Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/928

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Н.Ундрах (томилолт),

шүүгдэгч Г.З- , Э.Б-, С.Н-, О.О- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Г.З- , Э.Б-, С.Н-, О.О- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108031631018 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1992 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уулын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, ээж, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг гэх, ... аймгийн ... сумын ... дугаар баг, ... гэх газар оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоогоор Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, З овогт А-гийн Д (РД:...),

2. Монгол Улсын иргэн, 1993 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ... дугаар сургуульд багш ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт амьдардаг, ... аймгийн ...  сумын ... дүгээр баг ... дугаар байр ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоогоор Баянгол дүүргийн ... дугаар хороо ...  тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ц овогт Ц-ийн Б (РД:....),

3. Монгол Улсын иргэн, 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулалтын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, ... аймгийн ... сумын ... дугаар баг ... дүгээр гудамж ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд

Баянхонгор аймгийн сум дундын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, уг ялыг биелүүлсэн, Д овогт Т-гийн Э (РД:...),

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.З- , Э.Б-, С.Н-, О.О- нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2021 оны 07 дугаар сараас 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сонсголонгийн зам 29-18131 тоотод байрлах “Марч Технологи ХХК”-ийн блокийн үйлдвэрээс 90 шуудай цемент нууцаар хууль бусаар хулгайлан авч нийт 1.069.200 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

       ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.З-  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

Шүүгдэгч Э.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

Шүүгдэгч С.Н- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “.мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн” гэв...” (шүүх хуралдааны тэмдэглэл),

Шүүгдэгч О.О- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

Хохирогч “..." ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч О.П шүүхийн хэлэлцүүлэгт: “...Манай компанийн блокийн үйлдвэрээс 90 шуудай цемент алдагдсан. 2021 оны 07 дугаар сараас 8 дугаар сарын хооронд ийм асуудал гарсан. Энэ шүүгдэгч нар нь манай компанид ажиллаж байхдаа сард 1,200,000 төгрөгөөс 1,500,000 төгрөгийн хооронд цалинждаг байсан. Манай компанийн үйлдвэрт яг тогтсон харуул хамгаалалт гэж байхгүй. Өдрийн цагаар менежер хянаад явдаг юм. Эдгээр хүмүүс ажиллаж байх хугацаандаа цемент хулгайлсан байсныг сүүлд камер шүүгээд мэдсэн. Одоо хохирлоо бүрэн барагдуулж авсан тул нэхэмжлэх зүйл байхгүй” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл)

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.З- , Э.Б-, С.Н-, О.О- нар нь Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... зам ... тоотод байрлах “..." ХХК-ны блокийн үйлдвэрт ажиллаж байх хугацаандаа цемент хулгайлахаар урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2021 оны 07 дугаар сараас 2021 оны 08 дугаар сарын хооронд үргэлжилсэн үйлдлээр 90 шуудай цемент нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 1.069.200 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

1. Хохирогч байгууллагын төлөөлөгч О.П-ын: “...2021 оны 08 дугаар сард манай “...” ХХК-ын хүний нөөцийн ажилтан Д.Д хяналтын камер шүүж байх үедээ камерын бичлэг үе үе тасраад байгаа сэжигтэй зүйл олж шалгаад блокийн үйлдвэрээс цемент алдагдаж байгааг мэдээд блокийн үйлдвэрийн ажилчид болох Н-, З-, Б-, О.О- нарыг дуудаж уулзах үед ажилчид үйлдвэрээс цемент авсан гэдгээ хүлээн зөвшөөрч бид байгууллагад учирсан хохирлыг ажилчдын цалингаас суутгуулах замаар шийдэхийг санал болгосон юм. Тэгээд ажиллаж байх үед удалгүй Н-, О.О- нар хохирлоо барагдуулалгүй ажлаа хаяж яваад Б-, З- 2 хохирлоо бүрэн барагдуулаад З- үргэлжлүүлэн ажлаа хийж үлдээд Б- ажлаасаа гарсан. Манай компанийн блокны үйлдвэрээс 90 шуудай цемент алдагдсан. 2021 оны 7 сараас 8 сарын хооронд ийм асуудал гарсан. Манай компанийн үйлдвэрт яг тогтсон харуул хамгаалалт гэж байхгүй. Өдрийн цагаар менежер хянаад явдаг юм. Эдгээр хүмүүс ажиллаж байх хугацаандаа цемент хулгайлсан байсныг сүүлд камер шүүгээд мэдсэн. Одоо хохирлоо бүрэн барагдуулж авсан тул нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл),

