. Бид хоёулхнаа амьдардаг. П.М нь сүүлийн хэдэн жил тасралтгүй архи согтууруулах ундааны зүйлийг байнга  хэрэглэж байгаа,  гэртээ ойр ойрхон архины хамааралтай хүмүүсийг цуглуулан  архи уудаг болсон. 2021 оны 04 дүгээр сарын 5-ны өдөр  намайг гэртээ байхад  П.М нь архи уудаг  М, Б, У  нарыг гэртээ дуудаад архи уусан ба намайг жижиг өрөөнд дуудаа байхаар  очиход  “чи яагаад ирэхгүй байгаа юм” гээд  толгой руу гараараа олон удаа цохихоор нь би гэрээсээ өмссөн хувцастайгаа гараад  Дархан-Уул аймаг руу охиныхоо гэр лүү  очсон. Тэгсэн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр П.М нь очоод ахиж зодохгүй гээд намайг дагуулаад гэртээ ирсэн ч  маргааш нь буюу 2021 оны 09 дүгээр сарын 17-ны  өдөр мөн л архи хамт уудаг М, Ж нарыг гэртээ дуудаад нэг шил архи хувааж угаад тэгээд гараад явсан. Тэгээд дараа нь М, Ж нарыг  дагуулаад  гэртээ ирсэн бөгөөд  М нь  надад “чи  намайг Мтэй  хардаад байна,  энэ чинь миний дүү,  чиний нүүрэн дээр хардаад байгаа нь тодорхой байна”  гээд хэрүүл маргаан үүсгээд байхаар нь би дуугараагүй. Тэгсэн Ж, М нарын дэргэд босож ирээд  миний нүүр лүү гараараа цохиж унагаагаад  нөгөө хоёр нь болиоч гээд  хойш нь татахад  цээж рүү  хөлөөрөө дэвсэж  өшиглөсөн. Тухайн үед цохисон газарт нь  гараараа хаагаад биеэ хамгаалахад өмнө хугалж байсан гар луу  хөлөөрөө дэвсэж ахиж хугалсан. М, Ж нар нь хүн аллаа гээд болиулсан бөгөөд П.М нь намайг зодчихоод нөгөө 2-оо дагуулаад гарсан.  П.М нь архи уусан үедээ нүүр лүү гараараа цохиж унагаан  хөлөөрөө дээрээс олон удаа дэвсэж өшиглөж уг гэмтлийг учруулсан. Би Дархан-уул аймагт 2021 оны 10 дугаар сард КТГ-н  зураг 280,000 төгрөгөөр авхуулсан.  Уг нь мэс засалд орох байсан ч мөнгөний шалтгаанаар орж чадаагүй, өөрөөр нь эдгээчихсэн юм. Би баримтаа хайгаад олохгүй байна.. Би гомдолтой байн, энэ хүнд хуулийн хариуцлага хүлээлгэж өгнө үү” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26, 64 дэх тал),

3. Гэрч Д.Мийн: “...Б эгч нэлээн согтчихсон Ж, У хоёрыг шууд алгадаад  авсан ба тэр үед М нь Б эгчийг  “чи  миний  дүү нарыг  яаж байгаа юм”  гэж  хэлээд хоёр удаа  нүүр лүү нь алгадаж  цохиод өшиглөөд унагаасан. Дахин зодох гээд дайрахаар нь М ахыг холдуулаад Б эгчийг орон дээр аваачиж суулгасан. Маргааш нь 09 дүгээр сарын 18-ны  өглөө 06  цагийн орчим  М-ын гэрт ирэхэд Б эгч орон дээрээ  хэвтчихсэн, нүд нь  хөхөрсөн,  гараа барьчихсан хэвтээд байсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дахь тал),

4. Гэрч Ц.Тийн: “...манай ээжтэй хамт амьдардаг М нь  уухаараа хүний ёсноос гажсан үг үйлдэл  гаргадаг, би шоронд байсан гэх мэтээр  сонин сонин зүйл ярьдаг байсан. Энэ болгоноос болоод би гэрээсээ явж тусдаа  амьдарсан юм. Би хамт амьдардаггүй болохоор сайн мэдэхгүй, манай ээж бид нараас  нуудаг байсныг мэдсэн. 2021 оны 9 сард М нь ээжийг очиж аваад гэр лүүгээ явсан гэсэн ба тун удалгүй  дахин зодуулаад гар хугарсан, Дархан-Уул аймагт  байна гэхээр нь би хүрээд ир гээд эмнэлгээр дагуулж явсан. Ээжийн гар хугарсан асуудал Мтай холбоотой гэж үзэж байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал),

