| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2021/0008/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/23 |
| Огноо | 2021-01-14 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | С.Бичинхүү |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 2021/ШЦТ/23
2021/ШЦТ/23
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,
Улсын яллагч: С.Бичинхүү
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Энхжаргал
Шүүгдэгч: Ч.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Уовогт Чгийн Ад холбогдох 2012002160157 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр А аймгийн Ц суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт А аймгийн Ц сумын А багийн Н гэх газар оршин суух, урьд 1995 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 84 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгөөр торгох ялаар, 1996 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр дэх Сум дундын 1 дүгээр шүүхийн 119 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 199 дүгээр зүйлд зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, 2004 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар, Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 109 тоот шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсгүүдэд зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 08 сар 22 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 1 жил 1 сар 22 хоногийн хугацаагаар хорих ялаар, Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил, 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1,61.4-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан 2 жил, 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жил, 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, улсаас авсан гавъяа шагналгүй, Уовогт Чгийн А /РД:../
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ч.А нь 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр А аймгийн Ц сумын Ц хороололд байрлах Ц.Тын хашааны гаднаас Даюун маркийн мотоциклийг хулгайлж, 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 2012002160157 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Тын мэдүүлсэн: ...Би 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Цэнхэр сумын наадмын талбайн урд мотоцикльтой явж байтал Атэй таараад ардаа суулгаад манай хашааны үүдэн дээр мотоциклио тавьчихаад манайх руу орж цай уусан. А манайхаас түрүүлээд гараад явсан юм. Удалгүй мотоцикль асах шиг болсон бөгөөд гараад хартал А миний мотоциклийг унаад явсан байсан. Би араас нь сумын төвд гурван өдөр хайсан хүрээд ирэх юм болов уу гэж бодож байсан. Сүүлдээ ирэхгүй болохоор нь аймаг руу сурагласан чинь аймаг орсон, зах дээр согтуу явж байсан гэж ярьж байсан. Төрөл садны холбоо байхгүй. Нэг нутгийнх болохоор мэнд устай явдаг юм. А бид хоёрын дунд өс хонзонгийн болон өр авлагын асуудал байхгүй. Миний мотоциклийг надад хэлэхгүй авч яваад зарсанд гомдолтой байна. Би мотоциклио 500.000 төгрөгөөр үнэлж байна. 2000 онд авч байсан мотоцикль байгаа юм. 2018 онд шинэ мотор авч тавьж байсан. Би маш их гомдолтой байна. Миний хохирлыг барагдуулж өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Тын дахин мэдүүлсэн: ...Би өмнө нь 2000 онд мотоциклио авсан гэж хэлсэн байна. Би оноо буруу санасан байна. Би 2013 онд авч байсан. 2018 онд шинэ мотор 400.000 төгрөгөөр авч тавьж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч З.Тийн мэдүүлсэн: ...Би мотоцикль аваагүй. Ч.А гэх хүн манай хоёр хүүд зарсан байсан. Би тухайн үед байшин бариад завгүй байсан юм. Би тухайн өдөр элсэнд яваад гэртээ иртэл манай хоёр хүү Даюун маркийн мотоциклийг 100.000 төгрөгөөр авсан гэхээр нь би хэнээс авсан юм гэж асуутал А ахаас авсан гэж хэлсэн. Тэгээд би Атэй уулзаж юун мотоцикль манай хоёр хүүд зарчихав, таны мотоцикль мөн юм уу гэж асуутал ахынх нь мотоцикль мөн, асуудал байхгүй гэхээр нь би мөнгөний хэрэг гараад зарж байгаа байна даа гэж бодсон...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч Т.Бий мэдүүлсэн: ...Би А гэх хүнийг сайн танихгүй, өмнө нь ганц хоёр удаа харж байсан. А, Б гэх хоёр хүн манайд ирсэн. Тэгээд тэр хоёр хүн мотоциклио 100.000 төгрөгөөр зарна, авчихаач гэж хэлсэн юм. Тэгээд би аав, ээж хоёрт хэлсэн бөгөөд аав, ээж хоёр яг өөрийнх нь мотоцикль мөн юм уу гэдгийг нь сайн асуугаарай гэж хэлэхээр нь би А ахаас таны мотоцикпь мөн юм уу гэж асуутал ахынх нь мотоцикль найдвартай гэж хэлсэн. Тэгээд би аав ээжид өгч хадгалуулсан байсан 100.000 төгрөгөөр мотоциклийг худалдаж авсан юм. Мөнгийг нь бэлнээр А ахад өгсөн. Хоёулаа явж байсан бөгөөд хамт явж байсан хүнийг нь би танина. Б гэдэг хүн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч Т.Бий дахин мэдүүлсэн: ...А ахаас худалдаж авсан мотоциклийн эзэн нь гэх хүн А ахтай хамт манайд ороод ирсэн. Тэгээд тухайн мотоциклийн эзэн нь энэ миний мотоцикль, буцаагаад авна гэхээр нь би А ахаас мөнгөө авч байж өгнө гэхэд А ах хэлэхдээ ах нь мөнгийг нь удаахгүй өгнө гэж хэлж байсан. Тэгэхээр нь мотоциклийг нь өгч явуулчихаад хэд хоноод байж байтал А ах миний 100.000 төгрөгийг авчирч өгсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Мотоциклийг нь эзэнд нь өгөөд өөрийн 100.000 төгрөгөө авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ч.Агийн мэдүүлсэн: ...Надад тогтоолтой холбоотой тайлбар байхгүй. Миний үйлдэлд тохирч байна. Хулгайн гэмт хэргийг үйлдсэндээ гэмшиж байна. Би болсон хэргийн талаар өмнө нь өгсөн мэдүүлэгтээ үнэн зөв ярьсан. Надад нэмж ярих шинэ зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ц.Тын гэрээс гарахдаа мөнгөний хэрэг гараад байсан болохоор мотоциклийг нь унаад явсан. Би ганцаараа үйлдсэн. Би урьд нь гэмт хэрэгт холбогдож ял шийтгүүлж байсан. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Би хохирол төлбөрөө барагдуулсан байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 39-42 хуу/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-04 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05, 08, 11 хуу/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 06-07 хуу/
Эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 09-10 хуу/
“Хас үнэлгээ“ ХХК-ний 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 501 тоот хохирлын үнэлгээ /хх-ийн 29 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 70 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 хуу/ зэрэг болно.
Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр А аймгийн Цсумын Ц хороололд байрлах Ц.Тын хашааны гаднаас Даюун маркийн мотоцикль хулгайд алдагдаж, иргэн Ц.Тт 450.000 төгрөгийн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч Ч.А нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч Ч.А 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр А аймгийн Цсумын Ц хороололд байрлах Ц.Тын хашааны гаднаас Даюун маркийн мотоциклийг хулгайлж, 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Тын мэдүүлсэн “А манайхаас түрүүлээд гараад явсан юм. Удалгүй мотоцикль асах шиг болсон бөгөөд гараад хартал А миний мотоциклийг унаад явсан байсан. Би араас нь сумын төвд гурван өдөр хайсан бөгөөд хүрээд ирэх юм болов уу гэж бодож байсан. Сүүлдээ ирэхгүй болохоор нь аймаг руу сурагласан чинь аймаг орсон, зах дээр согтуу явж байсан гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16, 17-18/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч З.Тийн мэдүүлсэн “Ч.А гэх хүн манай хоёр хүүд зарсан байсан. Би тухайн өдөр элсэнд яваад гэртээ иртэл манай хоёр хүү Даюун маркийн мотоциклийг 100.000 төгрөгөөр авсан гэхээр нь би хэнээс авсан юм гэж асуутал А ахаас авсан гэж хэлсэн. Тэгээд би Атэй уулзаж юун мотоцикль манай хоёр хүүд зарчихав, таны мотоцикль мөн юм уу гэж асуутал ахынх нь мотоцикль мөн, асуудал байхгүй гэхээр нь би мөнгөний хэрэг гараад зарж байгаа юм байна даа гэж бодсон” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,
мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч Т.Бий мэдүүлсэн “А, Б гэх хоёр хүн манайд ирсэн. Тэгээд тэр хоёр хүн мотоциклио 100.000 төгрөгөөр зарна авчихаач гэж хэлсэн юм. Тэгээд би аав, ээж хоёрт хэлсэн бөгөөд аав, ээж хоёр яг өөрийнх нь мотоцикль мөн юм уу гэдгийг нь сайн асуугаарай гэж хэлэхээр нь би А ахаас таны мотоцикль мөн юм уу гэж асуутал ахынх нь мотоцикль найдвартай гэж хэлсэн. Тэгээд би аав, ээжид өгч хадгалуулсан байсан 100.000 төгрөгөөр мотоциклийг худалдаж авсан юм. Мөнгийг нь бэлнээр А ахад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24, 25-26/,
Мөрдөн байцаалтын шатанд Ч.Агийн яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Миний үйлдэлд тохирч байна. Хулгайн гэмт хэргийг үйлдсэндээ гэмшиж байна. Би болсон хэргийн талаар өмнө нь өгсөн мэдүүлэгтээ үнэн зөв ярьсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ц.Тын гэрээс гарахдаа мөнгөний хэрэг гараад байсан болохоор мотоциклийг нь унаад явсан. Би ганцаараа үйлдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 39-42/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-04/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05, 08, 11/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Уовогт Чгийн Аг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Ч.А нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ч.Агийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Агийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 28 /хорин найм/ хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдоогүй байх ба шүүгдэгч Ч.Агийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 08 /найм/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч Ч.Ад хорих ял оногдуулсан байдлыг харгалзан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Уовогт Чгийн Аг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Аг 08 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ад оногдуулсан 08 /найм/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Агийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 28 /хорин найм/ хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч Ч.А нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ч.Агийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