| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2021/0002/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/02 |
| Огноо | 2021-12-24 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | С.Бичинхүү |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 2021/ШЦТ/02
2021/ШЦТ/02
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,
Улсын яллагч: С.Бичинхүү
Шүүгдэгч: С.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бовогт Сын Мд холбогдох 2012003930390 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Идэр-Улаан багийн нутаг Баарт гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Бовогт Сын М /РД:../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч С.М нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн Арслан цохионы 08-26 тоотод 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу өөрийн эхнэр П.Мг бусадтай хардсаны улмаас зодож, эрүүл мэндэд нь баруун чихний дэлбэн, зүүн нүдний гадна талд, бэлгийн их уруулын зүүн талд, баруун өгзгөнд зөөлөн эдэд няцралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 2012003930390 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч П.Мгийн мэдүүлсэн: ...Нөхөр бид хоёр хамтран амьдраад 10 гаруй жил болж байна. 06-02 насны хоёр хүүхэдтэй. Том хүү аймгийн төвд 01 дүгээр ангид сурдаг бөгөөд өвөө, эмээгийндээ байдаг. Нөхөр бид хоёр Эрдэнэмандал суманд амьдардаг. Өчигдөр хөдөөнөөс ирээд найз Мынд хонохоор болоод пиво ууцгаасан. Тэгээд ууж дуусаад унтацгаасан. Гэтэл өнөө өглөөний 06 цагийн үед нөхөр гэнэт босч ирээд найз Мтайгаа хэрүүл хийгээд эхэлсэн. Тэгснээ намайг оролцуулаад та хоёрыг мэдсэн, янхан гэж хэлснээ миний баруун талын чих рүү нэг удаа, баруун талын шанаа руу нэг удаа гараараа цохиж, бас зүүн талын шанаа руу цохисон, мөн багалзуур хэсгээс барьж байгаад нэг удаа шахсан, бэлэг эрхтэн рүү 1 удаа өшиглөсөн. Бөгс рүү бас өшиглөсөн, энд, тэндгүй цохиод байсан. Найз нь салгахаар хардаад, хоорондоо заамдалцаж аваад байсан. Хоёр хүүхэд уйлаад байхаар нь би дагуулаад гараад явж байсан чинь нөхөр араас машинтайгаа ирээд суучих гээд байхаар нь би айгаад, гудамжинд хүмүүсээ авраарай, авраарай гээд орилсон чинь яваад өгөхөөр нь цагдаад дуудлага өгсөн. Найзтайгаа хардсан. Гэр бүлийн найзууд, гэр орноороо орж гарцгаадаг. Мын эхнэр, хүүхэд нь байсан. Гэтэл унтаж байхад гэнэт пижигнэлдээд унахаар нь би боссон. Юу болсныг ойлгоогүй. Намайг босоод ирсэн чинь намайг нэг цохиод, Мыг бас цохиод байсан. Тэр хоёр хоорондоо ноцолдоод л байсан. Намайг цохиод авахаар М салгахаар хардаад байсан. Би хоёр хүүхэдтэйгээ зугтаж гарсан. Баруун, зүүн талын чих, шанаа хавдсан, өшиглөсөн болохоор бөгс, бэлэг эрхтэн орчмоор өвдөж байна. Шүүх эмчийн дүгнэлт гаргуулна. Өмнө нь манай нөхөр намайг цохиж, зодож байгаагүй. Би гомдолтой...гэх мэдүүлэг /хх-ийн 03-04 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч П.Мгийн мэдүүлсэн: ...2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр нөхөр, хүүхдүүдтэйгээ Архангай аймгийн төв орох ажилтай ороод аймагт аавындаа хоносон. Тэгээд нөхөр, бид хоёр нөхөр Мы багийн найз М гэх айлд 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 21 цагийн үед очсон. Тэгээд М найзууд ирсэн гээд лаазтай 4 ширхэг пиво гаргаж ирээд бид дөрвүүлээ ууцгаасан бөгөөд нөхөр, бид хоёр Мынд хонохоор болсон. Бид хоёр Мынд очихдоо 2 литрийн том пиво, чихэр, жимстэй очиход М бид хоёрын өгсөн 2 литрийн пиво задалж манай нөхөр М, найз М нар хувааж уусан. Мын эхнэр Ц бид хоёр жижиг аягаар нэг, нэг уусан. Тэгээд би унтаж байсан бөгөөд унтаж байгаад сэрэхэд манай нөхөр М найз Мтайгаа маргалдсан сууж байсан. Тэгээд би нөхрийгөө больцгоо гэж хэлэхэд манай нөхөр намайг чамайг мэдсэн шүү гээд найз Мтайгаа хардаж миний баруун талын шанаа руу нэг удаа гараараа цохиж, дараа нь зүүн талын