2. Гэрч Д.Д-ий “...2021 оны 08 дугаар сарын дундуур “...” ХХК дээр ажил дээрээ байхдаа хяналтын камер шүүж байсан чинь бичлэг дээр камер салж нийлээд сэжигтэй санагдахаар нь камерын бичлэгүүдийг өдөр өдрөөр шүүж үзэхэд хураалттай байсан цементүүд алга болсон байсан тул ажилчин О.О-, Н-, З-, Б- нарыг дуудаж ирж асуухад хураалттай байгаа цементээс 90 шуудай цементийг нийлж авснаа хүлээсэн юм. Тэгээд цемент  авсан төлбөрөө төлөөд ажлаас гарах эсхүл  ажиллаж  байх хугацаандаа бага багаар төлөх 2 сонголттой санал тавихад бүгд ажиллаж байх хугацаандаа төлөх сонголтыг хүлээж авсан ч З-гоос бусад нь ажлаас гарсан. Цементийн хохирол төлбөрийг З-, Б- нар нь л төлсөн, бусад нь төлөөгүй. Би хяналтын  камерыг  шүүж байгууллагын аюулгүй байдлын талаар  хяналт тавьж ажилладаг, 2021 оны 8 дугаар сарын дундуур хяналтын камер  шүүж байх үед  камерын бичлэг дундуураа 30-40 минутын хугацаанд олон удаа тасалдсан, мөн хураалгаатай байгаа цементүүд илт багассан байсан болохоор бичлэгийг шалгахад дээрх зөрчил илэрсэн юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал),

3. Гэрч Б.Б-ын “...Би өдрийг нь санахгүй байна. 2021 оны 08 дугаар сард “цемент хямдхан авна” гэсэн зарыг барилгачдын нэгдсэн зар дээр өөрийн 00000000 дугаарыг байршуулсан чинь над руу 00000000 дугаараас “45 шуудай цемент байна, 1 шуудайг нь 10 төгрөгөөр зарна” гэхээр нь би тухайн хүнээс ямар цемент байгаа юм бэ? гэж асуухад МАК-ын цемент гэж хэлсэн. Тэгээд би “хаанаас очиж авах юм бэ” гэж надтай холбогдсон хүнээс асуухад “өөрөө цемент ачих машинаа олж ирээд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ... дугаар цэргийн ангийн хажууд ирээд залгачих” гэж хэлсэн. Ингээд би хөлсний портер машин олоод Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дугаар цэргийн ангийн урд талд блок хийнэ, зарна гэсэн хашаанаас 45 шуудай цементийг 1 шуудайг нь 10.000 төгрөгөөр бодож нийт 450.000 төгрөгийг өгөөд цементээ авсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 69 дэх тал),

4. Гэрч М.Ө-ийн: “...Би 2021 оны 08 дугаар сарын сүүлээр санагдаж байна, фейсбүүк дээр цемент хямдхан зарна гэсэн зарын дагуу зар дээр байсан 00000000 дугаарын утсаар холбогдож асуухад  Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ... дугаар цэргийн ангийн хажууд  ирээд залгачих,  хэдэн шуудай цемент авах вэ гэхээр нь би 20 шуудай цемент гэж хэлсэн чинь  байгаа, хүрээд ир гэсэн.  Тэгээд би өөрөө  ачаа ачдаг  машин авч очоод 013 дугаар цэргийн ангийн урд талд нэг хашаанд очоод 22 шуудай цементийг 1 шуудайг нь 10,000 төгрөгөөр бодож аваад мөнгийг нь бэлнээр тоолж, 220,000 төгрөгийг өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 71 дэх тал),

5. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний №1817 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд 90 шуудай цементийг 1.069.200 төгрөгөөр үнэлсэн. (хавтаст хэргийн 73-74 дэх тал),

6. 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн СД-нд хуулсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...үйлдвэрийн зүүн хана дагуу хураасан цемент нь  хяналтын камер унтраад эргэж асахад  хэсэг шуудайтай цемент алга болсон нь дүрслэгдэж, гэрэл зургаар бэхжигдсэн. (хавтаст хэргийн 234-236 дахь тал),

7. Шүүгдэгч Г.З- , Э.Б-, С.Н-, О.О- нарын өөрсдийн гэмт хэрэг үйлдсэнээ хүлэн зөвшөөрсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 203, 212, 221, 229 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөл, эзэмшилд буй эд хөрөнгө, эд юмсыг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэлгүйгээр шунахай сэдэлт, зорилгоор нууц байдлаар гэмт этгээд нь авч өөртөө захиран зарцуулж буй хууль бус үйлдлийг ойлгоно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцох”-оор хуульчилсан байна.

