Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/891

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,

улсын яллагч Ж.Отгончимэг,

шүүгдэгч П.Н, шүүгдэгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ш овогт Д-ийн А, Б овогт П-ийн Н нарыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар  зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2208001550506 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Монгол улсын иргэн, 2002 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, автозасварчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх  дүүргийн ... дугаар хороо ... дугаар гудамжны ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт П-ийн Н /РД:..../,

2. Монгол улсын иргэн, 2004 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй,  ам бүл 6, эх, ах дүү нарын хамт Баянзүрх  дүүргийн ... дүгээр хороо ... дугаар гудамж ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ш овогт Д-ийн А /РД:../,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.А, П.Н нар бүлэглэн ... улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж:

-2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... хорооллын ... дүгээр байрны  хойд талын зогсоол дээр  байсан иргэн Т.Ж-ын  эзэмшлийн ... улсын  дугаартай  приус 20 маркийн  автомашины хойд хоёр дугуйг нууцаар хууль бусаар учрах саадыг арилгах  зорилгоор машин механизм ашиглан хулгайлж 450,000 төгрөгийн хохирол  учруулсан,

2021 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 12-ны өдөрт шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... хорооллын ... дугаар байрны  зогсоол дээр  байсан иргэн Г.Б-ын  эзэмшлийн ... улсын  дугаартай  приус 20 маркийн  автомашины хойд хоёр дугуйг нууцаар хууль бусаар учрах саадыг  арилгах  зорилгоор  машин механизм ашиглан хулгайлж 450,000 төгрөгийн хохирол  учруулсан,

2021 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 12-ны өдөрт шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... хорооллын ... дугаар байрны  зогсоол дээр  байсан иргэн Б.Б-ийн  эзэмшлийн ... улсын  дугаартай  приус 20 маркийн  автомашины хойд хоёр дугуйг нууцаар хууль бусаар учрах саадыг  арилгах  зорилгоор  машин механизм ашиглан хулгайлж 450,000 төгрөгийн буюу бусдад нийт 1,350,000 төгрөгийн хохирол  учруулсан гэх хэрэгт холбогджээ.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт: “...мэдүүлэг өгнө. Бид хоёр өмнө хэрэгт төвөгт орж байгаагүй. Манай найзын эмээгийн бие муудаад, тэгээд бид нар ажил хөдөлмөр эрхэлж болохгүй байсан учир ийм гэмт хэрэг үйлдсэн юм. Буруу зүйл хийсэн гэдгээ мэдэж байна. Цаашид ийм асуудалд холбогдохгүй. Маш их харамсаж байна” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Шүүгдэгч П.Н шүүхийн хэлэлцүүлэгт: “...өмнө мэдүүлэг өгсөн, дахин өгөхгүй” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Гэм буруугийн талаар:

I. Шүүгдэгч Д.А, П.Н нар бүлэглэн машин механизм ашиглаж 2021 оны 12 дугаар сарын 10-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, С хорооллын ... дүгээр байрны  хойд талын зогсоол дээр байсан иргэн Т.Ж-ын эзэмшлийн ... улсын дугаартай приус 20 маркийн автомашины хойд хоёр дугуйг нууцаар, хууль бусаар хулгайлж 450,000 төгрөгийн хохирол  учруулсан болох нь:

1.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 7-11 дэх тал)

2. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: “...гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх ... улсын дугаартай тоёота приус-20  маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн”  (1 дэх хавтаст хэргийн 12-13 дахь тал)

3.Хохирогч Т.Ж-ын: “...2021 оны 12 дугаар сарын 09-ний орой 24 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, С хорооллын арын зогсоол дээр өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай тавьж гэртээ орж амарсан. Маргааш өглөө 09 цагийн үед  гэрээсээ гарч ирээд машинаа асаах гээд ирсэн чинь  машины арын 2 дугуй  алга болсон байхаар нь би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Миний алдсан дугуй нь Жи сток нэртэй обуд байсан, 215.60.16 гэсэн хэмжээтэй өвлийн  2 дугуй байсан юм.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 21, 23 дахь тал)

