Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2021/0308

 

 

 

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Гомдол гаргагч: “Н” ХХК

Хариуцагч: БГД-ийн улсын байцаагч  Ц.Б, С.Г

Гомдлын шаардлага: БГД-ийн улсын байцаагч  Ц.Б, С.Г нарын 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 260.....  дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдолтой захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.У, хариуцагч  Ц.Б, С.Г хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч “Н” ХХК нь шүүхэд гаргасан гомдолдоо: “Манай компани Баянгол дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барилга угсралт, зочид буудал, рестораны үйл ажиллагаа эрхэлдэг.

Манай байгууллага Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын захиалгаар, 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 1,...... төгрөгийн төсөвт өртөгтэй, Баянгол дүүргийн 1... дугаар хороо, 120 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, НТ-15-.. дугаартай гэрээ байгуулан, барилга угсралтын ажил хийж гүйцэтгэсэн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 16/1.. дугаар улсын комиссын актаар хүлээлгэн өгсөн.

Уг  барилгад  “Д” ХХК,  “Мт”  ХХК-иудаас бодитоор барилгын материал худалдан авч, татварт мэдүүлсэн байхад Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар “хуурамч нэмэгдсэн өртгийн албан татварын баримт бүрдүүлсэн” гэж 368.....төгрөгийн худалдан авалтуудын баримтыг хүчингүй болгон, 36......төгрөгийн нөхөн татвар, 11.......төгрөгийн торгууль, 9,020,634.30 төгрөгийн алданги нийт 56.........төгрөгийн төлбөр ногдуулах тухай шийтгэлийн хуудсыг 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гаргасан бөгөөд хуульд нийцэхгүй байгаа талаар эрүүгийн журмаар шалгуулсан боловч тус эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар нь “Н” ХХК-ийн  2016 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн хяналт, шалгалт хийж, татварын улсын байцаагчийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 260.....  дугаар шийтгэлийн хуудсаар 36......төгрөгийн зөрчилд 36......төгрөгийн нөхөн төлбөр, 11.......төгрөгийн торгууль, 9,020,634.30 төгрөгийн алданги нийт 56.........төгрөгийн төлбөр ногдуулсанд бид холбогдох хууль тогтоомжид заасны дагуу гомдол гаргаж, Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж, 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн, 0... дүгээр тогтоолоор татварын улсын байцаагчийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Уг тогтоолыг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 10 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн. Уг тогтоолыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг шүүхэд гаргаж байна...” гэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Татварын ерөнхий хууль болон Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгддөг бусад хууль тогтоомжид заасны дагуу манай компанид холбоотой бүх татвар, хураамжийг төлсөөр ирсэн. Манай байгууллага нь Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын захиалгаар 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 1............. төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр Нийслэлийн Баянгол дүүргийн 17-р хороонд байрлах 120 ортой, хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гурван талт гэрээг байгуулсан. БГДХААНТ0503 тоот гэрээ хавтаст хэрэгт авагдсан. Энэ гэрээний дагуу Баянгол дүүргийн 1.. дугаар хорооны нутаг дэвсгэрт 120 хүүхдийн ортой, цэцэрлэгийг барьж байгуулсан. 

Мөн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээд 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 16/192 дугаар актаар уг барилгыг Улсын комисс ашиглалтад хүлээн авсан. Улсын комиссын ашиглалтад хүлээн авсан актыг нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд гаргаж өгсөн. Энэ гэрээгээр олон туслан гүйцэтгэгч компаниудтай барилга, угсралтын ажлыг гүйцэтгэх, бараа, материал нийлүүлэх зэрэг олон талт харилцаагаар хамтран ажилласан. Эдгээр туслан гүйцэтгэгчидтэй холбоотой асуудлаар Баянгол дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч нар манай компанид холбогдуулан акт тогтоосон гэж ойлгодог.

