Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/854

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,

улсын яллагч Ж.Отгончимэг (томилолт),

шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос С овогт Д-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208002270921 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Хархорин зах дээр махны бэлтгэгч ажилтай, ам бүл 1, Хөвсгөл аймгийн ... сумын .... дугаар баг, ... оршин суух бүртгэлтэй ч Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар байр ... тоотыг түрээсэлж амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, С овогт Д-ын Б (РД:...);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, өндөр настны автобусны буудлын орчимд байх нийтийн байрны ... тоотод 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хамтран амьдрагч С.Н-г ямар нэгэн шалтгаангүйгээр олон удаагийн давтамжтайгаар гараар цохих, хөлөөрөө өшиглөх, тамхины цогоор түлэх зэргээр зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, чамархай, хацар, шилбэнд зулгаралт, хацар, эрүү, уруул, зовхи, шилбэнд цус хуралт, сарвуунд түлэгдэл” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

      ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярихгүй зүйлгүй, Н-тэй 7-12 сар хүртэл хугацаанд хамт амьдарсан” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл)

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, өндөр настны автобусны буудлын орчимд байх нийтийн байрны ... тоотод 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хамтран амьдрагч С.Н-г шалтгаангүйгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн олон удаагийн давтамжтайгаар гараар цохих, хөлөөрөө өшиглөх, тамхины халуун цогоор түлэх зэргээр онц хэрцгий аргаар зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, чамархай, хацар, шилбэнд зулгаралт, хацар, эрүү, уруул, зовхи, шилбэнд цус хуралт, сарвуунд түлэгдэл” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь дараах нотлох баримтуудаар тогтоогдсон. Тухайлбал,

1. Хохирогч С.Н-н: “...2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Өндөр настан автобусны буудлын хажуу талын нийтийн байранд хамтран амьдрагч Б нь согтуудаа намайг “чи хаашаа явах гээд байгаа юм гээд над руу уурлаад гичий, лалар, янхан” гэж хэл амаараа доромжлоод над руу гутал шидээд миний зүүн хөлийн гуя хэсэг рүү оносон. Миний 2 хөлийн шилбэ хэсэг рүү 10-15 удаа өшиглөж, баруун гараараа миний нүүр рүү 10 удаа цохисон. Мөн толгой руу баруун гараараа 4-5 удаа цохиод чамайг “ална, чамайг амьд үлдээхгүй” гээд орилоод дайраад байсан. Баа энэ тамхийг чиний гар дээр унтраавал чамайг зодохоо больё гэж хэлээд баруун гарын ар талын хэсэг дээр тамхины цогоо унтраасан.  Удалгүй гаднаас цагдаа орж ирсэн. Би Бтай 2021 оны 6 дугаар сараас хойш хамт амьдарч байсан. Дундаасаа хүүхэдгүй, гэрлэлтийн баталгаа байхгүй. Миний уруул хавдаж, толгой хагарсан, хөлийн шилбэ хөхөрч шалБан.. Манай хамтран амьдрагч урьд өмнө нь намайг цохиж зодож байсан. 7-8 удаа зодож байсан. Яг хэзээ гэдгийг нь санахгүй байна. Хамгийн сүүлд өчигдөр 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 13 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Хархорин зах дээр ажил дээр байхад нүүр рүү нэг удаа алгадсан....Би Д.Бтай 2021 онд барилга дээр ажиллаж байхдаа танилцаж байсан. Тэрнээс хойш бид хоёр үерхэж байгаад 2021 оны 07 дугаар сараас хойшоо хамт нийтийн байранд амьдрах болсон. Бид хоёр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо өндөр настны автобусны буудлын хажууд байрлах нийтийн байрны ... тоотод хамт амьдарч байгаад энэ асуудал гарснаас хойш салсан. Одоо тус тусдаа амьдарч байгаа. Би гомдолтой байна. Энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11, 29-30 дахь тал),

2. Аюулын зэргийн: “Аюулын зэргийн үнэлгээ-8 өндөр” гэх үнэлгээ (хавтаст хэргийн 14 дэх тал), 

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01  дүгээр сарын 03-ны өдрийн 1032 дугаартай:

“С.Н-н биед тархи доргилт, чамархай, хацар, шилбэнд зулгаралт, хацар, эрүү, уруул, зовхи, шилбэнд цус хуралт, сарвуунд түлэгдэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн болон өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 37-38 дахь тал), 