4.Гэрч Б.М: “...А нь миний багын найз. 2021 оны 11 дүгээр сард манай эмээгийн бөөр болон элэг муудаад байнгын эмнэлэг орох болсон юм. Би тухайн үед 2 найздаа хэлсэн чинь  “бид хоёр тусална”  гэж байсан. Тэгээд 2021 оны 12 сард надад 100,000 төгрөг бэлэн өгсөн. Надад ажил хийж олсон мөнгө гэж хэлж байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 40 дэх тал)

5.“Мастер үнэлгээ" ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “...2 ширхэг обуд, дугуйтайгаа-450,000” гэх (1 дэх хавтаст хэргийн 47 дахь тал)

6.Дүрс бичлэг бүхий файлд үзлэг хийсэн тэмдэглэл: “...Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, С хорооллын арын зогсоол хэсгийн хяналтын камер байх ба бичлэгт 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 03 цаг 16 минут 24 секундэд бор шаргал өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэл тухайн хяналтын камерын  доод талд ирж гэрлээ унтраан зогссон, бичлэгийг томруулан харахад ... гэсэн улсын дугаар харагдаж байв” гэх ...” (1 дэх хавтаст хэргийн 54-55 дахь тал)

7.Шүүгдэгч Д.Ан:  “...2021 оны 12 дугаар сарын 09-с 10-нд шилжих шөнө  00-01 цагийн хооронд найз П.Н-ын хамт  ахынхаа приус-20   маркийн автомашинтай хүнээс куртик худалдаж авахаар явсан. Тэгээд найз М-ийн эмээгийн бие муу мөнгө хэрэгтэй байгаа талаар ярилцсан. Тэгээд бид хоёр  фейсбүүк үзээд ахын  машинд  сууж байтал  автомашины дугуй авна гэсэн зар гарч ирэхээр нь  бид 2  машины дугуй хулгайлж аваад  зарж болох юм байна гэж бодоод   Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, С хорооллын арын зогсоол очиж ... улсын дугаартай  цагаан өнгийн приус -20 маркийн машины хойд талын 2 дугуйг тайлж ачиж явсан, уг дугуйнуудаа 140,000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 111 дэх тал)

8.Шүүгдэгч П.Н-ын:  “...фейсбүүк үзээд А-н ахын машинд суугаад явж байтал автомашины дугуй авна гэсэн зар  гарч ирэхээр нь  А бид хоёр машины дугуй хулгайлж болох юм байна гэж бодоод Содон хорооллын арын автомашины зогсоол дээр очоод  камер байхгүй байхаар нь ... улсын дугаартай цагаан өнгийн приус 20 маркийн автомашины арын хойд  талын 2 ширхэг  дугуйг данхрадаар  өргөөд тэр хавьд байсан чулуугаар ивж байгаад тайлж  машинд ачиж явсан. Тэгээд маргааш нь буюу 2021 он 12 дугаар сарын 11-ний өдөр  фейсбүүк зарын дагуу  дугуйгаа 140,000 төгрөгөөр зарсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 102 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар,

II. Шүүгдэгч Д.А, П.Н нар бүлэглэн, машин механизм ашиглаж 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 12-ны өдөрт шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... хорооллын ... дугаар байрны зогсоол дээр байсан иргэн Г.Б-ын эзэмшлийн ... улсын дугаартай приус 20 маркийн автомашины хойд хоёр дугуйг нууцаар, хууль бусаар хулгайлж 450,000 төгрөгийн хохирол  учруулсан болох нь:

1.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 118-122 дахь тал)

2. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: “...гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх ... улсын дугаартай тоёота приус-20  маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн”  (1 дэх хавтаст хэргийн 124-125 дахь тал)

3.Хохирогч Г.Б-ын: “...2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо С  хорооллын арын зогсоолд өөрийн  эзэмшлийн ... улсын дугаартай  тоёота приус 20 маркийн  тээврийн хэрэгслийг зогсоолд байршуулан гэрт орж амарсан. Тэгээд маргааш өглөө 8 цаг өнгөрч байхад эхнэр О.С-г ажилд нь хүргэж өгөх гээд гартал миний эзэмшлийн машины арын 2 ширэг жи сток дугуй байхгүй байхаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 134 дэх тал)

4. “Мастер үнэлгээ" ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “...2 ширхэг обуд, дугуйтайгаа-450,000” гэх (1 дэх хавтаст хэргийн 163-164 дэх тал)