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын захиалгаар баригдсан 120 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилга дээр бид “Д” ХХК болон “Н” ХХК -тай хэд хэдэн гэрээг байгуулж ажилласан. “Д” ХХК-тай 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр бараа, бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Эдгээр компаниудтай байгуулсан гэрээ нь мөн хавтаст хэрэгт авагдсан байгаа. Гэрээний үүргийн дагуу барилгын материалыг нэг талаас нийлүүлэх нөгөө талаас худалдан авах үүрэгтэйгээр гэрээг байгуулсан.

Уг гэрээний хоёрдугаар хэсэгт бэлтгэн нийлүүлэх бараа, материалын тоо хэмжээ, хугацаа, үнийн дүнг талууд тохирсон. Энэ барилга угсралтын үйл ажиллагаатай холбогдуулан бид “Д” ХХК болон “М” ХХК-тай худалдах, худалдан авах гэрээг тус тус байгуулаад, тодорхой үнийн дүнтэй бараа, барилгын материал, бүтээгдэхүүнийг нийлүүлэлтээр авч, тухайн барилгад зарцуулсан байдаг.

Дээрх компаниудтай байгуулсан гэрээгээр барилгын материал худалдаж авсан талаар Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст мэдэгдсэн байхад улсын байцаагч  Ц.Б, С.Г нар нь хуурамчаар нэмэгдсэн өртгийн албан татвар мэдүүлсэн гэх үндэслэлээр манай компанийн нийт 368........төгрөгийн худалдан авалтын баримтуудыг хүчингүй болгож, тус компанид 368..........нөхөн татвар, 11........төгрөгийн торгууль, 9....... төгрөгийн алданги буюу нийт 56........ төгрөгийг шийтгэлийн хуудсаар ногдуулсан.

Гомдол гаргагч талыг нэмэгдсэн өртгийн албан татварын хуудас хуурамчаар бүрдүүлсэн гэснийг бид санал нийлэхгүй байна. Татварын улсын байцаагч нар яагаад уг хуудсыг хуурамч хэмээн үзсэн талаар ойлгомжгүй зүйлс байдаг. Энэхүү зөрчлийн хэрэгтэй холбоотойгоор шинжээчийн дүгнэлт гарсан ба хавтаст хэрэгт авагдсан байгаа.

2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “Р.Б холбогдох Эрүүгийн хэрэгт шинжилгээ хийсэн тухай” 2.. дугаартай шинжээчийн дүгнэлт байдаг. Хавтаст хэргийн 163, 164 дүгээр талд авагдсан байгаа. Тухайлбал, энэ хэрэгтэй холбоотойгоор Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаад Нийслэлийн Прокурорын газраас 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр “Эрүүгийн хэргийг хүчингүй болгох тухай” 5.. тоот тогтоол гарсан. Тус Эрүүгийн хэргийг хүчингүй болгосон гол шалтгаан нь татварын улсын байцаагч нар шалгалт хийгээд “МХХК болон “ДХХК-д холбогдох нэмэгдсэн өртгийн албан татвар, түүнийг мэдүүлэхтэй холбоотой хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байх тул “М” ХХК ХХК болон “Д” ХХК нарын захирал Р.Б-д холбогдох эрүүгийн хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тогтоол байдаг.

 “М” ХХК ХХК болон “Д” ХХК-тай байгуулсан гэрээнүүд нь хууль зүйн үндэслэлтэй ба хуульд заасан шаардлагыг хангаж байна гэж үзэж байна. Татварын улсын байцаагч нарын шийдвэр гаргахдаа баримталсан хуулийн зүйл, заалт нь санхүүгийн шалгалт, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байж хууль ёсны, үндэслэл бүхий болдог. Гэтэл энэ маргаан бүхий шийтгэлийн хуудас нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны актын хуульд нийцсэн, үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна.

