| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2022/0799/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/867 |
| Огноо | 2022-07-04 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | А.Ариунаа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 2022/ШЦТ/867
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,
улсын яллагч А.Ариунаа (томилолт),
шүүгдэгч Г.С, түүний өмгөөлөгч И.Хонгор нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Г.С Эрүүгийн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2203000000254 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ах, эгч, дүүгийн хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамж, ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, А овогт Г-ын С (РД:...),
Холбогдсон хэргийн талаар/:
Шүүгдэгч Г.С- нь 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 22 цаг 00 минутын орчимд Тоёота Приус-30 маркийн 00-00 ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Ц-ын автобусны буудлын урд замд явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а/ Жолооч нь энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, харанхуй, үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй, ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалт, мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.3 “Гэрлийн бүрхүүл бохирдсон, ....бүдэг асдаг болсон” гэсэн заалт, мөн дүрмийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалт, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас замын зорчих хэсэгт зогсож байсан 1,86 хувийн согтолттой, явган зорчигч Т.Б- мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.С шүүхийн хэлэлцүүлэгт: “...мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй.” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),
Хохирогч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би энэ хэргийн улмаас биедээ гэмтэл авсан. Шүүгдэгч талаас миний баримтаар нэхэмжилсэн хохирлыг төлсөн. Би 2 сарын дараа биеэ үзүүлэх ёстой. Иймээс энэ зардлаа нэхэмжилнэ” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),
Гэм буруугийн талаар:
Улсын яллагчаас “...Шүүгдэгч Г.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэсэн дүгнэлтийг,
Хохирогч нь “...гэм буруугийн асуудалд хэлэх зүйлгүй, 2 сарын дараа эмнэлэгт үзүүлэх ёстой тул зардал нэхэмжилнэ” гэж,
Шүүгдэгч Г.С-гийн өмгөөлөгч И.Хонгор нь “...Г.С нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргахгүй байгаа. Гэхдээ энэ осол нь юунаас болж гарсан бэ гэхээр хохирогчийн 100 хувийн буруутай үйл ажиллагаанаас болсон, хохирогч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, 1.86 хувийн бүхэлтэй байхдаа замын зорчих хэсгийн 1, 2 дугаар эгнээнд орж зогсон тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнд саад учруулсан нөхцөл байдал тогтоогддог. Гэсэн хэдий боловч шүүгдэгч Г.С- нь түүний баримттай бүх зардлыг төлж барагдуулсан байгаа, мөн цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлсэн байгааг харгалзан үзэх хэрэгтэй” гэсэн саналыг тус тус гаргав.
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Г.С- нь 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 22 цаг 00 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Цамбагаравын автобусны буудлын урд замд Тоёота Приус-30 маркийн 00-00 ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а/ Жолооч энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, харанхуй,үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй, ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэснийг, мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.3 “Гэрлийн бүрхүүл бохирдсон, гэрэл нь бүдэг асдаг болсон”, мөн дүрмийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас замын зорчих хэсэгт зогсож байсан 1,86 хувийн согтолттой, явган зорчигч Т.Б- мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудтай байна. Үүнд:
1. Дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 2 дахь тал),
2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-10 дахь тал)
3. Хохирогч Т.Б-ийн: “...2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ажил 19 цаг өнгөрч байхад тараад ажлын 2 жолоочийн хамт гурвуулаа Цамбагаравын автобусны буудлын зүүн хойд талд байрлах Э пабад 1 шил 0,75 литрийн архи уугаад, хоол идсэн. Тэр пабаас 21 цаг 30 минут өнгөрч байхад гараад ажлын хоёр залуутай пабын үүднээс салаад би Цамбагаравын хойд талын автобусны буудал дээр тамхи татаж хэсэг зогсож байгаад такси барих гээд ойролцоо 10 гаран минут гараа өргөсөн боловч автомашин зогсохгүй байсан. Гадаа харанхуй болчихсон автомашины хөдөлгөөн багатай сийрэг зүүнээс, баруун чиглэлд явж байсан автомашины хөдөлгөөн багатай байсан, би такси барих зорилготой автобусны буудлын кармайнд зогсож байгаад такси зогсохгүй байхаар урагшаа 1-р эгнээнд зогсож байгаад 2-р эгнээ рүү дөнгөж ортол зүүнээс, баруун чиглэлд явж байсан автомашины гэрэл гялбаад тусаад, уг автомашин хурдтай явж байхаар эргэж хойшоо 2-3 алхтал тухайн автомашин миний зүүн гар талаас ирж мөргөөд би зам дээр унасан. Тэгээд ухаан алдчихсан. Нэг мэдэхэд гэмтлийн эмнэлэг дээр ухаан орсон. Гэмтлийн эмнэлэгт тэр өдрөө хэвтээгүй. 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүртэл гэмтлийн эмнэлгийн хавсарсан гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн. Ослоос болж баруун хөл зөөлөн эдийн холбоос урагдалтай, зүүн 3-р хавирга зөрсөн хугаралтай, зүүн 5, 6, 7-р хавирганы зөрөөгүй хугаралтай, зүүн шилбэний тахилзуур ясны сэлтэрсэн хугаралтай гэсэн гэмтлүүд учирсан. Эмчилгээний зардалд хувиасаа 1 сая гаран мөнгө гаргасан. Осол гаргасан жолооч нь миний баримттай эмчилгээний зардлыг төлсөн байгаа.2 сарын дараа би эмчид үзүүлэх ёстой. Иймд цаашид гарах эмчилгээний зардал мөнгөө буруутай жолоочоос нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл),
4. Гэрч Ө.С-ийн: “...2022 оны 04 дүгээр сарын 29-ний орой би нөхөр Б-ын хамт ... тоглолт үзэж дуусаад би дүү Г.С, найз охин Ундрамбилэгийн хамт Toyota Prius 30 маркийн 00-00 ... улсын дугаартай автомашинтай ...-аас Их наран орох гээд Цамбагаравын гэрлэн дохиотой уулзварын 2-р эгнээнд гэрлэн дохионы гэрэл улаан гэрэл асчихсан байхаар нь зогсоод ногоон гэрэл хүлээж байхад бид нарын явж байсан 2-р эгнээнд урд нэг автомашин байсан. Ногоон гэрэл асаад шууд хөдлөөд ертөнцийн зүгээр зүүнээс, баруун тийш чиглэлд 30-40 км/цаг хурдтай Цамбагаравын хойд талын автобусны буудал өнгөрөөд явж байтал гэнэт явган зорчигч эрэгтэй 2-р эгнээнд гүйгээд гараад ирэхээр нь Г.С тоормос гишгэсэн боловч тухайн хүнийг мөргөөд явган зорчигч эрэгтэй зам дээр унаад, Г.С автомашинаа зогсоосон. ...Би явган зорчигчид эмчилгээний зардалд толгойны томографын зураг авхуулахад 120,000 төгрөг, кальц, өвчин намдаах наалт, өвчин намдаах эмийг нийтдээ 62,700 төгрөгөөр одоогоор авч өгсөн. Цаашид гарах эмчилгээний зардал мөнгийг нь төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дахь тал),
