Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2024/0234

 

 

 

 

 

 

 

 

З.А, О.М, Ж.Энарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

                                             

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Б.Тунгалагсайхан   

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго, О.Ванхүү

Нэхэмжлэгч: З.А, О.М, Ж.Э

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын алба

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 919 дүгээр шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч Ж.Э, түүний өмгөөлөгч М.Ж, нэхэмжлэгч О.М, З.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Тэмүжин

Хэргийн индекс: 128/2023/0359

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч З.А, О.М, Ж.Энараас Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/705 дугаар захирамжийн З.А, О.М нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Ж.Эийн газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийг Ж.Эт шилжүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 919 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 38.4, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З.А, О.М, Ж.Энарын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/705 дугаар захирамжийн З.А, О.М нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ж.Эийн газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авах тухай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлээгүй хариуцагч нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, маргаан бүхий газруудын эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг нэхэмжлэгч Ж.Эт шилжүүлэхийг хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг дарга болон Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус даалгаж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго, О.Ванхүү нараас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд: ...

3.1.  Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9 дүгээр талд “маргаан бүхий газруудыг анх олгохдоо Ойн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн гэх үндэслэлийн тухайд: Ойн тухай хууль нь 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан байх бөгөөд тус маргаан бүхий газруудыг анх 2015 онд олгоход дээрх хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан байх бөгөөд хэрэв маргаан бүхий газрууд ойн хамгаалалтын бүсэд хамаарах бөгөөд иргэн, хуулийн этгээдэд анхнаас нь нэхэмжлэгч нарт эзэмшүүлэхээргүй байжээ. Маргаан бүхий газруудыг хууль тогтоомжийн хүрээнд зориулалтын дагуу эзэмшин амьдарч байхад анх олгохдоо хууль тогтоомж зөрчиж олгосон гэх үндэслэлээр хүчингүй болгож байгаа нь хууль бус бөгөөд үндэслэлгүй” гэжээ. Энэ үндэслэлийн тухайд: Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас маргаан бүхий газрыг ойн сан бүхий газарт хамаарах эсэх асуудлаар 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн албан бичгээр “2002 онд батлагдсан Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд Газрын нэгдмэл сангийн үндсэн ангиллыг тогтоосон, мөн Ойн тухай хууль 2012 онд батлагдсан бөгөөд уг хуулийн 29 дүгээр зүйлд ойд хориглох үйл ажиллагааг тусгасан байдаг талаар маргаан бүхий газруудад мэргэжлийн байгууллагын холбогдох баримтыг хэрэгт ирүүлсэн байдаг.

3.2. Ойн сан бүхий газартай холбогдох нарийвчилсан харилцааг Ойн тухай хууль болон бусад захиргааны хэм хэмжээний акт, захиргааны актаар зохицуулж байна. Нийслэл хотын ойн сан харьцангуй хомс, хүний үйл ажиллагааны улмаас нөхөн сэргээх чадвар муу байдлаас шалтгаалж ойн сан бүхий газарт газрын нэгдсэн мэдээллийн системд эрх сунгах сунгалт хийгдэхгүй үр дагавартай байна.

3.3. Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий асуултыг асуугаагүй атлаа шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагчийн тайлбарлаагүй үндэслэлээр хийсвэр нотолгоонд тулгуурласан, илтэд нэг талыг барьж дүгнэсэн гэж үзэхээр байна.

3.4. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/705 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан “Зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр үндэслэл бүхий байх” зарчмын хүрээнд Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд хуульд үндэслэсэн захирамж гаргасан.

3.5. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэх хэсэгт: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 “өөрийн эрх хэмжээний хүрээнд захирамж гаргана” Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн хүчингүй болгоно” 48.2.2 “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн” 49.3.5 “ нийтийн ашиг сонирхолд ноцтой сөрөг нөлөө үзүүлэхээс урьдчилан сэргийлэх, эсхүл түүнийг зайлуулахын тулд” Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 “Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг үндэслэн захирамж гаргасан.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангасан Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд холбогдох баримтыг дутуу цуглуулж, талуудын маргаж буй асуудлаар болон бодит нөхцөл байдалд эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргаж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

2. Нэхэмжлэгч З.А, О.М, Ж.Энараас Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/705 дугаар захирамжийн З.А, О.М нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Ж.Эийн газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийг Ж.Эт шилжүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3. Маргаан бүхий Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/705 дугаар захирамжаар “Газрын тухай хууль болон иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний нөхцөл болзлыг удаа дараа зөрчиж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, Ойн сан, усан сангийн хамгаалалтын бүсэд газар эзэмшүүлсэн, шилжүүлж авсан эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж шинээр гэрээ байгуулаагүй” гэсэн үндэслэлүүдийг дурдаж нэр бүхий иргэн, хуулийн этгээдүүдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.

