Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Шаравын Оюунханд |
Хэргийн индекс | 184/2017/02078/И |
Дугаар | 210/МА2017/02535 |
Огноо | 2017-12-15 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2017/02535
С.О-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2017/02251 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: С.О-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст холбогдох
Ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.О-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.
Нэхэмжлэгч С.О-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс 2015 оны 9 сарын 30-ны өдрөөс ажлаас халагдсан. 2016 оны 7 сарын 30-ны өдөр Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн авах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулахаар шийдвэрлэсэн. Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн дарга Мөнхбаяр нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Энэ хугацаанд ажилдаа эргэн орох талаар хөөцөлдсөн боловч өнөөдрийг хүртэл орж чадаагүй. Иймд Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс 2016 оны 8, 9, 10, 11, 12 дугаар сар, 2017 оны 01 дүгээр сараас 7 дугаар сар хүртэл ажилгүй байсан хугацааны цалин нийт 6 192 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэгчийн сарын үндсэн цалин 516 663 төгрөг тул энэ дүнгээр тооцож нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан гэжээ.
Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хулан, Л.Наранболд нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: С.О-т Улсын дээд шүүхийн тогтоолд заасны дагуу 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр ажилгүй байсан хугацааны нөхөн олговрын тооцоо нийлсэн актыг холбогдох журмын дагуу хийсэн. Хариуцагчаас Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5, 42 дугаар зүйлийн 42.2.2, 42.3.1 заалтыг дагуу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт 2017 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 457 дугаар албан бичгээр Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 74 дүгээр тогтоол, нөхөн олговрын тооцоо нийлсэн актыг хүргүүлж, шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2017.05.29-ний өдрийн 72 дугаар гүйцэтгэх хуудас ирүүлсэн ба хариуцагчаас шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх талаар холбогдох байгууллагатай хамтран ажиллаж байна. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/11 дүгээр тушаалаар Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн болон Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсүүдийн чиг үүрэг, бүтцийг шинэчлэн зохион байгуулсан бөгөөд ажлын ачааллыг нягтруулах, давхардлыг арилгах зорилгоор бүтцийг 34 орон тоогоор цөөрүүлсэн. Ийнхүү бүтцийн өөрчлөлтөөр байгууллагын нэр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс болсон. Мөн тус хэлтсийн хүний нөөцөд хүүхэд асрах чөлөөтэй нийт 17 албан хаагчид байгаагаас 2017 оны 3, 4 дүгээр улиралд 4 албан хаагч ажилд орох ба хуулийн дагуу ажпын байраар хангах шаардлагатай байгаа юм. Энэ тухай С.О-т удаа дараа уулзаж тайлбарласан,2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үед ажлын байраар хангах боломжтой тухай өөрт нь мэдэгдсэн боловч хариу өгөөгүй байна. Иймд хариуцагчаас үл хамааран хэрэг 2016 оны 07 дугаар сарын 25-наас 2017 оны 03 дугаар сарын 06-ны хооронд захиргааны хэргийн шүүхийн шатанд байсан, өнөөдрийг хүртэлх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны болон холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэхээр удирдах дээд байгууллагад хүсэлт гаргаж шийдвэрлүүлсэн. Шүүхийн шатанд байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Байгууллагын даргын 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Б/66 тоот тушаалаар С.О-ийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс ажилгүй байсан хугацааны цалин олговор 5 995 693 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.О-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс улсын тэмдэгтийн хураамж 110 881 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.О-т олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Б.Мөнхбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс 35, Нийгмийн Халамжийн үйлчилгээний хэлтэс 77 ажилтан албан хаагчтай байсан бөгөөд 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын А/11 дугаар тушаалаар Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газар, хэлтсүүдийн орон тооны дээд хязгаар, зохион байгуулалтын бүтцийг хавсралтаар баталсан. Энэхүү тушаалаар Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний хэлтэс нь нийт 78 албан хаагчтай байхаар батлагдсан. С.О- нь 2016 оны 10 сард буюу шинэ бүтэц батлагдаж дууссаны дараа ирж уулзаж ажилд орох хүсэлтээ гаргасан. Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн Халамж үйлчилгээний хэлтсийн нийт 112 албан хаагчаас бүтэц орон тооны цомхотголоор 78 болгон өөрчилсөн. Шинэ бүтэц зохион байгуулалтад орох үед тухай үеийн Хөдөлмөрийн хэлтсийн бүтцэд нэхэмжлэгч С.О- нь байгаагүй болно. 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний хэлтэст сул ажлын байр гараагүй бөгөөд жирэмсэн амаржсаны амралтаа авсан албан хаагчийн орон тоон дээр нэхэмжлэгч С.О- нь орох хүсэлгүй байсан тул үндсэн орон тоо гартал хүлээх шаардлагатай байсан. Иймд 2017 оны 9 сарын 08-ны өдөр хороо хариуцсан мэргэжилтэн А.Баярболд өөрийн хүсэлтээр ажлаас гарах өргөдөл гаргаж үндсэн орон тоо гарсан тул нэхэмжлэгч С.О-ийг Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2017 оны 9 сарын 08-ны өдөр ажилд томилох тухай Б/66 дугаар тушаалаар 22 дугаар хороо хариуцсан хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилсон боловч нэхэмжлэгч С.О- нь одоог хүртэл ажлын байрандаа ирээгүй болно. Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа тул хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Нэхэмжлэгч С.О- нь хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст холбогдуулан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6 192 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч хэрэг давж заалдах, хяналтын журмаар хянагдсан, түүнчлэн байгууллагын бүтэц орон тоо шинэчлэн батлагдсан шалтгаанаар С.О-ийг ажилд нь эгүүлэн томилох ажиллагаа саатсан тул цалин хөлсийг олгохгүй гэж маргажээ.
Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн хороо хариуцсан мэргэжилтэн С.О-ийг тус байгууллагын даргын 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Б/92 тоот тушаалаар удаа дараа сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэлээр 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулж ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх ба Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх түүнийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /хх 9, 13-22/
Нэхэмжлэгч С.О- нь ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан бүх хугацаанд шаардах эрхтэй. Нэхэмжлэгчийг ажилд томилох тухай шүүхийн шийдвэр гарах хүртэл болон гарснаас хойш ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоох хүртэл хугацааг нэхэмжлэгчийг ажилгүй байсан хугацаанд хамааруулах тул шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 11 сар 13 хоногийг ажилгүй байсан бүх хугацаа гэж үзэж, хариуцагчаас 5 995 693 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн дээрх заалтанд нийцсэн, зөв болжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн үйлдэл үргэлжилсэн байх тул ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.
Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал бүтцийн өөрчлөлтөөр өөрчлөгдсөн гэх хариуцагчийн тайлбар нь түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2017/02251 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ
Ш.ОЮУНХАНД