Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/948

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Д.Ширэндэв,

шүүгдэгч А.П, түүний өмгөөлөгч Г.Тамир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт А-ийн П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208014971095 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 23-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн 1991 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт А-ийн П (РД:...);

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч А.П нь 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоот гэртээ хохирогч Б.М-тай маргалдаж улмаар түүнийг түлхэж унаган цээжний баруун 8, 9 дүгээр хавирганы хугарал, мөр, бугалга, өгзөгт цус хуралт бүхий гэмтлүүд бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...мэдүүлэг өгөхгүй” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

Хохирогч Б.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр зээ охинтойгоо уулзах гэж хуучин хүргэн байсан А.П-гийн гэрт очсон. Намайг очиход зээ охин уйлсан байдалтай, надаас зуурчхаад тавихгүй байсан. Тэгээд байж байтал урд талын айлын хүн машинаа холдуул гэхээр нь би гарах гэхэд охин уйлаад байсан тул хамт авч гарах гэсэн чинь А.П охиныг өгч гаргахгүй гээд надтай ноцолдоод, хавсраад миний биед үүссэн гэмтлийг учруулсан. Би энэ гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэсэн, ажилдаа явж чадаагүй. Надад эмчилгээний зардал өгөхгүй явж байгаад сая надад 300,000 төгрөг өгсөн байгаа. Би шүүгдэгчээс нийт 2,810,388 төгрөг нэхэмжилж байна. Манай охин ******* нь гадуур яваад хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Б.М-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7, 23, 26-27 дахь тал), А.П-гийн хохирогчоор өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал), Б.М-ын холбогдогчоор өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 6276 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 37-38 дахь тал),******* эмнэлгийн 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн компьютер томографын шинжилгээ (хавтаст хэргийн 41 дэх тал), шүүгдэгч А.П-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 71 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 55 дахь тал), шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт (хавтаст хэргийн 56 дахь тал), эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 58 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 61 дэх тал), (хавтаст хэргийн 59 дэх тал), оршин суух хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 60 дахь тал), шүүгдэгч А.П-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 50-51 дэх тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.П нь 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоот гэртээ хохирогч Б.М-тай “хүүхдээ өгч явуулахгүй” гэх асуудлаар маргалдаж улмаар түүнийг түлхэж унаган цээжний баруун 8, 9 дүгээр хавирганы хугарал, мөр, бугалга, өгзөгт цус хуралт бүхий гэмтлүүд бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь:

1. Хохирогч Б.М-ын: “...2022 оны 04 дүгээр сарын 22-ны 06 цаг 45 минутын үед гэрээсээ гараад зээ охинтойгоо уулзах гээд манай хүргэн байсан А.П-гийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоот хашааны гадна очиход хашааны хаалга нь цоожгүй байхаар нь онгойлгож ороод гэрийн хаалгыг нь цохисон чинь А.П хаалгыг онгойлгож өгсөн. Тэгээд би уг гэрт ороход манай зээ охин 3 настай А нүцгэн орилоод босоод ирсэн. Тэгэхээр нь би авч үнсээд хувцаслах гэсэн чинь хувцас нь байхгүй байна гэж хэлээд шүүгээ ухаад хувцас аваад П хувцаслаад цай уулгаад байж байтал урд хашаанаас хүн машинаа холдуул гээд орилсон. Тэгэхээр нь би “за” гээд гарах гэхэд зээ охин А дагаж орилохоор нь би зээ хүүхдээ хөтлөөд босох гэтэл П надад хандаж “чамд хүүхэд өгч гаргахгүй” гэж хэлээд үгийн зөрүүгүй намайг орон дээр түлхэж унагаасан. Тэгээд би босож ирээд П-д хандаж “миний хувцас цүнх байна, гараад машинаа оруулаад ирье” гэхэд чиний хувцас цүнхээр яадаг юм гэж хэлээд дахин намайг түлхсэн. Тэгээд бид хоёр ноцолдоход намайг боосон, тэгээд болиоч гэсэн чинь болиогүй хаалганы хажууд очоод С гэж орилсон, 30-40 минут ноцолдсон тэгж байтал ээж нь орж ирсэн тэгээд салсан юм. Тэгээд ээж болох А “чи хүүхэд авч явах гэлээ” гээд цагдаа дуудаж өгсөн юм. Би эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгэж дуусаагүй байгаа, баримтаа өгнө. Би гомдолтой байна. Тухайн үед П надтай ноцолдоод миний хоолойг  багалзуурдаад ноцолдож  байгаад гэрийн зүүн  ур талд байрлах тавиур луу  хавсарсан,  шалан дээр унагаагаад дээрээс өвдгөөрөө дарсан, гадаа  гэрийн хаалганы  төмөр бариултай  хавсарч цээжээрээ түлхээд байсан. Ингэх үед миний хавирга эвгүй болж хамаг бие хөндүүр болсон байсан. Хуулийн дагуу шийдүүлмээр байна... Би эмчилгээ, шатахуун, дутуу авсан цалин хөлс гээд 2.810.388 төгрөг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23, 26-27 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл),