4. Нэхэмжлэгчээс “...хашаа барьсан, зундаа зуслангийн зориулалттай гэр майхан барьж амьдраад бусад улирлуудад гэр, майхнаа буулгачихдаг байсан, ...эзэмшиж байсан хугацаанд газрын төлбөрийн үлдэгдэл байхгүй байсан, ...Ж.Эт шилжүүлэх гэрээ хийгээд хүсэлтээ газрын албанд өгчихсөн байхад хүчингүй болгосон, ...12 сар гэхэд эзэмших эрхийг худалдаж авсан Ж.Э газар дээрээ хашаа, байшингаа барьчихсан байсан нөхцөл байдлыг тодруулахгүйгээр хүчингүй болгосон, ...мэдэгдэж сонсох ажиллагаа хийгээгүй” гэж, гуравдагч этгээдээс “...газар шилжүүлэхэд шаардлагатай баримтууд болон хүсэлтээ өгчихсөн учир барилгын ажлаа эхлүүлж  болох уу гэж асуухад ...н.Өлзийбаяр боломжтой, сарын хугацаанд шийдээд гэрчилгээ өгнө гэж хариу хэлсэн, ...газар зохион байгуулалтын албанаас таны хүсэлтийг шийдвэрлэнэ, шийдвэрлэх боломжтой гэж мэдэгдэж байсан, ...3 жилийн дараа 2023 оны 03 дугаар сард уг захирамж хүчингүй болсон талаар анх мэдсэн” гэж, хариуцагчаас “...газрын төлбөрийг 2018-2020 оныг хүртэл төлөөгүй байж байгаад эзэмших эрхээ шилжүүлэхдээ нэг дор төлсөн, ...тухайн газар дээр Ж.Э байшин барих, ямар нэгэн байдлаар эзэмшиж ашиглах эрхийг Засаг даргын шийдвэрээр олгох ёстой байтал шийдвэрийг авалгүйгээр дур мэдэн байшин барисан, ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа 2 жил дараалан ашиглаагүй талаарх холбогдох нотлох баримт байхгүй, ...өргөдөл гомдлыг шийдвэрлэх тодорхой хуулийн хугацаатай бөгөөд энэ талаар хариу авах эрх нь нээлттэй байсан, ...тухайн газар бүхэлдээ Ойн тухай хуулийг зөрчсөн нь нотлогдож, мэдээллийн санд ирсэн” гэж тус тус тайлбарлан маргажээ.

5. Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын маргаж буй нэхэмжлэлийн шаардлагын зарим үндэслэлтэй холбогдуулан  хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримтуудыг бүрэн дүүрэн цуглуулаагүй, хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй ...”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж тус тус заасантай нийцээгүй байна.  

6. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар хууль зөрчсөн шийдвэрээ хүчингүй болгох эрхийг захиргааны байгууллагад олгосон хэдий ч Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлийг тодорхой заасан. Иймд, аливаа захиргааны байгууллага өөрийн санаачилгаар хэн нэгэнд эерэг нөлөөлөлтэй хууль бус захиргааны актыг хүчингүй болгохдоо энэхүү хуульд заасан үндэслэлийг тодорхой зааж, нотлох учиртай.

7. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “маргаан бүхий газар нь ойн хамгаалалтын бүсэд хамаарч байгаа бөгөөд Ойн тухай хуулийг зөрчсөн” гэж тайлбарлан маргаж байхад анхан шатны шүүхээс энэ талаарх холбогдох баримтуудыг бүрэн гүйцэд цуглуулж, дээрх нөхцөл байдлыг тодруулалгүйгээр “...маргаан бүхий газрууд нь ойн хамгаалалтын бүсэд хамаарах бөгөөд иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлж, өмчлүүлэх боломжгүй газар гэж үзсэн бол анхнаас нь нэхэмжлэгч нарт эзэмшүүлэхээргүй байжээ” гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.

8. Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “ойн сан” гэж энэ хуулийн 3.1.1-д заасан ой, ой дотор байгаа ойгоор бүрхэгдээгүй болон ойн тэлэн ургахад шаардлагатай талбай бүхий орчныг, 5 дугаар зүйлийн 5.1-д “Хамгаалалт, ашиглалтын хэлбэр, экологи эдийн засгийн ач холбогдлыг нь харгалзан ойн санг дор дурдсанаар ангилна”, 5.1.1-д “хамгаалалтын бүсийн ой”, 8 дугаар зүйлийн 8.5.1-д “Байгаль орчны тэнцэл, хүн амын эрүүл ахуйн нөхцөлийг хангах зорилгоор “нийслэлийн ногоон бүсэд хамаарах ойн заагийг Засгийн газар тогтооно” гэж зааснаар Монгол Улсын Засгийн газрын 1996 оны 326 дугаар тогтоолоор нийслэлийн эргэн тойрны ногоон бүсэд хамаарах ойн заагийг тогтоосон, түүний дотор нэхэмжлэгч нарт эзэмшүүлсэн газар байрлах Гүнт орчмын бүс хамаарч байгаа эсэхийг тодруулах нь зүйтэй.

9. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий газрыг анх Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/650 дугаар захирамжаар иргэн М.Отгонбаяр, Э.Баярбат нарт эзэмшүүлэхэд болон 2018 оны А/185 дугаар захирамжаар нэхэмжлэгч З.А, О.М нарт шилжүүлэн эзэмшүүлэх үед тус газар нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байсан эсэх баримт хэрэгт авагдаагүйн дээр хариуцагчаас нэхэмжлэгч нарын газар  эзэмших эрхийг хүчингүй болгохдоо уг газар нь ойн сан бүхий газарт хамаарч байна гэж үзсэн байх тул  үүнтэй холбоотой баримтуудыг бүрэн гүйцэд цуглуулалгүйгээр тус газар нь Ойн тухай хуульд заасан анхнаасаа бусдын эзэмшил, ашиглалтад олгохыг хориглосон, хязгаарласан газар байсан эсэхэд шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй бөгөөд хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай.

10. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зохицуулалттай бөгөөд дээрх заалтын агуулга нь урьдчилсан гурван нөхцөлтэй, эдгээр нөхцлүүд нэгэн зэрэг хангагдсан тохиолдолд уг заалтын дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн гэж үзнэ.

11. Тодруулбал, газраа зориулалтын дагуу ашиглаагүй байх, ийнхүү ашиглаагүй хугацаа нь дараалсан 2 жил байх, ашиглаагүй шалтгаан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байхаар хууль тогтоогчоос урьдчилсан нөхцлийг заасан бөгөөд  “...зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно.

12. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч З.А, О.М нар нь 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газрын албаны мэргэжилтэн нартай “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулсан бөгөөд тус гэрээний 7.2-т “газар эзэмшүүлэх гэрээг талууд жил бүр дүгнэх ба газар эзэмшигч гэрээний биелэлтийг жил бүрийн 06 дугаар сарын 25-ны дотор багтаан тайлагнаж, газар эзэмшүүлэгч 07 дугаар сарын 01-ний дотор багтаан дүгнэнэ” гэж зааснаас үзэхэд уг гэрээг дүгнэх ажиллагаа хийгдсэн эсэх, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...газар зохион байгуулагчийн судалгаа, хурлын шийдвэр” гарсан гэснээс үзэхэд маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа хариуцагчаас  тухайн газартай холбоотой ямар судалгаа хийсэн, ямар хурлын шийдвэр гарсантай    холбоотой баримтыг цуглуулсны үндсэн дээр дүгнэлт хийж, хэргийг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй.

 13. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана”, 38.4-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, эрхийн гэрчилгээг баталгаажуулна” гэж тус тус заасан.

14. Нэхэмжлэгч Ж.Эаас “эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг эрх шилжүүлэгч болон хүлээн авагч нарт холбогдох баримт материалын хамт ...2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн, тухайн үед ажиллаж байсан Г.Өлзийбаяр зохион байгуулагч энэ талаар мэдэж байгаа,  ...материалаа бүрдүүлж өгснөөс хойш нилээд хугацаа өнгөрсний дараа хүсэлт шийдвэрлээгүй байсан тул хэд хэдэн уулзсан, ...н.Амартайвантай уулзахад дараагийн хурлаар шийдвэрлэж өгье гэх хариу өгсөн, ...3 жилийн дараа 2023 оны 03 дугаар сард уг захирамж хүчингүй болсон талаар анх мэдсэн” гэж тайлбарлан 2020 онд гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйтэй холбоотой 2023 онд шүүхэд нэхэмжлэл гарган маргаж буй энэ тохиолдолд хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйн хугацааг хэзээнээс эхлэн тооцох, мөн захиргааны буруутай үйл ажиллагаа үргэлжилсэн гэж үзэж буй тохиолдолд эс үйлдэхүйтэй холбоотойгоор бодит нөхцөл байдлыг тодруулах, гэрч асуух зэрэг ажиллагааг хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргаж буй үндэслэлийг тодруулж, дүгнэлт өгөх шаардлагатай.

15. Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4, 121.3.7 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 919 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

        ШҮҮГЧ                                      Д.ОЮУМАА

           ШҮҮГЧ                                                Б.ТУНГАЛАГСАЙХАН

           ШҮҮГЧ                                                  Н.ДОЛГОРСҮРЭН