Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2021/0185

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 3 сарын 16-ны өдөр                    Дугаар                            Улаанбаатар хот

128/ШШ2021/0185

                                                                             

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Б би даргалж, шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “М к” ХК.

Хариуцагч: НЗД.

Нэхэмжлэлийн шаардлага: НЗД 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлийн ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/788 дугаар захирамжийн “М к” ХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ц, Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “М к” ХК-ийн төлөөлөгч Э.Ө шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “М к” ХК -ийг анх 1982 онд байгуулсан бөгөөд тус комбинатын эдийн засгийн үр ашгийг хэмнэх зорилгоор үйлдвэрийн түүхий эдийн нөөцтэй ойр төлөвлөж, үйлдвэрийн байрнаас түгээмэл тархацтай ашигт малтмалын орд хүртэл 800 метр орчим зайтай байгуулсан нь одоогийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж байна.

 Тухайн үед одоогийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт айл өрх суурьшаагүй байсан бөгөөд тэр орчмоос илэрсэн шаврын ордыг түшиглэн тоосгоны 2 дугаар завод, ханын материалын үйлдвэр болон тус комбинатыг байгуулж үйлдвэрийн бүсийг төлөвлөсөн. Улмаар 1990 онд “керамик эдэлхүүний комбинат”-ыг “М к” ХК болгон өөрчлөн байгуулсан.

Манайх 7 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг. Шаврын орд, үйлдвэр 2 тусдаа байршдаг. Мэргэжлийн хяналтын газрын зааварчилсан норм дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулдаг гэж үзэж байгаа. А/788 дугаар захирамж гаргахдаа манай компанийг хамтад нь оруулчихсан байх гэж бодож байна. Мэргэжлийн хяналтын газрын шаардлагын дагуу лицензтэй талбай дээр тэмдэг, хашаа зэрэг бүгдийг байршуулсан. Газрын давхцалгүй. Жил бүр төлөвлөгөө батлуулдаг. Бичиг баримтын зөрчилгүй. Сүүлийн үед манай компани эдийн засгийн хувьд хүнд нөхцөлд орж байна. 2019 онд үйл ажиллагаа явуулж байхад 1 ширхэг тоосгоны үнэ 215 төгрөг байсан. Манайх хувьцаат компани учраас Санхүүгийн зохицуулах хороо, Барилга үйлдвэрчдийн холбоонд үнийн саналаа өгдөг. Гэтэл 2021 оны эхний улирал гэхэд 420 төгрөг болсон. Яамнаас яагаад ийм үнэтэй болсон талаар асуухад бид тайлбараа гаргаж өгсөн. 6 үйлдвэрийн үйл ажиллагааг цуцалсан учраас түүхий эдээ авч чадахгүйд хүрч байна. Засгийн газрын хэмжээнд яригдаж байгаа “Залуус-1002” хөтөлбөрт үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжинэ, дотоодоос бүх түүхий эд, барилгын материалыг хэрэглэнэ гэж заасан. Дутуу бичиг баримт, буруу зүйл байгаа бол бид засварлахад бэлэн байна. Би энэ компанийн гүйцэтгэх захирлаар 7 жил ажиллахдаа нэлээд олон ажлуудыг хийсэн. Харилцаа холбоо сайтай ажиллаж байгаа гэж бодож байна. Бид олон улсын жишигт нийцсэн шувуу ажиглах цэг хоёрыг байгуулсан. Ер гаруй хувиар үнэлэгдсэн. Үл ойлголцол дунд манай компани орсон гэж ойлгож байгаа. Манай компанид 180 хүн ажиллаж байна. 6, 7, 8, 9 дүгээр хорооны  гурваас дээш хүүхэдтэй 89 өрх толгойлсон эмэгтэй ажиллаж байна. Үүнийг Сонгинохайрхан дүүрэг мэддэг. Эдгээр хүмүүсийг ажиллуулах хүсэлт гаргаж түүний дагуу бид ажиллуулдаг. Дүүрэгтэй сайн харилцаатай байдаг. Хүмүүсийн ирүүлсэн өргөдлийг харсан. 17 дугаар хорооноос өргөдөл бичсэн байна. Манайх 6,7 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг шүү дээ. Өөр үйлдвэрүүдтэй хамтатгаж ойлголцлын зөрүү гарсан гэж бодож байна.