“Д” ХХК болон “М” ХХК ХХК-иудаас бодитоор бараа, материал худалдан аваад, татварын тайлангаа үнэн, зөв мэдүүлсэн байхад Нийслэлийн Прокурорын газрын тогтоолын тодорхой заалтуудыг үндэслэж “Н” ХХК-ийг буруутгаж байгаад бид гомдолтой байгаа. Баянгол дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч  Ц.Б, Ц.Б нарын 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 160...... дугаар шийтгэлийн хуудас нь Захиргааны ерөнхий хууль, Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан үндэслэл, шаардлагуудыг хангахгүй байгаа учраас хүчингүй болгох бодит үндэслэл байна гэж үзэж байна” гэжээ.

Хариуцагч  Ц.Б Ц.Б нар шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н” ХХК-ийн   2016 оны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Цагдаагийн ерөнхий газрын 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн АД4467 тоот албан бичиг, Татварын ерөнхий газрын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 072840 дугаар албан бичиг, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт, шалгалтын тасгийн даргын 2618040207 дугаар томилолт, Татварын хяналт, шалгалт хийх тухай ерөнхий удирдамжийг тус тус үндэслэн тус компанид 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хооронд шалгалт хийсэн.

Шалгалт хийх явцад “НХХК нь “Д” ХХК-иас 2016 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 298623214 тоот падаанаар 90_______ төгрөгийн бараа материал, 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 435996999 тоот падаанаар 91.889.545 /ерэн нэг сая найман зуун наян есөн мянга таван зуун дөчин таван/ төгрөгийн бараа материал худалдан авсан баримт, “М” ХХК ХХК-иас 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 608639901 тоот падаанаар 185...... төгрөгийн бараа, материалыг худалдан авсан гэх гүйлгээ хийсэн нь тогтоогдсон.

Цагдаагийн ерөнхий газраас Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 34..... тоот дүгнэлт, мөн Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн “М” ХХК ХХК-д холбогдох 250..... тоот дүгнэлт зэргийг шалгасны дагуу 1530 татвар төлөгч нар нийт 19... төгрөгийн хуурамч гэрээ байгуулж, Монгол Улсын хилээр бусдын импортолсон бараа, материалыг хууль бусаар ашиглан өөрийн нэр дээр импортоор бараа, материал оруулж ирсэн мэтээр тусгаж, гаальд төлсөн татвараа илүү төлсөн мэтээр татварын тайланд илгээж нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд төлөлт үүсгэсэн байсныг илрүүлсэн.

Энэ хууль бус үйлдлээ татвар төлөгч нарт бараа, материал худалдсан мэтээр харагдуулж үйлдсэн. Уг зөрчил нь улсын байцаагчийн дүгнэлтийн дагуу илэрсэн. Цагдаагийн ерөнхий газраас энэ үйл баримтыг илрүүлж, үүний дагуу 643 татвар төлөгчид холбогдуулж үүсгэсэн хэргээс 50 татвар төлөгчид эрүүгийн хэрэг үүсгэх хэмжээний буюу их хэмжээний татварыг нуун дарагдуулсан байсан. Харин 593 аж ахуй нэгжид захиргааны хариуцлага хүлээлгэх хэмжээний буцаалт хийсэн байх тул залруулахаар Татварын ерөнхий газарт ирүүлсний дагуу  татвар төлөгч нарт тайландаа засвар хийх талаар мэдээллийг цахимаар хүргүүлсэн байдаг. Мэдээллийн дагуу 554 татвар төлөгч нар тайлангаа залруулсан.

Үүнээс  үлдсэн 39 татвар төлөгчид хэсэгчилсэн хяналт, шалгалтыг Татварын

ерөнхий газраас харьяа татварын хэлтсүүдэд хийхийг даалгасны дагуу бид шалгалт хийсэн. Нийслэлийн Прокурорын газрын 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаар тогтоолоор холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож хаасан нь тэдгээр татвар төлөгч нар нь хуурамчаар баримт өгөөгүй, “Н” ХХК-ийг улсын төсөвт хохирол учруулаагүй гэж дүгнэсэн баримт биш юм.