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 6276 дугаартай:

“...Б.М-ын биед цээжний баруун 8,9-р хавирганы хугарал, мөр, бугалга, өгзөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 37-38 дахь тал),  

3. Шүүгдэгч А.П-гийн: “...2022 оны 04 дүгээр сарын 22-ны өглөө 06 цагийн үед СХД-н ...-р хороо, ... тоот гэртээ охиныхоо хамт унтаж байсан. Салсан эхнэрийн ээж М гэрийн хаалга тогшихоор нь сэрсэн.Тэгээд би “хэн бэ?” гэхэд “хэн байвал чи онгойлгох юм” гээд зандарсан аястай хэлэхээр нь би хоолойг нь таниад хаалгаа онгойлгосон.Тэгэхэд манай 3 настай охин А сэрээд М-ыг хараад уйлаад эхэлсэн.Тэгэхэд М охин дээр ирээд шалдан байхад нь гадуур хувцастайгаа тэвэрч аваад өвөр дээр суулгасан.Тэгэхээр нь би хувцсыг нь өмсгөе гэхэд түр ингээд байж байг гээд өмсүүлэхгүй байсан.Тэгээд М юм ярьж байхад хажуу гэрээс манай ээж А орж ирээд мэндлээд буцаад гарсан.Тэгэхэд урд айлаас машинаа холдуулаад өгчих гэхээр нь би М-т хэлэхэд охиныг аваад гарах гэхээр нь гаргахгүй гэхэд охиныг аваад гарах гээд хаалга руу зүтгээд дайраад байсан.Тэгэхээр би гаргахгүй гээд М-тай зууралдаад манай гэрт ноцолдоод би охиноо салгаж авсан.Тэгээд над руу дайраад байхаар нь би М-ын араас тэвэрч аваад өргөөд хаалгаар шидэхэд босгон дээр тээглээд газар арагшаа саваад унасан.Тэгээд босож ирээд дахиж ноцолдоод гэр лүү орох гээд дайраад байхаар нь би хаалганы 2 талаас оруулахгүй тэгнээд зогссон.Тэгээд би ээжийгээ дуудаад ээж эгч, дүү 3 орж ирээд охиныг аваад би өөрөө 102-т дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 50-51 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч А.П нь хохирогч Б.М-ын охин н.*******тай хамтран амьдарч байх хугацаандаа П.А гэх охинтой болсон ч 2021 оны 2 сараас эхлэн тус тусдаа амьдарч эхэлсэн төдийгүй хүүхдээ эцэг А.П-д үлдээхээр өөрөө зөвшөөрсний үндсэн дээр 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 184/ГХ2022/00442 дугаартай шүүхийн шийдвэрээр П-гийн А-ыг эцэг А-ийн П-гийн асрамжид байлгахаар шийдвэрлэсэн шийдвэртэй байх ажээ. (хавтаст хэргийн 53 дахь тал)

Гэтэл хохирогч Б.М нь өөрийн зээ охин П.А-тай уулзах, түүнийг өөр дээрээ авах гэсэн асуудлаас үүдэлтэйгээр шүүгдэгч А.П-тэй үл ойлголцол үүсэж маргаантай байсан төдийгүй 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хохирогч Б.М нь шүүгдэгч А.П-гийн гэрт зээ охинтойгоо уулзах гэж ирснээр дахин маргаан дэгдсэн, шүүгдэгч А.П нь охиноо өгч явуулахгүй хэмээн хохирогч Б.М-т хүч хэрэглэн бие махбодод нь халдаж хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна.

Хохирогч Б.М өөрийнх нь эрүүл мэндэд учирсан гэмтэл хэний үйлдлээс шалтгаалсан болохыг тодорхой мэдүүлсэн, шүүгдэгч нь маргаагүй, шинжээчийн дүгнэлтээр хохирогчид учирсан гэмтэл нь хүндэвтэр ангилалд хамаарсан, шүүгдэгчийн үйлдэл, хохирогчид учирсан хохирол, хор уршиг хооронд шалтгаант холбоо үүссэн байна.  