5.Шүүгдэгч Д.Ан: “...сүүлийн 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ..., ... улсын дугаартай  автомашины арын 4 ширхэг  дугуйг хулгайлж аваад Баянзүрх дүүргийн ... дүгээр хороонд  байрлах Жамсрангийн уулын  энгэрт  аваачаад хаясан, эргээд 2 хоногийн дараа  очиж үзтэл  байхгүй болсон байсан ...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 240, 2 дахь хавтаст хэргийн 20 дахь тал)

6.Шүүгдэгч П.Н-ын:  “...П.Н бид хоёр найз Мийн эмээгийн бие муу, мөнгө хэрэгтэй  байгаа талаар ярилцан  С  хорооллын  арын автомашины зогсоол руу  очиж ..., ... улсын дугаартай  бор болон цэнхэр  өнгийн тоёота  приус 20 маркийн автомашины  арын 4 ширхэг  дугуйг авсан. Тэгээд хэд хоногийн дараахан цагдаа нараас бид нарыг хайж байгаа байх гэж бодоод  айсандаа  БЗД-ийн 21  дүгээр хороо Жамсрангийн энгэрт  аваачиж хаяад оройдоо  эргэж очсон чинь дугуйнууд алга болчихсон байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 231, 2 дахь хавтаст хэргийн 24 дэх тал)  зэрэг нотлох баримтуудаар,

III. Шүүгдэгч Д.А, П.Н нар бүлэглэж, машин механизм ашиглаж 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 12-ны өдөрт шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Содон хорооллын ... дугаар байрны зогсоол дээр байсан иргэн Б.Б-ийн  эзэмшлийн ... улсын  дугаартай  приус 20 маркийн  автомашины хойд хоёр дугуйг нууцаар, хууль бусаар хулгайлж 450,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

1.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 118-122 дахь тал)

2. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: “...гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх ... улсын дугаартай тоёота приус-20  маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн”  (1 дэх хавтаст хэргийн 124-125 дахь тал)

3.Хохирогч Б.Б-ийн: “...2021 оны 12 дугаар сарын 05-ны өглөөний 8 цагт ажилдаа явах гээд өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай приус 20 машинаа асаах гэтэл асахгүй  хөлдчихсөн  байхаар нь машинаа Сонгинохайрхан дүүргийн  ... дугаар хороо С  хорооллын арын зогсоол дээр 7 хоног тавьсан байсан. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 12-ны өгдөө 09 цаг өнгөрч байхад  нэг хүн залгаад ... улсын  дугаартай  тээврийн хэрэгслийн жолооч мөн үү гэхээр нь би мөн байна гэсэн чинь таны машины  дугуй алга болсон байна,  та гараад ирэх үү гэсэн. Тэгээд  зогсоол дээр очиход миний машины  арын 2 жи сток  дугуй болон обуд  алга болсон байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 138 дахь тал)

4.“Мастер үнэлгээ" ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “...2 ширхэг обуд, дугуйтайгаа-450,000” гэх (1 дэх хавтаст хэргийн 170-171 идэх тал)

5. Шүүгдэгч Д.А-н: “...сүүлийн 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ..., ... улсын дугаартай  автомашины арын 4 ширхэг  дугуйг хулгайлж аваад Баянзүрх дүүргийн ... дүгээр хороонд  байрлах Жамсрангийн уулын  энгэрт  аваачаад хаясан, эргээд 2 хоногийн дараа  очиж үзтэл  байхгүй болсон байсан ...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 240, 2 дахь хавтаст хэргийн 20 дахь тал)

6.Шүүгдэгч П.Н-ын:  “...П.Н бид хоёр найз Мийн эмээгийн бие муу, мөнгө хэрэгтэй  байгаа талаар ярилцан  С хорооллын  арын автомашины зогсоол руу  очиж ..., ... улсын дугаартай  бор болон цэнхэр  өнгийн тоёота  приус 20 маркийн автомашины  арын 4 ширхэг  дугуйг авсан. Тэгээд хэд хоногийн дараахан цагдаа нараас бид нарыг хайж байгаа байх гэж бодоод  айсандаа  БЗД-ийн 21  дүгээр хороо Жамсрангийн энгэрт  аваачиж хаяад оройдоо  эргэж очсон чинь дугуйнууд алга болчихсон байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 231, 2 дахь хавтаст хэргийн 24 дэх тал)  зэрэг нотлох баримтуудаар нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөл, эзэмшилд буй эд хөрөнгө, эд юмсыг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэлгүйгээр шунахай сэдэлт, зорилгоор нууц байдлаар гэмт этгээд нь авч өөртөө захиран зарцуулж буй хууль бус үйлдлийг ойлгоно.