5. Гэрч Н.Ундрамбилэгийн: “...2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр найз залуу Г.С нь өөрийн нэр дээр байдаг Toyota Prius 30 маркийн 00-00 ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод бид хоёр таксинд явж байтал Г.С-гийн төрсөн эгч С нь залгаад нөхрийн хамт явна, тоглолт үзээд дуусаж байна, гэр лүүгээ хамт харъя гэхээр нь ...-аас эгч, хүргэн ах нарыг аваад бид дөрөв ...-аас Их наран орох гээд Цамбагаравын гэрлэн дохиотой уулзварын 3-р эгнээ замынхаа 2-р эгнээний хамгийн эхний машин байсан ба ногоон гэрэл хүлээж байгаад ногоон гэрэл асахаар нь ертөнцийн зүгээр зүүнээс, баруун чиглэлд 2-р эгнээнд 40 км/цаг хурдтай явж байтал Цамбагаравын хойд талын автобусны буудлаас гэнэт явган зорчигч эрэгтэй, утсаар ярьчихсан 2-р эгнээнд гүйж орж ирэхээр нь Г.С нь тухайн хүнийг хойноосоо, урагшаа чиглэлтэй чигээрээ зам гарах байх гэж бодоод жолооны хүрдээ 1-р эгнээ рүү дарсан чинь явган зорчигч эрэгтэй буцаж ухарч 1, 2-р эгнээ голлоод орж ирээд автомашины жолоочийн талын буланд мөргүүлээд урд салхины шилэн дээр унаад автомашины шил хагараад зам дээр унасан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал),
6. Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1138460433 дугаартай шинжээчийн: “...Урд шил бүхэлдээ хагарч няцарсан, баруун урд холын гэрлийн ламп асахгүй, баруун урд их гэрлийн ламп муудсан (тусгал муудсан), урд гупер чирэгчийн нүхний харалдаа дээд хэсэгт 5х4 см цуурсан, урд гупер баруун булан хэсэгтээ түгжээнээс мултарч гадагш цүлхийсэн, урд гупер доод хэсгийн 2 булан хэсэгтээ будаг зурагдсан хуучин сэвтэй, ABS-ын гэрэл ассан, баруун гарын талын шил арчигчийн алчуур (резин шотко) байхгүй зэрэг эвдрэл гэмтэлтэй байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна. Их гэрэл баруун тал ойр, хол дээрээ гэрлийн тусгалын хүч стандартын шаардлага хангахгүй байна. Жич: Тухайн автомашины баруун их гэрлийн холын гэрлийн ламп шатсан, ойрын гэрлийн ламп асаж байгаа хэдий ч сууриндаа бүрэн суугаагүй хөдөлгөөнтэй, гэрлийн лампны суурь халж бага зэрэг хайлсны улмаас тоос орж цайрч муудсан, гэрлийн залгуурын араас түлхэхэд нааш цааш хөдөлгөөнтэй болсон, гэрлийн ламп удаан хугацаанд ашигласны улмаас тусгалын хүч илт муудсан зэрэг байдлаас тусгалын хүч гэрлийн багажаар шалгахад 0 cd заасан.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 54-62 дахь тал),
7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 6493 дугаартай: “...Т.Б-ийн биед зүүн 3-р хавирга зөрсөн, 5, 6, 7-р хавирганы зөрөөгүй, зүүн уушигны голомтлог няцрал, авчийлт баруун, зүүн шилбэний тахилзуур ясны сэлтэрсэн хугарал, баруун өвдөгний гадна холбоосын урагдал, өвдөгний үений зөөлөн эдийн няцрал, доод уруулд шарх, хуйх, хамрын үзүүрт зулгаралт, уруул, хэвлий, баруун шилбэ, хоёр өвдөгний хонхорт цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлдлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтлүүд байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 66-68 дахь тал),
8. Мөрдөгчийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 507 дугаартай: “...Toyota Prius 30 маркийн 00-00 ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г овогтой Г.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах.... харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй... ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэснийг, мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.3 “Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон” гэснийг, мөн дүрмийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэснийг мөн дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.