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 9644 дугаартай:

“...Я.Б-гийн биед зүүн шуу ясны хугарал, зүүн ухархайн дотор хананы цөмөрсөн, хамар ясны зөрөөгүй хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Зүүн шуу ясны хугарал гэмтэл нь гэмтлийн Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоов.Бусад гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 17-18 дахь тал),  

6. Шүүгдэгч П.М-ын: “...Б намайг М-тэй хардаад байхаар нь би нүүр лүү нь  хэд хэдэн удаа цохиод  гар луу нь нэг удаа өшиглөчихсөн юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус хуульчилсан.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч П.М нь согтууруулах ундааны зүйлийг ганцаар болон бусдыг дуудан ирүүлж хамтдаа хэрэглэдэг, энэ үедээ хохирогч Я.Б-г хэл амаар доромжилж, хэлэх хэлэхгүй үгээр дайрч давшилдаг хүн байх ба хэрэг болдог тухайн өдөр мөн гаднаас хүмүүсийг дуудан ирүүлж архи ууцгаасан, улмаар хүмүүсийн дэргэд өөрийгөө бусдаас илүү хүчтэй, омогтой гэдгээ харуулах зорилгоор хохирогч руу үл ялих зүйлээр шалтаглан дайрч хохирогчийн нүүр болон бусад хэсэг цохиж унагаан гар дээр нь дэвсэж бие махбодод халдсан нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон,  түүний үйлдлээс шалтгаалан хохирогчид зүүн шуу ясны хугарал, зүүн ухархайн дотор хананы цөмөрсөн, хамар ясны зөрөөгүй хугарал бүхий гэмтэл учирсан, уг гэмтлүүдээс гарын хугарал бүхий гэмтэл нь хүндэвтэр зэргийн ангилалд, бусад гэмтэл нь хөнгөн зэргийн ангилалд хамаарч байгаа нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон болно.

Шүүгдэгч П.М өмнө нь мөн хохирогчийг зодож гарыг нь хугалж ял шийтгүүлж байсан байх ба дахин хохирогчийн гар болон хамрын яс, нүдний ухархайн ясыг хугалж гэмтээж буй тухайн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг мэдэхийн дээдээр мэдэж, ухамсарласан ч түүнийг  хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт  зориуд хүргэсэн шинжтэй байх тул шүүгдэгч П.М-ыг тус хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж дүгнэхээр байна.

Иймд шүүгдэгч П.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршгийн тухайд: Тус гэмт хэргийн улмаас хохирогч Я.Б-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээ хийлгэсэнтэй холбогдуулан 280,000 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн байх тул уг зардлын дүнг шүүгдэгч П.М-аас гаргуулахаар шийдвэрлэв.

Харин хохирогч Я.Б- нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбогдон гарсан бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч П.М-аас нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “...шүүгдэгч П.Мд Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч “...Хэлэх зүйлгүй” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч П.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болон  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, улмаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нь түүний архины зүс бус хэрэглээ, архи хэрэглэсэн үедээ гаргадаг зан араншин зэргээс хамааралтай, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлөөгдөөгүй зэргийг харгалзсанаас гадна нөгөө талаас шүүгдэгч П.М хувийн байдлын хувьд өөрийн гэсэн эд хөрөнгөгүй, хадгаламж эзэмшдэггүй, мөн ажил хөдөлмөр эрхэлж цалин хөлс, бусад орлого олдог эсэхийг илэрхийлсэн ямар нэгэн баримтгүй, өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдож байсан зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Харин шүүгдэгч П.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч П.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч П овогт П-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Мд 720 (долоон зуун хорь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Маас 280,000 (хоёр зуун наян мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч Я.Б-д олгож, хохирогч Я.Б- нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбогдон гарсан бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч П.Маас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.АЛТАНЦЭЦЭГ