шанаа руу бас цохисон. Мөн багалзуур шахсан, бэлэг эрхтэн болон бөгс рүү нэг удаа өшиглөсөн. Нөхөр намайг цохиж байхад найз М нь салгахаар чи өмөөрч байна гээд найз руугаа дайраад байсан. Тэгээд би 2 хүүхдээ аваад найз Мынхаас гараад явж байхад нөхөр М араас машинтайгаа ганцаараа ирээд ханиа намайг уучлаарай, машиндаа суучих гэхэд нь би дахиж зодох байх гэж бодоод машиндаа суугаагүй, 2 хүүхдээ дагуулаад нагац ах Бөхбатынд очсон. Тэгээд би нагац ахтайгаа цагдаа дээр очиж мэдүүлэг өгсөн. Тухайн үед найз М, эхнэр Ц нь, манай нөхөр М, бид нар, 4 хүүхэдтэйгээ байсан. Одоо миний бие өвдөхгүй байгаа. Тухайн үед нөхөр Мд зодуулахад хөнгөн хохирол учирсан гэсэн шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан. Бид гэр бүлээ батлуулсан бөгөөд 10 жил хамт амьдарч байна. Манай нөхөр урьд өмнө нь намайг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй. Сая л анх удаа зодсон. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 22-27 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Цын мэдүүлсэн: ...2020 оны 11 дүгээр сарын 09-ний оройн 22 цагийн үед нөхрийн багийн найз М нь эхнэр, 2 хүүхдийн хамт ирцгээсэн. Бид дөрөв пиво ууцгаагаад үүрээр унтах болоод, би хойд өрөөндөө ороод унтаж байсан чинь М орилоод байхаар нь гарч харсан чинь эхнэртэйгээ нэг нэгэн рүүгээ дайраад, хэрүүл хийгээд байсан. М нь манай нөхөртэй эхнэрээ хардсан юм шиг байна лээ. Манай эхнэрийг үнссэн гээд уурлаад байсан. Эхнэр нь чи дандаа угаасаа ингэдэг, цагдаад өгнө гээд байсан. Манай нөхөр хамт ууж, сууж байгаад, надтай хамт унтахаар хэвтсэн. Гэтэл тэр хоёр унтахгүй хоорондоо чанга, чанга орилолдоод байхаар нь манай хүн босч очсон чинь чи манай эхнэрийг үнслээ гээд уурлаад хардаад байсан. Хардах асуудал болоогүй. М нь манайд хөдөөнөөс ирэхдээ орж гардаг л хүмүүс. Би босоод очиход эхнэр нь миний давсаг руу, чих рүү цохисон гээд уйлаад байсан. Би цохисоныг нь хараагүй. Манай нөхрийн хамраас жаахан цус гарчихсан, хатчихсан байсан. Мгийн зүүн талын шанаа хэсгээр цус болчихсон харагдсан. Хаанаас нь цус гарсныг нь мэдэхгүй байна. Хамраас нь гараад арчигдсан ч байж магадгүй. Намайг боссоноос хойш зодоон, цохион хийгээгүй. Хэрүүл хийгээд л байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 05-06 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч С.Мы мэдүүлсэн: ...Би яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Миний үйлдэлтэй тохирч байна. Би хүлээн зөвшөөрч байна. Би өмнө нь өгсөн гэрчийн мэдүүлэгтээ бүх зүйлээ үнэн зөвөөр ярьсан тул одоо надад мэдүүлэх зүйл байхгүй. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Миний буруу. Би дахиж ийм үйлдэл гаргахгүй. Би мэдээгүй. Манайх Эрдэнэмандал сумын Идэр улаан багийн нутаг Баарт гэх газар хөдөө байдаг юм. Тухайн газар сүлжээ байдаггүй, уулан дээр гарч байж сүлжээ барьдаг юм. Намайг дуудсан талаар би мэдээд шууд ирж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 41-43 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 607 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. П.Мгийн биед баруун чихний дэлбэн, зүүн нүдний гадна талд, бэлгийн их уруулын зүүн талд, баруун өгзгөнд зөөлөн эдэд няцралт гэмтлүүд учирчээ. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох 4 удаагийн үйлчлэлээр үүснэ. Өмнө нь гэмтэл учирч байсан эсэхийг тогтоох боломжгүй. 3. П.Мгийн биед учирсан гэмтлүүд болсон асуудалтай тохирох шинэ гэмтлүүд байна. 4. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 08 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 46 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 50 хуу/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн Арслан цохионы 08-26 тоотод 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр П.Мгийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч С.М нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч С.М нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн Арслан цохионы 08-26 тоотод 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу өөрийн эхнэр П.Мг бусадтай хардсаны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