Явган зорчигч Т.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12 “Явган зорчигчид дараахь зүйлийг хориглоно: б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх” заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна...” гэсэн магадлагаа (хавтаст хэргийн 80-82 дахь тал)
9. Шүүгдэгч Г.С-гийн: “...2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр би, найз охин У-ийн хамт өөрийн нэр дээр байдаг Toyota Prius 30 маркийн 00-00 ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод гадуур таксинд явж байгаад ...-аас миний төрсөн эгч С, хүргэн ах Б нар тоглолт үзчихээд дуусахаар аваад ...-аас Их наран орох гээд Цамбагаравын гэрлэн дохиотой уулзварын 3-р эгнээний эхнээс 2-т зогсож байгаад ногоон гэрэл хүлээж байгаад 3-р эгнээнээс 2-р эгнээ рүү шилжээд ертөнцийн зүгээр зүүнээс, баруун чиглэлд 2-р эгнээнд 40 км/цаг хурдтай явж байтал Цамбагаравын хойд талын автобусны буудлаас гэнэт явган зорчигч эрэгтэй гэнэт 2-р эгнээнд гүйгээд гараад ирэхээр нь би 1-р эгнээ рүү жолооны хүрдээ дарсан чинь явган зорчигч нь 1-р эгнээ рүү буцаж ухарч гүйж орж ирээд автомашины чанх урд хэсэгт мөргөгдөхөөр нь би автомашины тоормосыг огцом гишгээд явган зорчигч автомашины урд салхины шилийг мөргөөд зам дээр унасан. Осол болох үед би, найз охин У, эгч С, хүргэн ах Б нарын хамт явсан. Би явган зорчигчид эмчилгээний зардалд 1,220,000 төгрөг өгсөн. Цаашид гарах эмчилгээний зардал мөнгийг нь төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 91 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Хэргийн үйл баримтаас үзэхэд, нэг талаас явган зорчигч, хохирогч Т.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай буюу согтолтын зэрэг нь 1.86 бүхэл хувьтай байхдаа Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Цамбагаравын автобусны буудлын урд замд буюу ертөнцийн зүгээр зүүн чиглэлээс баруун чиглэлд зорчих эгнээ бүхий замын 2 дугаар эгнээнд зогсож байсан нөхцөл байдал тогтоогдсон, нөгөө талаас шүүгдэгч Г.С нь өөрийн эзэмшлийн Тоёота Приус-30 маркийн 00-00 ... улсын дугаартай баруун урд холын гэрлийн ламп асахгүй, баруун урд их гэрлийн ламп муудсан (тусгал муудсан), ойрын гэрлийн ламп асаж байгаа хэдий ч сууриндаа бүрэн суугаагүй хөдөлгөөнтэй, масстай, халж бага зэрэг хайлсны улмаас тоос орж цайрч муудсан, гэрлийн лампны тусгалын хүч муудсан зэрэг эвдрэл гэмтэлтэй тээврийн хэрэгслийг оройн цагаар, үзэгдэлт хангалтгүй үед жолоодон 2 дугаар эгнээгээр явж байхдаа өмнө нь саад байгааг харсаар байж зогсоох арга хэмжээ аваагүй, хурдаа тохируулж явалгүйгээр сааданд тулж очин мөргөсний дараа тоормос гишгэж зогсоох арга хэмжээ авсан үйл баримт нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, бүдүүвч зурагт тодорхой тусгагдсан, мөн хохирогч 2 дугаар эгнээнд зогсож байгаад машин тулаад ирэнгүүт хойшоо ухарсан, шүүгдэгч нь мөн хохирогчийг хойшоо ухрах үйлдэл хийхтэй зэрэгцэн чиглэлээ өөрчилснөөс үүдэн зам тээврийн осол гарсан нь хохирогч Т.Б, гэрч Ө.С, Н.У, шүүгдэгч Г.С нарын агуулгын хувьд зөрүүгүй өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн үйлдлээс шалтгаалан хохирогчид хүндэвтэр хохирол учирсан болох нь өвчний түүхэд тусгагдсан оношилгоо, эмчилгээ болон шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогдсон байна.