“М к” ХК нь Барилга, хот байгуулалтын яамнаас олгосон БMY 079/17 дугаар тусгай зөвшөөрлийн үндсэн дээр “керамик тоосгоны үйлдвэр”-ийн зориулалтаар үйл ажиллагаа эрхлэн явуулдаг бөгөөд 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн MV-000873А дугаар тусгай зөвшөөрлийн дагуу “Н о” нэртэй 31 га талбайд 30 жилийн хугацаатайгаар түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах эрхийг олж авсан. Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлийн ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/788 дугаар захирамжаар манай компанийн дээрх түгээмэл тархацтай ашигт малтмалыг тусгай зөвшөөрлийг цуцаж, газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгосон бөгөөд Нийслэлийн Байгаль орчны газрын 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 02/1521 дугаар албан бичгийг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гардаж авсны үндсэн дээр тус захиргааны актыг мэдсэн. Дээрх захирамжийг хүчингүй болгуулахаар тус компанийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 1/52 тоот албан бичгээр Нийслэлийн Засаг даргад өөрт нь хандсан бөгөөд Нийслэлийн Байгаль орчны газрын 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 02/1888 дугаар албан бичгээр захирамжийг хүчингүй болгох боломжгүй талаар мэдэгдсэн.

Хуульд заасан цуцлах үндэслэл бүрдээгүй байхад хуулийг буруу хэрэглэн Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5 дахь хэсэгт “хүн амын эрүүл мэндэд аюултай байдал бий болсон” гэж заасныг үндэслэсэн нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-37.1.4-т заасныг ноцтой зөрчсөн байна.

“М к” ХК нь эрх бүхий этгээдээс заасан шаардлагыг бүрэн хангаж, орчин тойронд сөрөг нөлөөгүй, хүний бие, эрүүл мэндэд аюулгүй технологиор түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож, керамик тоосго үйлдвэрлэж байгаа бөгөөд “Н о”-д ил задгай аргаар тоосго үйлдвэрлэж буй бусад аж ахуйн нэгжүүдээс эрс ялгаатай. Дэлхий нийтийг хамарсан цар тахалтай холбоотойгоор гадаадын ажиллах хүчийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласны улмаас тус компанийн гадаад мэргэжилтнүүд Монгол Улсад нэвтрэн ажиллах боломжгүй болж, тусгай зөвшөөрлийн талбайд 2019 оны 10 дугаар сараас хойш олборлолтын үйл ажиллагааг явуулж, тоосго үйлдвэрлээгүй.

Түүнчлэн “хүн амын эрүүл мэндэд аюултай байдал бий болсон” гэх үндэслэлийг хяналт, шалгалтын эрх бүхий мэргэжлийн байгууллагаас нягтлан тогтоосны үндсэн дээр захиргааны актыг гаргах ёстой байтал уг нөхцөл байдлыг нотолж, тогтоосон баримт бичиггүйгээр тусгай зөвшөөрлийг цуцалсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасныг зөрчжээ.

 Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан нь эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд сонсох ажиллагааг явуулах ёстой бөгөөд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэл өгөх хуулийн зохицуулалтыг зөрчсөн байна.

 Нийслэлийн Засаг дарга нь “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлийн ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” захирамж гарах талаар манай компанид урьдчилан мэдэгдээгүй ба манай компаниас тайлбар, санал гаргах хуульд заасан боломж байгаагүй болно.

