Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
Хэргийн индекс | 188/2022/0858/Э |
Дугаар | 2022/ШЦТ/850 |
Огноо | 2022-07-01 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Х.Анхцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 2022/ШЦТ/850
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,
улсын яллагч Х.Анхцэцэг,
шүүгдэгч О.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт О-ын Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2208000001132 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Дундговь аймгийн ... суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ... ХХК-нд ачигч ажилтай, ам бүл 5, эх, 2 ах, дүүгийн хамт амьдардаг, Дундговь аймгийн ... сум ... дугаар баг, .. гэх газарт оршин суух хаягийн бүртгэлтэй ч одоо Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дугаар гудамж, .. тоотод түр оршин суух хаягтай,
урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 146 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, ял биелэгдсэн, Б овогт О-ын Н (РД:...);
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Н нь 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... ХХК-ийн хашаан дотор О.Б-тэй ажлын асуудлаас үүдэлтэйгээр маргалдан нүүр тус газар нь өвдөглөсний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.Н шүүхийн хэлэлцүүлэгт: “...мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад мэдүүлсэн байгаа” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл)
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.Н нь 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... ХХК-ийн хашаан дотор О.Б-тэй ажлын асуудлаас үүдэлтэйгээр маргалдан толгойгоороо мөргөж, газар хавсарч унаган, өвдгөөрөө хохирогчийн нүүр тус газар нь өвдөглөсний улмаас эрүүл мэндэд нь зүүн дээд 1 дүгээр шүдний хүзүүвч хэсгийн хөндлөн хугарал, доод уруулд шарх, баруун гарын сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
1. Дуудлагын лавлагааны хуудас: “... дугаарын утаснаас хамт ажилладаг хүн намайг зодчихлоо гэх дуудлагыг өгсөн” (хавтаст хэргийн 3 дахь тал),
2. Хохирогч О.Б-гийн: “...2022 оны 05 дугаар сарын 18-ны өглөө би хамт ээлжинд хоносон хүн болох О.Н-ид ажлын шаардлага тавьж ажил эхлээд ачаалалтай болсон байхад хааччихсан юм бэ гэж жоохон уурлангуй байдлаар хэлсэн чинь О.Н миний өөдөөс чи муу яагаад давраад байгаа юм бэ гээд бид хоёр гадаа гарч хашаанд муудалцсан. Тэгээд ноцолдоод байж байхад О.Н нь миний үүдэн дээд шүд рүү өвдөг хэсгээрээ цохичихсон чинь миний үүдэн шүд хугараад уначихсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Муудалцах болсон шалтгаан бол өглөө агуулахаас бараа бүтээгдэхүүн тараах болсон чинь О.Н ирэхгүй, би ганцаараа байсан тул миний уур хүрээд хаашаа алга болчихдог юм бэ гээд уурласнаас болж хоорондоо муудалцах болсон юм.Одоо бид хоёр эвлэрсэн, миний эмчилгээний зардлыг өгсөн байгаа тул нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8, 11 дэх тал),
3. Гэрч С.Д-гийн: “...2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн өглөө 8 цагийн үед би ажил дээрээ ээлжтэй хоноод өглөө нь борлуулалтын машинууд үйлдвэрээс бараагаа ачаад гараад бараг дуусах шатандаа орж байсан юм. Тэр үед би том хаалганы хажууд тамхи татаад зогсож байсан чинь хойд талд гадаа ачилтын покс байдгийн хажууд хоёр хүн барилдаад ч байгаа ч юм шиг зодолдоод ч байгаа юм шиг байдалтай харагдсан. Тэгэхээр нь би хэсэг харж байгаад ер нь зодолдоод байх шиг харагдахаар нь гүйж очиход манай компанид ээлжийн ачигч хийдэг хоёр хүн болох Б, Н хоёр байсан. Намайг очиход Б-гийн амнаас цус гарчихсан, дээд үүдэн нэг шүд нь хугарч гэмтсэн байсан. Тэгээд би тэр хоёрыг болиоч, юу болоод байгаа юм гэхэд Б энэ Н бараа ачих үед алга болчхоод биеэ оторлоод байхаар нь хэдэн зүйл хэлсэн чинь өөдөөс томроод муудалцсан, тэгээд сая намайг тонгойлгож байгаад өвдгөөрөө өвдөглөөд шүд хугалаад хаячихлаа гээд хугарсан шүдээ гартаа барьчихсан байж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал),