Үлдсэн 39 аж ахуй нэгжийн татварын тайланд хариуцагчийн зүгээс шалгалт хийж, шийтгэлийн хуудас бичсэн. ” ХХК-ийн анхан шатны баримтын хувьд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан анхан шатны баримтгүй ажил, гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно гэж заасныг зөрчсөн байсан. Мөн нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т худалдан авагч, бэлтгэн нийлүүлэгч нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй гэх хуулийн зүйл, заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Шалгалтын явцад “Н” ХХК -иас анхан шатны баримтыг гаргуулахаар шаардахад, цэцэрлэгийн барилгыг барих талаарх гэрээг өгсөн. “Н” ХХК  нь уг цэцэрлэгийн барилгыг барьсан нь үнэн боловч барилгыг барих явцдаа барилгын материалаа нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч биш, татвар төлөгч иргэдээс худалдан авчихаад нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгахдаа “М” ХХК ХХК болон “Д” ХХК-иудаас авсан мэтээр харагдахаар тусгасан гэж үзэж байгаа.

“М” ХХК ХХК болон “Д” ХХК-иудад зарж, худалдах ямарваа нэгэн бараа, материал байхгүй. Эдгээр компаниудад дотоодын худалдан авалт байхгүй, гаалийн мэдүүлгээ хуурамчаар бүрдүүлсэн гэдэг нь Эрүүгийн цагдаагийн албаны санал, шинжээчийн дүгнэлт, прокурорын дүгнэлтэд тусгагдсан байгаа.

Тухайн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхтэй холбоотойгоор “Д” ХХК, “М” ХХК ХХК-тай гэрээ байгуулсан, тооцоогоо бэлэн мөнгөөр хийсэн гэж гомдол гаргагч талаас мэдүүлдэг боловч манайхаас хийсэн шалгалтын хугацаанд “Н” ХХК -ийн зүгээс “Д” ХХК-тай байгуулсан ганцхан гэрээ авчирч өгсөн. Уг баримтад 368..... төгрөгийн худалдан авалт хийсэн гэх байдлаар нийт дүнгээ шууд тусгасан байсан.

Хоёр өөр хуулийн этгээдтэй хийсэн гэрээ атал яагаад ганцхан гэрээ баримтаар  гарган  өгч байгаа талаар асуухад, тус хоёр компани нь нэг захиралтай учраас нэг гэрээн дээр тооцоог гарган авсан гэх хариуг өгсөн. Энэ нь тухайн үед шалгалт хийж байсан нягтлан бодогчийн ярилцлагын тэмдэглэлээр нотлогдож байгаа. Гомдол гаргагч талаас анхан шатны баримтуудыг гаргуулахаар шаардсан. Ямар үнийн дүнтэй, хэдий хэмжээний ямар бараа, бүтээгдэхүүн нийлүүлэлтийг авсан талаар шаардахад “тийм баримт байхгүй” гэх хариуг мөн өгч байсан.

Хуулийн хүрээнд “Н” ХХК-ийн  анхан шатны баримт бүрдүүлэлтийн хувьд хангалтгүй, хуурамч баримт гаргаж өгсөн нь Эрүүгийн цагдаагийн газрын санал болон прокурорын тогтоолоор тогтоогдсон тул гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н” ХХК -ийн хувьд үндэсний бүтээн байгуулагч, барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани гэдгийг нь хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ гомдол гаргагчийн зүгээс барилгын ажлыг гүйцэтгэх явцдаа худалдан авсан бараа, материалаа нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч бус этгээдээс худалдан авалт хийгээд, тайлан гаргахдаа татвар төлсөн мэтээр үйлдсэн.