Нийслэлийн Байгаль орчны газраас иргэд, оршин суугчид гомдол гаргасан талаар манай компанид танилцуулж, гомдлын хуулбарыг гаргаж өгсөн ба уг гомдол нь 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр буюу захирамж гарснаас хойших хугацааных байх бөгөөд гомдолд гарын үсэг зурсан зарим бичиглэл нь өөр хоорондоо адилхан хэлбэрээр зурагдсан байна. Нийслэлийн Засаг даргын хууль бус захирамжийн улмаас “М к” ХК -ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдөж байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлийн ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/788 дугаар захирамжийн “М к” ХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/788 дугаар захирамжийг гаргахдаа хуулийг буруу хэрэглэж, хууль зөрчсөн гэж үзэж байна. Тус захирамжид баримталж буй хуулийн үндэслэл болсон холбогдох заалтууд нь нарийвчилсан хууль тогтоомжид үндэслээгүй. Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн нэгийн 5-д “хүн амын эрүүл мэндэд аюултай байдал бий болсон” талаар дурдсан байдаг. Xэрэгт авагдсан болон хэлэлцүүлгийн үйл явцаас үзэхэд хариуцагч татгалзлаа бүрэн тодорхойлж чадсангүй. 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн холбогдох хороонд өвчлөлийн талаарх баримт байдаг. Уг өвчлөл нь “Нл”-ын шаврын ордны үйл ажиллагаатай холбоотой гэдгийг тогтоож чадаагүй. Xэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үзлэг хийгдсэн. Манaй компани тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан бусад аж ахуй нэгжүүдээс онцлогтой. Ашигт малтмал олборлох үйл ажиллагаа нь тусдаа. Барилга байгууламжууд өөр хоорондоо 800 метр зайтай байршдаг. Тоосго үйлдвэрлэх үйл ажиллагаатай холбоотой олон улсын дэвшилтэт технологийг ашигладаг. Уурыг гадагш гаргахгүй соруулах үйл ажиллагаа явуулдаг. Хариу тайлбарт дурдагдаж буй асуудал нь хүн амын эрүүл мэндэд аюултай байдал бий болгосон биш. Баримт бичгийн бүрдэл дутуу биш талаар дурдсан байдаг. Шүүх хуралдааны асуулт хариултын шатанд бүрэн тодорхойлж чадаагүй. Байгаль орчин аялал жуулчлалын яамны холбогдох тайлбар мэдээлэл тушаал зэргээр манай байгууллага үйл ажиллагаа явуулахдаа бүрдүүлэх бүрдүүлбэрээ хангаагүй гэдэг нь нотлогдохгүй байна гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд бодит нөхцөл байдал тогтоохыг хуульчилсан. Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэж заасан. Дээр дурдсан уг ажиллагааг бүрэн тодорхой гүйцэтгэж чадаагүй гэж үзэж байна.  Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 37.1.1-37.1.4-т заасан цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэсэн байдаг. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2017 онд уг нөхцөл байдал үүссэн гэж хэлж байна. Захиргааны ерөнхий хуулийн 27, 28-д заасан сонсох ажиллагааг бүрэн хэрэгжүүлж чадаагүй. Өөрөөр хэлбэл сонсох ажиллагааг хаанаас явуулсан нь тодорхойгүй. Сонсох ажиллагаанд гараар бичсэн тайлбар нь баримт болохгүй. Нэхэмжлэгч компанийн гарын үсэг биш. Оролцогчдод цуцлах үндэслэл бүрдээгүй гэх, мөн үндэслэлээ бүрэн тодорхойлох боломжийг олгоогүй. Иймд дээрх үндэслэлүүдээр Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/788 дугаар захирамжийн “М к” ХК -д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6, 7, 8, 11, 12 дугаар хороодын нутаг дамнан байрлах Найрамдлын шаврын ордод анх 1962 оноос шавар олборлолтын үйл ажиллагаа эхэлсэн. Ашигт малтмалын газраас 1997 оноос хойш тус газарт тоосгоны шаврын 7 тусгай зөвшөөрлийг тус бүр 30 жилийн хугацаатай 6 аж ахуйн нэгжид олгосон байдаг. 2020 оны 5 дугаар сарын байдлаар уг шаврын ордод “Э” ХХК, “С б” ХХК, “Ш т” ХХК, “С” ХХК, “ЦДЦ” ХХК, “М к” ХК -ийн 148.9 га талбай бүхий нийт 6 тусгай зөвшөөрөл хүчинтэй байсан.

Тус аж ахуйн нэгжүүд жил бүр олборлолт хийсэн талбайдаа нөхөн сэргээлт хийх үүрэгтэй боловч шаврын нөөц дуусаагүйгээс байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгасны дагуу дүйцүүлэх нөхөн сэргээлт хийдэг. Энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.5-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын нөөцийг бүрэн ашиглах үүрэг хүлээх бөгөөд зөвхөн ашиг олох зорилгоор түүнийг сорчлон ашиглахыг хориглоно” гэж заасантай холбоотой юм. Энэ дагуу тухайн аж ахуйн нэгжүүд 2018, 2019 онуудад харьяа дүүрэгтээ булгийн эх тохижуулах, мод тарих зэрэг ажлуудыг хийсэн.

