Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2018/ШЦТ/122

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А

Улсын яллагч Ц.И

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц    

Шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Бд холбогдох эрүүгийн 1825000670095 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Ч.Б

 

  1. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Ч.Б нь Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд багтсан делта тетрагидроканнабинолын төрлийн бодис агуулсан ургамлыг 2017 онд Булган аймгийн Баян-Агт сумын нутаг дэвсгэрээс худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, 2017, 2018 онуудад Орхон аймгийн Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт хадгалсан, 2018 оны 1 сарын 14-ний өдөр бусдад өгсөн  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэг авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Насанд хүрээгүй гэрч Э.Э-н  ... “Ч.Б ахад энэ өвс байсан. Бид цаасаар нэг ороогоод түүнийгээ татаж байгаад цагдаад баригдсан. Үлдсэн өвсийг нь цагдаа нар Б  ахаас хурааж авсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 11-р хуудас/

 

2. Гэрч Ч.М-н ... “Ч.Б-тай уулзаад хэргийн талаар асуусан чинь зун хөдөө өвөөгийнд амарч байхдаа хонь хариулж яваад өвс олсон юм. Тэр өвсөө саяхан хувцаснаасаа олоод авч явж байгаад найз нартайгаа татаж үзэж байгаад баригдсан гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 12-р хуудас/

 

3.Гэрч С.Л-н ..”Цагдаагийн газрын жижүүрээс 6 дугаар хорооллын 17 дугаар байрны орцонд хүмүүс архи уугаад байна гэсэн дуудлага ирүүлсэн. Үүний дагуу очиход Б , О , Э , Г  , П  гэж хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн мөн мансууруулах төрлийн бодис агуулсан ургамал татаж хэрэглэсэн байдалтай байхаар нь цагдаагийн газар дээр авч ирж жижүүрийн мөрдөгч ахлагч дэслэгч Ж.Э-д хүлээлгэн өгсөн. Б  гэх хүний биеэс бага хэмжээний өвс мэт нунтаг зүйл гарч ирснийг  ахлах дэслэгч Ж.Э-д хүлээлгэн өгсөн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 13-р хуудас/

 

4.Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1225 дугаартай дүгнэлтэд: 1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн Б-с хураан авсан өвс мэт нунтаг зүйл гэж хаягласан гялгар ууттай ургамал мэт зүйлээс Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/-ын агуулга илэрч байна. Делта-9  тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд хамаарна” гэсэн дүгнэлт. /хх-ийн 15-р хуудас/

 

5.Шинжээчийн 2018 оны 01 сарын 23-ны өдрийн 1226 дугаартай дүгнэлтэд: 1.2. Шинжилгээнд ирүүлсэн “Ч.Б 20н/эр 2018.01.14” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно” гэсэн дүгнэлт. /хх-ийн 23-р хуудас/ 

 

6.Шинжээчийн 2018 оны 01 сарын 23-ны өдрийн 1227 дугаартай дүгнэлтэд: 1.2. Шинжилгээнд ирүүлсэн “Б.Г   20н/эр 2018.01.14” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/-нь НҮБ-ын “сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно” гэсэн дүгнэлт. /хх-ийн 26-р хуудас/

 

7.Шинжээчийн 2018 оны 01 сарын 23-ны өдрийн 1229 дугаартай дүгнэлтэд: шинжилгээнд ирүүлсэн О.О  20н/эр 2018.01.14” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/-нь НҮБ-ын “сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно” гэсэн дүгнэлт. /хх-ийн 29-р хуудас/

 

8.Шинжээчийн 2018 оны 01 сарын 23-ны өдрийн 1230 дугаартай дүгнэлтэд: 1.2. Шинжилгээнд ирүүлсэн “Э.Э  18н/эр 2018.01.14” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/-нь НҮБ-ын “сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно” гэсэн дүгнэлт. /хх-ийн 32-р хуудас/

 

9.Шинжээчийн 2018 оны 01 сарын 23-ны өдрийн 1228 дугаартай дүгнэлтэд: 1.2. Шинжилгээнд ирүүлсэн “М.П  19н/эр 2018.01.14” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/-нь НҮБ-ын “сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно. /хх-ийн 35-р хуудас/

 

10.Шүүгдэгч Ч.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Манай өвөө эмээ хоёр хөдөө байдаг . Байдаг газрынх нь нэрийг сайн мэдэхгүй байна. Ногоон өнгөтэй таван салаа шиг ургамал байсан. Би жижиг гялгар уутанд жоохныг түүж авсан юм. Би энэ ургамлыг татаж үзэх гэж түүсэн юм. Би өөрийнхөө түүсэн ургамлыг мансууруулах төрлийн бодис гэдгийг мэднэ. Би энэ ургамлыг кино интернэт зэргээс харж байсан. Би энэ ургамлыг олон удаа түүгээгүй. Нэг л удаа түүсэн юм. Би энэ ургамлыг 2017 оны зун ганцаараа хонь хариулж байгаад түүсэн. Хэрэг болох үед хувцас цэгцэлж байсан чинь халааснаас унасан. Тэгэхээр нь би аваад гарсан юм.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /х/х-н 48-р хуудас/ зэргийг шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

 

Шүүгдэгч Ч.Б нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна” гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Ял шийтгэл оногдуулах үндэстэй” гэв.

 

            Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Ч.Б нь Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд багтдаг делта тетрагидроканнабинолын төрлийн бодис агуулсан ургамлыг 2017 онд Булган аймгийн Баян-Агт сумын нутаг дэвсгэрээс худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, 2017, 2018 онуудад Орхон аймгийн Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт хадгалсан, 2018 оны 1 сарын 14-ний өдөр бусдад өгсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрчүүдийн мэдүүлэг, шүүх шинжилгээний шинжээчийн 1225, 1226, 1227, 1229, 1230, 1228 дугаартай дүгнэлтүүд, шүүгдэгчийн мэдүүлэг, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон гэж үзлээ.

 

                     Шүүгдэгч Ч.Байгалийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 20.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг сэтгэцэд нөлөөлөх бодис, түүний түүхий эдийг худалдах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдлалд харгалзан үзлээ.

            Шүүгдэгч Ч.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол байхгүй тул түүний хувийн байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулахгүйгээр тэнсэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 15 грамм ургамлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э овгийн Ч  Б  сэтгэцэд нөлөөлөх бодис, түүний түүхий эдийг худалдах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 3.3-д зааснаар шүүгдэгч Ч.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хягаарлалт тогтоосугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд  зааснаар шүүгдэгч Ч.Б нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 15 грамм ургамлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

   6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Ц.АЛТАНГАДАС