Шүүгдэгч Г.С-гийн дээрх үйлдэл нь захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а, мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.3, 12.2, 12.3 гэсэн хэд хэдэн заалтуудыг зөрчсөн шинжтэй, нөгөө талаас хохирогч Т.Б-ийн согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, өөрийгөө авч явж чадахгүй болтлоо согтсон үйлдэл нь замын зорчих хэсэгт зогсох хэмжээнд хүргэсэн байдал буюу хохирогчийн хууль бус үйлдэл нь осол гарахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байхыг үгүйсгэхээргүй байна.
Энэ байдлаас дүгнэвэл, шүүгдэгч Г.С нь Замын хөдөлгөөний дүрмийн дээрх холбогдох заалтыг зөрчсөн үйлдлийнхээ хууль бус шинжтэйг ухамсарлаж хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан байх тул гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болсон болно.
Улмаар шүүгдэгчийн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч Г.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.
Хохирол төлбөрийн тухайд:
Тус хэргийн улмаас хохирогч Т.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан байх бөгөөд тэрбээр мөрдөн байцаалтын шатанд 1,037,300 төгрөгийн баримтыг гарган өгч нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Г.С нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.Б-д эмчилгээний зардалд нийт 1,220,000 төгрөг төлж барагдуулсан байх тул энэ тогтоолоор төлөх төлбөргүй байна.
Харин хохирогч нь цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гаргах зардлуудаа нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Г.С-гээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “...гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлэх”-ээр хуульчилсан байна.
Шүүгдэгч Г.С-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Б нь ГССҮТөв эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн байх ба Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогчийн эмчилгээнд зориулж 522,000 төгрөгийг зарцуулсан байх бөгөөд шүүгдэгч Г.С- нь мөрдөн байцаалтын шатанд Эрүүл мэндийн даатгалын санд 522,000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь төрийн банкны шилжүүлгийн баримтаар тогтоогдсон тул тэрбээр Эрүүл мэндийн даатгалын санд төлөх төлбөргүй болно. (хавтаст хэргийн 104 дэх тал)
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-д 336 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” дүгнэлтийг,
Хохирогч: “...саналгүй” гэж,
Шүүгдэгч Г.С, түүний өмгөөлөгч нараас “...гэм буруу зүйлчлэл дээр маргаагүй, хохирогчид учирсан эмчилгээний зардлыг тухай бүрд нь төлж ирсэн, цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлсэн, мөн ... аймгийн ... гэх газарт хөлсөөр ажиллах гэрээгээр хүнд оврын машин барьдаг, энэ хэрэгт шалгагдсаны улмаас ажил эрхэлж чадаагүй тул нийтэд тустай ажил хийлгэх ялаар бус орлоготойг харуулсан баримтад үндэслэн торгох ялыг багаар буюу 450,000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргав.
Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой байна.
Шүүгдэгч Г.С-гийн хувьд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг гаргаж өгсөн баримтын хүрээнд төлсөн”, 1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж буюу тэрбээр тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа замын хөдөлгөөнд дагаж мөрдвөл зохих хууль, дүрмийн хэд хэдэн заалтыг биелүүлээгүйн улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн, мөн дээрх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн байдал, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал /Өмнөговь аймгийн Цагаан хад гэх газарт хөлсөөр ажиллах гэрээгээр ажилладаг, орлоготойг илэрхийлэх баримттай/ зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Г.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан торгох ялын хэмжээг бууруулж өгнө үү гэсэн хүсэлт, прокурорын гаргасан нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг тус тус хүлээн аваагүй болно.
Шүүгдэгч Г.С- нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч Г.С-гийн ... ангиллын ... дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцааж олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.С-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-д 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-д оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С- нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.С-гээс хохирогч Т.Б-д 1,220,000 (нэг сая, хоёр зуун хорин мянга) төгрөг төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогч нь цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гаргах зардлуудаа нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Г.С-гээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч Г.С-гийн ... ангиллын ... дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцааж олгосугай.
8. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Г.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