Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/941

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч С.Энхням (томилолтоор),

шүүгдэгч О.О, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Т овогт О-ийн О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208000001114 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, 42 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” ХХК-д менежер ажилтай, ам бүл 2, эхийн хамт амьдардаг гэх, Дархан-Уул аймгийн ... сумын .... дугаар баг, ... гудамж, ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо ... дугаар байрны ... тоотод түр оршин суух, урьд Сум дундын 28 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнссэн, Т овогт О-ийн О (РД:...);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.О нь 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны орчим урьд нь хамтран амьдарч байсан Ц.Э-ыг бусадтай хардан зодож, эрүүл мэндэд нь баруун хоншоорын хөндийн урд хананы цөмөрсөн хугарал, баруун хоншоорын хөндийн хажуу хана хугарал, баруун нүдний хажуу хана доод ханануудын хугарал, зүүн ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан ирүүлсэн байна.

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...гэм буруугаа ойлгож байгаа” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

Гэм буруугийн талаар:

Улсын яллагч: “...Шүүгдэгч О.О-ыг хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч О.О, түүний өмгөөлөгч нараас: “...гэм буруу дээр маргахгүй, хохирол төлсөн байгаа тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцож байна” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.

Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд,

шүүгдэгч О.О нь 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, 22 дугаар байрны орчим хамтран амьдарч байсан Ц.Э-ыг бусадтай хардан толгой, нүүрэн тус газарт нь гараараа цохих өшиглөх, хоолойг нь боох зэргээр зодон эрүүл мэндэд нь баруун хоншоорын хөндийн урд хананы цөмөрсөн хугарал, баруун хоншоорын хөндийн хажуу хана хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан үйл баримт нь нотлогдсон байна. Тодруулбал, уг үйл баримт нь:

1. Зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дахь тал),

2. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хавтаст хэргийн 4-5 дахь тал),

3. Дуудлага мэдээлэл шалгасан илтгэх хуудас (хавтаст хэргийн 6 дахь тал),

4. Хохирогч Ц.Э-ын: “...Би Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дугаар байрны ... тоотод хоёр хүүхдийн хамтаар амьдардаг. Би О гэх хүнтэй 2014 онд танилцаад тэр жилдээ гэр бүл болж 2015 онд манай том хүү О.А мэндэлсэн. Тэрнээс өмнө би нэг хүүтэйгээ хамт амьдардаг байсан. О намайг ямар нэгэн шалтгаангүй бусадтай хардаад байдаг учраас одоогоос 1 сарын өмнө тусдаа амьдарч эхэлсэн. Би 2022 оны 05 дугаар сарын 13-ны шөнө хоёр хүүтэйгээ кино үзчихээд гэртээ ирээд байж байтал хүн сормуус хийлгэе гэхээр би сормуусыг нь хийж өгчхөөд 00 цагийн үед гэртээ орох гэж байтал О миний сормуус хийсэн айлын хоёр давхарт сууж байсан. Тухайн үед О архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай шатан дээр торондоо пиво хийчихсэн уугаад байж байсан. Тэгээд би тухайн айлаас гараад гэр лүүгээ явж байтал араас гарч ирээд гэр лүүгээ орох гэтэл намайг ярилцах хэрэгтэй байна гээд оруулахгүй байсан. Тэгээд бид хоёр сааданд суугаад юм ярьж байгаад уутанд байсан 4ш жижиг пивоноос надад өгөхөөр нь би уухгүй гэж хэлэхэд надад уучих.Тэгээд хүүгээ яах талаар ярилцъя гэхээр нь би 1 шил пивыг нь уусан. Тэгээд бид хоёр шөнийн 02 цаг хүртэл юм ярьж сууж байгаад би гэр лүүгээ орох гээд хоёр давхарт явж байтал хогийн пүнкерын тэнд очоод намайг өөр хүнтэй болчихсон юм биш үү гэж хэлээд миний толгой руу гараараа хоёр удаа цохисон. Би тэр үед туслаарай гэж орилоход миний ам дараад хоолойноос боогоод намайг утсаа гаргаад ир гэхээр нь би утсаа гаргаж өгсөн. Тэгтэл миний утсыг харж байх хугацаанд нь би чи наад утсаа ав гэж хэлчхээд би гэртээ орох гэтэл чи намайг дагаж гар тэгэхгүй бол би гэртээ ороод хоёр хүүхдийг чинь хутгаар сийчиж ална гэхээр нь би дагаж гарсан. Тэгээд 22 дугаар байрны урд сааданд очиж суугаад утсан дээрх ярьсан дугаарыг энэ хэн юм бэ? гэх зэргээр нэг бүрчилсэн асууж намайг янхан,гичий, банзал гэх зэргээр доромжилж байгаад миний нүүр лүү гараа атгаж байгаад 4-5 удаа цохисон. Тэгээд би газарт унасны дараа миний толгой нүүр хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд миний хоолой боосон байсан. Тэр үед би ухаан балартаад нэг сэргээд харахад миний нүүр ам аймар их хавдаад хөхөрчихсөн байсан. Тэр үед байрны архи уугаад байдаг нэг ах ирээд болиоч гэж хэлсэн. Тэгтэл О тэр хүнийг чи зайл чамайг ч гэсэн ийм болгон гэж хэлсэн чинь тухайн ах яваад өгсөн. Тэгээд сүүлд дахиж ирээд О-ыг болиоч гэж хэлэхэд тухайн хүнтэй маргалдаж байх хооронд би гэр лүүгээ гүйж орсон. Намайг болон хүүхдүүдийг олон удаа заналхийлж байсан. Хэрэг  болсноос хойш 2-3 удаа ирж намайг ална гэж  сүрдүүлсэн. Би одоо 9 сард хацрын хадаасаа дахиж авхуулж хагалгаанд орно гэж хэлсэн. Тухайн эмчилгээний зардал 3.000.000 гаран төгрөг гадна хагалгаа хийлгэхийн өмнөх зардал 100.000 мянган төгрөг болох юм байна лээ. Мөн би энэ асуудлаас болж ажлаа хийж чадаагүй би сардаа 2.500.000- 3.000.000 төгрөгийн орлого олдог. Би 1 сар ажлаа хийж чадаагүй сарын орлогоо нэхэмжлэх байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12, 16-17 дахь тал),