Дээрх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдээс “Ш т” ХХК, “С” ХХК, “С б” ХХК-иуд ашиглалтын үйл ажиллагааны 2020 оны төлөвлөгөө батлуулсан, “Э ХХК үйл ажиллагаа явуулахгүй тухай албан бичиг ирүүлсэн, “ЦДЦ" ХХК, “М к” ХК -ууд техник эдийн засгийн үндэслэл, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар тодотгол хийлгээгүй тул уурхайн ашиглалтын үйл ажиллагааны 2020 оны төлөвлөгөө батлагдаагүй.

2014 онд Нийслэлийн Засаг даргын орлогчийн баталсан удирдамжийн дагуу ажлын хэсэг Н******* ордод олборлох үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг шалгаж, үр дүнг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн улмаар нийслэлийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 01/970 дугаартай албан бичгээр тухайн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг 2015 оноос эхлэн хааж, “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-т дурдагдсан бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх болсныг мэдэгдсэн.

Орон нутгийн иргэдийн зүгээс орчны бохирдол, тоосжилт их, шатаах зуухны хортой утаагаар амьсгалж байгаа, үйлдвэрийн болон автомашины дуу чимээ их, эмх замбараагүй байдал, архидан согтуурах зөрчлүүд байнга гардаг, хүнд даацын тоосго ачсан автомашинууд гудамжны зам талбайг эвдэж, тоосжилт үүсгэн, явган хүн, бага насны хүүхэд аюулгүй зорчих боломжийг хязгаарладаг талаар гомдол мэдээлэл ирүүлсний дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Байгаль орчны газраас хамтарсан шалгалтыг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 4 дүгээр сарын 28-ны хооронд гүйцэтгэсэн. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/609 дүгээр захирамжаар “С” ХХК, “Э” ХХК-ийн тус бүр 1 тусгай зөвшөөрлийг цуцалсан ч “Э” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг 2018 онд сэргээсэн. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 23-ны хооронд төлөвлөгөөт бус шалгалт хийж, гаргасан дүгнэлт, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдаас Ашигт малтмал, газрын тосны газарт 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01/2726 дугаартай албан бичгээр өгсөн чиглэлийн дагуу Нийслэлийн Засаг даргын орлогч, Ашигт малтмалын газрын даргын хамтарсан захирамж, тушаалаар ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогчоор ахлуулан байгуулсан. Ажлын хэсэг 2 удаа хуралдсан боловч Ашигт малтмал, газрын тосны газраас оролцоогоо зогсоосон учир нэгдсэн дүгнэлт гаргаагүй. Нийслэлийн Байгаль орчны газраас 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 02/463 дугаар албан бичгээр уурхайн үйл ажиллагааны тайлан, төлөвлөгөөг хуулийн хугацаанд хянуулаагүй 38 аж ахуйн нэгжид арга хэмжээ авахаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт санал хүргүүлсний дотор “ЦДЦ” ХХК, “С б” ХХК, “С” ХХК-ууд багтсан. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад ирүүлсэн хүсэлтийн дагуу нийслэл, дүүргийн Мэргэжлийн хяналтын байгууллагаас зохион байгуулсан төлөвлөгөөт бус хяналт шалгалтын дүн, өмнөх үзлэг шалгалтуудаар илэрсэн зөрчил, дутагдал хэвээр байгаа нөхцөл байдлыг харгалзан зөрчилтэй аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох захирамжийг Нийслэлийн Засаг даргаас гаргасан болно” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ц шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Дүйцүүлэх нөхөн сэргээлтийн арга хэмжээний хувьд шувуу ажиглах цэг байгуулсан. Аж ахуй нэгжүүд ашиглалт явуулж байгаа бол жил бүр нөхөн сэргээлтийг хийх ёстой. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд зааснаар жил бүр нөхөн сэргээлтэд зарцуулсан хөрөнгө байгаа. Хөрөнгийн хэмжээнд нөхөн сэргээлтийг тодорхой хэмжээнд заавал хийнэ. Нөхөн сэргээлт хийх талбай байхгүй, нөөцөө авч дуусаагүй гэсэн шалтгаантай бол төсөвлөсөн хөрөнгийн хүрээнд нөхөн сэргээлт хийнэ. “М к” ХК шаврын ордны үйл ажиллагаа эрхэлж буй компаниудын нэг. Үйлдвэрийг нь хаагаагүй, зөвхөн “Н”-ын шаврын ордны орчны айл өрхүүдийн амьдрах нөхцөлгүй болж байна гэсэн үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан. Нөхөн сэргээлт нь жил бүр хийх ёстой ажлын нэг” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Сонгинохайрхан дүүргийн 6, 7, 8, 12 дугаар хороонд байрлах аж ахуй нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг “тухайн орчинд амьдарч байгаа иргэдийн эрүүл аюулгүй байдал зөрчигдөж байна” гэх үндэслэлээр цуцалсан. Ганцхан 2020 оны өргөдөл гомдлоор шийдвэрлэсэн асуудал биш. 2017 оноос эхлэлтэй. Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэг зохион байгуулсан болон Мэргэжлийн хяналтын байгууллагаас холбогдох байцаагч нар хяналт шинжилгээ хийсэн талаарх баримт хэрэгт байгаа. Захиргааны зүгээс 2017 онд цуцлах нөхцөл бүрдэхгүй байсан. Аж ахуй нэгж, дотоодын компаниа дэмжих шаардлагатай байсан учраас 2020 онд цуцалсан. 2017 онд Улаанбаатар хотын суурьшмал бүсийг тогтоосон. Энэ суурьшмал бүсэд “Н”-ын орд хамарч байгаа. Тус газар амьдарч байгаа иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нэн тэргүүний асуудал гэж үзсэн учраас тусгай зөвшөөрлийг цуцалсан. Үндсэн хуульд иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж заасан байдаг. Гэтэл иргэдтэй ойрхон шавар олборлож, тоос шороо босгодог. Том оврын машинаар ойр ойрхон шороо зөөдөг. Тухайн орчинд амьдарч байгаа иргэд хүүхдээ агаарт гаргах салхилуулах боломжгүй, тоос шороогоор амьсгалж байна гэж үзсэн. Суурьшлын бүс нутаг 17 дугаар хорооны иргэний тухайд Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас иргэдээс хүсэлт ирүүлсэн гэж бичиг ирүүлсэн. Үүний дагуу Байгаль орчны газраас иргэдийнхээ гарын үсэгтэй бичгийг явуул гэсний үндсэн дээр авсан” гэв.    