4. Шүүгдэгч Д.Бын: “...Хамтран амьдарч байсан Н- бид хоёр Хархорин зах дээр махны бэлтгэгч ажил хийдэг байсан юм. 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Н- бид хоёр Хархорин зах дээр ажиллаж байгаад би ганцаараа пиво уугаад согтсон. С.Н- бид хоёрыг ар гэр нь зөвшөөрөхгүй намайг сал гээд байсан шалтгаанаар би пиво уусан. Мөн хувийн асуудлаас болоод сэтгэл санаа жаахан тогтворгүй болоод пиво уусан. Ганцаараа пиво уучхаад буцаад ажлаа хийх гэтэл махны эгч загнасан. Бид хоёр жаахан үл ойлголцоод маргалдсан. Тэгтэл С.Н- “боль” гээд намайг гэр рүү авч явсан. Н- буцаад ажил руу ганцаараа явах гэсэн. Тэгэхээр нь би  “хоёулаа хамт явна” гэж хэлсэн. Намайг Н- унтаж амар гээд байхаар нь би хамт явна гээд бид хоёр маргалдсан. Би хажуудаа байсан гутлыг аваад Н- рүү шидэхэд зүүн талын хөлийн доод талд нь оносон. Толгой хацар руу нь гараараа хэд хэдэн удаа алгадахад С.Н- уйлаад суусан. Хөлийн шилбэ хэсэг рүү нь бас хэд хэдэн удаа өшиглөсөн. Бас татаж байсан тамхиа гар нь дээр нь дараад унтраачихсан юм. Ингээд байж байхад цагдаа орж ирээд намайг эрүүлжүүлэх байранд хүргэж өгсөн. Өөр болсон зүйл байхгүй. Тухайн үед Н- бид хоёроос өөр хүн байгаагүй. Би буруу зүйл хийснээ ойлгож ухамсарлаж байна” гэх мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээд гэж эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг ойлгохоор, гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилсан байна.

Онц харгис хэрцгийгээр гэдэгт хохирогчийг зодох явцдаа  олон тооны шарх,  гэмтэл үүсгэж, өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон,  учруулсан гэмтлийн улмаас  зовж  зүдрэхээр байдал  бий болгож,  гэмт этгээд  өөрийн сонгосон  аргынхаа  харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийн үйлдлийн  үр дагаврыг  урьдчилж харж,  хүсэж санаатайгаар үйлдсэн байхыг ойлгоно.

Хэргийн үйл баримтуудаас харвал, шүүгдэгч Д.Б, С.Н- нар нь  гэр бүлийн харилцаа үүсгэн тодорхой хугацаанд хамт амьдарсан хамтран амьдрагчид байх бөгөөд  улмаар шүүгдэгч Д.Б нь хэрэг гарсан тухайн өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн дотоод бухимдлаа тайлах зорилгоор хамтран амьдрагч С.Н-гээ шалтгаангүйгээр олон удаагийн давтамжтай үйлдлээр цохиж зодсоноос гадна тамхины халуун цогоор хүний арьс салстад хүргэвэл маш их хэмжээний өвдөлт зовуурь илрэхийг ухамсарлаж ойлгосон  атлаа  өөрийн татаж байсан тамхины халуун цогоор хохирогчийн гарыг түлж тамлан зовоосон, хохирогчид илэрсэн өвдөлт зовуурийг харж бах таваа хангасан зэрлэг балмад түүний   үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн хэлбэр болох бие махбодын хийгээд сэтгэл санаан хүчирхийллийн шинжээр үйлдэгдсэн төдийгүй онц харгис хэрцгийгээр үйлдэгдсэн байна.

Иймд шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн хэмээн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов.

Хохирол төлбөрийн тухайд:

Шүүгдэгч Д.Бын үйлдлээс шалтгаалан хохирогч С.Н-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч С.Н- нь нэхэмжлэлтэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор  төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин хохирогч С.Н- нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.Баас нэхэмжлэх эрхтэйг дурдав.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “шүүгдэгч Д.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч нь “ял дээр саналгүй” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Д.Бын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүгдэгч Д.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, архи согтууруулах ундааны зүй бус хэрэглээ нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл болсон, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хэд хэдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэмжээ, шүүгдэгчээс хохиролд төлсөн зүйлгүй зэргийг харгалзсанаас гадна шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бад 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв. 

Шүүгдэгч Д.Б нь дээрх хугацаанд нийтэд тустай ажил хийлгэх ялыг  биелүүлээгүй  бол нийтэд тустай  ажил хийлгэх ялын  найман цагийн  ажлыг нэг  хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Д.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт Д-ын Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бад 720 (долоон зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх  ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь дээрх хугацаанд нийтэд тустай ажил хийлгэх ялыг  биелүүлээгүй  бол нийтэд тустай  ажил хийлгэх ялын  найман цагийн  ажлыг нэг  хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй тус тус дурдсугай.

5. Шүүгдэгч Д.Б нь энэ тогтоолоор төлөх төлбөргүй, хохирогч С.Н- нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.Баас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