Шүүгдэгч нь хүний биед халдаж буй тухайн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарласан ч түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн шинжтэй байх тул шүүгдэгч А.П-г тус хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж дүгнэхээр байна.

Иймд шүүгдэгч А.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгч А.П нь хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдав.

Хохирол, хор уршгийн тухайд: Тус гэмт хэргийн улмаас хохирогч Б.М-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээ хийлгэсэн гэх 647,750 төгрөг, шатахууны 320,000 төгрөгийн баримт, эмнэлгийн магадлагаа, ажлын газрын тодорхойлолтыг тус тус гаргаж өгсөн, шүүгдэгчээс хохирогчид 300,000 төгрөгийн хохирол төлсөн байна.

Хохирогч Б.М- 2022.04.12-ны өдрөөс хойших ажилгүй байсан хугацааны цалин хөлс буюу 2,247,838 төгрөгийг нэмж нэхэмжилсэн буюу нийт 2,810,388  нэхэмжилсэн боловч холбогдох баримтыг бүрэн бүрдүүлж ирүүлээгүй байна.

Иймд хохирогч Б.М-ын нэхэмжлэлийн шаардлагаас эмчилгээний зардалд гарсан 647,750 төгрөгөөс шүүгдэгчээс төлсөн 300,000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 347,750 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор тогтож, харин шатахууны зардал гэж нэхэмжилсэн 320,000 төгрөгийн зардал хэрэгт хамааралгүй, гэмт хэргийн улмаас учирсан шууд зардал гэж үзэх боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэх нь зүйтэй байна.

Мөн дутуу авсан цалин хөлс орлогоо нэхэмжилж байгууллагын тодорхойлолт эмнэлгийн магадлагаа зэрэг баримтыг гаргаж өгсөн боловч энэ нь түүний цалин хөлс орлогыг бүрэн илэрхийлэх баримт бус, шаардлагатай баримтууд /цалингийн хүснэгт, эсхүл Нийгмийн даатгалын баримтууд гэх мэт/ дутуу байх тул энэ тогтоолын хамт шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд хохирогч Б.М- нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй холбоотой зардал, цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарах зардлаа нотлох баримтаа тус тус бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч А.П-гээс нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “...шүүгдэгч А.П-д Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...миний үйлчлүүлэгч гэм буруу дээр маргаагүй, 3 настай охины хамт амьдардаг хүн. Прокурорын санал болгож буй ялыг өгөх юм бол цаана нь хүүхдийн эрх ашиг зөрчигдөхөөр байна. Энэ онцгой байдлыг харгалзан үзэж 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 сая төгрөгөөр торгох ялыг оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч А.П нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, улмаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу шүүгдэгч А.П-гээс хохирогчид хүүхдээ өгөхгүй гэж тавьж буй шаардлагыг буруутгах үндэслэлгүй боловч түүний бусдад хүч хэрэглэж буй хууль бус үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй, мөн хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол бүрэн төлөгдөөгүй, шүүгдэгч нь хохирлыг цаашид төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзсанаас гадна нөгөө талаас шүүгдэгч А.П нь хувийн байдлын хувьд, 3 настай хүүхдийн хамт амьдардаг, мөн хувиараа ажил хөдөлмөр эрхэлж орлого олдог гэх боловч түүний орлоготойг илэрхийлэх баримтгүй зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул түүнд торгох ялыг оногдуулах боломжгүй байна.

Иймд дээрх байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.П-д 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн болно. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан үндэслэл нь шүүгдэгч А.П-д хамаарахгүй байна.

Шүүгдэгч А.П нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт А-ийн П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.П-д 400 (дөрвөн зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч А.П нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.    

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.М-ын нэхэмжлэлийн шаардлагаас 320,000 (гурван зуун хорин мянга) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч А.П нь хохирогчид 300,000 төгрөг төлсөн болохыг дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.П-гээс 347,750 (гурван зуун дөчин долоон мянга, долоон зуун тавь) төгрөг гаргуулж, хохирогч Б.М-т олгож, хохирогч Б.М нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбогдон гарсан бусад зардал, дутуу авсан цалин хөлс орлогоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч А.П-гээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.АЛТАНЦЭЦЭГ