ҮНДЭСЛЭХ нь:

“М к” ХК -аас “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлийн ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/788 дугаар захирамжийн “М к” ХК -д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба уг шаардлага бүхий нэхэмжлэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчлөгдөөгүй байна.

          Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед хэргийн оролцогч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлж, маргаан бүхий захиргааны актад дүгнэлт өгч, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Эрх бүхий захиргааны байгууллагаас нэхэмжлэл гаргагч “М к” ХК -д Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дээр байрлах, Н******* орд нэртэй газарт 31 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах 873А тусгай зөвшөөрлийг 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 30 жилийн хугацаатай эзэмших эрхийг олгосон байжээ.

Нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий захиргааны актаар хариуцагч нийслэлийн Засаг даргын 2020 оны А/788 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг тодорхойлж, “...хуульд заасан цуцлах үндэслэл бүрдээгүй байхад хуулийг буруу хэрэглэн Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5-д “хүн амын эрүүл мэндэд аюултай байдал бий болсон” гэж заасныг үндэслэсэн нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-37.1.4-т заасныг ноцтой зөрчсөн, сонсох ажиллагаа явуулаагүй” зэргээр маргасан бол хариуцагчийн зүгээс “... Улаанбаатар хотын суурьшмал бүсийг шинэчлэн тогтоосноор Н******* шаврын орд бүхий газрууд нь уг суурьшмал бүсэд хамаарах болсон, тусгай зөвшөөрөл бүхий газар амьдарч байгаа иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна гэх үндэслэлээр цуцалсан, нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй” хэмээн нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/788 дугаар захирамжаар “...Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6, 7, 8, 11, 12  дугаар хороодын нутаг дэвсгэрт шавар олборлож, тоосгоны үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа нь хүн амын эрүүл мэндэд аюултай байдал бий болгож байгаа гэж үзэж, нэхэмжлэгч болон нийт зургаан аж ахуйн нэгжийн түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгож” шийдвэрлэхдээ: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2: “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хуульд нийцүүлэн захирамж гаргана”, Газрын хэвлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4: “энэ хуулийн 21 дүгээр зүйлд заасан тохиолдолд газрын хэвлийг ашиглах эрхийг хуульд заасан эрх хэмжээнийхээ дотор дуусгавар болгох”, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5: “хүн амын эрүүл мэндэд аюултай байдал бий болсон”, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3: “аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг цуцалсан” гэх хуулийн заалтуудыг үндэслэжээ.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар Монгол Улсын нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл авах, уг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг, хариуцлага болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг нарийвчлан  зохицуулсан байгаа нь маргаан бүхий асуудалд илүүтэй хамааралтай юм.

Тодруулбал, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д нийслэлийн Засаг даргын /хариуцагчийн/ түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбоотой бүрэн эрх, тэр дундаа “хүний эрүүл мэнд, байгаль орчин, нөхөн сэргээлт”-ийн талаар хүлээсэн үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих бүрэн эрх хуульчлагдсан бол, нэхэмжлэгч нь түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаа нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасан эрхийг эдэлж, мөн хуулийн 25 дугаар зүйлд заасан нийтлэг үүргийг хэрэгжүүлж, байгаль орчныг хамгаалах талаар мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан үүргийг хүлээхээр байна.

Түүнчлэн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 23, 24 дүгээр зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй байх бөгөөд зөрчсөн тохиолдолд мөн 37 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрөл нь цуцлагдах ба үүнээс бусад тохиолдолд түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмших эрх хадгалагдаж байх онцгой эрхтэй гэж үзэхээр байна.

Маргаан бүхий захиргааны актад Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-37.1.4-д тусгай зөвшөөрөл цуцлах талаарх үндэслэлүүдийг огт заагаагүй, харин шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа, “хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдалтай холбоотой” заалт байхгүй байсан тул дээрх 37 дугаар зүйлийг үндэслээгүй, харин 35 дугаар зүйлийн холбогдох заалтыг үндэслэсэн гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хариуцагч захиргааны байгууллага нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-д: “аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 37.1.1-37.1.4-т заасан цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана”, мөн хууль зүйлийн 37.3: “энэ хуулийн 37.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг аймаг, нийслэлийн Засаг даргад ирүүлнэ”, мөн хууль зүйлийн 37.4: “аймаг , нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 37.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж, шийдвэрийг эзэмшигчид мэдэгдэнэ” гэхчлэн шат дараалсан шинжтэй ажиллагааг хэрэгжүүлсний эцэст шийдвэр гаргах байсан байна.

Хавтаст хэрэгт, Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “Хүсэлт уламжлах тухай” 01/94 дүгээр албан бичгээр “Сонгинохайрхан дүүргийн 6,7,8 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд технологийн дагуу олборлолтын үйл ажиллагаа явуулдаггүйн улмаас ...иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдар эрх ноцтой зөрчигдөж байна” хэмээн Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдад хүргүүлсэн,

Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн “Чиглэл хүргүүлэх тухай” 03/658 дугаар албан бичгээр “... Сонгинохайрхан дүүргийн 6,7,8 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүд технологийн дагуу олборлолтын үйл ажиллагаа явуулдаггүйн улмаас ... иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдар эрх ноцтой зөрчигдөж байна” гэсэн агуулга бүхий албан бичгийг Ашигт малтмал газрын тосны газрын даргад хүргүүлсэн,

Ашигт малтмал газрын тосны газрын 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн “Санал хүргүүлэх тухай” 6/1357 дугаар албан бичгээр “...Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 33.4.5-д Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараах мэдээ, тайланг доор дурдсан хугацаанд аймаг, нийслэлийн Засаг даргад ирүүлнэ” гэж заасны дагуу тухайн орон нутгийн Засаг даргад шилжсэн. Иймд дээрх асуудлаар холбогдох төрийн байгууллагуудын төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулж, хамтран ажиллах саналтай байгааг үүгээр уламжилж байна” гэх албан бичгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлсэн баримтууд тус тус авагдсан.

