Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
Хэргийн индекс | 188/2022/0899/Э |
Дугаар | 2022/ШЦТ/890 |
Огноо | 2022-07-06 |
Зүйл хэсэг | 17.1.2.1., |
Улсын яллагч | Б.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 2022/ШЦТ/890
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,
улсын яллагч Б.Ундрах,
шүүгдэгч Н.Ш нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Н-ын Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208000000648 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механикч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух хаягтай, урьд нь 2022 оны 03 дугаар сарын 14-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 316 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 336 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, түүний цагдан хоригдсон хугацааг эдлэх ялаас хасаж, ял эдэлсэнд тооцож сулласан, Б овогт Н-ын Ш (РД:...);
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Ш нь 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дүгээр байрны ... давхрын агуулахад нэвтэрч иргэн Г.Ргийн дрилл, уртасгагчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 150.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Ш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...мэдүүлэг өгөхгүй” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Ш нь 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дүгээр байрны ... давхрын агуулахад нэвтэрч иргэн Г.Р-гийн дрилл, уртасгагчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 150.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
1.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл: Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дүгээр байрны жижүүрийн өрөөнд хулгай орсон гэх” (хавтаст хэргийн 1 дэх тал),
2.Хохирогч Г.Р-гийн: “...би 2021 онд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дүгээр байрны ... давхарт ... тоотод нүүж ирсэн. Би барилгын засал хийдэг болоохоор орцонд засал чимэглэл хийхэд байрыг хариуцсан хүн нь надад уг жижүүрийн өрөөнд юм хийж байгаарай гээд өгсөн тул цохилттой дрилл, уртасгагч зэргийг оруулж тавьсан юм. Тэгээд өнөөдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 15-ны өглөө 8 цагт гарахад зүгээр байсан ба 12 цагт ирэхэд цоож эвдчихсэн байхаар нь дуудлага өгсөн. Улаан өнгийн марк тодорхойгүй дрилл, шар өнгийн уртасгагч байсан. ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8, 45 дахь тал),
3. Тэнцвэр Эстимейт ХХК-ийн хөрөнгийн үнийн тодорхойлолт: “...дрилл-80,000 төгрөг, 30м уртасгагч 70,000 төгрөг, нийт 150,000 төгрөг ” (хавтаст хэргийн 15 дахь тал),
4.Шүүгдэгч Н.Ш-гийн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр тэнэж хонох газаар хайж 5 шарын байруудаар явж байгаад 54 дүгээр байр лүү 00 цагийн үед ороод орцонд унтсан. Тэгээд маргааш өглөө нь үүрээр гарч гадаа байж байгаад буцаж 1 давхрын шатны хажуу талд байх жижүүрийн өрөө шиг хаалга байхаар панерыг нь цөм цохиж ороод дрилл, уртасгагч хоёрыг аваад буцаж хаалгыг нь түлхэж, цохиж онгойлгоод аваад гарсан. Тэгээд 5 шарын автобусны буудал дээр нэг танихгүй хүнд дрилл, уртасгагч хамтад нь бэлэн 40,000 төгрөгт зарсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч Н.Ш гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирогч Г.Р-гийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэнд халдсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай, шунахай сэдэлтээр үйлдэгдсэн, шүүгдэгч Н.Ш нь хохирогч Г.Р-гийн эд зүйл хадгалдах зориулалтаар ашиглаж буй агуулахын хаалганы цоож, панер зэргийг эвдэн нэвтэрч орон эд зүйлийг авч өөрийн мэдэлд шилжүүлж захиран зарцуулсан үйлдэл нь “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан, тэрбээр өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас үүсэн гарах үр дагаврыг мэдсэн байх боломжтой байсан гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Н.Ш-гийн нь бусдын агуулах руу хууль бусаар нэвтэрч, бусдын эзэмшлийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “...агуулахад нэвтэрч үйлдсэн” гэсэн шинжээр хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болсон тул гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болно.
Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч Н.Ш-гийн үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Г.Р-д 150,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч Н.Ш нь төлж барагдуулаагүй байх тул түүнээс гаргуулж, хохирогч Г.Р-д олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Ш-д 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” тухай дүгнэлтийг,
Шүүгдэгч: “... хорих ял оногдуулахдаа ажил хийж болохуйц хорих байгууллагад шилжүүлж өгнө өгнө үү. Хохирогчийн хохирлыг ажил хийж төлөх гэсэн юм” гэсэн саналыг тус тус гаргасан.
Шүүгдэгч Н.Шгийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Иймээс дээрх шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй ба шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хүнд төрлийн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа, хохирогчид хохирол төлсөн зүйлгүй, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, мөн шүүгдэгчийн хувийн байдал /өмнө энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож ял шийтгэгдсэн ч дахин үйлдсэн/, мөн учирсан хохирлын хэмжээ нь бага хэмжээтэй зэргийг тус тус харгалзан прокурорын санал болгосон 2 жил 6 сарын хорих ялыг бууруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 1 сарын хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
Шүүгдэгч Н.Ш нь 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх тул түүний цагдан хоригдсон 13 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Шгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Н-ын Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хулгайлах” гэмт хэргийг агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Шд 2 (хоёр) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Шд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Шгийн цагдан хоригдсон 13 (арван гурав) хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Шгээс 150.000 (нэг зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Рд олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Шгийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Шд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