Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/912

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жавхлантөгс,

улсын яллагч У.Анхжаргал,

шүүгдэгч П.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны В танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос А а овогт П-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2208000001134 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 6, хамтран амьдрагч, 4 хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, А а овогт П-ийн М (РД:...),

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч П.М нь 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод архи согтууруулах  ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай  хамтран амьдрагч П.Ч-ыг шалтаг шалтгаангүйгээр  зодон эрүүл эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч П.М нь 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод архи согтууруулах  ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай  хамтран амьдрагч П.Ч-ыг шалтаг шалтгаангүйгээр  зодон  эрүүл эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь: 

1. Хохирогч П.Ч-ын: “...тухайн өдөр би нойл орох гээд гарахад манай нөхөр 00-н үүдэнд хог шатаагаад сууж байсан. Тэгсэн гэнэт намайг түлхээд унагаасан. Тэгэхээр нь би босоод чи яах гээд байгаа юм бэ гээд бид хоёр барилцаж аваад ноцолдсон, тэгсэн намайг газар унагаагаад  миний дээр гарч суугаад  бие рүү болон дагз хэсэг рүү цохиод байсан. Тэгээд би цааш нь түлхээд гэр лүүгээ явж байтал яг орох гэтэл  гэрийн үүдэнд байсан сандлыг  манай нөхөр аваад шууд миний  нүүр лүү 1 удаа цохиод  дахиад гараараа нүд рүү цохисон. Тэгээд би манараад газар унасан чинь манай хүүхдүүд гарч ирээд “ааваа та ээжийн нүдийг  яаж байгаа юм бэ” гэсэн чинь манай нөхөр  шууд “чи хүүхдүүдтэйгээ нийлж намайг зодож байгаа юм уу” гэж орилоод  байхаар нь  дунд охиныгоо цагдаа дууд гэсэн чинь охин руу очих гээд байхаар нь би хойноос нь таттал намайг унагаагаад дээр гарч суугаад дагз болон бие рүү цохиод байсан. Дараа нь хүүхдүүдээ эгчийнд очоод байж бай гээд явуулсан чинь М босож ирээд чи миний хүүхдийг хүүхдүүдтэйгээ нийлж авч зугтаалаа гээд бас толгой руу гараараа цохиод байхаар нь зугтаасан чинь эгчтэй үүдэнд таарсан, бас нэг цагдаа хамт ирсэн. ” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7 дахь тал),

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 7227 дугаартай: “...П.Ч-ын  биед хацар, шанаа, зовхи, нүдний алим, бугалганд цус хуралт, өвдөг, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн  үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Дээрх гэмтэл нь  эрүүл мэндийг түр хугацаагаар  сарниулах тул  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь  шинэ гэмтэл байна” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 11-12 дахь тал),

3. Шүүгдэгч П.Мын: “...Тухайн гэмтлийг би учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Надад ярих, маргах зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээд гэж эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг ойлгохоор, гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” шинжээр гэмт хэргийн шинжийг тодорхойлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” Гэж тус тус хуульчилсан.

Хэргийн үйл баримтаас үзвэл, шүүгдэгч П.М, хохирогч П.Ч- нар нь хамтран амьдраад 12 жил болж байгаа, дундаасаа нэг, дагавар 3, нийт 4 хүүхдийн хамт амьдардаг хамтын амьдралтай хүмүүс байх ба шүүгдэгч П.М нь архи уусан үедээ хохирогчоос өө хайж ямар нэгэн шалтгаангүйгээр гараараа олон удаагийн давтамжтайгаар толгой болон биеийн бусад хэсэг рүү цохиж зодсоноос гадна сандлаар цохиж зодсон, хохирогч П.Ч-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь нотлогдсон, хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, шүүгдэгчийн үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн нэг төрөл болох бие махбодын хүчирхийллийн шинжээр үйлдэгдсэн байна.

Шүүгдэгч П.М нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүнийг хүсэж үйлдсэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч П.Мын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн байх тул түүнийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов.

Хохирол, хор уршгийн тухайд: Гэмт хэргийн улмаас хохирогч П.Ч-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээ хийлгэсэн баримтыг гаргаж өгөөгүй, “...нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор У.Анхжаргал нь шүүгдэгч П.Мод холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч (шүүгдэгч) П.Мод танилцуулсан байх ба тэрбээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Иймээс тус шүүхээс шүүгдэгч П.Мод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруу дээр маргаагүй, хохирогчид төлөх хохиролгүй, мөн шүүгдэгч П.М нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй,  тогтсон цалин хөлс, орлогогүй, оршин суух тодорхой хаягтай зэрэг хувийн байдлыг тус тус харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Мод эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс 2 сарын хугацаагаар явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

Харин шүүгдэгч П.М нь эдлүүлэхээр тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  

                                                 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А а овогт П-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Мод эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс 2 сарын хугацаагаар явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч П.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эдлүүлэхээр тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.     

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Мод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.АЛТАНЦЭЦЭГ