“Д” ХХК, “М” ХХК ХХК нь тус бүр хуурамч баримт гаргаж, аж ахуй нэгжүүдээс тодорхой хэмжээний хөлс, мөнгийг авдаг компани байгаа. Үүнтэй холбоотой асуудлаар цагдаагийн газраас шалгалт хийж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр холбогдох хэрэг нь хэрэгсэхгүй болсон. Уг эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсон гэх үндэслэлээр “Н” ХХК -ийг хуурамч нэмэгдсэн өртгийн албан татварын баримт үйлдэж, татвар төлөхөөс зайлсхийсэн гэх зөрчлийн шийтгэлээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Гомдол гаргагч “Н” ХХК нь тус шүүхэд БГД-ын улсын байцаагч нарт холбогдуулан “БГД-ийн улсын байцаагч  Ц.Б, С.Г нарын 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 260.....  дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг гаргасан, гомдлын үндэслэлээ  “... Манай компани  2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалгаар 1,........  төгрөгийн төсөвт өртөгтэй, Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 120 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 16/192 тоот улсын комиссын актаар хүлээлгэн өгсөн.  ...Бид дээрх барилгад зориулан “Д” ХХК, “М” ХХК ХХК-иудаас барилгын материал худалдан авч, татварт мэдүүлсэн. ...Шууд худалдан авалтыг бодит худалдан авалт биш гэж үзсэн нь нотлогдоогүй.... Шийтгэлийн хуудас нь Захиргааны ерөнхий хуульд заасан ... хуульд нийцсэн, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй...” гэж, эрх бүхий албан тушаалтан болох татварын улсын байцаагч нар нь “ ... “Н ” ХХК нь уг цэцэрлэгийн барилгыг барьсан нь үнэн боловч барилгыг барих явцдаа барилгын материалаа нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч биш, татвар төлөгч иргэдээс худалдан авчихаад НӨАТ-ын тайландаа тусгахдаа “Д” ХХК, “М” ХХК ХХК-иудаас бараа, материал худалдан авснаар тусгасан. ...Дээрх компаниудад зарж, худалдах ямар нэгэн бараа, материал байхгүй. Эдгээр компаниуд дотоодын худалдан авалт хийгээгүй, гаалийн мэдүүлгээ хуурамчаар бүрдүүлсэн нь Эрүүгийн цагдаагийн албаны санал, шинжээчийн дүгнэлт, Нийслэлийн прокурорын газрын прокурорын тогтоолоор ...тогтоогдсон. ...Шийтгэлийн хуудас ...хууль тогтоомжид нийцсэн...” гэж тодорхойлон маргажээ.

Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар гомдол гаргагчийн гомдлын шаардлагын хүрээнд хэргийн оролцогчдын маргасан асуудлаар дүгнэлт хийж, дараах үндэслэлээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

БГД-ын улсын байцаагч   Ц.Б, С.Г нар нь “Н” ХХК-ийн  2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн хяналт шалгалт хийж, татварын улсын байцаагчийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 260.....  дугаар  шийтгэлийн хуудсаар[1] “Н” ХХК-ийг 2016 онд 368.....төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаан бүхий худалдан авалтыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд “Нэмэгдсэн өртгийн албан татвартай үгээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, ажил үйлчилгээ” хэсэгт тусган, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогоос хасч, албан татвар ногдох орлогыг бууруулсан зөрчилд 36.......төгрөгийн нөхөн татвар, 11.......төгрөгийн торгууль, 9...... төгрөгийн алданги, нийт 56....... төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн, гомдол гаргагч хуулийн этгээд нь дээрх татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсаар оногдуулсан төлбөрийг бүхэлд нь эс зөвшөөрч, Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасныг тус зөвлөл хянаад  2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 0.. дүгээр тогтоолоор[2] татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсаар  оногдуулсан 36..... төгрөгийн нөхөн татвар, 11.....төгрөгийн торгууль, 9......төгрөгийн алданги,  нийт  56.....төгрөгийн төлбөрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн,  гомдол гаргагч нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасныг тус зөвлөл хянаад 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн .. дугаар тогтоолоор[3] Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2019 оны 12 угаар сарын 13-ны өдрийн 0.. дүгээр тогтоолыг хэвээр баталж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.   

Гомдол гаргагч хуулийн этгээд нь шийтгэлийн хуудсаар оногдуулсан нөхөн татвар, алданги, торгуулийн тооцоолол болон хэмжээний талаар маргаагүй байна.