мөрдөн байцаалтын шатанд хохирогч П.Мгийн мэдүүлсэн “Өчигдөр хөдөөнөөс ирээд найз Мынд хонохоор болоод пиво ууцгаасан. Тэгээд ууж дуусаад унтацгаасан. Гэтэл өнөө өглөөний 06 цагийн үед нөхөр гэнэт босч ирээд найз Мтайгаа хэрүүл хийгээд эхэлсэн. Тэгснээ намайг оролцуулаад та хоёрыг мэдсэн, янхан гэж хэлснээ миний баруун талын чих рүү нэг удаа, баруун талын шанаа руу нэг удаа гараараа цохиж, бас зүүн талын шанаа руу цохисон, мөн багалзуур хэсгээс барьж байгаад нэг удаа шахсан, бэлэг эрхтэн рүү 1 удаа өшиглөсөн. Бөгс рүү бас өшиглөсөн, энд, тэндгүй цохиод байсан. Найз нь салгахаар хардаад, хоорондоо заамдалцаж аваад байсан. Хоёр хүүхэд уйлаад байхаар нь би дагуулаад гараад явж байсан чинь нөхөр араас машинтайгаа ирээд суучих гээд байхаар нь би айгаад, гудамжинд хүмүүсээ авраарай, авраарай гээд орилсон чинь яваад өгөхөөр нь цагдаад дуудлага өгсөн”, “тэгээд би нөхрийгөө больцгоо гэж хэлэхэд манай нөхөр намайг чамайг мэдсэн шүү гээд найз Мтайгаа хардаж миний баруун талын шанаа руу нэг удаа гараараа цохиж, дараа нь зүүн талын шанаа руу бас цохисон. Мөн багалзуур шахсан, бэлэг эрхтэн болон бөгс рүү нэг удаа өшиглөсөн. Нөхөр намайг цохиж байхад найз М нь салгахаар чи өмөөрч байна гээд найз руугаа дайраад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 03-04, 22-27/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Цын мэдүүлсэн “2020 оны 11 дүгээр сарын 09-ний оройн 22 цагийн үед нөхрийн багийн найз М нь эхнэр, 2 хүүхдийн хамт ирцгээсэн. Бид дөрөв пиво ууцгаагаад үүрээр унтах болоод, би хойд өрөөндөө ороод унтаж байсан чинь М орилоод байхаар нь гарч харсан чинь эхнэртэйгээ нэг нэгэн рүүгээ дайраад, хэрүүл хийгээд байсан. М нь манай нөхөртэй эхнэрээ хардсан юм шиг байна лээ. Манай эхнэрийг үнссэн гээд уурлаад байсан. Эхнэр нь чи дандаа угаасаа ингэдэг, цагдаад өгнө гээд байсан. Манай нөхөр хамт ууж, сууж байгаад, надтай хамт унтахаар хэвтсэн. Гэтэл тэр хоёр унтахгүй хоорондоо чанга, чанга орилолдоод байхаар нь манай хүн босч очсон чинь чи манай эхнэрийг үнслээ гээд уурлаад хардаад байсан. Мгийн зүүн талын шанаа хэсгээр цус болчихсон харагдсан. Хаанаас нь цус гарсныг нь мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 05-06/,
мөрдөн байцаалтын шатанд С.Мы яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Би хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Миний буруу. Би дахиж ийм үйлдэл гаргахгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 41-43/,
хохирогч П.Мгийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 607 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 08/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Бовогт Сын Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч С.М нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч С.Мы бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Шүүгдэгч С.М нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон ба Архангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 тоот тогтоолоор яллагдагч С.Мд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоож, прокурор түүнд оногдуулах ялын төрлийн талаар гаргасан саналыг яллагдагч С.М нь зөвшөөрсөн байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бовогт Сын Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус заасан хугацаанд буюу 90 хоногт төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч С.М нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч С.Мы бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