4. Гэрч Г.Т-ийн: “...манай ажлын газрын хамгаалагч С.Д нь “хойно хоёр хүн зодолдоод байх шиг байна” гэж хэлэхээр нь харсан чинь хашааны хойд хэсэгт байх ачаа ачдаг покс хэсгийн хажууд хоёр ачигч хоорондоо барьцалдаж аваад зодолдоод байх шиг байсан. Тэгээд С.Д гүйж очоод тэр хоёрыг салгасан. Нэгнийх нь шүд хугарч гэмтсэн амнаас нь цус гарчихсан байсан бөгөөд нөгөөдөх нь хөлөөрөө өвдөглөчихсөн юм шиг байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал),
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 7308 дугаартай:
“О.Б-гийн биед зүүн дээд 1 дүгээр шүдний хүзүүвч хэсгийн хөндлөн хугарал, доод уруулд шарх, баруун гарын сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 25 дахь тал),
6.Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...07:58:44 секундэд цэнхэр өнгийн саравчтай малгайтай хоёр эрэгтэй хүн ар араасаа алхан гарч ирээд толгойгоороо тулан муудалцаж эхэлж буй дүрс бичигдсэн байх ба саарал өнгийн бие тамирын судалтай цамцтай залуу нь 07:58:49 секундэд ногоон өнгийн футболктой залууг толгойгоороо нэг мөргөн зүүн хөлөөрөө хавсарч унагааж, 07:59:08 секундэд ...дахин газарт унагаан доод талын байшингийн цаагуур орж байгаа харагдах бөгөөд унасан залуу дахин босож ирээд барьцалдах үед саарал цамцтай залуу нь ногоон футболктой залууг доош нь дарж байгаад баруун хөлөөрөө өвдөглөж байгаа дүрс бичигдсэн. Мөн 07:59:39 секундэд саарал цамцтай залуу ногоон футболктой залууг унагаагаад холдож явж байх бөгөөд удалгүй араас нь ногоон футболктой залуугийн амнаас нь цус гарсан байдалтай байгаа дүрс ажиглагдав.” (хавтаст хэргийн 35-40 дэх тал),
7. Шүүгдэгч О.Нийн: “...О.Б- нь намайг тамхи татаад ирэх хооронд хаашаа алга болсон юм гээд уурлаад байхаар нь миний дургүй хүрээд бид хоёр бага зэрэг муудалцаад О.Б- нь намайг гараад ир гэхээр нь дагаад гарсан. Тэгээд би гарч очиход О.Б- нь зодолдох гээд байгаа юм шиг ирэхээр нь би өөдөөс нь хэд хэдэн удаа цохиод нүүр хэсэгт нь өвдгөөрөө өвдөглөчихсөн юм. Тэгээд О.Б- босож ирэх үед амнаас нь цус гарчихсан байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 84 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, хохирогч О.Б-, шүүгдэгч О.Н нар нь Талх чихэр ХХК-нд ээлжийн ачигч хийдэг байх бөгөөд өглөө ажил эхлэх цагаар борлуулалтын машинд бараагаа зөөж хийж ачилтад гаргах ид ажлын үеэр шүүгдэгч О.Н нь байхгүй байсанд хохирогч О.Б- нь дургүйцэн ачаалалтай үеэр алга боллоо гэх асуудлыг хөндөн тавьсныг буруутгах үндэслэлгүй, шүүгдэгч О.Н нь уг асуудлыг нааштай хүлээцтэйгээр, ухаалгаар хүлээж авахын оронд уурлан хохирогчтой маргалдсан төдийгүй хохирогчийг толгойгоороо мөргөх, хэд хэдэн удаа газар хавсарч унагаах, өвдгөөрөө хохирогчийн нүүрэн тус газар өвдөглөн зодсон үйл баримт нь хохирогч, гэрч нарын мэдүүлэгт дурдагдсанаас гадна камерын бичлэгт тодорхой бичигдсэн байна.
Энэ байдлаас үзвэл, шүүгдэгч О.Н нь хохирогчийн тавьсан зүй ёсны шаардлагыг эсэргүүцэн хүч хэрэглэж буй үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр илрэх ба түүний үйлдлээс шалтгаалан хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь хөнгөн гэмтэл хамаарсан нь шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан тул шүүгдэгчийн үйлдэл, хохирогчид учирсан хохирол, уршгийн хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэхээр байна.
Шүүгдэгч О.Нийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршгийн тухайд: Тус гэмт хэргийн улмаас хохирогч О.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээ хийлгэсэн баримтыг гаргаж өгөөгүй, шүүгдэгч О.Н нь түүнд 2,500,000 төгрөгийг өгсөн, хохирогч О.Б- нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Анхцэцэг нь О.Нид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч (шүүгдэгч) О.Нид танилцуулсан байх ба тэрбээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч О.Нийн хувийн байдал /ажил хөдөлмөр эрхэлдэг, цалин хөлс орлоготойг илэрхийлэх баримттай/ зэргийг харгалзан прокуророос гаргасан саналын хүрээнд шүүгдэгч О.Нид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 5 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч О.Н нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт О-ын Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Нид 900 (есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Нид оногдуулсан торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Нид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