| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2018/0086/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/93 |
| Огноо | 2018-02-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.И |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 2018/ШЦТ/93
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С
Улсын яллагч Т.Г
Шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Н-д холбогдох эрүүгийн 1825000000058 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Б.Н
Шүүгдэгч Б.Н нь Орхон аймгийн Баян-Өндөр сум, Яргуйт багийн Овоотын **** тоотод оршин суух гэртээ 2018 оны 01 сарын 17-ны өдөр А.А-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэг авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч А.А-н ... “Эгч Л над руу утсаар яриад танай машиныг чинь би өөрийнхөө нэр дээр шилжүүлэх гэж байна гэхээр нь яахаараа манай машиныг өөрийнхөө нэр дээр шилжүүлдэг юм бэ, гэж асуусан чинь эгч Л нь миний нэр дээр шилжүүлэхээр яадаг юм бэ гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд үдээс хойш 16 цагийн үед нөхөр гэртээ ирээд машинаа өөрийнхөө нэр дээр шилжүүлчихлээ гэж хэлээд орж ирээд шууд уурлаад эхэлсэн. Нөхөр маань босч ирээд чи яахаараа хов зөөгөөд байдаг юм бэ гээд урдаа байсан аягаа авч шидсэн чинь миний духанд оносон. Тэгээд гарах гэхээр нь би гаргахгүй хаалган дээр гарнаас нь зуураад авахад миний гарыг бариад орон дээр суулгасан. Тэгээд явах гэхээр нь дахиж гарнаас нь барьтал миний хүзүүнээс барьж байгаад цааш нь нэг удаа түлхчихээд гэрээс гараад явчихсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 1-16-р хуудас/
2. Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 сарын 22-ны өдрийн 134 дугаартай дүгнэлтийн “А.А-н биед тархи доргилт, дух, баруун шуу, хүзүүнд зөөлөн эдэд цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тархи доргилт нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн дүгнэлт. /хх-ийн 15-р хуудас/
3.Шүүгдэгч Б.Н-н мөрдөн байцаалтанд өгсөн “...Тэгээд гэртээ харьсан чинь манай эхнэр уурлаад чиний сайхан эгч чинь хааччихсан юм бэ, гээд хэрүүл хийгээд аав ээж эгч нарыг хэл амаар доромжлоод байсан. Би тухайн үед гар утсаа цэнэглээд сууж байхад А-н ээж миний гар утас руу залгахаар нь би утсаа эхнэртээ өгөөд яриулсан. Тэгтэл эхнэр ээждээ намайг энэ нэг юм суугаад л байна, гарч явах гээд байна гэж ярихаар нь чи битгий худлаа яриад байгаач гээд ундааны сав өөр рүү нь далайсан. Гэтэл эхнэр ээждээ энэ намайг зодох гээд байна. Та Эрка эгчийг дуудаач гэж чанга орилоод утсаа тасалсан. Тэгэхээр нь би чи яахаараа хов зөөгөөд байдаг юм бэ, гэж хэлээд ундааны савыг далайгаад ширээн дээр байсан аягыг аваад шидчихсэн чинь А-н духыг шүргээд өнгөрсөн. Тэгээд гэрээс гарах гэтэл Алтанхундага намайг гаргахгүй гээд үүдэн дээр зогсоод байхаар нь баруун гарнаас нь чирээд орон дээр хүчээр суулгатал өөдөөс босч ирэх гээд байхаар нь хүзүүнээс нь цааш түлхэж суулгачихаад гэрээс гараад явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцогч нараас шинэ нотлох баримт ирүүлээгүй, хохирогч А.Алтанхундага нь “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тул намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Н “мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээж байна” гэв.
Шинжлэн судалсан нотлох баримтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Ял шийтгэл оногдуулах үндэстэй. Шүүгдэгч Б.Н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэх саналтай байна” гэв.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан хохирогч А.А-н мэдүүлэг, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 134 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н нь 2018 оны 01 сарын 17-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын **** тоот гэртээ эхнэр А.А-г зодож биед нь гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Хохирогч А.А-д учирсан гэмлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах тухай шүүх шинжилгээний шинжээчийн дүгнэлт үндэстэй байх тул шүүгдэгч Б.Н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзлээ.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгэгч Б.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, улсын яллагчийн дүгнэлт үндэстэй байх тул шүүгдэгчид торгох ял оногдуулж, түүний хувийн байдлыг харгалзан уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ажил овогт Батбаярын Намсрайг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Б.Н-д оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС