Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/933

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Г.Лхагвасүрэн,

шүүгдэгч О.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт О-н Ө-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208008960924 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1979 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт амьдардаг гэх, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух хаягтай, урьд:

-Чингэлтэй дүүргийн шүүхийн 2004 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 183 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 5 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

-Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 521 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ял шийтгүүлж, 2016 оны 08 дугаар сарын 09-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

-Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 173 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 166 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 02 сар 24 хоногийн хорих ялыг эдлэхээс хугацааны өмнө тэнсэж сулласан,

-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 374 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугар сарын 19-ний өдрийн 354 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн  Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийг баримтлан О.Ө-ийн эдлээгүй үлдсэн 03 жил 09 сар 01 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, улмаар энэ хугацаанд ялыг биелүүлээгүй тул Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЗ/20 дугаартай  шүүгчийн захирамжаар 3 жил 25 хоногийн хорих ялаар сольж, уг ялаа эдэлж буй Б овогт О-н Ө (РД:...);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Ө нь 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дугаар гудамжны ... тоотод оршин суух иргэн Э.Р-ын өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрийн цоожны цүүг  хөшиж онгойлгон нэвтрэн орж, монетон ээмэг 1 хос, мөнгөн бөгж 2 ширхэг, мөнгөн бугуйвч 1 ширхэг, бэлэн 100,000 төгрөг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 605,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би тухайн айлаас авсан эд зүйлээс ээмэг, бөгж зэргийг цагдаагийн дэслэгч Цэрэнд өгсөн. Гэтэл хохирогчид зөвхөн бөгжийг хүлээлгэн өгсөн байсан.” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.Ө нь 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дугаар гудамжны ... тоотод оршин суух Э.Р-ын монгол гэрийн цоожны цүүг  хөшиж онгойлгон нэвтрэн орж, монетон ээмэг 1 хос, мөнгөн бөгж 2 ширхэг, мөнгөн бугуйвч 1 ширхэг, бэлэн 100,000 төгрөг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 605,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 6-8, 9-10 дахь тал),

2. Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл: “... 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр шүүгдэгч О.Ө-ээс саарал, мөнгөлөг өнгийн эрвээхэй амьтны дүрс бүхий хэлбэртэй, голын гогцооноос саарал өнгийн 2 ширхэг бөөрөнхий  хэлбэр бүхий унжлагатай бөгж 1 ширхгийг хураан авч, 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Э.Р-т хүлээлгэн өгсөн” нь тэмдэглэгдсэн. (хавтаст хэргийн 12-13, 16 дахь тал),

3. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: (хавтаст хэргийн 17-22 дахь тал),

4. Хохирогч Э.Р-ын: “...2022 оны 02 дугаар сарын 11-ний өглөө би ажилдаа яваад гэрт нөхөр үлдсэн юм. Тэгсэн 17 цагийн орчимд нөхөр залгаад  гэрийн цоожийг эвдээд хулгай орчхож, чи хурдан хүрээд ир гэсэн. Тэгээд гэртээ иртэл гэрийн хаалганы цоожны цүү нь мултарчихсан, цоож нь цүүнээсээ  өлгөгдчихсөн, хөшиж онгойлгосон байдалтай байсан. Гэртээ ороод юмаа шалгатал монетон хос ээмэг, мөнгөн бөгж 2 ширхэг, мөнгөн бугуйвч 1 ширхэг  алга болсон байсан. Мөн хүүхдийн мөнгө цуглуулж хийж байсан  гахайн сав хагарчихсан,  дотор нь байсан 100,000 орчим  төгрөг бас алга болсон байсан. ...Би ээжид  хяналтын камерын бичлэгийг харуулсан чинь  энэ жалганы  цаана амьдардаг  хүн байна,  энэ хүн 65-н дэлгүүрийн  орчим явж байдаг  гэж хэлсэн. Тэгээд 65-н  дэлгүүр лүү очсон чинь  замын нөгөө талд төстэй  хүн явж харагдахаар ардаас нь дагаж  явж байтал нэг  хашаа руу орохоор нь  ардаас нь дагаж  орсон чинь  бичлэг дээр байсан  эмэгтэй хүн согтуу хэвтэж байсан. Тэгээд дахин цагдаад дуудлага өгсөн. Ө-тэй уулзахад “чи өргөдлөө авчих, өргөдлөө авахгүй бол би шорон хороогоор яваад хохирлыг чинь барагдуулж өгч чадахгүй гэж хэлсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-29 дэх тал),

5. “Тэнцвэр эстимейт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний: “...хохирогчийн алдсан эд зүйлийг 605,000 төгрөгөөр үнэлсэн.” гэх тайлан (хавтаст хэргийн 39-40 дэх тал),

6. Шүүгдэгч О.Ө-ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт  өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 151-152 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөл, эзэмшилд буй эд хөрөнгө, эд юмсыг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэлгүйгээр шунахай сэдэлт, зорилгоор нууц байдлаар гэмт этгээд нь авч өөртөө захиран зарцуулж буй хууль бус үйлдлийг ойлгоно.

Шүүгдэгч О.Ө нь хохирогчийн гэрт нэвтрэх эрхгүй этгээд гэдгээ мэдсээр байж бусдын орон байрыг эзэнгүй, хүнгүй сул байдлыг далимдуулан монгол гэрийн хаалганы цоожны цүүг эвдэн хууль бусаар нэвтэрч, бусдын эзэмшлийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “...хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэсэн шинжээр хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болох бөгөөд О.Ө нь шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсаныг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч О.Өийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болно. 

Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч О.Ө-ийн үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Э.Р-т 605,000 төгрөгийн хохирол учирсан, уг хохирлоос 35,000 төгрөгийн эд зүйлийг буцаан хүлээлгэн өгсөн, одоо 570,000 төгрөгийн хохирол үлдсэн, шүүгдэгч нь төлж барагдуулаагүй байх тул 570,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч Э.Р-т олгохоор шийдвэрлэв. 

Хэдийгээр шүүгдэгч О.Ө нь “надаас бөгж, ээмэг зэргийг дэслэгч н.Цэрэн нь авсан, ээмэг нь монет байсан эсэхийг хэлж мэдэхгүй, шаргал өнгөтэй байсан, тэрийг мөрдөгч нь хохирогчид хүлээлгэн өгөөгүй байна” гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн боловч хэрэгт авагдсан эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн баримт, түүнд хавсарган өгсөн гэрэл зургийн үзүүлэлтэд  (хавтаст хэргийн 12-14 дэх тал) зөвхөн бөгжийг О.Ө-ээс хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгч О.Ө-ээс үлдэгдэл эд зүйлийн үнэ болох 570,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Ө-т 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 09 сар 16 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялын хугацааг 10 жил 9 сар 16 хоногоор тогтоож, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч О.Ө нь: “гэм буруу дээр маргаагүй, хохирол төлөхөө илэрхийлсэн тул  бага ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч О.Өийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу тэрбээр бусдын өмчлөх эрхэд халдсан байдал, үйлдлийн хэмжээ хязгаар, хохирлын хэмжээ зэргийг харгалзсанаас гадна хохирогчид хохирол төлж барагдуулаагүй байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Ө-т 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Мөн шүүгдэгч О.Ө-т өмнө нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 374 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугар сарын 19-ний өдрийн 354 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийг баримтлан О.Өийн эдлээгүй үлдсэн 03 жил 09 сар 01 хоногийн хорих ялыг  зорчих эрхийг хязгаарлах ялаар  дүйцүүлэн  сольж, улмаар энэ хугацаанд ялыг биелүүлээгүй тул Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЗ/20 дугаартай  шүүгчийн захирамжаар  3 жил 25 хоногийн хорих ялаар сольж, уг ялаас 02 жил 09 сар 06 хоногийн хорих ялыг эдлээгүй үлдсэн байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар өмнөх 374 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 09 сар 06 хоногийн ял дээр, энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар  хорих ялыг нэгтгэж биечлэн эдлэх хорих ялын хугацааг 04 жил 09 сар 06 хоногийн хугацаагаар тогтоов.

Шүүгдэгч О.Ө нь 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 43 хоног цагдан хоригдсон байх тул түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Өийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт О-н Ө-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Өт 02 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ө-ийн цагдан хоригдсон 43 (дөчин гурав) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ө-т Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 374 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар  оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 09 сар 06 хоногийн хорих ял дээр, энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг  нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялын хугацааг 04 (дөрөв) жил 09 (ес) сар 06 (зургаа) хоногийн хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Өт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ө-ээс 570,000 (таван зуун далан мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч Э.Р-т олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Ө-ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Өийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ө-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.АЛТАНЦЭЦЭГ