Мөн машин механизм ашиглах гэдэгт эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, зөөж тээвэрлэх зорилгоор ашиглаж буй үйлдлийг хэлнэ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцох”-оор, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тус тус хуульчилсан байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Д.А, П.Н нар нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бусдын өмчлөх эрхэд халдаж, хулгайлах гэмт хэрэг үйлдэж мөнгө олох талаар ярилцаж тохиролцон үйлдлээрээ бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр хохирогч нарын автомашины дугуй, обудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авахдаа ... улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийг буюу машин механизм ашиглаж үйлдсэн, тэдгээр нь өөрсдийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүхээс шүүгдэгч Д.А, П.Н нарыг бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр “хулгайлах” гэмт хэргийг  машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцов.

Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч Д.А, П.Н нар нь хохирогч Т.Ж-, Г.Б-,  Б.Б- нарт тус бүрт нь 450,000 төгрөг хүлээлгэн өгсөн болох нь  хохирогч нарын бичгээр гаргасан хүсэлтээр тогтоогдсон тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. (2 дахь хавтаст хэргийн 1-3 дахь тал)

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “...шүүгдэгч Д.А, П.Н нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар  тус бүрт нь 3 жил хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч нь “...бид ийм асуудалд урд нь орж байгаагүй болохоор юу хэлэхээ мэдэхгүй байна” гэх саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч нарт оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой байна.

Шүүгдэгч нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” -ийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогч нарт хохирол төлж барагдуулсан байдал, шүүгдэгч нарын хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн/, шүүгдэгч нар нь гэм буруу дээр маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Д.А, П.Н нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих  ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ... дугаартай тээврийн хэрэгсэл нь тээврийн хэрэгслийн гэрчилгээнд бичигдсэнээр иргэн С.Н-ийн эзэмшлийн байх бөгөөд уг тээврийн хэрэгслийг иргэн С.Н-оос иргэн Д.А нь худалдаж авахаар тохиролцож, тал мөнгийг төлсөн, тээврийн хэрэгслийн нэрийг өөр дээрээ шилжүүлж аваагүй боловч тухайн тээврийн хэрэгслийг унаж хэрэглэдэг болох нь Д.А-ын мэдүүлгээр тогтоогдсон байна. (1 дэх хавтаст хэргийн 156-157, 212 дахь тал)

Иймд тухайн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч нарын хэн алины эзэмшлийнх бус, хураан авч улсын орлого болгох үндэслэлгүй байх тул иргэний нэхэмжлэгч Д.А-ад буцаан олгож, харин шүүгдэгч Д.А, П.Н нараас уг тээврийн хэрэгслийн үнэ болох 7.500.000 төгрөгийг хувь тэнцүүлэн /7.500.000:2=3.750.000/ хүн тус бүрээс 3.750.000 төгрөг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв. Учир нь,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэгдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж заасан байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дугаартай прокурорын “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолоор Д.А-ын эзэмшлийн ... улсын дугаартай бор өнгийн тоёота приус  маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилснийг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож (2 дахь хавтаст хэргийн 25-26 дахь тал), энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, 1 ширхэг дорцов, төмөр зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримтыг устгах комисст даалгахаар тогтов.

Тус хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

                                             ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ш овогт Д-ийн А, Б овогт П-ийн Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.А, П.Н тус бүрийг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А, П.Н нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Д.А-ын эзэмшлийн ... улсын дугаартай бор өнгийн тоёота приус  маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дугаартай прокурорын “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг буцаан олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, 1 ширхэг дорцов, төмөр зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 7.500.000 (долоон сая таван зуун мянга) төгрөгийг шүүгдэгч Д.А, П.Н нараас хувь тэнцүүлэн тус бүрээс 3.750.000 (гурван сая долоон зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

8. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.А, П.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тус тус тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А, П.Н нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Г.АЛТАНЦЭЦЭГ