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай, шунахай сэдэлтээр үйлдэгдсэн, шүүгдэгч нар нь “Марч технологи” ХХК-д блок цохих ажил эрхэлдэг, тухайн үйлдвэрийн байр луу нэвтрэн орох эрхтэй хүмүүс байх бөгөөд тэдгээр нь ажиллаж байх хугацаандаа хохирогч байгууллагын хараа хяналтгүй, сул, хайнга байдлыг далимдуулан хулгайн гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцож камерын бичлэгийг хэсэг хугацаанд зогсоож, блок цутгахад ашиглагдаг цементийг өдөр өдрөөр, бага багаар сэм, нууц байдлаар, хууль бусаар, хохирогч байгууллагад мэдэгдэлгүйгээр зөөн авч гарган өөрсдийн мэдэлд шилжүүлж, бусдад зарж борлуулан захиран зарцуулах бодит бололцоо олгосон үйлдэл нь “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан, тэдгээр нь өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас үүсэн гарах үр дагаврыг мэдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Иймээс шүүгдэгч Г.З- , Э.Б-, С.Н-, О.О- нарыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч Г.З- , Э.Б-, С.Н-, О.О- нарын үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч “Марч Технологи” ХХК-нд 1,069,200 төгрөгийн хохирол учирсан байна.

Шүүгдэгч Г.З-  нь 320,000 төгрөг, шүүгдэгч Э.Б- нь 320,000 төгрөг, шүүгдэгч С.Н- нь 439,000 төгрөг, шүүгдэгч О.О- нь 311,000 төгрөг, нийт 1,390,000 төгрөгийг хохирогч “...” ХХК-нд хүлээлгэн өгсөн, хохирогч байгууллагын төлөөлөгч шүүх хуралдаанд “гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.( шүүх хуралдааны тэмдэглэл),

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.З- , Э.Б-, С.Н-, О.О- тус бүрд 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч нараас “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлыг бүрэн төлж барагдуулсан, ажил хөдөлмөр эрхэлж ар гэрээ тэжээдэг байдлыг харгалзан хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирол төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ дээрх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, компанийн зүгээс эд хөрөнгөө сул, хяналтгүй орхидог байдал нь бусдад өгөөш болсон, мөн ажилчдынхаа цалин хөлс орлогыг цаг хугацаанд тавиагүй гэх шалтгаан нь гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн, тус компанид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзсанаас гадна хохирол бүрэн төлөгдсөн, мөн шүүгдэгч нарын хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хөдөлмөр эрхэлж ар гэрээ тэжээдэг, бага насны хүүхдүүдтэй/, тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарсан зэрэг байдлыг харгалзан тэдгээрт прокурорын санал болгосон нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.З- , Э.Б-, С.Н-, О.О- тус бүрд хорих ял оногдуулахгүйгээр 6 (зургаа) сарын  хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд  шүүгдэгч Г.З- д Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо ... тоотод оршин суух хаягаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг,

Шүүгдэгч Э.Б-д Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух хаягаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг,

Шүүгдэгч С.Н-т Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод оршин суух хаягаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг,

Шүүгдэгч О.О-д Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... тоотод оршин суух нарт тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.З- , Э.Б-, С.Н-, О.О- нар нь шүүхээс хүлээлгэсэн дээрх үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 2,4, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.З- , Э.Б-, С.Н-, О.О- нарыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.З- , Э.Б-, С.Н-, О.О- тус бүрд хорих ял оногдуулахгүйгээр 6 (зургаа) сарын  хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд  шүүгдэгч Г.З- д Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо ... тоотод оршин суух хаягаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг,

Шүүгдэгч Э.Б-д Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ... гудамжны ... тоотод оршин суух хаягаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг,

Шүүгдэгч С.Н-т Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод оршин суух хаягаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг,

Шүүгдэгч О.О-д Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... тоотод оршин суух нарт тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.З- , Э.Б-, С.Н-, О.О- нарт шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

7. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.З- , Э.Б-, С.Н-, О.О- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.АЛТАНЦЭЦЭГ