5. Насанд хүрээгүй гэрч Т.Т-ын: “...Би 2022 оны 05 дугаар сарын 13-ны шөнө дүүгийн хамтаар гэртээ унтаж байсан. Манай ээж Э орой 22 цагийн үед хажууд байдаг найзынхаа гэрт сормуус хийнэ гэж хэлээд гарсан. Тухайн өдөр манай дүүгийн цагаан толгойн баяр болж байсан, хойд аав О өдөр орж ирээд дүүд бэлэг өгчхөөд гараад явсан, тэрнээс хойш огт орж ирээгүй. Тэгээд ээж айл руу явсны дараа би дүүгийн хамтаар унтаж байтал шөнө 03 цагийн үед ээж гаднаас хаалга чанга цохихоор нь онгойлгоход нүүр ам, хувцас нь цус болчихсон орж ирсэн. Тэгээд ээж надад намайг алах гэж байна гээд уйлаад байсан. Би хэн алах гээд байгаа юм бэ гэж хэлэхэд ойлгомжтой шүү дээ О гэж хойд аавын нэрийг хэлсэн. Тэгээд ээж уйлаад байхаар нь хойд аав руу залгаад та яаж байгаа юм бэ гэхэд та нарыг бүгдийг чинь ална, гараад ир гээд байхаар нь би цагдаа дуудсан. О одоогоос 6-7 жилийн өмнө ээжтэй хамт амьдраад манай бага дүү гарсан. Өмнө миний санаж байгаагаар 4-5 удаа бусадтай хардаж зодож цохиж байсан. Би одоо он сарыг нь санахгүй байна. Тухайн үед 2 удаа цагдаа дуудсан. Ээж өргөдлөө буцаагаад авчихдаг байсан юм шиг байна лээ. ...Тухайн өдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө ямар нэгэн шалтгаангүйгээр зодож цохисон гэж хэлсэн. Тэрнээс өмнө бусадтай хардаж зодож цохидог байсан. Бас ээж бид 3-г ална гэж хутга авч дайрч байсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 7105 дугаартай шинжилгээ: “...Ц.Э-ын биед баруун хоншоорын хөндийн урд хананы цөмөрсөн хугарал, баруун хоншоорын хөндийн хажуу хана хугарал, баруун нүдний хажуу хана доод ханануудын хугарал, зүүн ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал нүүрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү хоолойн цус хуралт, хоёр нүдний алимны салстын цус хуралт, ар нуруу, зүүн гарын ядам хурууны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун хоншоорын хөндийн урд хананы цөмөрсөн хугарал, баруун хоншоорын хөндийн хажуу хана хугарал бүхий гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун нүдний хажуу хана доод ханануудын хугарал, зүүн ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал нүүрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүн хоолойн цус хуралт, нүдний алимны салстын цус хуралт, ар нуруу, зүүн гарын ядам хурууны цус хуралт бүхий гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой” (хавтаст хэргийн 26-27 дахь тал),