Харин гомдол гаргагч хуулийн этгээд нь “...шууд худалдан авалтыг бодит худалдан авалт биш гэж үзсэн нь үндэслэлгүй...” гэж маргажээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл гомдол гаргагч “Н” ХХК-ийн “бараа худалдан авсан ... ” гэх  “М” ХХК, “Д” ХХК-иудын захирал Р.Б нь /дээрх компаниуд нь нэг захиралтай/ “М” ХХК-ийн нэрээр 2012, 2015-2016 онуудад 640 аж ахуйн нэгжид 184...... төгрөгийн бараа худалдан борлуулсан мэтээр Нэмэгдсэн өртгийн албан татварын цахим шивэлт хийсэн, 545.....төгрөгийн бараа худалдан аваагүй атлаа авсан мэтээр тайлагнасан, мөн 183.....төгрөгийн бараа импортлоогүй атлаа импортолсон мэтээр тайлагнаж, татвар ногдох орлогыг бууруулан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн, мөн 2016 онд “Д” ХХК-ийн нэрээр 255 аж ахуйн нэгжид 50.....төгрөгийн бараа худалдан борлуулсан мэтээр Нэмэгдсэн өртгийн албан татварын цахим шивэлт хийсэн, 30....... төгрөгийн барааг худалдан авч төлбөр төлөөгүй атлаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа худалдан авсан мэтээр тайлагнасан, 8....... төгрөгийн бараа импортлоогүй атлаа импортолсон мэтээр тайлагнаж, татвар ногдуулах орлогыг бууруулан Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн...” болох нь эрүүгийн хэрэг мөрдөн шалгах явцад тогтоогдсон, дээрх компаниудаас “Нэмэгдсэн өртгийн албан татварын хуурамч шивэлт хийлгэсэн тайландаа залруулга хийгээгүй” гэх гомдол гаргагч  “Н” ХХК-ийн  үйлдэл, эс үйлдэхүйг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “их хэмжээний хохирол”-д хүрээгүй буюу зөрчлийн шинжтэй гэж үзэж,  холбогдох зөрчилд нь арга хэмжээ авахуулах  албан бичгийг Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газарт хүргүүлсэн, дээрх албан бичгийн дагуу татварын улсын байцаагч нар нь  гомдол гаргагч хуулийн этгээдийн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулалт,  төлөлтийн байдалд хяналт шалгалтыг хийсэн,   хяналт шалгалтаар гомдол гаргагч “Н” ХХК нь “М” ХХК ХХК , “Д ” ХХК-тай бодитоор худалдан авалт хийгээгүй буюу тус компанид нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй байтлаа “ДХХК-иас 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 29862.... тоот падаанаар 90......төгрөгийн, 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 435996999 тоот падаанаар 91,....төгрөгийн, “М” ХХК ХХК-иас 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 608639901 тоот падаанаар 185,.....төгрөгийн, нийт 368.... төгрөгийн худалдан авалтыг хийснээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаж, нэмэгдсэн өртгийн албан  татвар ногдуулах  орлогыг бууруулсан болох нь Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 5.. дугаар тогтоол[4], Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн мэргэшсэн шинжээчийн 228 дугаар дүгнэлт,[5] Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10а-3/8.. дугаар албан бичиг[6] зэрэг нотлох баримтаар нотлогджээ. Иймд гомдол гаргагч “Н” ХХК-ийг “М” ХХК ХХК-иас  185.... төгрөгийн, “Д” ХХК-иас 182,798,636,36 төгрөгийн, нийт 368....төгрөгийн барилгын бараа, материал худалдан авч, 36....төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн гэж дүгнэх хууль зүйн боломжгүй байна .

