| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2018/0088/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/104 |
| Огноо | 2018-02-27 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 2018/ШЦТ/104
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба
Улсын яллагч Б.Б
Шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овгийн Л гийн Бэх-Учиралд холбогдох 1825000000051 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
1.Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Л.Б
.
2.Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Л.Б нь 2018 оны 01 сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт ***ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7, мөн дүрмийн 8.2 дугаар заалтуудыг зөрчин А.Б-н жолоодож явсан ***ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж А.Б-н автомашин дотор зорчиж явсан М.Д-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1.Хохирогч М.Д-н “Би өнөөдөр хамаатны ах Э-н хамт түүний охины машинаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас наашаа 16 цагийн орчим гараад энэ хэрэг болох үед Орхон аймаг руу орж ирээд явж байсан. Э ах намайг буулгаад дараа нь өөрөө Жаргалант сум руу явах байсан бөгөөд шатахуун бага байна гээд Цагаанчулуут багт байдаг Шунхлай шатахуун түгээх станцаас шатахуун аваад 7 дугаар хороолол руу ойртож явсан чинь урдаас ирж байсан машин мөргөх шиг болоод тас гээд дуу гарсан. Нэг мэдсэн чинь би машинаас унаад газар хэвтэж байсан. Миний сууж явж байсан машин бүрэн эргээд баруун урд зүгт хараад зогсож байсан. Замаар явж байсан хүмүүс Э ахыг машинаас нь гаргаж өгсөн. Би тэр цагаан машиныг нилээн холоос харсан. Их л хурдтай явж байсан. Тэр машины урд ямар нэгэн машин байгаагүй. Манай машины урд ч гэсэн ойрхон машин байгаагүй. Хөдөлгөөн бага байсан. Миний нэг хөлийн шилбэ яс хугарсан байна. Гар халцарсан байсан. Би 8 хоног эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Одоо биеийн байдал гайгүй болж байгаа. Л.Б нь миний эмчилгээний зардал надад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Одоо гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 14-17-р хуудас/
2. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, бүдүүвч зураг, /хх-ийн 2-9-р хуудас/
3. Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, баримт /хх-ийн 10-11-р хуудас/
3. Гэрч А.Э-н ..”Шатахуун түгээх станцаас гараад 500 орчим метр явж байсан чинь миний урдаас эсрэг урсгалаас ирж байсан цагаан өнгийн тээврийн хэрэгсэл урсгал сөрж ирээд миний жолоодож явсан машин урдаасаа мөргүүлсний улмаас эргээд баруун зүгт хараад зогссон байсан. Хажууд сууж явсан эмэгтэй хүүхэд байхгүй би өөрөө хажуу талынхаа суудал дээр хэвтэж байсан. Замд явж байсан хүмүүс намайг машинаас гаргаад байж байхад цагдаа нар ирсэн. Л.Б надад учирсан машины хохирлыг барагдуулсан. Одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 18-19-р хуудас/
4. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 71-73-р хуудас/
5. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 сарын 17-ны 118 дугаартай дүгнэлтийн “М.Д-н биед баруун шилбэний 2 ясны дунд 1/3-ээр далд зөрөөтэй, сэтэрхийт хугарал, тархи доргилт, баруун шилбэ, зүүн гарын сарвуу, шуунд зөөлөн эдэд цус хуралт, зулгаралт зэрэг гэмтэл үүсчээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Баруун шилбэний ясны хугарал нь гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хх-ийн 30-р хуудас/
6.Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч - 2018 оны 01 сарын 17-ны өдрийн 06 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “***ОРО тээврийн хэрэгслийн жолооч Л.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 Жолооч дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврий хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 8.2 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй” гэсэн дүгнэлт. /хх-ийн 56-57-р хуудас/
7. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 сарын 16-ны өдрийн 26 дугаартай дүгнэлтэд “..Л.Б-ын цусанд этилийн спирт 3.4 промиль процент илэрсэн бөгөөд энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт /хх-ийн 42-р хуудас/
8. Шүүгдэгч Л.Б мөрдөн байцаалтанд өгсөн “2018 оны 01 сарын 13-ны өдөр намайг гэртээ найз Л гийн хамт байж байсан чинь найз А над руу утсаар яриад найз нь Танил зах дээр байна хүрээд ирээч миний машин эвдэрчихсэн. Сэлбэг аваад Хялганат ороод буцаад ирье гэсэн. Тэгэхээр нь Л бид хоёр Танил техникийн зах дээр очиж найз А-тай уулзаад түүний машины сэлбэгийг аваад Хялганат руу явсан. Хялганатад очоод машин засаж дуусаад орой 18 цагийн орчим хадам ах Б ын гэрт очсон. Б ахын гэрт очсон чинь найз Л , Б ах, найз Д , Батсүх Ганбаа нар сууж байсан ба тэд нар архи уух гэж байсан. Тэгээд бид нар Б ахын гэрт 2 шил архи уугаад А бид хоёр 19 цаг өнгөрч байхад Б ахын гэрээс гараад А ын гэрт очсон. А ын гэрт орсон чинь хоол нь болж байсан бөгөөд би аяга хоол идээд наашаа буюу Орхон аймаг руу гарсан. Орхон аймгийн зүүн талд байдаг хяналтын постоор орж ирж байснаа санаж байна. Нэг мэдсэн чинь хотын төвөөр явж байсан. Тэгээд хэрэг болох үед унтсан уу, яасан сайн мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 63-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б мэдүүлэхдээ “Гэм буруугаа ойлгож байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.
Хохирогч - нь “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ, шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэсэн байна.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Ял шийтгэл оногдуулах үндэстэй” гэв.
Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч М.Д-н мэдүүлэг, гэрч А.Б-н мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, зам тээврийн ослын дүгнэлт, шүүх шинжилгээний албаны дүгнэлт, согтуурал шалгасан шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Б нь 2018 оны 01 сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт согтуугаар ***ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7, мөн дүрмийн 8.2 дугаар заалтуудыг зөрчин ***ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж М.Д-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч Л.Б-д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Шүүгдэгч Л.Б нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул түүний хувийн байдалыг харгалзан Эрүүгийн хэргийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн тохирох хэсгийг шүүх хэрэглэх боломжтой гэж үзэв.
Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б нь хохирогчийн эмчилгээ сувилгаанд цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлсэн, хохирогч М.Д нь цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэнэ гэсэн байх тул нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч М овгийн Л гийн Бэх-Учиралыг согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Л.Б-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-д оногдуулсан 2 жилийн хорих ялаас чөлөөлсүгэй.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хурааагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч М.Д нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.А