Эдгээр нотлох баримтаар ирүүлсэн болон авагдсан албан бичгүүд нь саналын шинжтэй, олон тооны аж ахуйн нэгжүүдийг хамтад нь дүгнэсэн, маргаан бүхий асуудлаар үүссэн нөхцөл байдлыг шууд тогтоосон, шийдвэр гаргахад бэлэн болсон үйл баримт гэж үзэхэд учир дутагдалтай байна.

Харин Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албаны 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 02/346 дугаар албан бичгээр “Тус дүүргийн 7,8,9,11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт шавар олборлож, тоосгоны үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуй нэгжийн үйл ажиллагаанаас үүдэж хүн амын эрүүл мэндэд аюултай нөхцөл байдал үүссэн талаарх иргэдийн хүсэлтийг уламжилж байна. Иймд хүсэлтийг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэн хамтран ажиллахыг хүсье” хэмээн Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчны газарт хүргүүлсэн, Эрүүл мэндийн газрын 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 2/424 дүгээр албан бичгээр “... Сонгинохайрхан дүүргийн 6,7,8, 11, 12 дугаар хороодын хүн амын өвчлөлийн талаарх мэдээллийг сүүлийн 3 жилээр гарган хүргүүлж байна” хэмээн мөн Нийслэлийн байгаль орчны газарт хүргүүлсэн баримтууд нь маргаан бүхий захиргааны акт гарсны дараах үйл баримтууд байх ба үүнийг хариуцагч захиргааны байгууллагаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа үндэслэл болсон баримтуудын зарим хэсэг нь гэж тайлбарлаж байгаа нь учир дутагдалтай байна.

Зүй нь хариуцагч захиргааны байгууллагаас Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1: “захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2: “энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4: “тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд ... ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж заасанчлан нэхэмжлэл гаргагч “М к” ХК -ийн аж ахуйн ямар үйл ажиллагааны улмаас ойр хавийн оршин суугч иргэдэд ямар хохирол учирсан, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх хэрхэн, яаж хөндөгдсөн талаар тодруулж, бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэсний эцэст шийдвэр гаргах байсан байна.

Шүүх, хариуцагч нь нэхэмжлэгчийн газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох, түгээмэл тархацтай ашигт малтмал эрж хайх, ашиглах эрхийг олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах талаар шийдвэр гаргахдаа нарийвчлан зохицуулсан хуулийн заалтыг үндэслээгүй, үүгээрээ хуульд үндэслэх захиргааны үйл ажиллагааны зарчмыг зөрчсөн, маргаан бүхий асуудлаар бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй, шийдвэр нь зорилгодоо нийцэж болох авч бодит нөхцөлд тохирсон үндэслэл бүхий байх зарчмыг хангаж гараагүй гэж дүгнэж, үүгээрээ маргаан бүхий захиргааны акт хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.

Захиргааны байгууллага буюу Нийслэлийн Засаг даргаас сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргаж байгаа тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд зааснаар захиргааны акт гаргахын өмнө сонсох ажиллагааг явуулах, мөн хуулийн 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагааг ямар арга хэлбэрээр, хэзээ явуулах талаар мэдэгдэл хүргүүлж, хэрэв сонсох ажиллагааг явуулсан бол түүний явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг баримтжуулах гэхчлэн нарийн дэс дараатай, үргэлжилсэн шинжтэй үйл ажиллагааг авч хэрэгжүүлэх байсан байна. Хуулийн эдгээр заалтыг авч хэрэгжүүлээгүй талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг шүүх үндэслэлтэй байна.

Иймд захиргааг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчмыг бүрэн хангахгүйгээр шийдвэр гаргасан байна, үүгээрээ нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна гэж дүгнэлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицуулсны дагуу мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д: “улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно” гэснийг хэрэглэн улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 37 дугаар зүйлийн 37.1, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “М к” ХК -аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлийн ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/788 дугаар захирамжийн “М к” ХК -д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        У.БАДАМСҮРЭН