           Нэмэгдсэн   өртгийн   өртгийн   албан   татварын   тухай   /2015 оны/  хуулийн

дүгээр зүйлийн 4.1.13-т “Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан” гэж тухайн төлбөр тооцоо хийснийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар, албан татвар суутган төлөгчийн буюу худалдаа эрхлэгч, худалдан авагч албан татвар суутган төлөгчийн нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо, хэмжээ,  үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг ойлгох”-оор, 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцох”-оор,  14 дүгээр зүйлийн 14..5-д “албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэж, түүнчлэн Нягтлан бодох бүртгэлийн тухай /2015 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д “Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт, бүрийг анхан шатны баримтад бичгээр болон цахимаар бичилт хийж баталгаажуулна”, 137-д “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно” гэж тус тус зааснаас үзэхэд нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дангаараа нэмэгдсэн өртгийн албан татвар төлснийг нотлохгүй, бэлтгэн нийлүүлэгч талын бараа, материалаа худалдсан зарлагын баримтаас гадна худалдан авагч талын нягтлан бодох бүртгэлийн бусад баримт буюу төлбөрийн нэхэмжлэл, төлбөрийн гүйлгээ гарсныг нотлох дансны дебет, кредитийн бүртгэл, мөнгөн гүйлгээний тайлан зэрэг санхүүгийн баримтаар уг гүйлгээ нотлогдсон тохиолдолд уг худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцохоор байна.

Энэхүү маргааны тохиолдолд гомдол гаргагч хуулийн этгээдийн бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн болон бараа, материал худалдан авсныг дан ганц “Д” ХХК-тай байгуулсан “Бараа, бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ” болон нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар тогтоогдсон гэж үзэхээргүй байхын зэрэгцээ ийнхүү бараа, материал худалдан авч, борлуулагчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь санхүүгийн анхан шатны бусад баримтаар  тогтоогдоогүй байх тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2015 оны/ 14 дүгээр зүйлийн 14..5-д заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцох үндэслэлгүй байна.

Иймээс татварын улсын байцаагч нар нь маргаан бүхий шийтгэлийн хуудсаар 368.....төгрөгийн зөрчилд 36..... төгрөгийн нөхөн татвар, 11,062,868,20 төгрөгийн торгууль, 9....төгрөгийн алданги, нийт 56..... төгрөгийн төлбөр ногдуулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2015 он/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4, 13.7-д заасантай  нийцжээ. 

 

Дээрхээс дүгнэн үзэхэд  маргаан бүхий шийтгэлийн хуудсаар оногдуулсан нөхөн татвар, торгууль, алдангийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна. 

        Иймд татварын улсын байцаагч нар нь холбогдох хуулийн  заалтыг зөрчөөгүй, дээрх маргаан бүхий шийтгэлийн хуудасны улмаас гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байх тул гомдол гаргагчийн гомдлын  шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Гомдол гаргагч нь шүүхээс хэргийг  хянан шийдвэрлэх шатанд  кассын орлогын ордер, бэлэн мөнгөний зарлагын баримт, зарлагын баримт зэрэг  нотлох баримтыг гаргаж өгсөн бөгөөд татварын улсын байцаагч нар нь дээрх нотлох баримтыг шалгалт хийх явцад тухайн хуулийн этгээдээс гаргаж өгөөгүй нотлох баримт гэж тайлбарлаж байгааг тэмдэглэх нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2015 он/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-д заасныг үндэслэн гомдол гаргагч “Н” ХХК-ийн  БГД-ийн улсын байцаагч  Ц.Б, С.Г нарт холбогдуулан гаргасан “БГД-ийн улсын байцаагч  Ц.Б, С.Г нарын 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 260.....  дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”  гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан  гомдол гаргагч “Н” ХХК -иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны    хэрэг  шүүхэд   хянан   шийдвэрлэх   тухай  хуулийн  113  дүгээр

зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч

энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш таван  хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ц.БАТСҮРЭН

 

 

[1]  1 дүгээр хавтаст хэргийн 67-69 дүгээр хуудсанд 

[2]  1 дүгээр хавтаст хэргийн  154-157 дугаар хуудсанд 

[3]  1 дүгээр хавтаст хэргийн 43-47 дугаар хуудсанд

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 124-126 дугаар хуудсанд

[5]  1 дүгээр хавтаст хэргийн 162-223 дугаар хуудсанд

[6]  1 дүгээр хавтаст хэргийн 140-151 дүгээр хуудсанд