7. Шүүгдэгч О.О-ын: “...Э чи ганц бие, би хоёр хүүхэд авч явж байна гэж хэлээд хэрүүл хийгээд байсан. Тэгээд бид хоёр маргалдаж байхад миний нүүр ам хэсэг рүү гараа сарвалзуулаад маажаад, миний хөл рүү өшиглөхөөр нь би нэг удаа хацар луу нь алгадсан. Тэгээд орилоод байхаар нь гадагш авч гараад байрных нь зүүн талын сааданд очиж суусан. Тэр үед Э хэрүүл хийгээд миний эмзэг эрхтэн рүү өшиглөөд дайраад байхаар нь нүүр лүү гараараа 2-3 удаа цохисон. ...Би тухайн өдөр нүүр хэсэг рүү нь гараараа 3 удаа цохисон. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч маш их гэмшиж, харамсаж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 42-44 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэргээр тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус хуульчилсан.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч О нь хохирогч Ц.Э-тай 2015 оноос эхлэн хамтран амьдарч дундаасаа нэг хүүтэй болсон байх бөгөөд энэ хугацаанд бусадтай хардах, заналхийлэх зэрэг үйлдэл удаа дараа гаргасны улмаас гэмт хэрэг гарахаас 1 сар орчмын өмнөөс тусдаа амьдарч эхэлцгээсэн байна.

Улмаар шүүгдэгч О.О нь хүүхэдтэйгээ уулзах нэрийдлээр  ирж янз бүрийн зан авир гаргадаг байсан байх төдийгүй хэрэг учрал болдог тухайн өдөр мөн хохирогчийг бусадтай хардаж, гар утсыг нь шалгах, утсаар холбогдсон хүн болгоныг асууж тодруулах, хэл амаар доромжлох зэргээр сэтгэхүйн хувьд дарамтад оруулснаас гадна нүүр, толгой хэсэг рүү нь цохих, өшиглөх, хоолой ам хамрыг дарах, боох зэргээр бие махбодын хүчирхийлэл үйлдэж зодсоны улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд учирсан болох нь хохирогч, насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон байна.

Шүүгдэгч О.Оын гэмт үйлдлийн аргын хувьд өөртэй нь хамт амьдарч байсан, хамт амьдарч буй эмэгтэйчүүдийг бусадтай хий хардан хэлэх хэлэхгүй үгээр доромжлох, зүй бусаар харьцсан үг хэллэг, үйлдлийг гаргадаг, энэ байдалдаа дүгнэлт хийдэггүй, түүний энэ байдал амьдралд нь хэвшил болсон шинжтэй байна.

Шүүгдэгч О.О нь өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг мэдэж, ухамсарласан ч түүнийг  хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт  зориуд хүргэсэн шинжтэй байх тул шүүгдэгч О.Оыг тус хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж дүгнэхээр байна.

Иймд шүүгдэгч О.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол төлбөрийн тухайд: Тус гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Э-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд эмчилгээнд 3,100,000 төгрөг, ажилгүй байсан хугацааны орлого хэмээн 3,000,000 төгрөг, нийт 6,100,000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч О.О нь 7,387,000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлтийг ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 14000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, хуулийн хугацаанд биелүүлэх” тухай дүгнэлтийг,  

Шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс “...гэм буруу дээр маргаагүй, хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын санал болгосон торгох ялын хэмжээг бууруулж 2700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр тогтоож, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч О.Оын үйлдэлд Эрүүгийн хулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч О.Оын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нь түүний архины зүс бус хэрэглээ, архи хэрэглэсэн үедээ гаргадаг зан араншин зэргээс хамааралтайгаар үйлдэгдсэн, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогчийн эрх зөрчигдөхөөс гадна цаана нь хамт амьдарч буй хүүхдийн амгалан тайван амьдрах эрх давхар зөрчигдөж буй нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирол төлөгдсөн байдал зэргийг харгалзсанаас гадна нөгөө талаас шүүгдэгч О.О хувийн байдал /өөртэй хамтран амьдарсан хүн, хүүхэд болгоныг залхаан тэдний эсрэг хүчирхийлэл үйлддэг, энэ байдалдаа дүгнэлт хийлгүй дахин гэмт хэрэг үйлдсэн, түүний хүнлэг бус, хэрцгий балмад зан араншин/  зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Иймд улсын яллагч, өмгөөлөгч нараас гаргасан “торгох ялыг оногдуулах” тухай дүгнэлтийг хүлээн аваагүй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт О-ийн Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Од 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Од оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч О.Оаас 7,387,000 (долоон сая, гурван зуун наян долоон мянга) төгрөгийг хохирогч Ц.Э-д төлсөн, цаашид төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